Өнөөдөр 19 цагт “Бизнесээ хэрхэн оношилж эмчлэх вэ” сэдвээр болох вэбинарын хүрээнд хийсэн подкастаас түүвэрлэн хүргэж байна. “Обзерв Консалтинг” ЗҮБ-ийн Менежментийн зөвлөх Т.Пүрэвхатантай ярилцав. 

Вэбинарт энд дарж бүртгүүлээрэй. 

-Бизнесийн оношилгоо гэж юу вэ, түүнийг хийхийн тулд ямар бэлтгэл хийх хэрэгтэй вэ? 

-Бизнесийн байгууллагад зорьсон гүйцэтгэлдээ хүрэхгүй байх тэргүүтэй маш олон зөрчил илэрдэг. Чухам тэр асуудал хаана буй, үндсэн шалтгаан нь яг аль хэсэгтээ байгааг илрүүлэх явцыг оношлогоо гээд байгаа юм. Бизнес эрхлэгч, түүнд ажиллаж буй гол менежерүүд өөр дээрээ асуудал байгааг үнэхээр хүлээн зөвшөөрч, асуудлын шалтгааныг олох хандлагатай байх хэрэгтэй. Ийм хандлага байхгүйгээр дараа дараагийн алхмыг хийх боломжгүй. Манай бизнесийнхэн асуудалтайгаа нүүр тулахгүй зугтах гээд байдаг. Хүлээн зөвшөөрөх нь чухал. Үүний дараа оношлох арга техникээ сонгоно. Байгууллагын хөгжлийн түвшин бүрд оношилгооны өөр өөр арга бий. Бизнесийг авч яваа удирдлага, менежерүүд өөрсдөө оношилж болно. Мөн зөвлөх үйлчилгээний байгууллага, хувь зөвлөхүүдэд хандахаас гадна олон улсын зөвлөхүүдтэй ч холбогдож болох юм. 

-Тэгвэл энэ бизнесийн оношилгоог хийснээр ямар ач тусыг авч ирэх вэ? 

-Бизнесийн гүйцэтгэл сайжрахгүй нэг л газраа хоосон эргээд байна. Тэр шинж тэмдгийг бид хараад байгаа юм. Тухайн шинж тэмдгийг үзүүлж буй цаад шалтгаан нь юу байна вэ гэдгийг л олж харна.  Амьдрал дээрх олон зүйлсийн учир холбоос дундаас асуудал үүссэн учир нөлөөлж буй суурь шалтгаануудаас илүүтэй жин дарж буйг нь олж харах хэрэгтэй. Үүнийг олоход нь туршлага, арга зүй хэрэг болно. Тийм учраас жишээлбэл, миний ажиллаж буй байгууллага ялангуяа, жижиг дунд бизнест зориулсан оношилгооны тусгай үйлчилгээ гаргахаар хөгжүүлээд явж байна. Бизнесээ зөв оношилж, эмчилснээр байгууллагад нь өөрчлөлт авч ирсэн сайн туршлагаас жишээ татъя. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 50 хүртэлх хувийн санхүүжилт авсан мах боловсруулах үйлдвэрийн төсөл дээр бид хамтарч ажилласан. Тус банкнаас жилийн дараа төслийнхээ гүйцэтгэлд шалгалт явуулахад тухайн байгууллагын харилцагчдын борлуулалт тэргүүтэй үндсэн үзүүлэлтүүд нь хоёр дахин өссөн байсан. Улмаар тухайн жилийн зорилгоо давуулан биелүүлсэн шилдэг төслөөр шалгарсан. Тэгэхээр оношилгоо хийгээд системтэйгээр бизнесээ сайжруулахаар тэр илрээд буй шинж тэмдгийн цаад өвчлөлийг нь эдгээсэн учир гүйцэтгэл сайжирна. Хамрах хүрээ нь ямар асуудлыг шийдэхээс хамаараад эдгэсэн хүн ямар байдагтай адил өнгө зүс ороод явна. 

-Жижиг, дунд бизнесийнхэнд бизнесээ хэрхэн оношлохыг зөвлөдөг вэ? 

-Энэ вэбинарын хүрээнд бид бизнесээ оношилж, өөртөө үнэлгээ хийж чадах хэмжээнд хоёр төрлийн асуулгыг явуулна. Үүнд гурваас дээш үгүй гэсэн хариулт өгсөн бол манайд ирж үнэгүй зөвлөгөө авч болно. Өөрсдийн асуудлаа илүү нотолгоожуулж, зөвлөхүүдээс чиглэл аваад харчихна. Бид жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан үндсэн оношилгоог хялбаршуулан асуулга байдлаар боловсруулсан. Үүнд нэгдүгээрт, бизнесийн чадавхын хувьд ямар байна, алсын хараа тодорхой байна уу, өөрөө бизнесийн хэр туршлагатай юм, баг бүрдүүлэлт нь ямар буйг оношилно. Хоёрдугаарт, бүтээгдэхүүн үйлчилгээ  нь хэр юм, энэ нь үнэхээр үйлчлүүлэгч, хэрэглэгчийн асуудлыг шийдэж өгч чадаж байгаа эсэх, хөгжүүлэлтийн аль шатандаа явж байгаа, хэр инновацилаг зэргийг тодорхойлно. Гуравдугаарт, зах зээл хэрэглэгчидтэйгээ холбогдож байгаа байдал нь ямар байна. Үнэхээр хэрэглэгчдийн сувгуудаа тодорхойлчихсон явж байгаа юу. Дөрөвдүгээрт, санхүү, бүтээгдэхүүний өртгөө хэрхэн тодорхойлсон. Үнэхээр ашигтай байх бүтээгдэхүүн юм уу. Суурь бүтээгдэхүүний өөрийнх нь материал түүхий эдээ хаанаас авч байна. Түүний найдвартай байдал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй хүргэх найдвартай байдал ямар байгааг мэднэ. Тавдугаарт, ер нь энэ салбарт орж ирэх боломж хэр байдаг. Төр засгийн шийдвэрээс хараат байдал нь ямар байдаг зэрэг таван категорид хуваан өнөөгийн асуудлаа бичихээр асуудлыг нь тодорхойлоод оношилчихдог. Үүнийг бөглөхөд үнэхээр олон асуудал дээр тэг оноо авч байгаа бол зөвлөх үйлчилгээний байгууллагад хандаж уулзалт хийн түүнээс цааш хэрхэхээ шийдсэн нь дээр. Ингэж зөвлөх үйлчилгээ рүү хандсанаар ойрын хугацаанд яах чиглэлээ олоод авчихдаг. Магадгүй зөвлөх үйлчилгээнд хандахгүйгээр чиглэлээ олоод харах тохиолдол бий. 

-Танай байгууллагын хувьд өнгөрсөн хугацаанд 100 гаруй төсөл дээр ажиллаад байгаа гэсэн. Манай жижиг, дунд бизнесийнхэнд нийтлэг ямар өвчлөлүүд байна вэ?

-Ажиллах хүчний асуудал байна. Өнөөдөр бизнесийнхэн зөв хүнээ олж авах гэдэг үнэхээр асуудал болчихсон.  Байгууллага хүмүүсээ сургаж авах хэрэгтэй байна. Амжилттай ажиллах хүчнээр баг бүрдүүлсэн байгууллагууд нарийвчилсан алхмаар чиглүүлэх сургалт, дараа нь ур чадварыг нь ахиулах сургалтыг явуулж байж өөрийн хүнтэй болдог. Яг ийм хувиргалтыг хийж чадаагүй байгууллага илүү асуудалтай тулгарч байна. Хүмүүс нь ороод гардаг. Нийтээрээ давах ёстой ийм үе байна гэж би харж байгаа. Ойрын таван жилдээ ажиллах хүчний цонх асуудал гарч ирнэ. Бид нийтлэгээрээ ийм асуудалтай нүүр тулж байна. Ялангуяа, залуу эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд амралтаа авдаг. Байгууллага энэ процессоос ядраад авч байгаа хүнийхээ шаардлагыг улам өндөрсгөх тохиолдол түгээмэл бий. Гэтэл тийм өндөр шаардлагыг хангах хүн олдохгүй болчихож байгаа юм. Ингэснээр үлдсэн ажилчдын ачаалал давхардах зэрэг хүндрэл үүсдэг. Гарц нь ажлаа процесст суурилж явуулах юм. Асуудлаа системтэйгээр харахгүй дотроос нь нэг ажилтан, нэг талбар руу илүү чухалчилж харахаар эмх замбараагүй байдал үүсч байна. Байгууллага өөрөө байгууллага болъё гэж байгаа бол анх гаргасан зорилго зорилт руугаа дөхөж буй эсэхээ байнга эргэж харах хэрэгтэй. Тэр болгон дээрээ дата мэдээлэл үлдээх хэрэгтэй. Ингэж үлдээсэн мэдээлэлдээ тулгуурлан дараа дараагийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр мэдрэмж дээрээ дөрөөлж шийдвэр гаргадаг нийтлэг алдаа байна. Ингэж гаргасан шийдвэр гол өвчлөлүүдийг хүндрүүлдэг. Тийм учраас бизнесийнхэн дижитал руу шилжих, байгууллагын үйл ажиллагаагаа илүү автоматжуулж болох программуудыг авч ашиглах хэрэгтэй. Ялангуяа, манай жижиг, дундынханд дата маш дутмаг байна. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Цар тахлын үед үйлчлүүлэгчдээ авч үлдэхэд туслах 5 стратеги

Өмнөх нийтлэл

Подкаст№47: Бизнесийн хэлцлийг зөв хийх техник

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох