Марс гараг мөрөөдөл байхаа больсон. Хүний гараар бүтсэн техник хэдийнэ Дэлхий, Сарнаас хальж Марсыг, цаашлаад бусад гараг эрхсийг судалдаг сансрын тоног төхөөрөмж тоогоо алджээ. Энэ дунд Нарны аймгийн системээс гарч явсан нь ч бий. Сансрын гэгдэх ОХУ, АНУ, Хятад зэрэг улс гүрнүүд, Элон Маск, Жефф Безос тэргүүтэй тэрбумтнууд олон сая ам.долларыг Марсыг эзлэх төлөвлөгөөнд зориулж байна.

2013 онд НАСА “Mars One” нэртэй төслийг нээж,  200 мянга гаруй хүн бүртгүүлснээс 1058 хүн хоёрдугаар шатанд шалгарчээ. 2024 он гэхэд Марсыг колончлох эхний дөрвөн хүнийг илгээх төлөвлөгөөтэй байна.

Энэ зорилгод хүрэхийн тулд маш их судалгаа, туршилт, бэлтгэлийн ажил явагдах ёстой бөгөөд үүнийг тойрсон эдийн засаг, бизнесийн цоо шинэ чиглэл хөгжиж байна. 2018 оны судалгаагаар дэлхийн топ 100 старт ап-ын хөрөнгө оруулалтын 41 нь сансрын салбарт ажиллаж байна.

Марс дээр амьдрахын тулд эхлээд дасан зохицох, амьд үлдэх хэрэгтэй учраас уг гараг дээрхтэй адил туршилт, бэлтгэлийн нөхцлийг Дэлхий дээр бүрдүүлэх нь чухал. Харин ийм нөхцлийг цөлд л бүрдүүлэх боломжтой. Дэлхийн 24 цөл дундаас Марсыг колончлох төлөвлөгөөний бэлтгэл, сургалтын бааз болоход хамгийн тохиромжтой “нэр дэвшигч” бол Монголын говь.

Энэ боломжийг амьдралд хэрэгжүүлэхээр хэсэг монгол залуус санаа нэгдсэн нь өнөөдөр “MARS-V” төслийг бий болгожээ. Богинохон хугацаанд олон улсын сансар судлалын дэлхийн байгууллагууд болон мэргэжилтнүүдээр төслийн хүрээгээ тэлж, төрийн дээд түвшинд дэмжлэг аваад байгаа уг төслийн хувьд өнөөдөр ТЭЗҮ боловсруулах, бизнес загвараа боловсруулах ажлынхаа ид дунд явж байна. 2019 оны сүүлээр л гэхэд НАСА-гийн Марс судлал, хөтөлбөрийн судалгааны групп болон Марс судлалын олон улсын ажлын группэд элсэн төслөө танилцуулж, одоо дэлхийн сансрын мэргэжилтнүүдээс тогтмол зөвлөгөө авч, хамтран ажиллаж байна.

Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засаг, боловсрол, танин мэдэхүйн асар том ач холбогдолтой энэ үйл хэрэгт Business.mn сэтгүүл нэгдэж, тус төслийн багийнхантай санамж бичиг байгууллаа. Монголын говьд Марсын сургуулилтын академи, сансрын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хот бүхий шинжлэх ухаан, технологи, инновацийн олон улсын төв байгуулах энэ төсөл нь ирээдүйд Марстай холбоотой технологийн зангилаа цэг болох боломжтой.

MARS-V төслийн оффис

Эрс тэс, хуурай уур амьсгалтай, хүн амын нягтаршил багатай хүйтэн цөлийн нөхцөл бүхий уудам газар нутаг болон, төвийг сахисан, гадаад дотоодын зөрчилгүй Монгол Улс нь дээрх төслийг хэрэгжүүлэх хамгийн таатай нөхцөл гэж төслийн баг үзэж байна.

Бизнес.мн нь дэлхийн сансар судлал, шинжлэх ухаан, сансрын бизнес, сансрын аялал жуулчлал, Марс төсөл, уг төслийн Монголын бизнесийн орчинд үзүүлэх нөлөө, боломжууд зэрэг сонирхолтой сэдвүүдээр нийтлэл бичиж, сэтгүүл, сайтаараа байнга мэдээлж байх болно.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Подкаст№47: Бизнесийн хэлцлийг зөв хийх техник

Өмнөх нийтлэл

Сорилтын үед захирал өөрийнхөө хөгжих цагийг хэзээ ч танаж болохгүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох