Бизнесийн эзэнТоп нийтлэл

Компанийнхаа ажилтнуудыг би өөрийн ментор гэж үздэг

0
“Монос” группийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга Х.Ананд
Монголчуудын идэвхтэй ашигладаг Facebook, Instagram зэрэг сошиал медиа платформын алинаас ч түүний албан ёсны бүртгэлтэй хаягийг хайгаад олохгүй. Харин тэр зөвхөн Twitter болон LinkedIn л маш идэвхгүй хэлбэрээр ашигладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч барагтай бол ярилцлага өгөх сонирхолгүй. Оронд нь урдах ажлаа аль болох сайн хийж, ахиулж сайжруулъя гэж бодож явдаг нэгэн. Тиймдээ ч “Хувь хүний мөрөөдөл хийж буй ажилтай нь давхцаж байвал их гоё. Миний мөрөөдөл бол компанийн мөрөөдөл гэсэн үг. Компанийнхаа тодорхой бүтээгдэхүүнийг экспортолж, тухайн зах зээлдээ амжилттай байршуулах нь миний мөрөөдөл, бас зорилго” гэж тэр хариулсан байх. 
Түүний энэ л мөрөөдөл 2000 орчим ажилтан, 36 охин компанийг нэгтгэсэн “Монос” группийн алсын хараа, цаашдын зорилго, зорилтыг бүрэн илтгээд зогсохгүй нийт моносчуудыг нэг мөрөөдөл, нэг зүгт чиглүүлэн зангидаж буй. Өнгөрсөн 30 жилийн турш эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспорт, судалгаа шинжилгээ, боловсрол, үйлчилгээний салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахдаа “Монос” групп өөрийн нэрийг монголчуудын дунд тодоор тамгалж, хоногшуулж чадсан билээ.  
“Манлайлагч” буландаа тус группийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга Хүрэлбаатарын Анандыг бид урьж ярилцсан юм. Энэхүү ярилцлагын хэсгээс та бүхэнд хүргэж байна. Ярилцлагыг Business.MN сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаараас дэлгэрүүлэн уншаарай. 

Багш, ачигч, зөөгч гээд л олон янзын ажил та хийж байсан. Бүр “Ямар ч найраагүй багш” гэсэн хоч ч зүүж явсан гэдэг. Юм юм хийж үзье, суралцъя гэсэн хувь хүний сонирхлоос л энэ бүхэн үүдэлтэй гэж та тайлбарлаж байсан. Тэгвэл “Монос” групп дэх ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ? 

Төслийн менежерээс. Том, жижиг олон төсөл дээр ажиллаж байлаа. Одоогийн “Монос хүнс” компани бол миний анхны төсөл. Цаасан дээр буулгахаас эхлээд бүхнийг өөрөө бие даан, гардаж хийсэн. Чацарганаар ямар шинэлэг бүтээгдэхүүнүүд хийж болох вэ хэмээн эрэлхийлж, төслөө “Чацаргана” гэж нэрлээд байв. Зөвхөн чацарганаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоолж үзэхэд ямар ч ашиггүй байхаар байсан. Чацаргана өөрөө маш өртөг өндөртэй түүхий эд. Тэгээд “Ер нь бид хүмүүсийг өвдсөнийх нь дараа эмчлэх бус, урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл хүнс болон хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ яагаад ирээдүйд экспортолж болохгүй гэж?” гэж бодсон Ингэж л бид шинэ төслийнхөө ажлыг шууд эхлүүлж байлаа. 2010 оны л үед. Энэ бүхэн “Монос хүнс” компанийн эхлэл болсон. 

Одоогийн “Монос хүнс” компани бол миний анхны төсөл.

Харин хэзээ удирдах албан тушаалд анх очиж байв. Мэдээж багагүй бэрхшээлтэй тулгарсан байх?

Төслийн захирлаар ажиллаж байхдаа бусад харъяа компанийн төслийн менежерүүдийг манлайллаараа удирдах зарчмаар нэг төсөл, нэг баг, хамт олон болгохыг зорьсон тэр үе л юм даа. Яагаад гэвэл “Монос” групп маань бусад байгууллага шиг босоо удирдлагатай биш. Би хэдий группийн гүйцэтгэх захирал ч гэлээ харъяа компанийнхаа удирдлага, эсвэл менежерийг очиж удирдах, зааж зааварлах эрхгүй гэсэн үг. Энэ соёл маань надад их гоё санагддаг юм. Тэгэхээр би харъяа компаниудынхаа зөвхөн гүйцэтгэх захирлуудтай л харилцаж, стратеги, бодлого, дүрэм журамд нь хяналт тавьж, чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх л үүрэгтэй. Түүнээс биш компаниудынхаа өдөр тутмын асуудалд оролцоод байдаггүй.  Ер нь бид барууны засаглалын арга барилыг бага багаар суурьшуулж, компанийнхаа засаглалыг улам сайжруулахыг хичээж байна. “Монос” группийн компаниуд бүгд хэвтээ удирдлагатай. Одоо бол манай группийн хэрэгжүүлж буй аль нэг төслийн менежер хамтран ажиллагсдаа “Энийг хий, тэрийг хий”, “Ингэ, тэг” гэж захиргаадахаас илүүтэй тэднийг нэгтгэн, синержи үүсгэх замаар манлайлж, ажлыг гараас гаргаж байна. 

Бид синержи үүсгэн манлайлах замаар ажлаа урагшлуулж байна.

Харъяа компанийнхаа гүйцэтгэх захирлуудын удирдлагын арга барилыг та хэрхэн хянадаг вэ. Магадгүй таны хэрэгжүүлэхийг хичээдэг арга барилаар тэд ажиллаж чадаж байна уу гэх эргэлзээ төрсөн үед хэрхдэг вэ?

Хүнд итгэж сурах хэрэгтэй. Өөрөө бүгдийг хийе гэвэл амжихгүй шүү дээ. Энэ тал дээр Монголд жаахан дутагдалтай байдаг болов уу. Бид нэг нэгэндээ итгэдэггүй, бүгдийг өөрөө хийх гэдэг. Гэхдээ сайн гүйцэтгэх захиралд итгээд, хамтдаа нэг зүгт харж, бие биеэ дэмжин хамтарч ажиллаж чадвал асуудалгүй. Жижиг компанийн захирал бүх ажил руугаа ороод явахад болчихоод байгаа юм. Харин дунд түвшний компанийг менежмент нь, том компанийг соёл нь удирддаг. Одоогийн байдлаар “Монос” групп дунд түвшний менежментээрээ удирдлагаа сайн авч явж байна. 

“Монос” группийн компаниуд бүгд хэвтээ удирдлагатай.

Төслийн захирлаар ажиллаж эхлэхэд удирдах арга барилтай холбоотой ямар асуудлууд тулгарч байв?

Хамгийн том асуудал бол намайг Хүрэлбаатарын хүү гэдгээрээ мундагдана гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байсан. “Чадах уу?” гэсэн харцаар их харж байв. Тиймээс би өөрийн ажил хэргээ захирлын хүү гэдэг нэрээс салгаж, өөрөө санаачлан төсөл хэрэгжүүлж, үр дүн гаргахын төлөө илүү анхаарч ажилласан. Өв залгамжлагчийн хүү гэх хандлагад би маш дургүй. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал байсан. Гол нь би хийж байгаадаа, ажилдаа маш дуртай. Сайн ажиллахын зэрэгцээ их зүйл сурч, сурснаа бусдад сургах, үлгэр жишээ үзүүлэхэд их анхаардаг байлаа. Одоо ч тэр. Ер нь би компанийнхаа ажилтнуудыг өөрийнхөө ментор гэж хардаг байсан. Тэднээс тусламж, дэмжлэг авч, их зүйлийг суралцаад л цааш алхсан даа. Манай “Монос”-ын ажилтнууд их гоё. Бид нэг гэр бүл гэж өөр хоорондоо ярьдаг юм. Монослог гэж бас их ярина. “Монос” группт нэг ажилд орсон хүн маш олон жил ажилладаг. Тэгэхээрээ л их монослог болчихдог (инээв). 

(Business.MN сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаараас)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

“Бизнесээ хэрхэн оношилж, эмчлэх вэ” вэбинар боллоо

Өмнөх нийтлэл

Бүтээлч үйлдвэрлэл: Солонгос сериал дэлхийг эзэлсэн түүх

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.