Монголчууд Солонгосын олон ангит кино үзэх болсноос хойш олон он жил өнгөрөв. Энэ хугацаанд Монголын үзэгчид кимчинд орж Солонгосын урлаг, соёл, аялал жуулчлал, анагаах ухаан манай улсын эдийн засагт хэдийнэ өөрийн байр суурийг эзлэв. Гэвч энэ бол зах зээлд бий болсон тохиолдлын үзэгдэл биш, Солонгосын Засгийн газрын няхуур бодлого, урт хугацааны чадварлаг менежментийн үр дүн юм.

“Солонгос давалгаа” гэж юу вэ?

1990-иэд оны дунд үед Солонгосын эрх баригчид соёл, урлаг нь техникийн нэгэн адил экспортын бүтээгдэхүүн байж болох юм гэдгийг ойлгожээ.  Солонгосын ерөнхийлөгч Ким Ён Сам 1994 онд найруулагч Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” киноны орлого Солонгосын “Хюндэй” компанийн гадаадад худалдсан 1.5 сая машины борлуулалттай тэнцүү байгааг мэдээд гайхаж биширсэндээ соёлын салбарын санхүүжилтийг эрс нэмэхийг тушаасан гэсэн яриа бий.

1990-иэд оны эхээр Солонгос улс иргэдээ гадаадад жуулчлахыг хориглосон хуулиа цуцалж солонгосчууд барууны боловсролыг эзэмших боломжтой болов. 10 орчим жил болоход орчин үеийн эдийн засаг, бизнесийн ухаанд суралцсан чадварлаг боловсон хүчин төрөн гарчээ.

Солонгос гаралтай Америкийн сэтгүүлч Юни Хонгийн бичсэнээр 1980-аад онд Солонгост урлагийн салбарт орчин үеийн урсгалыг хуулиар хорьдог байсан учраас эстрадын нэртэй дуучин, жүжигчин, одод гэхээр хүмүүс алга байв. Түүгээр ч барахгүй гудамжны дуучдыг хүртэл жагсагчид гэж үздэг байлаа. Харин 1996 онд Үндсэн хуулийн шүүхээс уг хориог цуцалснаар Солонгосын залуу үе уран бүтээлээ чөлөөтэй хийх боломж бүрджээ. Энэ шийдвэр кино, хөгжмийн урлагт хамгийн их үр дүнгээ өгсөн аж.

Нобелийн шагналт Ким Дэ Жүн автомашин, ахуйн техник зэрэг экспортын уламжлалт бүтээгдэхүүн нь хямралаас хамгаалж чадахгүй гэдгийг ойлгож Засгийн газар мэдээллийн технологи, соёлын бүтээгдэхүүнийг ирээдүйн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгожээ.

Солонгосын Засгийн газрын соёлын салбарт хэрэгжүүлсэн бодлогыг “Солонгос давалгаа” (한류-халлю) гэж нэрлэдэг. Халлю гэх нэрийг Хятадын сэтгүүлчид өгсөн аж. Соёл-эдийн засгийн энэ үзэгдэл Ази төдийгүй дэлхий нийтийг хамраад байна.

1997 оны Азийн санхүүгийн хямрал Солонгос давалгааг улам эрчимжүүлжээ. Тэр үеийн ерөнхийлөгч, Нобелийн шагналт Ким Дэ Жүн автомашин, ахуйн техник зэрэг экспортын уламжлалт бүтээгдэхүүн нь хямралаас хамгаалж чадахгүй гэдгийг ойлгож Засгийн газар мэдээллийн технологи, соёлын бүтээгдэхүүнийг ирээдүйн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгожээ. Учир нь технологи үйлдвэрлэлийн шинэ чиглэлийг бий болгож, харин нийтийн соёл олон тэрбум ам.долларын орлого авчрах экспортын бүтээгдэхүүн болох ёстой байлаа. Засгийн газар өндөр технологийн гарааны компаниуд, поп урлагийн студиудэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болов.  2000 он болоход соёлын экспортын орлого 500 сая, 2003 онд 650 сая, 2011 онд 4 тэрбум, хоёр жилийн дараа 5 тэрбум, 2014 онд 11.6 тэрбум ам.доллар болтлоо өсчээ.

Ким Дэ Жүн. 1998-2003 оны Солонгосын Ерөнхийлөгч. БНСУ-ын ардчилалд том үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг

1995 онд “Үүрийн гэгээн мэлмий” (Eyes of dawn) нэртэй олон ангит кино дэлгэцэнд гарч үзэгчдийн 65%-д хүрсэн нь Солонгосын савангийн дууриуд (К-drama) амжилт олох эхлэл болов.

2000 онд Солонгос, Япон улсууд 50 жил болсны дараа соёлын солилцооны хоригоо хэсэгчлэн цуцалснаар Солонгосын кино, поп урлаг Японд нэвтрэв. Эхэндээ Солонгосын эрх баригчид Японы нийтийн соёл Солонгосыг эзэлж, залуучууд японжиж эхэлнэ гэсэн болгоомжлол байв. Гэхдээ үйл явдал эсрэгээр өрнөв. Солонгос давалгаа эхлээд Японыг нөмөрч дараа нь Хятад, Хонконг, Сингапур, Тайван, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудыг эзлэв. 2003 онд Японы дэлгэцээр гарсан “Өвлийн хайрын дуу” олон ангит кино том амжилтад хүрч, зөвхөн NHK телевиз уг киноноос 3.5 сая ам.долларын ашиг олжээ.

Үүнээс хойш “Дэ Жан Гум”, “Жү Мүн” зэрэг олон ангит кино их ашиг олоод зогсоогүй Солонгосын бизнесийн бусад салбар дэлхийн зах зээлд гарахад өөрийн хувь нэмрийг оруулжээ.

Солонгос давалгааны гол бүтээгдэхүүн нь кино, хөгжим, олон ангит кино, компьютерын тоглоом байдаг. Поп хөгжмийн (K-pop) чиглэлд хөвгүүдийн H.O.T. хамтлаг 2000 онд Бээжинд тоглолт хийснээр Солонгосын поп урлаг дэлхийд тархах эхлэл болов. Солонгосын нөлөө ихсээд байсан учраас Хятадын радио, телевиз, киноны асуудал хариуцсан газраас солонгос контентын хэмжээг хязгаарлах арга хэмжээ хүртэл авч байв.

2000 оноос эхлээд Солонгосын кино Энэтхэгийн үзэгчдийг байлдан дагуулжээ. Тэр үед Agence France-Presse-д бичсэнээр Энэтхэгийн Манипур мужийн хотын гудманд залуучууд солонгос үг, хэллэг хэрэглэх нь ихэссэн байна. Удалгүй Солонгос давалгаа тэндээсээ CD, DVD болон бусад мужид тархав.

2000-аад онд К-попыг түгээгч сувгууд нь охидын Baby V.O.X., хөвгүүдийн TVXQ (2003),  SS501 (2005), Super Junior (2005) хамтлагууд болов. Энэ давалгаа явсаар 2012-2013 онд PSY-гийн “Gangnam Style” дуу youtube дээр тэрбум орчим хандалт авснаар оргилдоо хүрчээ. Харин өнөөдөр хандалтын тоо бараг 3 тэрбум болоод байна.

2016 онд Forbes сэтгүүлд К-попын эдийн засагт үзүүлсэн нөлөөг үнэлэхдээ зөвхөн BIGBANG гэдэг хамтлаг сүүлийн жилүүдэд 44 сая ам.долларын орлого олсон тухай бичжээ. Энэ нь АНУ-д хамгийн өндөр үнэлгээтэй гэгддэг “Maroon 5” хамтлагын 33.5 сая ам.доллараас ч илүү юм.

Харин Солонгосын Засгийн газар одоогоос найман жилийн өмнө Солонгос давалгааг ирээдүйд 83 тэрбум ам.доллар олох боломжтой гэж байв.

Солонгос давалгааны нэгэн гол онцлог нь хэрэглэгчдээ маш сайн судалдаг (ялангуяа Азид). Засгийн газар болон соёлын асуудал хариуцсан байгууллагууд Азийн зах зээлд соёлын ямар бүтээгдэхүүн илүү амжилт олохыг байнга судалж, стратегиа баяжуулдаг.

Солонгос давалгааны нэгэн гол онцлог нь хэрэглэгчдээ маш сайн судалдаг (ялангуяа Азид). Засгийн газар болон соёлын асуудал хариуцсан байгууллагууд Азийн зах зээлд соёлын ямар бүтээгдэхүүн илүү амжилт олохыг байнга судалж, стратегиа баяжуулдаг. Тиймээс энэ зах зээлийг солонгосчуудаас илүү сайн мэддэг орон байхгүй гэж зарим судлаач үздэг.

1990-иэд оны сүүлээс Засгийн газар төсвийнхөө нэг хувийг соёлын салбар дахь гарааны компаниудад татаас, бага хүүтэй зээл хэлбэрээр олгох болжээ. Энэ нь бусад оронтой харьцуулахад хэдэн арав дахин их юм. Дэлхийн олон оронд соёлын бүтээгдэхүүн экспортлох тусгай төвүүд, их сургуулиудад энэ чиглэлээр тусгай тэнхим байгуулав. Зөвхөн 2016 оны эхний байдлаар Солонгосын Засгийн газар Африк, Ази-Номхон далай, Европ, Америкийн 24 оронд Солонгос давалгааг дэмжих зорилгоор 28 соёлын төв байгуулжээ.

Солонгос давалгааг энэ улсын “зөөлөн хүч”-ний бодлого гэж үздэг. 2012 онд ВВС нэгэн сонирхолтой судалгаа хийж 2009 оноос хойш Орос, Энэтхэг, Хятад, Франц зэрэг улсад Солонгосын талаарх олон нийтийн санаа бодол “бага зэрэг сөрөг” гэсэн ангиллаас “ерөнхийдөө эерэг” гэсэн ангилалд шилжсэн тухай мэдээлж байв.

Солонгос давалгаа Японы соёлоос илүү хүчтэй дэлгэрч байгааг Солонгос, Хятад зэрэг улс Японы колончлолд байсантай холбон тайлбарлах нь бий. Тодруулбал, колони байсан улсын иргэд Японы нийтийн соёлын элементүүдийг хүлээж авах дургүй байдаг аж.

БНСУ-ын нийслэл Сөүл хот

Сериал үйлдвэрлэдэг машин

Хэрэв Солонгосын олон ангит кино (К-драм) барууны хэв маягийг хуулсан бол ийм амжилтад хүрэхгүй. Солонгосын телевизүүд кино урлагт өөрийн гэсэн өвөрмөц “жор” бүтээж чаджээ. Холливудад дуртай үзэгчийн хувьд солонгос сериал хэтэрхий гэнэн, уянгын мэт санагдана. К-драмын дүрүүд нь голдуу амьдрал дээр ховор тохиолдох шинж чанартай. Ёс суртахууны өндөр хүмүүжилтэй, залуу, царайлаг, гуалиг, гоё үстэй, том сайхан нүдтэй (Сөүлийг гоо сайхны мэс заслын дэлхийн нийслэл гэх нь ч бий) дүрүүд үзэгчдийг татдаг. Эдгээр дүрийн биеэ авч явах байдал нь голдуу ямар нэгэн комиксийн хуудаснаас гараад ирсэн аятай хэтэрхий сэтгэл хөдлөлтэй.

К-драмын нэгэн гол онцлог нь сайхан сэтгэлтэй, эелдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг, нэг эмэгтэйг насаараа хайрлахад бэлэн эрэгтэйн дүр. Ийм дүр телевизийн дэлгэцэн дээрх түрэмгий эрчүүдээс залхсан олон орны эмэгтэйчүүд, тэр дундаа Азийн үзэгчдийн сэтгэлийг татдаг.

2000-аад онд “Өвлийн хайрын дуу” кино Японыг байлдан дагуулахад үзэгчдийн ихэнх нь гол дүрийн жүжигчин Бэ Ён Жү (Чан Ву) –г шүтэн биширсэн дунд насны эмэгтэйчүүд байжээ. Тэд хайртай жүжигчнээ “Ен Сама” (Yon-sama – Ханхүү Ён) гэж нэрлэжээ. 2004 онд “Тhe New York Times” сонин Бэ Ён Жүг “2.3 тэрбумын үнэтэй эрэгтэй” гэж тодорхойлжээ. Түүнийг Токиогийн Наритагийн нисэх онгоцны буудалд буухад 3000 эмэгтэй цугласан байж. 2007 онд Keio Communication Review-д бичсэнээр 350 цэрэг тайзыг хамгаалалтад авч, түлхэлдэж шахцалдсаны улмаас 10 эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ. 2004 онд Японы тэр үеийн Ерөнхий сайд Жуничиро Койзуми  “Японд энэ киноны эрэгтэй гол дүр нь надаас ч илүү алдартай юм байна” гэж хошигножээ.

К-драмын Азид амжилт олсон өөр нэг төрөл нь Sageuk буюу түүхэн сериал юм. Ийм киноны үйл явдал голдуу дундад зууны Солонгос болох Чусанд өрнөнө. Ордны хуйвалдаан, том тулаан, үзэсгэлэнт гүнж, эрэлхэг дайчин, хайрын гурвалжин, мөн гоёмсог хувцас, ордон өргөө зэрэг нь ийм киноны гол шинжүүд. Солонгосын найруулагчид түүхэн агуулгад нэлээд дураараа хандах бөгөөд зарим зүйлийг өөрсдөө санаанаасаа баяжуулан баатар эрсийн домгуудыг дэлгэцийн бүтээл болгох дуртай.

Түүхэн сэдэвт “Жү Мүн” олон ангит кино 2008 онд Ираны дэлгэцээр гарч тэндхийн хүн амын 86% нь монголчууд “Халтар царайт” үздэг байсантай адил зурагтынхаа өмнө цугладаг байжээ.

Түүхэн сэдэвт “Жү Мүн” олон ангит кино 2008 онд Ираны дэлгэцээр гарч тэндхийн хүн амын 86% нь монголчууд “Халтар царайт” үздэг байсантай адил зурагтынхаа өмнө цугладаг байсан гэдэг. Хэдийгээр энэ нь Солонгосын пиарчдын явуулга байж болох ч ерөнхий хандлагад нийцэж байгаа юм. Жишээ нь, “Миний хөөрхөн хатагтай” сериалын жүжигчин Юн Сан Хюн Куб улсад очиход түүнийг хэдэн мянган шүтэн бишрэгч угтаж байсан нь баримт юм.

Ойрхи Дорнодод анх удаа Египтэд 18 ангитай “Миний зүрхэн дэх намар” сериалыг гаргасны дараа Египтийн үзэгчид Солонгосын Элчин сайдын яам хоёр хоногийн дотор энэ киноны жүжигчдийг урихыг хүссэн 400 дуудлага, захидал хүлээн авч хүн болгонд хариу өгөх боломжгүй байсан тухай Englisn KBS-д бичжээ.

Судлаачдын бичсэнээр К-драм нь ахмадыг хүндлэх, гэр бүлээ дээдлэх, эх орон, алба ажилдаа үнэнч байх гэсэн Күнзийн сургаалийн үндсэн үнэт зүйлсийг тээдэг байна.

Солонгост “од төрүүлэх” ажилд  Орос, Америкт шинэ зэвсэг хийхтэй адил нухацтай ханддаг гэж болно.

К-драм үзэгчдийг татдагийн нэгэн нууц нь кинонд сайн жүжигчдийг тоглуулж, киногоо ч чанартай хийдэгт байдаг. Солонгост “од төрүүлэх” ажилд  Орос, Америкт шинэ зэвсэг хийхтэй адил нухацтай ханддаг гэж болно. “SM Entertainment”, “YG Entertainment” болон “JYP Entertainment” зэрэг том компани залуу жүжигчидтэй урт хугацааны гэрээ байгуулдаг. Гэрээнд заасан хугацааны талыг олон тооны багш, менежер, туслахын гараар тусгай студэд ирээдүйн одыг бэлдэхэд зарцуулдаг. Тухайн жүжигчин, эсвэл дуучин бэлэн болсон үед л тайз, дэлгэцэн дээр гаргана. Ийнхүү жүжигчид, дуучид маш нарийн бодож гаргасан бүтээгдэхүүн болдог.

К-драмд зураглаачийн өндөр ур чадвар шингэдэг бөгөөд киноны төсвийн ихэнхийг том оддыг цалинжуулахад зарцуулдаг. К-драмууд хэтэрхий урт ч биш, богино ч биш. Зураг авалтыг богино хугацаанд хийдэг бөгөөд зарим тохиолдолд сүүлийн ангийг дэлгэцэнд гарахаас нь хэдхэн хоногийн өмнө дуусгах тохиолдол ч байдаг аж. Тиймээс үзэгчид тухайн сериал хэрхэн дуусахыг өөрсдөө шийдэх боломжтой. Киног бүтээсэн студи сериал гарах явцад үзэгчид ямар бодолтой байгааг интернетээс анхааралтай судалж хэрэв ямар нэгэн дүр таалагдахгүй бол хэдэн ангийн дараа машины осолд оруулах жишээтэй. 

Түүнээс гадна к-драмыг тусгай санхүүжилтээр хадмал орчуулга хийлгэж гадаадын үзэгчдэд санал болгоно. Тухайлбал, Оросын интернэт орон зайд дэлгэцэнд гараад ганц, хоёр сар болсон шинэ кинонуудыг хадмал орчуулгын хамт тавьсан сайтууд олон байв.

Солонгос кино өөрийн үзэгчийг хайж олоод зогсохгүй хүмүүжүүлэх шаардлагатай байв. Энэ нь зах зээлийн нөхцөлд хачирхалтай санагдах ч үр дүнгээ өгч бусад улс К-драмыг дэлгэцэндээ гаргахын тулд жил бүр 170 саяас доошгүй ам.долларыг Солонгосын эдийн засагт оруулж байна.

Америкийн эрх баригчид “Хаадын тоглоом”-ыг борлуулахад санаа тавина гэж төсөөлөхөд бэрх. Холливуд өөрийн хуультай. Харин Солонгос кино өөрийн үзэгчийг хайж олоод зогсохгүй хүмүүжүүлэх шаардлагатай байв. Энэ нь зах зээлийн нөхцөлд хачирхалтай санагдах ч үр дүнгээ өгч бусад улс К-драмыг дэлгэцэндээ гаргахын тулд жил бүр 170 саяас доошгүй ам.долларыг Солонгосын эдийн засагт оруулж байна. Энэ бол кино дагасан орлогын нэг хэсэг бөгөөд бизнесийн бусад салбарт ямар өгөөжтэйг тооцоход бэрх. Солонгос давалгааны үндсэн хэрэглэгчид нь хөгжиж буй орнууд. Эдгээр улсад хүн амын орлого өсөхийн хэрээр гар утаснаас эхлээд төрөл бүрийн төхөөрөмж амьдралд нэвтэрнэ. Харин гар утасны олон төрлөөс алийг нь авах магадлал өндөр вэ? Мэдээж дуртай сериалынх нь дуртай жүжигчний барьдаг Самсунг авах магадлал их.

Дэлхийг хөөрхөн болгох аян

Ойрын ирээдүйд буюу 2019 он гэхэд дэлхийн арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлийн талаас илүү хувь Ази номхон далайн орнуудад ногдох тухай стратегийн судалгааны “Euromonitor International” байгууллагын судалгаанд дурджээ. Энэ зах зээл дэх гол хэрэглэгчид нь Азийн хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй дунд ангийнхан. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид уг бүс нутгийг шинэ бүтээгдэхүүнээ борлуулах гол орон зай гэж харж байна.

Энэхүү чиг хандлагын төвд буй нэгэн том тоглогч нь Солонгос юм. Өмнөд Солонгосын гоо сайхны салбарын акулууд болох AmorePacific болон LG Household & Health Care гэсэн хоёр компани хэдийнэ дэлхийн зах зээлд хөл тавьсан бөгөөд Ази номхон далайн бүсийн гоо сайхны топ 10 компанийн жагсаалтад оржээ. AmorePacific компанийн борлуулалт 2009-2015 онд 400%-д хүрч зургаан жилийн өмнөхөөс 84 хувь өссөн байна. 2015 онд “The Washington Post” сонинд бичсэнээр солонгос гоо сайхны бүтээгдэхүүний дэлхийн борлуулалт 10 тэрбум ам.долларт хүрч байв.

Эдгээр компанийн бүтээгдэхүүнээ сурталчлах гол суваг мөн л к-поп, к-драмын одод юм. Тэдний хэрэглэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд Хятад болон Азийн бусад оронд хамгийн их борлуулалттай. Түүнчлэн Азийн жуулчид солонгос гоо сайхны бүтээгдэхүүний нэгэн гол хэрэглэгчид байдаг. Жишээ нь Солонгосын “Innisfree” компани жуулчдын дунд нэр хүнд олсоны ачаар 2014 онд улсдаа эхний дөрөвт орох гоо сайхны компани болжээ.

Эдүгээ Солонгосын гоо сайхны компаниуд Хятадын компаниудтай өрсөлдөн Ойрхи Дорнод, Барууны зах зээлд анхаарлаа хандуулж эхэлжээ. Ингэхдээ инноваци, шинэ бүтээгдэхүүн, чанар гэсэн зүйлст төвлөрч байгаа аж. Тухайлбал, Солонгосын AmoreРacific компани Баруун Өмнөд Ази, лалын орнуудын хар арьст эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буй тухай энэ оны есдүгээр сард Bloomberg мэдээлэв. Euromonitor International байгууллагын тооцсоноор энэ компани Баруун Өмнөд Азид 150 тэрбум воны борлуулалт хийсэн нь бүс нутгийн зах зээлийн дөнгөж гурван хувийг эзэлж байгаа юм. Харин 2020 он гэхэд 9.6 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Солонгос давалгаа ба аялал жуулчлал

К-драм, К-поп нь Солонгосын аялал жуулчлалын салбарын салшгүй хэсэг, жуулчдыг татах үр дүнтэй арга хэрэгсэл болдог.

1962 онд Өмнөд Солонгост ердөө 15 мянган жуулчин ирж байжээ. Оюутны бослого, улс төрийн тогтворгүй байдал, Умардтай хийсэн дайнаас болоод гадны хэвлэлүүдэд Солонгосыг аялал жуулчлалын тааламжгүй чиглэлд тооцож байлаа. Харин 1988 оны Сөүлийн олимпын үр дүнд энэ байдал эрс өөрчлөгдөж 2.3 сая жуулчин 3.2 тэрбум ам.доллараа үлдээгээд буцсан байна. 2002 он болоход жуулчдын тоо 5.3 сая, орлого 5.9 тэрбум, 2013 онд жуулчдын тоо 12 сая, орлого  10 орчим тэрбум ам.доллар болжээ. 2013 онд ирсэн 12 сая жуулчны тэн хагас нь хятад жуулчид байв.

Жүжигчид, дуучид гадаадын зах зээлд Солонгосын имижийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. “Өвлийн хайрын дуу”-г гаргасны дараа япон жуулчдын тоо эрс нэмэгджээ. Солонгосын аялал жуулчлалын газар (Korean Tourism Organization – КТО) К-драм, К-попын талаарх үзэгчдийн сонирхлыг судалсны үндсэн дээр аялал жуулчлалын багц бүтээгдэхүүний төслүүдийг гаргадаг. Тухайлбал, 2011 онд Францад К-поп концерт зохион байгуулахын тулд КТО-гоос “SM Entertainment” компанид 264 мянган ам.долларыг өгч байжээ. Тухайн оронд концерт зохион байгуулсны дараа к-поп сонирхогч үзэгчдийн дунд судалгаа явуулж мэдээллийг дараагийн төлөвлөгөө боловсруулахдаа ашигладаг.

AOA охидын хамтлаг

Сүүлийн жилүүдэд КТО цахим орон зайг маш сайн ашиглах болсноор 2011 онд К-попын цахим үзэгчдийн тоо 235 оронд 2.3 тэрбум болсон байна.

К-поп сонирхдог жуулчид голдуу солонгос үндэсний хоол, гоо сайхан, загвар, хэл, соёлд татагдан тус улсад аялдаг. Аялагчдын хэрэгцээг хангахын тулд КТО-гоос төрөл бүрийн К-поп концерт, хоол, амттаныг танилцуулах аялал, загварын үзүүлбэр, хэлний курс, соёлын аялал зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн гадны үзэгчдийг хайртай жүжигчин, дуучинтай нь уулзуулах, киноны зураг авсан газарт аялуулах, оддын өөрсдийн бичсэн номыг санал болгох аялалын багцууд ч байдаг аж. Мөн цэвэр К-поп хэв маягийн кафе, ресторан, дэлгүүр олон.

Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээгээр зөвхөн 2011 онд К-попчдын тоо дэлхий даяар 3.3 саяд хүрсэн байв. Мөн онд КТО-гоос 12 085 к-попчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 90% нь охидууд байгааг тогтоожээ. Францын 3755 к-попчдын дунд санал асуулга явуулахад 10 хүн тутмын нэг нь Солонгос явахыг хүсдэг гэж хариулжээ. Түүнээс гадна 2005-2012 онд солонгос хэл судалдаг гадаад оюутнуудын тоо долоо дахин нэмэгдсэн байна.

Солонгос давалгааны эрчмийг улам нэмэгдүүлэхийн тулд Солонгосын Засгийн газар “K-Culture Valley” нэртэй 326 мянган кв/м талбайтай К-соёлын сэдэвчилсэн парк байгуулахаар 7.3 сая ам.доллар зарцуулаад байгаа аж. Энэ паркад жуулчид Солонгос давалгааны бүх элементийг үзэж сонирхох юм байна.

Кимчи ба цагаан ордон

Солонгос үндэсний хоол дэлхий дахинд тархахад солонгос сериалын үзүүлсэн нөлөө багагүй юм. Түүхэн сэдэвт “Дэ Жан Гум”-ын тухай олон ангит кино Ази (Тайван, Хятад, Хонконг, Япон, Тайланд, Камбож, Индонези,Филиппин, Малайз, Сингапур, Шинэ Зеланд, Бруней, Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка, Пакистан, Монгол), Ойрхи Дорнод, Африк, түүгээр барахгүй Америк, Европт нийтдээ 180 сая үзэгчдэд хүрч хамгийн өндөр орлого олсон к-драмын нэг болсон билээ. Энэ дундаас Хонконг, Тайваны дэлгэцээр гарч байхдаа номер нэг телевизийн хөтөлбөр байж, 2005 оны гадаадын шилдэг контентын шагнал авсан нь Азийн орнуудаас, ялангуяа Хонконгоос олон мянган жуулчин Солонгост ирэхэд нөлөөлсөн гэж судлаачид үздэг.

“Солонгос давалгаа”-ны тархалт

Дэлхийд хамгийн өргөн тархсан, томоохон хотуудын солонгос рестораны хоолны цэсний гол хоол, хачир нь кимчи, бүлгүги, кимбаб гурав гэж үздэг аж. Кимчи Монголыг байлдан дагуулаад зогсохгүй Цагаан ордны гал тогоонд хүртэл ороод амжжээ. 2013 оны хоёрдугаар сард АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан Ордны цэцэрлэгээс байцаа түүж кимчи дарсан тухайгаа өөрийн твиттер хуудсанд жиргэж байв. Тэр үед “Esquire” сэтгүүлд “кимчи нь тусгай дүрмийн дагуу боловсруулдаг Ерөнхийлөгчийн хоолны цэсэнд гэнэт орж ирсэн нь хачирхалтай хэрэг бөгөөд кимчи-г буруу хийх нь улс төрийн үр дагавартай” байж болох тухай бичиж байжээ. Харин үүнээс өмнөхөн Их Британийн “Tesco” сүлжээнд сөжү, булгуги, удон гоймон зэрэг 150 орчим солонгос хоолны бүтээгдэхүүний борлуулалт ганцхан сарын дотор хоёр дахин нэмэгдэхэд “Gangnam Style” дуу, дуучин PSY-ийн тус сүлжээний солонгос ажилчдад зориулсан мэндчилгээ нөлөөлсөн тухай thesun.co.uk сайтад бичиж байв. Түүнээс гадна 2012 оны зургадугаар сард Лондоны Виктория, Альбертын музейд Олимпийн наадамд зориулсан баярын тусгай зоогийг солонгос хэв маягаар зохион байгуулсан нь хүрэлцэн ирсэн 300 гаруй зочдод ихэд таалагджээ.

Эдүгээ солонгос үндэсний хоол дэлхийн зах зээлд ямар хувийг эзэлж байгаа талаар судалгаа байхгүй ч Солонгос давалгааны нөлөөгөөр энэ төрлийн хоолны зах зээл тэлсээр байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Компанийнхаа ажилтнуудыг би өөрийн ментор гэж үздэг

Өмнөх нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох