Автор: Б. Мөнхбат

Япон, Солонгост сурч байсан оюутнууд сайн мэднэ дээ. Арбайт гээд цагийн ажил бүгд хийдэг. Бүр дан цагийн ажлаар л амьдралаа залгуулдаг нийгмийн бүлэг хүмүүс тэнд байдаг. Арбайт гэдэг нь Герман хэлний “Arbeit” буюу ажил гэсэн утгатай үгнээс гаралтай хэллэг бөгөөд Япон болон Солонгост хэлэнд орчуулалгүй шууд авч хэрэглэжээ.

Би анх оюутан болж Японд очоод соёлын шоконд орж байсан. Заншил, лайфстайл, хоол гээд олон зүйл их сонин санагдаж билээ. Гэвч нэг зүйл сэтгэлд маш гүн хоногшсон байдаг юм. Юу вэ гэхээр, дэлхийн хамгийн чинээлэг улсуудын нэг болох Японд оюутан залуучууд нь ахлах сургуулийн төгсөх ангиасаа эхлээд цагийн ажил хийдэг. Оюутан насандаа дийлэнхи (Япон болон АНУ-д оюутнуудын 70-аас дээш хувь нь цагийн ажил хийдэг) нь бүр өдөр тутам цагийн ажил хийдэг. Хийх хийхдээ зарим нь цагийн ажилдаа дуртай, хичээлээсээ илүү ач холбогдол өгөн хийдгийг мэдээд нэг л ойлгож өгөхгүй байлаа.

Тэгээд Япон оюутнуудаас асууж гарав аа.Чи яагаад ингэж улайран цагийн ажил хийнэ вэ? Эцэг эх чинь чамд халаасны мөнгө хангалттай өгдөггүй юм уу (хөгжилтэй орны хүмүүс мөнгөнд нарийн байдаг учир тийм байж магад гэсэн миний өөрийн таамаглал)? Цагийн ажил хийж байсны оронд хичээлдээ анхаараад, сайн суралцаж, цаашдын карьераа сайн төлөвлөсөн нь дээр биш үү? (юм үзэж харсан туршлага бага, цагийн ажил хийсэн туршлага бүр нойл миний л хувьд гайхмаар)

Цагийн ажил бол сурах бичгээс олж авах боломжгүй суурь ур чадваруудад хүнийг сургах том дэд бүтэц юм.

Янз бүрийн л хариултууд авсан. Зөвхөн их сургуулийн, гэр бүлийн танилын хүрээллээс гадна өөр хүмүүстэй уулзаж, хамтран ажиллаж, танилын хүрээгээ тэлэхийг эрмэлзэх нэг хэсэг байна (Networking хийх). Өөрийн мэдлийн орлогын эх үүсвэртэй болох учир дуртай зүйлдээ зарцуулж, бага ч болов эцэг эхээсээ санхүүгээр хараат бус байхыг илүүд үзэх нэгэн байна. Зарим нь сургуулиа төгсөөд үйлчилгээний салбарт ажиллах учир эртнээс үйлчилгээний соёлд, хүнтэй харилцах ур чадварт суралцахад тустай гэцгээж байв. Дийлэнх хариулт цагийн ажил бол амьдралын бэлтгэл гэцгээж байв. Тухайн үедээ нухацтай бодолгүй орхисон байсан боловч одоо эргээд харахад, бүх хариулт нь хүмүүс хоорондын харилцаа, багаар ажиллах чадвар, цаг баримтлах, цагийн менежментэд суралцах, өөрийгөө сорих, шинэ зүйлд суралцах, өөрөө олсон мөнгөө зарцуулж сурах зэрэг хүнд амьдралынх турш дэм болох суурь ур чадваруудыг (Core skills эсвэл Soft skills) олж авахтай холбоотой байсныг хожим ойлгосон.

Цагийн ажил хийхийн давуу талыг магтсан олон судалгаа байна. Нэгийг жишээ татахад, АНУ-ын Duke их сургуулийн судалгаагаар ахлах сургууль болон их сургуульдаа цагийн ажил хийж байсан оюутнууд ажлын байранд дэвших, цалин орлогоо нэмэгдүүлэх, өөрийн бизнесийг эхлүүлэх зэргээр амжилт гаргах нь түгээмэл байдгийг тогтоожээ. Өндөр цалин, сайхан амьдрал, амжилт гаргахад дан ганц их сургуулийн диплом хангалтгүй, аль болох бага насандаа их туршлага хуримтлуулж, бидний хэлдгээр юм үзэж, олон хүнтэй уулзаж, нүд тайлахад бас жинтэй хувь нэмэр оруулдгийг олж тогтоожээ.

Боловсролын онолд хүн сургуулийн танхим, сурах бичгээс суралцаж чадахгүй зөвхөн өөрийн биеэр л хийж байж, туршиж байж суралцдаг процессыг “Experiential learning” гэдэг аж. Математик, физик, гадаад хэл зэрэг ерөнхий мэдлэгийг Academic learning гэх бөгөөд сурах бичгээс авч болно. Харин хүн өөрийн болон бусдын эмоцийг ойлгох, зөв хариу үзүүлж сурах, багаар ажиллах, цаг баримтлах, санаачлагатай байх, зөв хандлагатай, “Emotional Intelligence”-тэй байх зэрэг суурь ур чадваруудыг (Core skills, Soft skills, сүүлийн үед Emotional Intelligence нэмэгдсэн) яс махаараа л мэдэрч байж сурч авдаг ба тэдгээрийг олж авах шалгарсан нэг зам нь цагийн ажил байдаг аж (бусад орнуудын туршлагаас харвал).

Төрөөс оюутнуудад бэлэн мөнгө тараахын оронд цагийн ажлын хөдөлмөрийн гэрээний орчинг бий болгох, нийгмийн даатгал, татварын тохирох зохицуулалтыг хийж өгөх нь зөв шийдэл.

Японд оюутнууд ажлын талбарт гарахаасаа өмнө цагийн ажлаар дамжуулан суурь ур чадварын туршлага арвин хуримтлуулж чаддаг нь тэд үндсэн ажил дээрээ тогтвор суурьшилтай байх нэг түлхэц болж өгдөг.

Монголд ажлын байрны тогтвор суурьшил асуудалтай байгаа. Үүний нэг том шалтгаан нь оюутнууд ажлын байранд гарахаасаа өмнө эдгээр суурь ур чадварт суралцаж чадаагүйтэй холбоотой болов уу.

2018 онд төгсөгчдийн дунд хийсэн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас харахад, төгсөгчид хөдөлмөрийн харилцаанд шаардагдах ур чадварыг эзэмшихдээ 65 хувь нь ажлын байрандаа, 35.0 хувь нь суралцаж байх хугацаандаа гэж дүгнэсэн байна. Хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийн хамгийн ихээр нэрлэсэн ерөнхий ур чадварын дутагдал нь багаар ажиллах, харилцааны соёл, цаг ашиглах, бие даан ажиллах зэрэг чадварууд байна. Өнөө л суурь ур чадварууд.

Сүүлийн хэдэн жил Монголд олон улсын франчайзууд нээгдсэнээр шинэ цагийн ажлын байр олноор бий болж, шинэ ажлын байрны соёл үүсч эхэлж байгаа хэдий ч цагийн ажил хийх оюутнуудын тоо бага хэвээрээ л байна (МИС, МТИС-ын оюутнуудын хийсэн нэг судалгаанд судалгаанд хамрагдсан оюутнуудын дөнгөж 20 хувь нь л цагийн ажил хийдэг гэж хариулжээ).

Уг нь дэлгүүрийн касс, бараа өрөгч, худалдагч, зөөгч, цагийн багш, хүргэлт гээд олон зуун ажлын байрыг цагийн ажил болгох боломжтой. Гэвч олон худалдаа үйлчилгээний байгууллагууд эдгээр ажлын байр дээр үндсэн ажилчин сургаж авдаг. Өнөө сургасан хүн нь ажлаасаа гарвал дахиад хүн хайж сургана гээд мөнгө, цагаа барна. Чөтгөрийн тойрог юм даа.

Бид залуучуудыг залхуу хойргоор нь дуудах эсвэл зөв хандлагатай байя гэж уриалан дуудах нь мэдээж хөдөлмөрч байгаач ээ гэж сэнхрүүлэх гэсэн оролдлого. Гэвч, суурь ур чадваруудад суралцах дэд бүтцийг бий болгож өгөлгүй дан ганц уриа лоозон болон зэмлэлд найдах нь хэр үр дүнтэй байх бол. Бодитоор, цагийн ажил болгож болох ажлын байрнуудаа цагийн ажил болгож, ээлж үүсгэж, аль болох олон оюутанг ээлжээр ажиллуулаад, дадлагажуулаад авбал чөтгөрийн тойргоосоо гарах нэг арга зам байх мэт санагдана. Компаниудын хувьд ирээдүйдээ хийх нэг л төрлийн хөрөнгө оруулалт шүү дээ.

Компаниуд шинэ ажлын байр бий болгоод, залуучууд тогтвор суурьшилтай ажиллаж, ур чадвараа хуримтлуулж чадахгүй байвал ачааны хүндийг компаниуд өөрөө л үүрэх нь.

Харин төрийн зүгээс оюутнуудад бэлэн мөнгө тараахын оронд цагийн ажлын хөдөлмөрийн гэрээний орчинг бий болгох, нийгмийн даатгал, татварын тохирох зохицуулалтуудыг хийж өгөх нь хэн хэндээ тустай болов уу.

Энд яриад байгаа суурь ур чадваруудыг олон улсад Core skills эсвэл Soft skills  гэж нэрлэдэг. Нэг сураад авсан байхад дэлхийн хаана ч байсан, юу ч хийж байсан хүчинтэй, амьдралд насан турш дэм болдог тийм чадварууд аж. Харин цагийн ажил нь тэдгээр чадваруудад суралцах нэг л дэд бүтэц юм.

Монгол бол залуучуудын орон. Хүн амын 30-аас илүү хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Гэтэл 15-34 насныхны ажилгүйдлийн төвшин улсын дунджаас бараг л хоёр дахин их байна (2013 онд 15-34 насны залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас 50-аас илүү байсан бол 2019 онд 90-ээс илүү болж өссөн).

Компаниуд шинэ ажлын байр бий болгоод, залуучууд тогтвор суурьшилтай ажиллаж, ур чадвараа хуримтлуулж чадахгүй байвал ачааны хүндийг компаниуд өөрөө л үүрэх нь.

Залуучууддаа дэлхийн хаана ч үнэлэгдэх суурь ур чадваруудад суралцах дэд бүтцийг бий болгох шаардлага, бололцоо аж ахуйн нэгж, компаниудад байгаа.

Дэлхий нийтийн чиг хандлага ч гэсэн хүн сурж, хөгжиж, түүнээсээ урам авч, амьдралын утга учиртай байх тийм л ажлын соёл, орчинг бий болгох чиглэл рүү явж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Эдийн засгийн сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

Previous article

11 сарын сургалтын бүртгэл эхэллээ

Next article

1 Comment

  1. Яаг үнээн. Ядаж л Lhamour борлуулагчийн орон тоонд цагийн ажилтнууд аваад цалинг нь хуваагаад өгчихвөл годхийтэл үсэрч очоод ажилд орчихмоор л байгаа юм даа. 1т Монголын, 2т маш чанартай бүтээгдэхүүнтэй, 3т байгууллагын соёл өндөртэй – сэтгэлээсээ ажиллахад урамтай сайхан компани байгаамдаа. Байн байн зар тавих л юм 🙁 даанч би оюутан.

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR