17 насандаа АНУ-ыг зорин гарсан монгол хүү америкчуудад зээл олгож, банкнаас “харшилтай” хүмүүсийг эмчилж явна. П.Даваадорж гэх энэ залуу Чикаго хотноо “Money max” хэмээх компаниа Монголын “Бичил Глобус” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулаад хоёр жил болжээ. Тэд цалин, хэрэглээний зээл, автомашин барьцаалсан зээл олгохоос гадна татварын консалтингийн үйлчилгээ үзүүлдэг. Манайхаар банк бус гэх томъёолол байхгүй ч үйл ажиллагааны хувьд ижил төрлийнх бөгөөд тэндхийн хуулиар “consumer lender” гэх статустай яваа.

Анх 500-аад сая төгрөгтэйгээр эхэлж байсан тус компани өнгөрсөн хугацаанд 5.3 орчим тэрбум төгрөгийн зээл гаргаж, америк, монгол нийлсэн 900 орчим харилцагчтай болжээ. “Жилээс жилд 25-30 хувиар өсөх хүлээлттэй байгаа ч цар тахалтай холбоотой төлөвлөгөөгөө бууруулсан” хэмээн П.Даваадорж ярилаа. Энэ нь тэдэнд ирсэн тооцоолоогүй сорилт. Гэвч тэд бууж өгсөнгүй. Харин ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, монгол финтекийн нөү хауг Америкт нутагшуулна.

“Money Max”-ийн философи

“Money max” компанитай ижил хуулийн статустай компани Америкийн нэг мужид л гэхэд 120 давжээ. Өрсөлдөөн их байх тусмаа сорилт чангарна. Хэдий АНУ-ыг манайхтай харьцуулахад бага хүүтэй, санхүүгийн салбар нь хөгжсөн харагддаг ч тэнд банкны үйлчилгээг авах боломжгүй, нөгөө талаас банкинд ямар нэг үндэслэлээр итгэдэггүй хүмүүс бий. Эл улсад банкинд данс нээлгэхэд сарын хураамж 15-20 ам.доллар. Үүнийг төлөх дургүй, эсвэл банкны харилцаатай байж байгаад муудчихсан иргэд ч бий. Ийм хүмүүсийг америкт “underbanked” гэдэг бөгөөд 2018 оны Холбооны нөөцийн банкнаас гаргасан судалгаагаар 55 сая хүн банк, санхүүгийн экосистемд идэвхитэй оролцохгүй байгааг тогтоожээ. Энэ нь нийт өрхийн 22 хувь гэсэн үг бөгөөд 7.7 хувь нь банкинд огт бүртгэл данс үгүй. 17.9 хувь нь бинкинд бүртгэлтэй мөртлөө зөвхөн гүйлгээ хийх зориулалтаар харилцдаг.
Эсрэгээрээ банк бол эрсдэл гэж хардаг учраас тэдэнд зээл, зээлийн шугам, кредит карт тэргүүтэй өдөр тутмын үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг. Нөгөөтэйгүүр, тэдний дийлэнх нь банк санхүүгийн экосистемд оролцохгүй байснаар өдөр тутмын зардал өндөрсөж буйг олж хардаггүй аж.

Жишээлбэл, цахилгааны мөнгөө төлөх гэж нэг газар руу явж очиж байж шимтгэл төлдөг. АНУ-д цалинг чекээр авдаг. Чекийг бэлэн мөнгөөр сольдог газар очиж тодорхой хэмжээний шимтгэл төлж /чекний үнийн дүнгийн 2 хувь/ цалингаа авна. Дижитал эрин үед ингэж яваа хүмүүс маш их буй нь харамсалтай. Money Max-ийн гол философи эдгээр хүмүүст гарц болж өгөхөд оршиж буй. Шат дараалалтайгаар амьдралын мөчлөг бүрт нь бичил зээлээс эхэлж үйлчлээд эргээд тэднийг хөгжүүлснийхээ дүнд банкны системд оролцуулах явдал юм. Түүнчлэн төгрөгийн ам.доллартай харьцах ханшаас үүдэлтэйгээр хил дамнан бизнес эрхлэх сэдэл төрснөө ч нуусангүй.

Уйгагүй судалгааны үр дүн

АНУ Монгол Улстай харьцуулахад хэрэглэгчийн болон зах зээлийн дата мэдээлэл арвин төдийгүй 1930 оноос хойш хөгжүүлсэн кредитийн бэлэн загвар буй тул суралцъя, эргээд Монголдоо мэдээллийн бааз үүсгэдэг аргачлалыг нь хөрсөндөө суулгая гэсэн алсын хараатайгаар анх эхэлсэн талаар П.Даваадорж ярьсан. Ингэхдээ тэд зах зээлээ олон талаас нь хагас жилийн турш судалсан бөгөөд сүүлийн гурван сард нь нойр хоол, өдөр шөнийг умартан ажилласан юм. 330-аад сая хүн амтай тэр том зах зээлийг бид АНУ гэх нэг улсаар хардаг. Угтаа хууль эрхзүйн хувьд муж бүр 50 өөр улс шиг бүтэцтэй аж.

Тэд эхлээд бүх орныг жагсааж байгаад судалсны дүнд АНУ-ыг сонгожээ. Дараа нь 50 мужаа судалж зээлд нь тавигдах шаардлага, төрийн хяналт нь дэмжлэг үзүүлэх хандлагатай юм уу, эсвэл дарах хандлагатай юм уу гэдгээр нь ангилсан байна. Үүний дараа зах зээлийнх нь байдлаар ангилж, шалгарч үлдсэн сүүлийн таван мужаа биелэн очиж судалжээ. АНУ-д хүн амын төвлөрөл, ажил эрхлэлт гэх мэтээр зах зээл, хэрэглэгчийн дата мэдээлийг олон янзаар авах боломжтой нь тэдний ажлыг хөнгөвчилжээ. Ингэж багаараа сайтар судалсны эцэст бүх талаараа хамгийн тааламжтай газраар Чикаго тодров. Одоо ч тэд энэ сонголтондоо итгэл дүүрэн байна.

Монгол дахь ар гэр лүүгээ мөнгө явуулах гэж зээл авдаг хүн олон

“Money max” корпорацийн үйлчлүүлэгчдийн хоёрны нэг нь монголчууд. АНУ-д очиж буй монголчууд нь шинэ цагаачид учраас очсон даруйдаа банкны үйлчилгээг авах боломжгүй. Гэтэл эсрэгээрээ тэр хүнд хэрэгцээ байдаг тул монгол компанитайгаа холбогддог. Тэд хэн хэндээ үйлчлэх дуртай байдгийг П.Даваадорж ярьсан. Хамгийн чухал нь тухайн хүн тус компанитай харилцаж банкны системд өөрийн түүхийг бичүүлснээрээ дараа нь банктай харилцахад нэг алхам урагшилна гэсэн үг. Товчхондоо хувь иргэн америк стандартын дагуу системд бүртгэлтэй болох юм. АНУ-ын банк, санхүүгийн экосистем гэж яриад буй хэрэглээний зээлийн олголт, төлөлтийг бүртгэдэг кредит системд тус компани хэдийнэ бүртгэгджээ.

Компанийн харилцагчдын зээлийн зориулалтыг харахад голдуу гэнэтийн зардлуудыг хаах зорилготой. Автомашинтай холбоотой зээл нийт зээлийн 25 хувь. Америкчуудын хувьд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, эсвэл ямар нэг байдлаар шүүх цагдаатай асуудалд ороод зээл авдаг хүмүүс 30-аад хувийг бүрдүүлж байна. Мөн монгол руу ар гэр лүүгээ мөнгө явуулах гэж зээл авдаг хэсэг бүлэг хүн ч бий. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь улирлын чанартай сургуулийн төлбөр, баяр ёслол зэрэгт зээл авдаг. Монголд зээлийн хүү гэж тогтсон хүү байдаг бол АНУ-д та хэн бэ гэдгээс шалтгаалаад хүү харилцан адилгүй. Тухайн харилцагчийн кредит түүхээс шалтгаална гэсэн үг. Хамгийн сайн түүхтэй хүмүүс банкны үйлчилгээ авдаг. Банкны үйлчилгээг авч чадахгүй хүмүүс “consumer lender”-ээс сард 2-3 орчим хувийн хүүтэй зээл авна. Зээлийн хүү боддог систем нь Монголтой адилгүй. Зээл төлөх чадваргүй, дампуурсан гэх ангилалд орсон хүмүүсийн бүх өр зээлийг шүүхээр авч хэлэлцэн буцаан төлөх хуваарьт оруулдаг. Ингэж нэгэнт дампуурал зарласан хүмүүс наад зах нь долоон жилдээ санхүүгийн экосистемд амжилттай түүх бичүүлэх боломжгүй бодлог байх нь. Ийм эрсдэлтэй ангилалд орсон хүмүүс мөнгө зээлээд дампуурдаг бөгөөд ийм хүмүүс ч тэдэнд ханддаг аж.

АНУ-д зээлийн харилцааг маш сайн хуулчилсан байдаг бөгөөд шалгуур өндөр. Ийм төрлийн компани наад зах нь менежментийн шалгууруудыг хангах ёстой. Банк санхүүгийн салбар нь улсын үндсэн мөнгөний итгэлцлийг авч явдаг гэдэг утгаараа тавьж буй шалгуурууд нь Монголоос харьцангуй өндөр. Дээрээс нь хуулийн нийцлийн шалгуурууд бий. Тодорхой давтамжтайгаар шалгалт явуулдаг аж.
Ойрын ирээдүй

Тэд ойрын хугацаанд одоогийн зардлаа бууруулж, өртөг багатайгаар unbanked, underbanked хүмүүст хүрэхийг зорьж байна. Ингэхдээ Монголд хөгжсөн байгаа финтекүүдийн моделийг авч гарах бөгөөд энэ ажил ид дундаа явна. АНУ-д Монголд хөгжүүлж байгаа шиг финтекүүд буй ч зах зээл нь том учраас орон зай байна гэж тэд үзсэн. Энэ оны гуравдугаар улиралд турших программууд бэлэн болжээ. Тэдний үйлчилгээ апп-аар шийдэгдэнэ гэсэн үг.

Монгол финтек нөү хау нь ашиглахад хялбар бүтэцтэй

П.Даваадоржийн ярьснаар АНУ дахь финтекүүдийг сүүлд тоолж үзэхэд 100 хол давжээ. “Dave” гэх апп дөрвөн сая гаруй хэрэглэгчтэй болоод нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй болоод банк болон томорч чадсан. Эдгээрийн зээл Монголоос арай өөр бөгөөд 100 ам.доллар хүртэл зээл олгодог. “Money Max”-ийн олгодог дундаж зээл 2500 орчим ам.доллар. 2500 ам.долларыг нэг удаа татах боломжгүй, цувуулаад жилийн хугацаанд төлдөг учир энэ нь арай өөр зах зээл. Гэхдээ Монголд хөгжүүлээд байгаа финтекүүдийг Америкийн зах зээлд ашиглаад нэгж зээл олгоход гардаг зардлаа бууруулах боломжтой. АНУ-ын хувьд өгөгдөл дээр анализ хийхэд тохиромжтой. Хэрэглэгчийн зан үйлийг түүхчилсэн өгөгдөлтэй компаниуд ч байдаг П.Даваадорж тэдэнтэй харилцдаг. Мэдээж мөнгө төлнө.

Түүний харж буйгаар монгол финтекийн нөү хау нь ашиглахад хялбар бүтэцтэй. Гэхдээ эрсдэлийг үнэлж байгаа алгоритм нь Монголд дата бага тул учир дутагдалтай. Түүнчлэн Монголд финтекүүд хоорондоо өгөгдлөө хуваалцдаггүй. Америкийн дататай харьцуулахад Монголын дата гүехэн байгаа бөгөөд энэ нь Монголд байгаа финтекүүдийг хязгаарлах сул талтай. Финтек өөрөө банкны системтэй харьцуулахад уян хатан. Алгоритмийг нь өөрчилж, засч болно. Тэгэхээр АНУ-ын санхүүгийн бүх системд холбогдсон энэ харилцаа, холбоонд дөрөөлөн монгол финтекийг тийш татан оруулах нь “Money max” компанийн хөгжлийн дараагийн алхам аж.

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Подкаст№50: “Бизнесээ хэрхэн системчлэх вэ?”

Previous article

Цахим сургалт хэрхэн зөв хийх вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like