Сошиал медиа маркетинг нь лайк, шэйрээс хол давсан ойлголт болжээ. Өнөөдөр сошиал медиа зураг постолж, үзэл бодлоо илэрхийлж хүмүүст таалагдахыг хүлээдэг үзэгдлээс хавьгүй өргөн хүрээг хамарч буй. Хэрэв та цаг үетэйгээ хөл нийлүүлж, өрсөлдөх чадвартай байхыг хүсэж байвал сошиал медиа маркетингийн дараах гурван төрлийг хэрхэвч орхигдуулж болохгүй.

Инфлүэнсер маркетинг 

Энэ бол салбарынхаа олны анхааралд өртсөн, итгэлийг хүлээсэн экспертийг ашиглах арга юм. Таны ажилладаг салбар ямар байх нь хамаагүй, аль ч салбарт хөлөө олсон, олонд танигдсан хүн байж л таарна. Тэр нь нийгмийг байлдан дагуулагч, нэртэй зохиолч эсвэл урлаг соёлын зүтгэлтэн гээд хэн ч байж болно. Тэднээс суралцах хэрэгтэй бөгөөд боломжтой бол тэдэнтэй харилцаа тогтоож чадвал бүр ч сайн. 

Хэрэв ийм хүмүүс таны бичсэн зүйлийг хуваалцвал та тухайн хүний дагагчид буюу хамаагүй өргөн хүрээг хамарч чадна. Гэвч тухайн инфлүэнсер таныг эсвэл таны контент, бүтээгдэхүүнийг мэдэхгүй бол постыг тань шэйрлэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр онилж буй инфлүенсэрээ шинэ контентийг  таны бусад дагагчдын адилаар хүлээдэг болтол нь тордох хэрэгтэй. 

Твиттер, Инстаграм зэрэг сошиал платформ биднийг “эрх тэгш” болгодгоороо давуу талтай. Тиймээс өөрийн салбарын инфлүенсэрүүдийг дагаж тэдэнтэй харилцаа үүсгэж эхэл. 

Тухайн инфлүенсэрийн постны дор коммент бичиж, таны дагагчдад сонирхолтой байх постыг нь хуваалц. Хэрэв тэр инфлүенсэр блог хөтөлдөг бол идэвхтэй уншигч нь болж гярхай ажиглагч болохоо харуулж асуулт асуу. Ингэснээр та түүний анхааралд өртөнө.

Дараагийн алхам бол тухайн инфлүенсэрийн хэлсэн үгийг эшлэх, постыг нь дурдах, холбоосыг хуваалцах эсвэл тодорхой сэдвийн хүрээнд явуулах санал асуулгадаа оруулах. Шууд видеогоор ярилцлага хийсэн ч болно. Хэн нэгний бичлэгэнд орохын оронд өөрөө видео хийж чухал гэж үзсэн инфлүенсэрээ урьж оролцуул. Бичлэг хийхэд зохион байгуулалт, сурталчилгаа гээд ажил ихтэй ч өөрийн гэсэн контент бүтээх том боломж болно. 

Дарк сошиал медиа

Хэдийгээр үзүүлэлтийг нь хэмжиж чадахгүй ч мартаж болохгүй “бүс” бол дарк сошиал медиа. Энэ нь танд мэдэгдэхгүйгээр хүмүүс таны контентийг имэйл, мессеж зэрэг бусад сувгаар хуваалцахыг хэлж байгаа юм. Ийм тохиолдолд хэн нэгэн таны контентийг бусадтай хуваалцаж байгаа боловч үүнийг нь бүртгэж, хэмжих боломжгүй байдаг.

Дарк сошиал медиагийн нөлөөг хэмжиж болохгүй нь тоогүй боловч үүнийг анхааралгүй орхиж болохгүй. Таны контентийг ингэж хуваалцахыг хүссэн хүмүүст илүү амар болгох хэрэгтэй. Тухайлбал, контентоо имэйлээр хуваалцах товчлууртай болгох эсвэл сошиал сүлжээнүүдээр хуваалцах товчны дэргэд “Бусад” гэсэн сонголтыг оруулж өгөх. Тус товчлуурын сонголтод имэйл, WhatsApp зэрэг харилцааны аппликейшнуудын холбоосыг оруулахаа мартуузай. Мөн имэйлийнхээ ньюслеттерт сошиал сүлжээнүүдээ оруулахын зэрэгцээ ньюслеттерт бүртгүүлэх урилга явуулж шэйрлэх боломжтой болгох хэрэгтэй. 

Төлбөртэй сурталчилгаа

Маркетингийн бодлогодоо төлбөртэй сошиал медиа сурталчилгааг оруулахыг чухалчлах хэрэгтэй. Өдгөө бүх сошиал платформ аливаа постыг таны дагагчдаас илүү өргөн хүрээнд хүргэх сурталчилгааны сонголттой болсон. Гэхдээ үүнийг зөв ашиглах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын бодит өгөөжгүй хоосон зардал болох эрсдэлтэй учраас тэр. Иймд бизнестээ хамгийн тохиромжтой сошиал платформыг ашиглаж байгаа, зорилтот бүлгээ зөв тодорхойлж, тухайн хүмүүсийг хамгийн сайн контент руугаа татаж чадаж байгаа эсэхээ нягталж байх хэрэгтэй. 

Таны сүүлд оруулсан постоор жишээ татъя. Та үүнийг хэнд зориулсан бэ? Өөрөөр хэлбэл, хэнийг онилсон бэ? Тухайн контент илүү идэвхтэй явах платформ аль вэ? Хамгийн төсөр платформ бол мэдээж Facebook. Мөн зорилтот бүлгийг тань оновчтой онилохоос гадна дэлхий даяар хамгийн их хэрэглэгчтэй сүлжээ тул Facebook нь сурталчилгаа хийж эхлэхэд хамгийн тохиромжтой платформ. Мэдээж Twitter, LinkedIn, Pinterest, Instagram зэргийг мартаж болохгүй. 

Фэйсбүүк дээр сурталчлахад тохиромжтой бүтээгдэхүүн бол имэйлээр бүртгэлд хөтөлдөг  контент болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Шинэ контент эсвэл үнэгүй татах боломжтой ном зэрэг танай компанийн үйлчлүүлэгч болох магадлалтай хүмүүсийг татах постыг boost хийж сурталчлах хэрэгтэй. Хэдхэн доллароор хийсэн ийм сурталчилгаа хэдэн зуун хэрэглэгчдэд хүрч таны бизнес рүү хөтлөх боломжийг бий болгодог.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

“Ханбогд Кашимер” ХХК нэрийн барааны дэлгүүрээ Чикаго хотноо нээлээ

Previous article

Марсыг Монголд “байгуулна” 

Next article

1 Comment

  1. Маш их баярлалаа, эрч хүч идэвхи өгсөн гоё нийтлэл байлаа

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like