Арга хэмжээТоп нийтлэл

Марсыг Монголд “байгуулна” 

0

Сансарт нисэх, шинэ гараг дээр очих нь зөвхөн сансрын нисгэгчдэд олдох ховор завшаан биш. Марсын сургуулилалтын академи, сансрын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулах төслийг монгол залуус санаачилжээ. Тодруулбал, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв MARSA-аас Монголын говьд тусгай аялал жуулчлалын төв байгуулах, сансар судлалын олон улсын чөлөөт бүс бий болгох MARS-V төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Тэд дэвшилтэт технологи, хүний нөөцийн чадвар хөгжүүлэлтийг цогцлоосон мэргэжлийн ба сонирхогчдын төвийг байгуулах шаардлагатай гэж үзсэн юм. Энэ хүрээнд эрс тэс, хуурай уур амьсгалтай, хүн амын нягтаршил багатай хүйтэн цөлийн нөхцөл бүхий уудам газар нутаг, төвийг сахисан, гадаад дотоодын зөрчилгүй Монгол Улсад уг төслийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Учир нь Монголын говь бол дэлхийн хамгийн том 24 цөлөөс хүйтэн цөлийн ангиллаар нэгт эрэмбэлэгддэгээс гадна эрс тэс, хуурай орчин нөхцөл, дөрвөн улирлын хэмнэл, нэмэх, хасах хэмийн зөрүү их, Марсын гадаргуутай төстэй гадаргатай, хүн ам сийрэг, сэргээгдэх эрчим хүчний дэлхийн нөөцийн ⅓ -ийг эзэлдэг гээд төсөл хэрэгжих нөхцөл бүрэн бүрдсэн газар нутаг юм.  

Энэхүү төслийн талаар цогц мэдээлэл өгч, Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь яагаад Монголын говь болох талаар олон улсын Марс судлалын эрдэмтдийн хамт хэлэлцүүлэг өрнүүлж, ойлголтоо нэгтгэх зорилгоор Mars on Earth буюу “Дэлхий дээрх Марс” олон улсын анхдугаар хурлыг энэ сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг олон улсын хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр төрийн ордонд зохион байгуулагдахаараа онцлог. 

Cансрын технологийн өндөр хөгжилтэй их гүрнүүдийн төрийн болон хувийн хөрөнгө оруулалт, эрх ашгуудыг ижил тэгш өрсөлдөөний зарчмаар нээлттэй, төвийг сахисан, гадаад дотоодын зөрчилгүй Mонгол оронд хөгжүүлснээр дэлхий нийтийн хамтын зорилго, үйлсэд том хувь нэмэр болох боломжтой. Мөн мэргэжлийн сансрын нисгэгчид, жуулчид, марс сонирхогчдод марсын туршлага, мэдрэмж авахад нь зориулсан сэтгэл зүй, бие бялдар, оюун санаа, гоо зүйн цоо шинэ мэдрэмж, сургуулилалтаар олгох нь энэхүү төслийн давуу тал байх болно гэдгийг төслийн багийнхан онцолж байна. 

Mars-V төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, техник технологи, инновацийн салбарт бий болгох ач холбогдлыг олон улсын болон Монгол Улс дахь нөлөө бүхий оролцогчдод танилцуулах нь “Дэлхий дээрх Марс” арга хэмжээний гол зорилго. Үүнээс гадна уг төслийн багтай хамтран ажиллах боломжуудын талаар ч танилцуулах аж. 

Мөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, чиглэлийн яамдын сайд нар, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын бодлого тодорхойлогчид, шинжлэх ухааны байгууллагууд, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын шилдэг 100 компанийн төлөөлөл оролцох юм. Түүнчлэн цахим байдлаар олон улсын сансрын салбар, Марс судлалын нөлөө бүхий эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид оролцож сансар, технологийн салбарын ирээдүй, чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Сошиал медиа маркетингийн орхигдуулж болохгүй 3 арга

Previous article

Жижиг бизнест баримтлах “60-30-10”-ын дүрэм

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.