Цар тахлын үеийн манлайлал гэдэг бол шуурхай, үнэнч шударга, тууштай байхыг хэлнэ.

Шуурхай шийдвэр гаргах  

Чимээгүй аюул нүүрлэхэд шуурхай арга хэмжээ авах нь ховор байдаг. Түүнчлэн хожуу шийдвэр гаргахад үүсэх эрсдэлийг урьдчилан таамаглахад бэрх. Гэвч хямралын үед нөхцөл байдал тодорхой болох хүртэл гараа хумхин суух нь туйлын эрсдэлтэй. Тэр тусмаа Ковид-19-ийн халдвар огцом нэмэгдэж буй энэ үед шуурхай арга хэмжээ авахгүй байх нь гал дээр тос асгаснаас өөрцгүй хэрэг. Иймд тодорхойгүй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авах нь чухал юм.

Нээлттэй ил тод байх 

Бусдад муу мэдээ хүргэх нь тийм ч тааламжтай ажил биш. Шударга үг нь ажилтнууд, хэрэглэгч, иргэдийнхээ зоригийг мохоох эсвэл удирдагчийн нэр хүндийг сүйрүүлэх эрсдэлтэй нь үнэн. Гэхдээ энэхүү эрсдэлийг давах арга бол ил тод, шударга байх явдал гэдгийг та ухаарч, зоригтой байх нь чухал. Шинэ Зеландын Ерөнхий сайд Ж.Ардерн цар тахалтай холбоотой мэдэгдэлдээ“Гэнэтийн өөрчлөлт нь санааг тань зовоож, тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож буйг би ойлгож байна. Ялангуяа амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд. Тиймээс тус вирусийн эсрэг хамтдаа тэмцэхдээ юу хийх ёстойг тодорхой болгохыг хичээх болно” хэмээжээ. Тэрбээр эл мэдэгдлийнхээ дараа олон нийтэд хандсан мэдэгдэл хийсэн хэвээр байжээ. Зарим тохиолдолд гэрээсээ чөлөөт цамцтай мэдэгдэл хийх үе ч байв. 

Нээлттэй ил тод байна гэдэг нь үнэн зөв мэдээлэл өгөхийг хэлнэ.

NBA-гийн А.Сильвер ч мөн адил Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гишүүдэд байнга захидал илгээж өөрийн шийдвэрийн тухай мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг байжээ. ESPN-ын мэдээлснээр тэрбээр гуравдугаар сарын 19-нд бүх багуудад 16 удаа “Завсарлах мэдэгдэл” илгээсэн гэдэг. Та юу мэдэж эсвэл ирээдүйг хэрхэн төсөөлж буйгаа төдийгүй энэ мэдээлэл нь бусдад ямар ач холбогдолтой болохыг тайлбарлах хэрэгтэй. Өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг бусдад ойлгомжтой байдлаар тайлбарлах нь чухал. Гэвч таны үг арга мухардсан эсвэл бусдын итгэл найдварыг үгүй хийсэн үг байж болохгүйг анхаарна уу. Таны шударга үг хонгилын үзүүрт гэрэл асаахуйц үг байх ёстой. Учир нь хэн ч хэзээ ч итгэл найдваргүйгээр зоримог эсвэл шийдэмгий байж чадахгүй.

Алдаа гаргахаас бүү ай

Цар тахлын бэрх үед ур чадвараас үл хамааран алдаа гарах нь гарцаагүй. Тиймээс алдаа, гэнэтийн сорилт зэрэгт та хэрхэн хариу үзүүлэх нь цар тахлын эсрэг арга хэмжээ авахад асар чухал. 

Юуны түрүүнд алдаа гарахад хариуцлагаас зугтаж эсвэл хэн нэгнийг буруутгахын оронд алдаагаа хэрхэн залруулж дараагийн алхам юу вэ гэдгийг тунгаах хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр А.Сильверийг зөвхөн NBA-гийн тоглогчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулсан нь шударга бус гэж Нью-йорк хотын дарга Билл де Бласио шүүмжилсэн юм. Үүний хариуд А.Сильвер “Би таныг бүрэн ойлгож байна. Бид шинжилгээ хийхдээ ангилан  эрэмбэлэх шаардлагатай цаг үед буйдаа харамсаж байна. Гэхдээ хамгийн гол асуудал шинжилгээний хүртээмж муу байгаад буй” гэж хэлжээ. Тэрбээр шүүмжлэлийг хүлээн авч, асуудлыг үүсгэж буй суурь шалтгааныг онцолж нөхцөл байдлыг ойлгоход тусалсан юм. 

Өөрийгөө буруугүй гэж хамгаалахын оронд бид хамтдаа цар тахлын эсрэг тэмцэж буйг сануулаад зогсохгүй коронавирусийн шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ойлгуулжээ. Иймд манлайлагч нь шүүмжлэлд чих тавьж, алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, бусдыг шийдэл олоход чиглүүлэх хэрэгтэй.   

Цаг үеийн мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхах

Байр сууриасаа няцашгүй, тууштай байх нь удирдагчдад байх ёстой зан чанар гэж хүмүүс ойлгодог. Мэдээж цар тахлын үед тууштай байх хэрэгтэй. Гэвч нөхцөл байдал хурдтай хувьсан өөрчлөгдөхөд гаргасан шийдвэрээсээ эргэж буцахгүй байх нь ухаалаг алхам биш юм. Манлайлагчид цаг үеийн мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхаж үргэлж мэдлэгээ цэнэглэх хэрэгтэй. Тухайлбал, NBA-гийн Спортын анагаах ухааны дарга Жон Фирори болон түүний Хятад дахь хамтрагч, АНУ-ын мэс заслын их эмч асан Вивек Мурти зэрэг мэргэжлийн зөвлөхүүд нь А.Сильверт халдварын нөхцөл байдлыг урьдчилан харж шуурхай арга хэмжээ авахад тусалсан юм. Цаг тутамд хувьсан өөрчлөгдөх сорилтыг давахын тулд мэргэжлийн зөвлөхийн бүрэлдэхүүн зайлшгүй шаардлагатай. 

Өөрсдийгөө бусдын оронд тавьж, нөхцөл байдлыг ухаалгаар эргэцүүлж, бусдыг удирдан чиглүүлэх нь манлайлагчдын үүрэг. 

Ж.Ардерн, А.Сильвер хоёр коронавирусийн эсрэг оновчтой хариу арга хэмжээ авсан нь сохор аз байж ч мэдэх юм. Коронавирусийн тухай мэдээ цацагдахад А.Сильвер нь өөрийн ментор, NBA-гийн Тэргүүн асан Дэвид Стерны гэгээн дурсгалд зориулан захидал бичин сууж байсан гэдэг. Мөн тухайн үед Коби Брайант онгоцны ослоор өөд болоод удаагүй байв. Хэдийгээр дээрх үйл явдлууд Ковид-19-той огт холбоогүй ч гэлээ түүнд нэгийг бодогдуулж коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэхэд тусалсан гэлтэй. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ч мөн адил харуусалд автан сууж байжээ. Учир нь 51 хүний амь насыг авч одсон Ислам шашны сүм дэх зэвсэгт халдлагаас хойш яг нэг жил өнгөрсөн байв. Дэлхийн удирдагчид, тэдний зөвлөхүүд хагацал зовлон амссан нь гарцаагүй. Гэсэн хэдий ч тэд Ковид-19-ийн халдвар тархаж эхлэхэд шийдэмгий алхам хийж чадаагүй билээ. Магадгүй тэд сэтгэл хөдлөлөө хойш тавин хянамгай байж шийдвэр гаргах тохиромжтой цагийг хүлээсэн гэж өөрсдийгөө өмгөөлөх биз. Харин Ардерн, Сильвер хоёрын арга барил тэднээс тэс өөр байв.  

Ковид-19 цар тахлын үеийн манлайлал гэдэг бол бусдын эрх ашгийг эн тэргүүнд тавьж удирдан залахыг хэлнэ. Коронавирусийн халдвар өргөн хүрээг хамран тарж буй нь ард иргэдээ бодсон шийдвэр гаргахад хүргэнэ гэж найдаж байна. Нөгөө талаар коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдэх тусам удирдагчдын нүдийг нь өөхлүүлж ч мэдэх юм. Өөрсдийгөө бусдын оронд тавьж, нөхцөл байдлыг ухаалгаар эргэцүүлж, бусдыг удирдан чиглүүлэх нь манлайлагчдын үүрэг. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Цар тахал, дижитал шилжилт хоёр таны бизнес стратегийн салшгүй хэсэг

Previous article

Вэбинар: Нэгэнт бий болсон систем өөрөө хөгжөөд явдаг

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19