"Тэнгэр даатгал" компанийн Иргэдийн даатгал хариуцсан захирал Ж.Баатарболд
Та замын хөдөлгөөнд оролцож яваад машинтай мөргөлдчихлөө гэж бодъё. Хэнд ч тохиолдож болох асуудал. Тэгмэгц цагдаа дуудах, даатгалд хамрагдсан бол даатгалын компанитайгаа холбогдох, замын голд түгжрэл үүсгэн зогсох, эсрэг талын жолоочтой зохицон асуудлаа шийдвэрлэх, залгуулаад бичиг цаас бүрдүүлэх гээд цаг зав, тэвчээр шаардсан олон ажил ундарна. Энэ тоолонд стресс, бухимдал, хүнд суртал ёс юм шиг дагалдана. Даатгалын үйлчилгээний талаар яригдахад ийм л таагүй төсөөлөл дийлэнх хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд буудаг гэхэд болно. Тэгвэл энэ бүхнийг халах дижитал шийдлийг нэвтрүүлэх үүднээс Edaatgal аппликэйшныг “Тэнгэр даатгал”-ынхан ITZone, Mezorn, ProCraft компаниудтай хамтран хөгжүүлжээ. Энэ талаар “Тэнгэр даатгал” компанийн Иргэдийн даатгал хариуцсан захирал Ж.Баатарболдтой ярилцлаа. 

Та бүхэн даатгалын цогц үйлчилгээ бүхий Edaatgal системийг амжилттай нэвтрүүлээд удаагүй байна. Яагаад энэхүү системийг нэвтрүүлэх болсон бэ?   

Манай компани 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш иргэд, байгууллагуудад даатгалын үйлчилгээг түвэг чирэгдэлгүй, амар хялбар байдлаар хүргэх хүсэл эрмэлзэл тээж, үйл ажиллагаагаа сайжруулсаар ирсэн. Технологийн дэвшлийн ачаар өнөөдөр бид банк, санхүүгийн үйлчилгээ, үзвэр үйлчилгээний тасалбар захиалах, такси дуудлага, хүргэлтийн үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг гар утсаараа дамжуулан хаа байгаа газраасаа авдаг болсон байна. Харин даатгалын зах зээлд цахим хөгжүүлэлт бага зэрэг хоцорч ирсэн гэж хэлж болно. Өмнө нь даатгалын салбарын хэд хэдэн компани аппликэйшн хөгжүүлж туршсан тохиолдол бий. Манай компанийн хувьд 2018 оны сүүлчээр дөрвөн төрлийн даатгалын үйлчилгээг авах боломж бүхий www.edaatgal.mn платформыг ашиглалтад оруулж байв. Гэвч хэрэглэгчийн зан төлвийг ажиглахад вэбсайт руу нэвтэрч, үйлчилгээ авахаас илүү бүх зүйлийг гар утасны аппликэйшнээс шийдэхийг илүүд үздэг болчихсон байна. Энэ ч утгаараа вэбсайт маань бидний бодсон шиг өндөр хандалттай байгаагүй. Тиймээс энэ талаар бид багаараа ярилцаж явсаар гар утасны аппликэйшн хөгжүүлэх шийдэлд хүрсэн.    

Ингээд төслийн хамтрагчаараа ITZone, ProCraft болон Mezorn компаниудыг сонгон өнгөрсөн дөрөвдүгээр сард ажилдаа орсон. UI&UX буюу харилцагчид харагдах байдал, хэрэглэгчийн туршлага талаас ProCraft, front-end хөгжүүлэлтийг Mezorn, back-end хөгжүүлэлтийг ITZone компани тус тус хариуцан ажилласны үр дүнд бид зургаан сарын дотор аппликэйшнээ хэрэглэгчдэд амжилттай хүргээд байна. Хүмүүс өөрт хэрэгтэй үйлчилгээг авахын тулд цаг нартай уралдан заавал зорьж очих биш, цаг хугацаанд үл баригдан хүссэн газраасаа авахыг илүүд үздэг болсон учраас бид даатгалын үйлчилгээг хэрэглэгчдийнхээ байгаа газарт хүргэхийг зорьсон нь энэ. 

Гар утасны аппликэйшнээр дамжуулан даатгалын үйлчилгээ авах нь цаг зав, зардал хэмнэхээс гадна өөр ямар давуу талуудтай вэ?   

Манай даатгуулагчдад тулгардаг үндсэн хэдэн асуудал бий. Юун түрүүнд өөрийн тань хэлсэнчлэн нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх, үнэлгээ хийлгэх, цагдаагаас дүгнэлт авах зэргээр бичиг цаас хөөцөлдсөөр дор хаяж ажлын хоёр өдөр алддагийг бид судалсан. Энэ бүхнээс болоод тэр хугацааны цалингаа хасуулах, амжуулах бусад чухал ажлаа алддаг зэрэг дуусашгүй асуудлыг тоочиж болно. Энэ бүгдийг Edaatgal аппликэйшныг ашиглаж эхэлснээр шийдэх боломжтой. Аппликэйшнээр нөхөн төлбөрийн хүсэлтээ гаргасан  тохиолдолд таны хүсэлт шийдвэрлэх аль шатандаа явж байгааг давхар хараад байж болно. Хоёрдугаарт, хүмүүс даатгалынх нь хугацаа дууссаныг анзааралгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцож яваад осол гаргаж, түүнээсээ үүдэн гэнэтийн санхүүгийн дарамтад ордог. Харин бид үүнээс сэргийлж, даатгалын хугацаа нь дуусахаас өмнө тухайн хэрэглэгч рүү сануулга илгээх функцийг аппликэйшндээ суулгасан. Гуравдугаарт, Edaatgal аппликэйшныг ашиглан даатгалаа сунгуулах, эсвэл даатгалын үйлчилгээг шинээр авах боломж бүрдэж байгаа. Үүнээс гадна бид энэхүү аппликэйшнээр дамжуулан өөрт тохирсон даатгалын үйлчилгээг хэрхэн сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, хэрэглэгчдэдээ зөв сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөсөн. Хангалттай мэдээлэлгүйн улмаас яг өөрт тохирсон даатгалд хамрагдаж чадаагүйгээс буюу даатгал нь ямар эрсдэлийг хамгаалж байгааг шалгалгүй сонгодог нь хожим даатгалын тохиолдол гарахад бэрхшээл үүсдэг тохиолдол хүмүүсийн дунд цөөнгүй гардаг. Тухайлбал, арай бага хураамжтайг нь сонгоод даатгуулчихдаг. Гэтэл зогсоол дээр байсан машин нь сэвтэх, толь шил нь хагарах, хулгайлагдах зэрэг тохиолдол болоход нөгөө сонгосон даатгалд тэр төрлийн эрсдэл ороогүй байх нь бий.

Гэнэтийн хүнд үед хэрэглэхээр мөнгө хадгалах нь зөв боловч хамгийн зөв сонголт биш.

Дан ганц аппликэйшн буюу технологиор шийдэх боломжгүй нарийн түвэгтэй тохиолдол гарвал хэрхэх вэ? Ер нь Edaatgal аппликэйшныг ашиглан ямар кэйсүүдийг шийдвэрлэх боломжтой вэ?

Технологийн дэвшлийн ачаар даатгалын үйлчилгээг гэртээ сууж байгаад хэдхэн асуулт бөглөөд л авах боломж бүрдлээ. Гэхдээ шийдвэрлэх боломжтой асуудлуудад мэдээж хязгаар бий. Осол аваар гарвал тухайн ослын тохиолдол тодорхой, хохирлын дүн нь бага бол заавал цагдаа болон даатгалын ажилтанг дуудаж, зам дээр хүлээх шаардлагагүй. Ослын газар дээрээс шууд даатгалын компанидаа мэдэгдээд, заавар зөвлөмжийн дагуу гар утсаараа зургийг нь авч аппликэйшндаа оруулж баримтжуулаад замаа чөлөөлж болно. Нөхөн төлбөрийн хүсэлтээ ч мөн гар утсан дээрээ асуулга бөглөөд, хохирол үнэлгээний байгууллагаар хийлгэсэн үнэлгээний тайлангийн хамт илгээчихнэ. Заавал даатгалын компанийн салбарыг зорьж ирэх шаардлагагүй. Хэдийгээр тодорхой тохиолдол буюу нийт ослын бараг 80 хувьд аль болох харилцагчийг ирүүлэхгүйгээр асуудлыг нь шийдэхийг зорьж байгаа боловч, зарим даатгалын тохиолдлыг газар дээр нь очиж үзлэг хийн баримтжуулах, ослыг шалгах, ослыг нотлох баримт бичлэг болон холбогдох мэргэжлийн байгууллагын акт дүгнэлт зэргээр шалтгааныг тодорхойлох зэргээр ажиллах шаардлагатай байдаг.  

Бид эхний ээлжинд иргэдэд зориулсан тээврийн хэрэгслийн, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, иргэдийн гэнэтийн ослын даатгал, гадаадад зорчигчдын даатгал эсэн дөрвөн төрлийн үйлчилгээг аппликэйшнээр дамжуулан хүргэж байна. 

Хэрэглэгч Edaatgal аппликэйшнээр ослын мэдээллээ бүртгүүлж, даатгалын нөхөн төлбөрөө авах үйл явц яг хэрхэн өрнөдөг талаар уншигчдад маань дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? 

“Тэнгэр даатгал” компани нь энгийн утасны тарифтай 1800-1889 дугаар бүхий дуудлагын төвтэй. Харилцагчаас ослын дуудлага ирэхэд манай дуудлагын төвийн ажилтнууд хүлээн авч, ослын шалтгааныг тодруулж, ослыг баримтжуулах заавар чиглэл өгдөг. Зааврын дагуу ослын газар дээрээс зургаа дарж, аппликэйшндээ оруулж баталгаажуулснаар замаа чөлөөлж хөдлөх боломжтой болно. Үүний дараа, аппликэйшн дээрээ нөхөн төлбөрийн маягт бөглөж хүсэлтээ гаргах, хүсэлтийн явц аль шатанд байгааг хянах, шийдвэртэйгээ танилцах боломжтой. 

Хэрэглэгчдийн датаг нэгтгэсэн даатгалын цахим систем бий болгож буй нь Монголд анх удаа гэж ойлгож байгаа. Тэгвэл цуглуулсан энэхүү датагаа ашигласан ямар боломжууд үүсч байгаа вэ? 

Иргэдийн даатгал авах замналыг харахад ихэвчлэн оношилгоонд орох үедээ тааралдсан даатгалаараа даатгуулчихдаг. Яарч хурдан даатгуулах хэрэгцээний улмаас мэдээллээ бүрэн бөглөж амжилгүй даатгал хийлгэсэн байх нь олонтаа. Энэ шалтгааны улмаас хожим даатгалын хугацаа нь дуусахад холбогдох мэдээллээ дутуу бөглөсөн тул сануулга мэдээлэл очихгүй, ослын тохиолдол гарахад хаашаа хэрхэн хандахаа мэдэхгүй зэрэг асуудал тулгардаг.

Харин аппликэйшнтэй болсноор тухайн харилцагч өөрийн байнга ашигладаг дугаар, и-мэйлээрээ бүртгүүлчих учраас мэдээллүүд цаг тухай бүртээ хүрэх, ослын тохиолдол гарахад даатгалын компани нь харилцагчаа  шууд таних тул шалгаж баталгаажуулах процесс хурдсах, мөн гэрээний хугацаа дуусах үед ерөнхий мэдээлэл нь байгаа тул хялбараар сунган даатгуулах зэрэг давуу талтай. Түүнчлэн харилцагч өөрт тохирох даатгалын мэдээ мэдээллийг утсан дээрээсээ авч, тогтмол мэдлэг мэдээлэлтэй байх боломж бүрдэнэ.

“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” гэх ном хүмүүст маш сайн хүрч, хуримтлалын ач тусыг ойлгуулсан. Харин даатгуулахад өлсөх хэрэггүй гэвэл танд ямар сонсогдож байна? 

Хүмүүс Албан журмын даатгалыг зайлшгүй учраас хийлгэдэг. Харин сайн дурын даатгалын ач холбогдлыг төдийлэн сайн мэддэггүй. Та манай уншигчдад хандаад яагаад даатгал хийлгэх ёстой талаар зөвлөнө үү?

“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” гэх ном хүмүүст маш сайн хүрч, хуримтлалын ач тусыг ойлгуулсан. Харин даатгуулахад өлсөх хэрэггүй гэвэл танд ямар сонсогдож байна? Яагаад гэдгийг би танд нэгэн жишээгээр тайлбарлаж өгье. Та мэдээж аль нэг банкны аппликэйшн ашигладаг байх. Аппликэйшнээ нээгээд “тооцоолуур” дээр нь 10 сая төгрөгийн хадгаламжтай болохын тулд хэр хугацаа бас хэдэн төгрөг шаардлагатайг бодоод үзээрэй.

Миний авсан жишээгээр жилийн 12 хувийн хүүтэй хадгаламжид сар бүр 100,000 төгрөг хуримтлуулахад зургаан жил, нэг сарын хугацаа шаардагдаж байна. Энэ хугацаанд надаас гарах мөнгө 7,300,000 төгрөг. Банк надад 2,700,000 сая төгрөгийн хүү төлнө.

“Юунд зориулж мөнгө хадгалдаг вэ?” гэсэн асуултад хүмүүс (1) Гэнэтийн хүнд үед хэрэглэх, (2) Эрдэм боловсролд зориулах, (3) Урьдчилгаа төлбөр бүрдүүлэх, (4) Тэтгэвэрт гарахдаа хэрэглэх, (5) Тансаг хэрэглээнд зориулах гэсэн нийтлэг хариулт өгдөг байна. Эдгээр таван шалтгааны эхнийхээс нь бусадтай би 100 хувь санал нийлж байна. Харин гэнэтийн хүнд үед хэрэглэхээр мөнгө хадгалах нь зөв боловч хамгийн зөв сонголт биш юм. 

Яагаад гэж үү? “Гай газар доороос…, хэлж биш хийсч ирдэг…” гэх үгс бий. Мэдээж гэнэтийн аюул араасаа их, бага хэмжээний санхүүгийн асуудал дагуулна. МҮХАҮТ-ын судалгаагаар өрхүүдийн 72 хувь нь хуримтлалгүй байна гэж гарсан. Эндээс харахад, гэнэтийн хүнд үед 10 сая төгрөг хэрэг боллоо гэхэд ихэнх хүнд гаргаад ирэх хуримтлал байхгүй байна. Тэгвэл зургаан жил гаруй хугацаанд 7,300,000 төгрөг цуглуулахгүйгээр нэг удаа ердөө 100,000 төгрөг төлөөд л яг одоо хүнд үед зориулсан 10 сая төгрөгийн хадгаламжтай юм шиг бүтэн жил үйлчлэх санхүүгийн хамгаалалттай болох боломж байна гэвэл танд ямар санагдаж байна вэ?

Тиймээ, гэнэтийн хүнд үеийг даван туулахад зориулсан санхүүгийн шийдэл бол даатгал юм. Даатгуулагчийн амь нас эрүүл мэндэд  гэнэтийн, санаандгүй, урьдчилан таахааргүй үйл явдал тохиолдсоны улмаас учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл тохиролцсон мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой “Иргэдийн гэнэтийн ослын даатгал” гэж үйлчилгээ байдаг. Edaatgal аппликэйшныг татаж, бүртгүүлээд л энэхүү үйлчилгээ болон бусад даатгалыг шууд авч, хайртай бүхнээ хамгаалаарай гэж уриалж байна. 

Бидэнтэй ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Business Intelligence ашиглах 6 шалтгаан

Previous article

Ажлын Хариуцлагын Ашигт Цэг гэж юу вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like