Маш олон бизнес эрхлэгч олон жилийн настай бизнес бүтээхийг, байнга асуудал шийдвэрлэх залхаан цээрлүүлэлтээс ангид байхыг мөрөөддөг. Эдгээр асуудлыг шийдэхийн зэрэгцээ тангүйгээр өсөж дэвжиж чадах бизнесийг хэрхэн босгох тухай Жон Варрилловын “Төгс компанийг бүтээх нууц” ном хөгжилтэй болоод оновчтой өгүүлнэ. 

Эл номын давуу тал нь хүүрнэл бичвэр бөгөөд бодит амьдралд ойр бичигдсэнээрээ онцлог. Сурталчилгааны агентлагаа худалдахыг хүсэж буй Алекс Стэйплтон хэмээх бизнес эрхлэгчийн тухай түүхийг тус номонд өгүүлнэ. Түүний бизнес амжилттай, үнэнч худалдан авагчидтай болсон ч Алекст бэрхшээл бий. Тэрбээр салбартаа хамгийн туршлагатай нь учраас компанийнхаа ихэнх борлуулалтыг хийдэг. Тиймээс Алексийн худалдан авагчид бүгд зөвхөн түүгээр төслөө удирдуулахыг хүсдэгт гайхах зүйлгүй.

Нэгээс нөгөө төсөлд сунан ажиллаж, гал унтраасаар залхсан Алексийн тэвчээр барагдаж, бизнесээ дараачийн түвшинд аваачих нь боломжгүй мэт санагдана. Тэрбээр компаниа зарахаар шийдсэний дараа хуучин анд, амжилттай энтрепренер Тед Гордонтой уулздаг. Тед Алекст бизнесээ хэрхэн худалдаж болох компани болгож хувиргахыг зааснаар үйл явдал цааш улам сонирхолтой болно.

Энэ ном бол тангүйгээр өсөж дэвжиж чадах бизнесийг хэрхэн босгох тухай юм. Таны бизнес таныг байхгүйд ч ажилласаар байвал та тун үнэ цэнтэй, худалдаж болох капиталтай болно.

Хэдий энэ түүх зохиомол боловч Алексийн сургамж, туршлага нь олон бизнесийн эздэд тун ойр санагдах нь дамжиггүй. Алекс, Тед нар зохиолчийн уулзаж байсан хүмүүс, дээр нь жижиг бизнесийн зах зээлийг судалж өнгөрүүлсэн 15 жилийн туршлагынх нь нийлбэр юм. Жон Варрилловыг дөнгөж коллежоо төгсөөд мунгинаж явахад аав ээж хоёр нь амжилттай энтрепренерүүдийг алдаршуулах шагналын арга хэмжээнд дагуулж очсоноор тэрбээр бизнесийн эзний амьдралын талаар анх удаа мэдэж авч байжээ. 

“Тэдний амьдралын гайхалтай түүхийг сонсоод тэр тухай нь өгүүлэх радио шоу эхлүүлэхээр шийдэж “Өнөөдрийн энтрепренер” шоундаа гурван жилийн турш долоо хоног бүр нэг энтрепренер урьж ярилцдаг байв. Би арга хэмжээний бизнес, маркетингийн агентлаг эхлүүлж, дараа нь жижиг бизнесүүдийг авахад нь том компаниудад тусалдаг судалгааны компани байгуулахад 12 жил зарцуулсан. Бид жил бүр бизнесийн 10 мянган эзэдтэй уулзаж тэдний бодол санааг мэдэхийн тулд ярилцлага хийж, судалгаа авдаг байлаа. Тед Гордоны дүрд биеллээ олсон мэргэн ухааныг агуулсан цөөн хэдэн ментортой байх аз завшаан надад тохиосон юм,” хэмээн Жон Варриллов тэмдэглэжээ. 

Жон Варриллов нь “The Sellability Score” буюу таны бизнес хэр үнэд хүрч борлогдох боломжтойг тогтоодог цогц аргачлалыг санаачлагч юм. Тэрбээр бизнес эрхлэх хугацаандаа дөрвөн ч амжилттай компани үүсгэн байгуулж, худалдсан бөгөөд эрэлттэй илтгэгч, энжел хөрөнгө оруулагч билээ. 

“Төгс компанийг бүтээх нууц” номыг Mongolian Economy сэтгүүлийн редактор Н.Энхбаяр монгол хэлнээ орчуулж, Business.mn сэтгүүл, сайтын редактор Г.Даваадорж редактороор ажиллаж уншигчдад хүргэхэд бэлэн болоод байна. Олон жилийн настай, үнэ цэнтэй бизнестэй  болохыг хүссэн хүн бүрд зориулсан уг ном удахгүй booklo.mn болон номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Ажлын Хариуцлагын Ашигт Цэг гэж юу вэ?

Previous article

О.Батнайрамдал: Ном бол чухал асуултынхаа хариуг олох тод жим 

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Ном