Монголчуудын хувьд яг таг биелэлээ олдоггүй, маргааш мартагдаж, эсвэл хоёр дахь маргааш нь биелэлээ олдог “одоо” гэх үг. Түүний мөн чанарыг бизнестээ тусгаж, яг цагт нь ажил эрхлэх, ялангуяа худалдааг дижиталчилж одоо цагт хийх санааг агуулан системээ нэрийдсэн энэ цагийн залуу бизнес эрхлэгчтэй бид ярилцлаа.

Улаанбаатар хотод сургалтад суух гэж буй ээжийгээ даган Дорнод аймгаас ирсэн найман настай жаал хүү. Их хотын гудамжинд “Зайрмаг аваарай” хэмээн хашгиран зогсох тэр мөч. Он цагийн улирахын хэрээр хэний ч мэдэхгүй дурсамж болон үлдсэн энэ л төрх манай сэтгүүлийн “Манлайлагч” булангийн энэ удаагийн зочны бага насыг илтгэнэ. Өөрөө ганц ч дэлгүүр эзэмшихгүйгээр мянган дэлгүүрийг нэгтгэн орон даяар онлайн сүлжээ дэлгүүрийн үйлчилгээ хүргэхийг зорьж буй энэ залуу манай улсын худалдааны салбарт цахим шилжилт хийх эхлэлийг тавиад байна.

Жилийн өмнөхөн “ICT expo” үзэсгэлэнгийн шилдэг гарааны бизнес болж, зах зээлд анх танилцуулагдаж байсан “Оdо order” систем өнөөдөр нэг ч төгрөгийн зардалгүйгээр 9 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Ингэж нээлттэй системээр дамжуулан ямарч зардалгүй мөн хурдтай борлуулалт хийх нь дижитал шилжилтийн нөү хау аж.

-Худалдааны салбарын уламжлалт загварыг өөрчилж, дижитал шилжилт хийхийг зорьж байгаа хүний хувьд та дижитал загварын онцлогын талаар эхлээд манай уншигчдад ярихгүй юу?

-Монгол Улсын худалдааны салбарт өмнө нь цахимжилт байсан. Тодорхой хэмжээний компаниуд програм хангамж ашигладаг ч энэ нь борлуулагч компанитайгаа холбогдох, эсвэл борлуулалтын мэдээлэл шивж оруулахаас өөр үйлчилгээнд зориулагдаагүй буюу компани дотороо л ашиглагддаг байсан. Харин цахим шилжилт нь тухайн компанийг зах зээл дээрх бүх харилцагчтай хязгааргүй холбох зорилготой. Ингээд хязгааргүй холбохоор заавал хүний хүчин зүйл, оролцоогүйгээр тухайн компани борлуулалтаа хийчихэж байгаа юм.

Өнөөдөр бид хот, хөдөөгүй маш олон дэлгүүрийг системдээ холбоод байна. Системээс тухайн бараа бүтээгдэхүүний үнэ, хямдрал урамшууллыг харж болно. Нэгж дэлгүүр захиалга өгөхөд түүнийг нийлүүлэгч компанийн харъяа газар нутаг дахь борлуулагчийн гар утсанд тэр захиалга нь очно. Борлуулалтын менежер тухайн захиалгыг авахад цаг зарцуулахгүй, зардал гаргахгүй. Борлуулалт нь өөрөө тухайн дэлгүүрээс ороод ирж байна гэсэн үг. Өмнө нь хаалттай цахим систем ашиглахад заавал хүн буюу борлуулалтын менежер нь өөрөө очиж байж борлуулалтаа шивдэг. Тэгж байж харилцагч, борлуулалт нэмэгддэг байсан. Одоо хүний хүчин зүйл хамаарахгүйгээр борлуулалт, харилцагч нэмэгдэх боломжтой болж байна. Дээрээс нь бүтээгдэхүүнийг танилцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарахгүй. Системээсээ шинэ бараа, бүтээгдэхүүнийг харчихна. Энэ нь цахим шилжилт, дараа үеийн борлуулалтын шинэ арга, шинэ технологи. Тухайн компанийг “далайд гарцтай” буюу зах зээлтэйгээ шууд холбогдсон компани болгож хувиргаж буйгаараа онцлог.

Өмнө нь орон нутагт захиалга авахад хүндрэлтэй ихэвчилэн очиж уулздаг байсан бол одоо орон нутгаас шууд захиалга ирж байна. Үүний ард бид газар зүйн онцлогоос хамаараад борлуулалтын компанид хэрэгтэй 14 төрлийн дэд системийг хөгжүүлчихсэн. Борлуулалтын бүс, барааны удирдлага, харилцагч сувгийн удирдлага, хямдрал урамшуулал зохион байгуулах зэрэгт зориулсан дэд системүүд юм. Ингэснээр жил ирэх тусам худалдааны салбар дахь хүний механик үйлдлийг багасгаж бүтээмжийг нь нэмнэ. Үүнийг борлуулалтын компанийн менежерийг ажилгүй болгох нь гэж үзэх нь түгээмэл. Гэвч үнэндээ хүний бүтээмжийг нэмж байгаа юм.

Одоогийн нөхцөлд нэг борлуулалтын менежер захиалгаа авч, түгээлтэд явахад өдөрт 25 цэгээс дээш гарч чадахгүй байна. Гэтэл өнөөдөр явах 25 цэгээс өөрсдөөс нь захиалга ирчихээр шинэ харилцагч нэмээд явах боломжтой. Ингэснээр борлуулалтын менежерийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж байна. Мөн бид ганцхан платформ хөгжүүлээгүй бөгөөд худалдааны салбарын экосистемийг хөгжүүлж байна. Худалдааны салбарт байгаа бүх талыг үндсэн 4 платформоор дамжуулан нэг доор цуглуулах зорилготой байгаа юм. Дэлгүүр, нийлүүлэгчдийг холбосон нь ODO ORDER, аан Odoshop аппликейшн нь эцсийн хэрэглэгчдийг дэлгүүрүүдтэй холбож байна. Үүн дээрээ банк, даатгалын үйлчилгээг оруулж ирж байна. Үүний араас энэ ондоо багтаад тээврийн үйлчилгээг оруулна. Худалдааны салбарын бүх талыг хооронд нь хил хязгааргүй хамтран ажиллах бололцоотой болтол нь нэмээд хөгжүүлээд явна.

-Өнгөрсөн жилийн ICT-гээр шилдэг “Старт ап” болж байсан. Тухайн үед систем хөгжүүлэлт ямар түвшинд явж байсан. Одоо хэрхэн хөгжөөд байна вэ?

-Өнгөрсөн жил odo order системийг зах зээлд дөнгөж танилцуулж байсан. Эхний 20 гаруй компани нэгдээд бараагаа оруулаад эхэлсэн, борлуулалтын менежерүүдэд сургалт хийсэн байсан. Тухайн үед Улаанбаатар хотын 1700 хүрэхгүй дэлгүүр системд идэвхитэй ороод ирсэн үе. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл системээр дамжуулан 18 мянга орчим захиалга хийсэн байна. Энэ нь бараг есөн тэрбум төгрөгийн борлуулалт гэсэн үг. Гэхдээ энэ компаниуд есөн тэрбум төгрөгийн борлуулалт хийхэд нэг ч төгрөгийн зардал болон цаг хугацааны алдагдал хүлээсэнгүй. Дижитал шилжилтийн нөү хау нь энд байгаа юм.

Систем өөрөө борлуулалтаа хийж байдаг. Жилийн хугацаанд ийм хэмжээнд хүрээд байна. Одоо 100 орчим компанид системд нэгдэн, 3000 дэлгүүр үүнийг ашиглан захиалга хийж байна. Орон даяар байгаа 3000 дэлгүүр нэг сүлжээ болсон тул нийлүүлэгч компаниуд орж ирээд бараагаа нийлүүлж болно гэсэн үг. Энэ жилийн үзэсгэлэн дээр бид дараагийн шинэ бүтээгдэхүүн болох Odo shop аппликейшнээ танилцуулсан. Энэ нь дэлгүүрүүдээ ойр орчмын хэрэглэгчтэй нь холбож байгаа юм. Хүнсний дэлгүүрийн борлуулалтыг онлайнаар хийнэ гэсэн үг. Худалдааны салбарынхан сонирхолтой, сайн бүтээгдэхүүн гэж хүлээн авч байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр арилжааны хоёр банктай хамтын ажиллагаа эхлүүллээ. Цаашид захиалга хийнгүүт төлбөр тооцоо нь ороод ирдэг болно. Үүний араас зээлийн картын үйлчилгээг ч хамтран нэвтрүүлнэ.

Одоо манай системд орсон 100 компани 3000 дэлгүүртэйгээ шууд холбоотой болчихоод байна. Бүх дистрибютер компаниудтай хамтарч зах зээлийг холбох ажлыг хийж байгаа гэсэн үг. 

-Худалдааны салбар нь дижитал хэлбэрт бүрэн шилжсэн улс орны жишиг өнөөдөр төдийлэн харагдахгүй байна л даа. Амазон гэхээр арай өөр загвар байх шиг. Экосистем гэж яг юуг нэрлээд байна вэ?

-Амазон бол цахим худалдаа маягаар маш олон бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн агуулахын менежментээр дамжуулж түгээлт хийж байна. Бид бол хүнсний болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүний дистрибютер компаниудыг дэлгүүрүүдтэй нь холбох, дэлгүүрүүдээр дамжуулж эцсийн хэрэглэгчдэд хүрэх гэсэн арай өөр бизнесийн загвартай.

Би өмнө нь дистрибютерийн бизнес хийж байхдаа Хятадын Tsingtao компанийн Олон улс хариуцсан захиралтай уулзаж байлаа. Тухайн үед надаас танайх хэдий хэмжээний захиалга хийх боломжтой вэ гэж асуухад нь би сарын хоёр чингэлэг захиалах байх гэсэн. Тэр хүн инээснээ зөвхөн бид хоёрын байгаа дүүрэгт л өдөрт хоёр чингэлэг шар айраг борлуулагдана. Хотын хэмжээнд яривал хэдэн зуу болно гэсэн. Онцлог нь тэр их борлуулалтыг өдөрт нь хийхэд бараг борлуулагч ажиллахгүй байсан. Тэд дэлгүүрүүдтэйгээ холбоотой байгаа учир өндөр хурдтай, бүтээмжтэй, зардалгүй ажиллаж чадаж байсан. Гэтэл Монголд нэг ч компани, нэг ч харилцагчтайгаа шууд холбогдож чадахгүй. Одоо манай системд орсон 100 компани 3000 дэлгүүртэйгээ шууд холбоотой болчихоод байна. Бүх дистрибютер компаниудтай хамтарч бүх зах зээлийг холбох ажлыг хийж байгаа гэсэн үг. Тийм учраас “худалдааны экосистем” гэж нэрлээд байгаа. Худалдааны салбарынхан манай дижитал экосистемд нэвтрэн чөлөөтэй ажиллах орчныг бүрдүүлнэ гэсэн санаа.

Энэ нь өөрөө нээлттэй, шинэ систем. Бараг бүх улсад энэ загвараар хөгжиж байна. Дэлхийн худалдааны салбарын хөгжлөөс одоогийн бидний хөгжүүлж байгаа системийн хөгжил тийм ч хол зөрүүтэй биш. Зарим тохиолдол өмнө алхах гээд байна. Odoshop систем шиг бүх дэлгүүрийг эцсийн хэрэглэгчтэй нь холбодог нээлттэй систем одоохондоо алга. АНУ гэхэд зөвхөн томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй холбогддог апп систем байна. Яг гэрийн хажуу талын жижиг дэлгүүртэй холбоод, түүгээрээ нэгдсэн үйлчилгээ үзүүлж байгаа систем одоохондоо дэлхийд гараад ирсэн юм байхгүй. Магадгүй бид зарим тал дээр түрүүлж явж байж ч магад.

-Системийн хөгжүүлэлтийн явцад хэчнээн ажлын байр бий болж байна? Дижитал борлуулалтын менежер гэж шинэ албан тушаал бий болж байх шиг.

-Компанийн хувьд 20 орчим ажилтантай. Тал нь хөгжүүлэгч, тал нь хөгжүүлсэн системээ зах зээлд танилцуулах, компаниудад заах, хэрэглүүлэх зэрэг ажлыг хийж байна. Компаниуд дээр сүүлийн үед дижитал борлуулалтын менежер гэдэг шинэ албан тушаал бий болчихлоо. Дижитал борлуулалтын алба байгуулсан компаниуд ч байна. Цөөн тооны борлуулалтын менежер орон даяар байгаа бүх худалдааны цэгүүдтэй хамтран ажиллаад эхэлсэн. Улаанбаатар дахь цөөн хэдэн дэлгүүртэй ажиллаад цаашаа явж чаддаггүй байсан компаниудын хувьд орон нутгийн харилцагч ороод ирэхээр, тэдэнтэй дижитал хэлбэрээр харилцаад ирэхээр ийм шинэ албан тушаалууд гараад ирж байна. Энэ нь нэлээд өндөр бүтээмжтэй, нэлээд олон хүнтэй харилцдаг.

Дөнгөж эхэлж буй үзэгдэл ч ойрын таван жилдээ бүгд цахим руу шилжинэ гэж үзэж байгаа. Үүнээс өндөр өртөгтэй ажиллах бололцоогүй болчихно. Эхний компани орж ирээд зардлаа бууруулахаар хоёрдахь компани орж ирж зардлаа бууруулахаас өөр аргагүй. Хоёр компани цахим болоод зардал нь багадаа 10 хувиар буурлаа гэхэд гурав дахь компани үүнээс илүү өртөгтэйгээр ажиллах бололцоогүй. Цахим шилжилт гээд гэнэт дэлхий даяараа бүүм болоод байгаагийн шалтгаан нь энэ. Нэг нь хэмнэлттэй өртөг багатай бүтээмжтэй ажиллаад ирхээр бусад нь тэгэхээс өөр аргагүй байдалд орж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нь яг энэ нөхцөл байдлыг шаардаж байгаа. Хэн түрүүлж ашиглана, хэн түрүүлж ойлгоно үйл ажиллагаандаа зөв ашиглана хүссэн хүсээгүй цахим шилжилтийн үр ашгийг хүртээд эхэлнэ гэсэн үг. Энийг түрүүлж хийх үү, араас нь орох уу л гэдэг асуудал.

-Түгээлтээ хэрхэн шийдэж байгаа вэ?

-Одоохондоо борлуулалтын компаниуд түгээлтийн дэд бүтцээ тодорхой хэмжээгээр шийдсэн. Багадаа 5-10 машины нөөц бололцоо байна. Тогтсон байгаа дүрэм журмаараа өөрсдийн хүчин чадлаараа түгээлтээ хийж байгаа. Тун удахгүй бид дундын түгээлт, хүргэлтийн платформыг энэ ондоо багтаад нэвтрүүлнэ. Гудамжинд ачаа хүлээгээд зогсож байгаа ачааны машинтай маш олон хүн байна. Энэ нөөц бололцоог ашиглаад борлуулагчид машингүй байсан ч түгээлт хийх бололцоог нээнэ. Заавал өөрийнхөө машинаар ачааг хүргэхээс гадна ижил чиглэл рүү явах гэж буй систем дээр бүртгэлтэй машинуудаар түгээлтээ хийлгэдэг болно. Тэр нь цаг хугацааны зарцал бага, илүү зөв шийдэл гэж үзсэн. Мөн Odoshop аппликейшин дэх дэлгүүрийн ойр орчимд байгаа айл өрхүүдэд хүргэлтийг цагийн ажил хийх бололцоотой бүртгүүлсэн хүмүүсээр хийлгэнэ. Хүргэлтийн ийм дундын шийдлүүдийг шийдэх гээд байгаа. Ингэснээр жинхэнэ утгаараа экосистем хөгжинө гэсэн үг.

Ойрын гурван жилдээ 3000-5000 дэлгүүр нэгтгэхийг зорьж байна. Дараа нь Зүүн өмнөд Ази, цаашлаад Дундад Азийн зах зээл рүү гарна.

-Зах зээлийн судалгааг хийх явцад ямар дүр зураг ажиглагдсан бэ?

-Сүүлийн 20, 30 жилд Монголд бизнес хөгжөөд борлуулалтын компаниудад мэргэжилтэй залуучууд ажиллаад ирлээ. Тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа. Гэвч тэтгэвэртээ гарсан хүмүүс ихэвчлэн дэлгүүр ажиллуулдаг болж, товчхондоо хүнсний дэлгүүрүүд өнгөрсөн зуундаа үлдчихсэн. Энэ дэлгүүрийг бид орчин үед технологитой холбовол худалдааны салбарт байгаа олон асуудлыг жигд шийдээд явах боломжтой. Нэг нь технологижиж хөгжөөд байдаг нөгөөх нь өнгөрсөндөө үлдчихээд байгаа учраас энэ хоёрын хооронд борлуулалтын менежер гэдэг хүнийг заавал шаардаад байсан.

Тиймээс бид дэлгүүрүүдээ хөгжүүлэхийн тулд SUPERKACC нэртэй ухаалаг кассын програмыг үнэ төлбөргүй өгөөд эхэлсэн. Одоогоор 2000 орчим цэг манай кассын програмыг үнэгүй ашиглаж байна. Тэр 2000 цэг odoshop болоод odo order-ийн хэрэглэгч. Odo order дээр 3000 орчим цэг захиалга өгч сураад байна. Бид энэ жилдээ Odoshop-т 1000 дэлгүүрийн сүлжээг үүсгэнэ. Ойрын гурван жилдээ 3000-5000 дэлгүүр нэгтгэхийг зорьж байна. Монгол Улсдаа экосистем маань жигд ажиллаад болж байвал Odoshop бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл рүү гаргая. Зүүн өмнөд Ази, цаашлаад Дундад Азийн зах зээл рүү гарна.

-Таны амьдрал худалдааны салбар, тэр дундаа борлуулалт гэдэг зүйлтэй салшгүй холбоотой. Оюутан байхдаа “Эвсэг” кашмерийн маркетингийн менежер хийж сургууль дээр тэр болгон үзэгдээд байдаггүй ажлын байран дээр чанагдсан хүн гэж тодорхойлоход болмоор санагдсан. Сургуулиа төгсөөд Солонгосын Hite брэндийн маркетингийн менежер, АПУ компанид хүртэл ажиллаж байсан. Одо экосистемийн санаа энэ цаг үеэс эхлэлтэй гэж ойлгоод байна. Энэ бизнесийн санаа хэрхэн төрж байв?

-Би 2005 онд худалдааны салбарт ажиллаж эхлээд өөр салбар руу ороогүй. HITE, HEINEKEN брэнд, АПУ зэрэг борлуулалт, дистрибютерийн компаниудад ажилласан. Дараа нь “Зебра интернэйшнл дистрибютер” компаниа байгуулаад Европоос бараа импортлох дистрибютер бизнес хийж байсан. Найман борлуулалтын менежер, найман машинтай, нийт 50 хүнтэй компани байгуулан үүндээ зах зээлд тогтворжих гэж нэг сая ам.долларын зардал гаргасан. Тэгсэн хэрнээ энэ нь хүний хүчээр явдаг учраас ерөөсөө тогтворжиж өгөхгүй. Ажилтан ажлаа солиход шинээр авчирсан хүнээ сургах гэж багадаа гурван сарын хугацаа шаардана.

Хүний хүчээр явдаг салбарт бизнес зөв тогтворжих хэцүү юм билээ. Тэгээд яагаад ийм бүтээмжгүй өндөр зардалтай салбар юм гэж тухайн үед бодсон. Борлуулалтын менежерүүд 20, 30 цэгээс илүү гарч чадахгүй. Монголд байгаа ийм олон дэлгүүрт бараагаа яаж хүргэх вэ. Хүн тааралдахаараа танай бараа хаагуур зарагддаг юм, хаанаас худалдаж авах вэ гэж их асуудаг байсан. Тэр хүний гэртэй нь ойрхон дэлгүүрт бараа тавьчихмаар болдог. Тэр хүний гэр, түүнтэй ойр дэлгүүр гээд олон зүйл мэдэх хэрэгтэй. Тэгэхээр технологитой хөгжүүлэхгүй бол энэ салбарт амжилт олохгүй юм байна, бүх компани ийм асуудалтай, цаашид хэчнээн жил ингэж явах юм бэ? Тэгэхээр энэ салбарт технологи орж ирж байж бүх компани таатай ажиллах хөрс нь болж өгөх юм байна гэж үзсэн. Тэгээд шинээр компани байгуулаад хамтрагчдаа олоод 2016 онд энэ ажлаа эхэлсэн. Эхлээд үнэгүй кассын програм зах зээл танилцуулж эхэлснээр бидний түүх эхэлсэн.

-Маркетингийн менежер хүн энэ санаагаа технологитой хэрхэн холбож ажил хэрэг болгосон бэ?

-IT-ийн хүн өөр бизнесийг ойлгож судалж байж тухайн бизнест таарсан систем хийж өгдөг. Тэр ажлыг хийж үзээгүй, дотор нь буцалж үзээгүй тул бизнес процессыг нь харж байгаад түүнийг программ болгож буулгаж байгаа юм. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд асуудлаа мэддэг, 15 жил зовлон жаргалыг нь үзсэн, бизнес процесс ингэж явбал зардал өндөртэй, үйл ажиллагаа явахад хэцүү төвөгтэйг нь ойлгодог учир шинэ шийдэл гарган цоо шинэ бизнес загвар гараад ирчихэж байгаа юм. Ийм шат дараалалтайгаар ажил бизнес нь явдаг болвол зөв юм байна, үүнийгээ програм хангамжийнхантайгаа хамтраад бүтээл болгох ёстойг ойлгосон.

– CEO гэх албан тушаал хашиж буй залуу захирлуудын нэг. Таныхаар CEO хүн ямар байх ёстой вэ?

– Би 26 настайгаасаа CEO албан тушаал хашиж ажиллаж байна. Гэхдээ л би өөрийгөө энэ ажлыг сайн хийж чаддаг хүн гэж бодохгүй байна. Энэ ажлаасаа үргэлж халгадаг. CEO-гийн 3 түвшингүүд бий. Тэгийг нэг болгодог CEO, нэгийг 100 болгодог, зууг зуугаар нь байлгадаг гэж. Гурвуулаа өөр чадвар, туршлага шаарддаг. Миний хувьд 0-1, 1-100 болгож чаддаг CEO. 100-100 байлгах буюу том компанийн өсөлтийг хадгалж авч явж чадах захирал биш. Характер нь ч тийм биш. Өөрөө үргэлж шинэ рүү, өөрчлөлт рүү тэмүүлж байдаг. Тэгэхээр том компанийг шинэ рүү тэмүүлүүлж, өөрчлөлт рүү чиглүүлэх амаргүй. Байхгүй зүйлийг шинээр зах зээлд гаргах нь миний хувьд амар байгаа юм.

-Олон жил бизнес эрхэлсэн хэрнээ бизнес нь амжилтай санаснаар явж өгдөггүй, яаж мөнгө олох вэ гээд толгой гашилган суугаа бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч олон. Эдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Би энэ зовлонг туулж гарсан. 2011 онд импортын компани байгуулан ид ажиллаж байсан. 2012 оны сонгуулийн дараа эдийн засаг удааширч ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1190 байснаа 2000 давсан. Энэ үед эрсдэл, хүнд хэцүү бүхнийг туулсан. Импортын компани зуун хувь ам.доллараас хамааралтай. 1190 байхад захиалсан барааны үнэ миний гар дээр сар гаруй хугацааны дараа буухдаа 500, 600 төгрөгөөр өсчихөж байгаа юм. Тэгэхээр тэр бараа зарагдахаасаа өмнө алдагдал болоод хувирчихсан. Хэрвээ би бараагаа алдагдалгүй зарна гээд үнээ нэмбэл зах зээл дээр зарагдахаа болино. Үнийг нь хадгалахын тулд алдагдал хүлээхээс өөр аргагүй байдалд орж байсан.

Тэгэхэд эдийн засгийн ийм савалгааны үед яах ёстой юм бэ гэж бодсон. Бизнес эхлэхээсээ өмнө миний бизнес томорлоо гэхэд хаана хүрэх вэ гэдгээ тодорхойлсон байх ёстой юм билээ. Би үүнийгээ тодорхойлоогүй эхэлсэн. Импортын бизнес эрхлэхдээ Монголын номер нэг импортын компанитай болон ижил төстөй загвартай компанитай яаж өрсөлдөх юм мөн би энэ зах зээл дээр ямар үнэ цэнэтэй компани бүтээх юм бэ зэргээ тодорхойлохгүй богино сэтгэхүйтэй бизнес эхлүүлсэн нь миний хувьд маш том алдаа болсон гэж үргэлж боддог.

Одоо энэ системийг хийснээр Монголын номер нэг худалдааны платформ болно. Цаашаа олон улсын зах зээл дээр гарна гэсэн том зорилго тавьж эхэлсэн нь одоог хүртэл намайг цаашид ямар ч асуудал гарсан унагаахгүй яваад байна. Сэтгэлзүйн хувьд. Эдийн засгийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалингаа тавьж чадахгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй хүнд үе ч байсан. Том зорилго тавиад түүндээ өөрөө болон багаараа бат итгэсэн үед ямар ч бэрхшээл жижиг санагддаг юм билээ. Нөгөө холын зорилгоо хараагүй хүн ойрын зовлонд бүдэрнээ гэдэг үг шиг.

Би өмнө нь худалдааны салбарт ажиллаж байхдаа бушуухан мөнгө олохын төлөө ажилладаг байсан. Хөдөөнөөс оюутан болж ирээд, энгийн буурай амьдралтай айлын хүүхэд хотод ирээд бараа таваар зараад бушуухан баяжчихыг хүссэн. Огт болоогүй. Ер нь мөнгөний төлөө ажиллахад биш үнэ цэнийн төлөө ажиллавал мөнгөтэй болно гэдгийг ойлгосон. Би хүнд хэрэгтэй юм хийе, бизнест хэрэгтэй юм хийж цаг хугацааг 10 дахин хэмнэж, өртгийг 10 дахин бууруулж, орлогыг 10 дахин өсгөж чадах зүйл бүтээж чадвал хүн болгон, компани бүр хэрэглэх юм байна, тэд бүгд хэрэглэж байгаа бол би тэндээс мөнгө олох юм байна гэдгийг ойлгосон. Ийм философиор бизнес загвараа төлөвлөөд ирэхээр энэ нь зах зээлд түгэх, хэрэглэгдэх болзлоо хангаад байгаа юм.

Найз нөхөддөө үнэхээр үнэ цэнтэй, хүнд хэрэгтэй бизнес эрхлэхийг зөвлөдөг. Үүнийгээ нотлохын тулд өөрийн хоббигоороо “Маханд дуртай мангасууд” фэйсбүүк групп ажиллуулж байна. Сонирхлоороо нэгдсэн хүмүүс гэртээ хийдэг махан хоол хүнсээ оруулж туршлага хуваалцдаг. Би ч өөрийн хийсэн зайдсаа хуваалцсан. Улмаар группынхэнтэйгээ хамт улам хөгжүүлж сайжируулж үнэхээр сайн цэвэр махан зайдас хийсэн. Тэр жор, аргаараа хийсэн зайдасаа группын нэрээр “Мангас” гэж нэрлээд савлаад худалдаанд гаргасан. Долоо, наймдугаар сард хит борлуулалт хийж түүгээрээ Болдсайхан эмчийн аянд нэгдэж хоёр хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг зуун хувь төлсөн. Миний эхлүүлсэн төсөл хоёр хүүхдийн амь насыг аварсан гэдгийг бэлгэдэж “Мангас” зайдасны логоны доор хоёр зүрхийг нэмэж дүрсэлсэн. Цаашид олсон орлогоо хүүхдийн зүрхний хагалгааны зардалд зарцуулаад явбал магадгүй дараа жил гэхэд 12 зүрх логон дээрээ зурна гэж найдаж байна. Би үүнийг мөнгөний төлөө хийе гэж хөдөлгөсөн бол магадгүй хамгийн хямд зайдас хийж нөгөөх нь байдаг л нэг бүтээгдэхүүн болох байсан байх. Мөнгө бодохгүйгээр үүнийг үнэ цэнтэй зүйл болгоё, ямар ч эргэлзээгүйгээр хүмүүс авах ямар ч химийн найрлагаггүй эрүүл, хүүхэддээ хүртэй шууд өгөх тийм итгэлтэй үнэ цэнийг бүтээе гэж бодож хийсэн тул олон хүн худалдаж авч байна.

Өнөөдөр зах зээл дээр бараа байхгүй гэдэг ойлголт алга. Хүн илүү цэнтэй юмыг сонгож байна. Тэгэхээр өөрийн бизнесийнхээ олж байгаа ашиг дээр биш, бий болгож буй үнэ цэн дээр төвлөрвөл танай бизнес дижитал эринд хүмүүст илүү таалагдаж, дэмжлэг авна. Сошиал медиа дээр дэмжлэг авахгүй бол тэр бараа угаасаа зарагдахгүй гэсэн үг.

-Монголд гарааны бизнес эхлүүлж, хөгжүүлээд явахад хүндрэл, бэрхшээл, нөгөө талаас боломжууд хэр харагдаж байна вэ?

-Хүндрэл бэрхшээл гэхээсээ илүү боломжууд байна. Зах зээл шилжихэд асар их боломж бий болдог. Зах зээлийн эдийн засагт шилжихэд маш их бололцоо гарч ирсэн. Стартап ямар нэгэн асуудлыг шийдээд хөдөлж чадаж байвал боломж бий. Өнөөдөр цөөнгүй стартап компани хэдэн тэрбумын үнэлгээнд хүрсэн. Хоёр гурван жилийн дотор бүгд тэрбум давсан үнэлгээнд хүрчихлээ. Манайх гэхэд л таван тэрбумын үнэлгээтэй болсон. Олонд танилцуулсан стартап болгон бараг бүгд үнэлгээнд хүрчихлээ. Тэгэхээр боломж асар их. Бэрхшээлийг асуудал гэж хардаггүй. Ганц л зүйлээс айдаг. Төр л өрсөлдөх вий гэж. Төр бизнестэй өрсөлдөж эхлэвэл ямар ч бизнес дийлэхгүй.

-Чөлөөт цагаараа, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

-Технологид суурилж хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр бизнесийн загварууд бас өөрчлөгдсөн. Хүмүүс хобби, бизнесээ хийгээд байгаа нь ялгарахааргүй болчихсон хэрнээ өндөр ашиг, бүтээмжтэй яваад байна. Ийм бизнесийн шинэ загварыг сурч, үзэж өөрийгөө хөгжүүлдэг. “Маханд дуртай мангас” үүний нэг жишээ. Нэг ч төгрөгийн маркетингийн зардал гаргахгүйгээр бүтээгдэхүүн зах зээл дээр гаргаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль, “MIT”-тэй хамтран Accelerated Entrepreneurship хөтөлбөрийг бизнес эрхлэгчдэд зориулсан онлайнаар явуулж байна. Долоо хоногт хоёр удаа олон улсын профессоруудтай видеогоор холбогдож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ зөвлөгөө, сургалт авдаг. Энэ хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Миний хувьд өөрийгөө ингэж л хөгжүүлж байна.

Ирэх онд Odoshop системд нэгдсэн хүнсний бүх дэлгүүрээ хувьцаа эзэмшигч болгоно. Нээлттэй компани болж, жинхэнэ утгаараа 1000 дэлгүүрийн сүлжээ болно гэсэн үг.

-Та өөрийн фэйсбүүктээ дижиталчлал нь монголчуудыг өнөөгийн тамын хар нүхээс суга татаж гаргана, тиймээс залуучууд үүнээс зүүгдэж хамт ийшээ явцгаа гэсэн байсан. Үүгээр ямар санааг хүргэхийг зорьсон бэ?

-Монголд байгаа бүх асуудлын ард авилгал бий гэж ярьдаг. Авилгал процессыг хүндрүүлдэг. Заавал хүн оролцож байж тэр ажил нь явах учраас тээг, садаа болж байгаа хүнд авилгал өгч байна. Хүний хүчин зүйл алга болвол тэр процесс саадгүй явах учир ямар ч авилгал өгөх шаардлагагүй болно.

Төрийн үйлчилгээ дижитал болно гэдэг нь дөнгөж эхлэл. Тэгэхээр авилгал авдаг хүмүүс өөрсдөө ч үүнийгээ анзаарахгүй байж байхад нь, өөрийнх нь орлого олдог авилгалын систем нь нурж унах гэж байгааг мэдээгүй байхад нь залуучууд хурдан хөдлөөд, гарч ирсэн технологийг нь дуу нэгтэй дэмжиж ашиглах хэрэгтэй. Улс төрчдийг өөрсдийг нь хүссэн хүсээгүй ярихаас өөр аргагүй, тэгэхгүй бол ард түмнээс дэмжлэг авах чадахгүй болох сэдэв болтол нь дэмжээд ирвэл тэд өөрсдөө ч анзаараагүй байтал авилгал авч чадахгүй болчихно.

Нам биш, улс төрчид биш, дижитал шилжилтийг дэмж. Тэр олсноос тас зуур. Тэгээд дижитал шилжилт ярьдаг, дижитал шилжилтийг төрийн албанд нэвтрүүлж байгаа улс төрчдийг дэмж. Технологи яриад, ойлгоод хэрэгжүүлээд ирэхээр авилгал авдаг тогтолцоо нь нурна. Ингэж чадвал ойрын таван жилдээ авилгалын замыг ямар ч эргэлзээгүйгээр технологижуулчихаж дөнгөх юм байна гэж хараад байгаа. И-Монголиа гайхалтай эхлэл. Шилэн данс гэж эхлээд байхгүй болсон шиг ийм ухралт хийхгүйгээр И-Монголиа-гаа тултал нь дэмжээд ойрын таван жилдээ төрийн бүх үйлчилгээг дижитал болгох хэрэгтэй. Үсрэнгүй хөгжлийн эхлэл нь цахимжилт гэж үзэж байгаа. Наана нь харагдаж байгаа аппликейшн үүнийг бүү төсөөл. Цаана байгаа загварыг нь олоод философид нь итгэвэл энэ Монголыг орвонгоор нь өөрчилнө гэж үзэж байна.

-Одо системийн ойрын зорилт. Үнэлгээгээний хувьд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Odoshop аппликэйшн дөнгөж зах зээл дээр мэндэлсэн ч 12 дугаар сараас өмнө 1000 дэлгүүртэй болох хэрэгтэй байна. Үүнд хүргэлтийн дундын үйлчилгээг нэмнэ. Odoshopт зориулсан кредит карт гаргана. Зөвхөн гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ авчихдаг кредит карттай болох нь. Odoshop аппликейшнээ тусад нь охин компани болгож гаргасан. Үүн дээрээ дотоодод болоод олон улсад гарах хөрөнгө оруулалт эрэлхийлнэ.
Цагаан сараас өмнө борлуулалтын ийм аргачлалаар борлуулалт хийж болдог юм гэсэн нэг кэйс харуулах хэрэгтэй байна. Үүний дараа бүтээгдэхүүнээ олон улс руу гаргахыг зорьж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай дэлгүүрүүдийн кассын програм тийм ч ухаалаг байж чадаагүй. Одоо шинэчлэгдээд Superkacc гэдэг нэрээр ухаалаг болж гарч ирж байгаа. Ингэхээр тухайн дэлгүүр дээр дуусч байгаа барааны захиалга автоматаар odo order системээр дамжин нийлүүлэгч компанилуу очих, мөн дэлгүүртээ ойр 1500м хүртлэх зайнд байх айлуудаас odo shop апп дамжин касс дээрээ захиалга авах зэрэг ажлыг ойрын зургаан сарын хугацаанд хийнэ. Ирэх онд Odoshop системд нэгдсэн хүнсний бүх дэлгүүрээ хувьцаа эзэмшигч болгоно. Нээлттэй компани болж, жинхэнэ утгаараа 1000 дэлгүүрийн сүлжээ болно гэсэн үг.

-Та өөрөө амьдралд тулгардаг бэршээлүүдийг ямар үзэл баримтлалтайгаар даван туулдаг вэ?

-Амьдралын бэрхшээл гэхээр нэг түүх ярихаар байна. Би өмнө нь бараг үхээд боссон хүн. Амьдралын утга учрын талаар хэсэг бодсон. Ингээд л миний амьдрал дуусчихаж байгаа юм байхдаа гээд хэвтэж байсан үе бий. 2004 онд уушигны хагалгаанд ороод ясаа цоортол эмнэлэгт хэвтсэн. Цээжний хөндий нээх хагалгаанд ороод хавирга нэлээд өвчтэй, хүнд байсан. Өөрөө босч чадахгүй. Тэр үедээ явж явж амьдралын сайн сайхан, хүний мэдрэмжүүдийг мэдэрч чадахгүй үхэх юм байх даа гэж бодож байсан. Сайн эмч нар, гэр бүл найз нөхдийн тусламжтайгаар хөл дээрээ боссон. Босчихоод бүтэн жил цээж онгорхой, боолт солиулаад явдаг байсан.

Цээжээ нууцаар боогоод HITE брэндийн маркетингийн менежерээр ажилд орсон. Одоо хүртэл манай компанийнхан намайг тэгж явсан гэж мэдэхгүй. Цайны цагаар нойлд ороод цээжнийхээ боолтыг өөрөө сольж, бүтэн аниагүй шархнаас ялгарсан шингэнийг нь гоожуулчихаад буцаад боогоод явдаг байлаа. Юуны тулд гэхээр, жил хэвтэрт байсанаа нөхөж гялс амьдралыг амталж, хийж бүтээж, алдаж онохын тулд л байх. Амьдралд надад аливааг үзэж туулах нэг боломж дахин олдсон тул утга учиртай амьдрах болоод хүсэл тэмүүлэл, өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй болсон. Энэ хүч өнөөдрийг хүртэл намайг авч явж байна. Альваа ажлыг хийхэд гарах бэрхшээл бол үнэндээ юу ч биш хүссэн ч хийж чадахгүй хэвтэрт байхтай харьцуулашүй. Бэршээл туулж урагшилах хичнээн сайхан чи амьд байгааг мэрдүүлэх хамгийн тансаг мэдрэмж. Бэрхшээл бол таашаал.

-Худалдааны салбарт дижитал шилжилт хийснээр улсын эдийн засагт ямар өгөөжийг авч ирнэ гэж та харж байна вэ?

-Худалдааны салбар нь хүний хүчин зүйлс, цаг хугацааны зардал өндөртэй. Шатахуунаас авахуулаад энэ зардал нь өртөг дээр суугаад байгаа. Олон улсад худалдааны салбарт өртөг 4-10 хувь байдаг. Монголд 30 хувийн өртөгтэй байна. Монгол гэхээр юм болгон өндөр үнэтэй. Асуудал нь Монгол брэндийг бүтээхэд хүн хүчний зардал өндөр байгаад юм. Үйлдвэрлэгчид нь ашиг бага гээд байдаг. Үүнийг технологижуулснаараа одоогийн өртөг 15 хувь болон буурч, улмаар бидний гар дээр ирэх бараа бүтээгдэхүүний үнэ буурна.
Худалдааны салбарт мөнгө өдөртөө эргэдэггүй. Нийлүүлэгчид эхлээд зээлээр өгнө борлуулагдсанны дараа 3-6 сарын дараа мөнгө нь ирдэг. Ингэхээр мөнгө дээд тал нь жилд 2,8 удаа эргэдэг. 2.8-хан эргэж байгаа юм чинь тэр дээр маржингаа өндөр тавихгүй бол яаж энэ олон хүний цалинг тавих юм бэ. Гэтэл үүнд дижитал шийдэл нэвтрүүлж, дээр нь банкны үйлчилгээнүүдийг оруулаад ирэхээр 2.8 эргэлт багадаа 6-12 болж өсөж чадна. Олон эргэлт хийгээд ирхээр нэг эргэлтээс тийм өндөр маржин авах шаардлагаггүй болох буюу барааны үнэ хямдраад ирнэ. Хямдарсан ч жилийн ашиг нь нэмэгдэх нь.

Эцсийн хэрэглэгчид физик утгаараа дэлгүүрээс орж худалдаж авахаас илүүтэй Odoshop аппликейшн дээрээс худалдан авалт хийх нь илүү хямд ч болж ирнэ. Дэлгүүрүүд худалдааны менежер ирхээр нь бараа захиалга өгөхөөс илүү odo order платформаар дамжуулж захиалгаа өгөх нь хямдхан болно гэсэн үг. Тэгэхээр хаана илүү өртөг хэмнэх бүтээмжтэй байна, тэнд эдийн засгийн эргэлт сайн байдаг. Худалдааны салбар экосистемээрээ бүх талууд нь орж ирээд өртөг хэмнээд ирэхээр эцсийн бүтээгдэхүүнүүд нь хямдхан болно. Эдийн засагт асар том хэмнэлтүүд орж ирнэ. Үргүй зардал алга болно.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г.Орхон

Подкаст№52: Хүний нөөцийн бодлого, стратеги хэрхэн боловсруулах вэ?

Previous article

Т.Доржханд: Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй шүү дээ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like