Б.Энхцэцэг, З.Цэлмэг

-МҮХАҮТ-ын 60 жилийн ойд зориулсан “Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн материал –

Уг нийтлэл бүрэн эхээрээ “Аялал жуулчлал: Тахлыг дийлсэн ч айдас үлдэхэд …” нэрээр нийтлэгдсэн болно. 

 – Lonely Planet –

Б.Мөнхнаран Вьетнамын эргийн хот болох Нячангаас Монголд хүйтний улирал шувтрах үе буюу гуравдугаар сард буцах байв. Хоёрдугаар сарын 1-ний өдөр ээлжит аялагчдаа тосохоор, компанийнхаа тосох хуудсыг өндөрт өргөн онгоцны буудал дээр очин хүлээжээ. Гэтэл жирийн үед 15 хүнтэй байдаг аяллын баг энэ удаад ердөө л таван хүнтэй бууж ирэхэд л тэрбээр байдал бишдэж буйг ойлгож, дараагийн аялал гэж байхгүйг мэдэв.

Монголчууд энэ үед Вьетнамд хийх аяллаа хэдийнэ цуцалж эхэлсэн байлаа. Оны өмнө Мөнхнаранд жуулчны компани нь гуравдугаар сарын дунд хүртэл аяллын группууд Монголоос завсаргүй очно. Тиймээс тэр хүртэл байрлаж ажилла гэдэг чиглэл өгч, Нячанг руу явуулжээ.

Нэгдүгээр сарын 23-нд цар тахлын голомт болсон БНХАУ-ын Уханиас Нячанг хотод ирсэн ахимаг насны эр хүүдээ халдвар тарааснаар Вьетнамд КОВИД-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Үүний дараа Вьетнамын Засгийн газар Ухань-Нячангийн шууд нислэгийг зогсоов. Хятад жуулчдын урсгал гэнэт татрахад гадныхны хөлд дарагддаг газрууд эл хуль болж, эзэнгүйдэж эхэлжээ. Гэсэн ч КОВИД-19-ийн шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байсан тул Нячангд үлдсэн Өмнөд Солонгос, Орос, Монголын хэдхэн жуулчин төд удалгүй буцав.

Долоохон хоногийн дотор дайжих нь дайжиж, гэртээ бүгэх нь бүгснээр нар, сар ээлжлэхээс бусдаар өдөр, шөнө нь ялгагдамгүй нам гүм руу шилжлээ. Аялагчдын хөлд дарагддаг далайн эрэг элснээс өөр ханьгүй, давалгаанаас өөр сонсогдох чимээгүй болов. Бүгд явж байхад, байгаа газраа хүлээх нь Мөнхнаранд түгшүүр төрүүлж  эхлэв. Тэрбээр “Коронавирусийн тухай бид сонссоор байсан ч эхэндээ тоогоогүй. Гэвч нүдэн дээр л хот эзгүйрч, маскыг хайрцаг хайцгаар нь авч, үнэ нь 2-3 өдрийн дотор хэд нугарч  байсан нь хүмүүс үнэхээр айж, байдал хэцүүдэж байгааг мэдрүүлсэн” гэв.

Шууд нислэг цуцлагдсан тул Нячангаас Хо Ши Мин-Хонконг-Улаанбаатар гэсэн гурван дамжлагаар Мөнхнаран болон түүний сүүлийн аялагчид буцаж иржээ. Хоосон шахам Хонконгийн онгоцны буудал тэднийг угтаж, ойр орчмын зочид буудлууд нислэгээ хүлээсэн, яарсан, айсан хүмүүсээр дүүрэн байж. Тэд бол энэ онд хил хаагдахаас 14хөн хоногийн өмнө аялж амжсан төдийгүй хорионд орчихолгүй, тусгай нислэг хүлээлгүй гэртээ ирж чадсан азтанууд.

Сурвалжлагын маань гол дүр Батмөнхийн Мөнхнаран бол азтануудын тоонд орсон хүмүүсийн нэг юм. Гаднын жуулчид нэрийг нь хэлэх гэж үйлээ үздэг тул тэрбээр МG гэх товч нэрийг өөртөө “оноожээ”. Түүний хувьд 13 жил хөтөч орчуулагчаар ажиллахдаа анх удаа англи нэрээ энэ жил ашигласангүй. MG зундаа гэрээт компаниудынхаа групп аяллуудыг ахалж, гаднын гийчдийг дагуулан Монгол орныг тойрдог бол өвлийн ид хүйтэнд гадагш аялж буй монголчууддаа үйлчилдэг. Сүүлийн жилүүдэд хүйтний улиралд дулаан орон руу тэмүүлэх монголчууд олширч байгаа ч зуны оргил үе шиг бүх хөтөч, орчуулагч хангалттай ажилтай, хүрэлцэхүйц орлоготой байдаггүй. Аа гэхдээ, улирлын чанартай энэ салбарт олон жил итгэл даан ажиллаж, салбартаа танигдчихсан МG шиг хүн-капиталуудын  хувьд аялал жуулчлалын оргил үеэс бусад цагт иймэрхүү байдлаар амьдардаг. Хуваарь ёсоор бол MG өнгөрсөн оны сүүлчээр Нячанг хотод түр суурьшаад, Монголоос ирэх “Нью жуулчин турс” компанийн найман группийг аялуулчихаад, хавар гуравдугаар сарын сүүлч гэхэд Монголдоо ирэх байв. Тэрбээр хөтөч орчуулагчдын сургагч багш учраас хавар гуравдугаар сараас эхлэн салбарын шинэ залуусаа сургах, нэг ёсондоо зуны бэлтгэл ажилд ордог. “Коронадуулаад” санд мэнд наашилсан MG ирсэн даруйдаа сургалтууд зохион байгуулагдахгүйг ойлгов.

Эхэндээ бүгд л КОВИД-19-ийг түр зуурынх, тэгэсхийгээд гайгүй болно гэж найдаж байлаа. Монгол дахь аяллуудын захиалга жилийн өмнө баталгаажсан тул компаниуд хөл хорионы үеэр ч бэлтгэлээ хангаж, хорио тавигдмагц ханцуй шамлан орохоор хүлээж байв. “Нью жуулчин турс” ба Америкийн Overseas Adventure Travel (OAT) компаниудын Монголд хамтран зохион байгуулдаг групп аяллууд нь MG-ийн хувьд зуны “нуруу” аяллууд нь юм. OAT Монгол дахь чадавхжуулах сургалтын хуваарь болон аяллын хугацаа, хөтчүүдийн хариуцах аяллын тоог тодорхой товлосон байв. “Миний гол аяллууд дөрөвдүгээр сар гэхэд цуцлагдсанаар, энэ зун ажилгүй болж байгаагаа мэдсэн”  гэж MG хэллээ.

Ийнхүү MG тэргүүтэй хөтөч, жолооч, тогооч, менежер гээд аялал жуулчлалын салбарт ажилладаг 88 мянга гаруй хүний 30 орчим хувь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, хүчээр хүлээлтэд оров. (88 мянга гэдэг бол БОАЖЯ-наас мэдээлж буй тоо бөгөөд Монголын аялал жуулчлалын холбооноос 115 мянган хүн энэ салбарт ажилладаг гэж мэдээлсэн) Эдгээр хүмүүсийн дунд компаниараа тэг зогсолтод орж, дарга цэрэггүй ажилгүй болсон нь ч багтана. Баталгаажсан аяллын тоонд үндэслэн МАЖХ-ноос тооцсоноор энэ жил жуулчдын тоо 10 хувиар өсч, нийт орлого өмнөх жилийнхийг давахаар байжээ. Гэвч энэ бүхэн өнөө жил Монголын эдийн засгаас арчигдаад зогсохгүй дараа жил хэрхэх нь эргэлзээнд ороод байна.

– Сүүлчийн жуулчны мөр ба хүлээлт –

“Би ирээд явлаа. Солонгос улсын иргэн…..2020.02.06” хэмээн Монголын Үндэсний түүхийн музейг үзэж сонирхсон хамгийн сүүлийн жуулчдын нэг бичиж үлдээжээ. Түүнээс хойш долдугаар сарын 2-нд л сая нэг үзэгч “Хүүхдийн тэрэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шаттай болвол гоё” гэж бичсэнээс хойш тус музейн санал хүсэлтийн дэвтэрт монгол үзэгчдийн сэтгэгдэл нэлээд хэдэн хуудас үргэлжилнэ. Музей бүхэл бүтэн таван сарын турш хаалттай байжээ.

MG-г орж ирэхийг харсан музейнхэн баярлан угтах ч, жуулчингүй ганцаар явахыг чинь харах хачин байна шүү гэцгээв. Хөл хорионы үед засвар, тохижилтын гэх мэт дотоод ажил хийснээс бусдаар бол үзэгчдээ үгүйлэн хийцгүйрч, улмаар тасалбар, төсөл хөтөлбөрөөс цугладаг 700 сая төгрөгийн орлого тэр чигтээ тасалдсаныг музейн Маркетингийн албаны дарга Ц.Буянхишиг хэллээ.

“Энд байсан бэлэг дурсгалын дэлгүүр нүүчихэж дээ?” хэмээн MG музейн үүдний зүүн тал руу занган асуухад музейн менежер “Сувенир Хаусын салбар байсан юм. Нүүсээн” гэв. MG-ийн жуулчид музейгээ үзчихээд ихэнх нь тэрхүү бэлэг дурсгалын дэлгүүрт янз бүрийн зүйлс сонирхож, худалдаж аваад зогсож байдагсан. Харин энэ жил жуулчин ч үгүй, дэлгүүр ч үгүй.

Ийнхүү хандах зүг өөрөө тогтож, биднийг хөтөлсөн нь “Сувенир Хаус”-ын төв дэлгүүр дээр ирэхэд хүргэв. ОХУ-ын Элчин сайдын яамны баруун булангийн замын эсрэг талд орших энэ дэлгүүр 15 жил тасралтгүй “догь” байршилд буюу жуулчдын хөл хөдөлгөөн бараадан бат байршиж ирсэн. “Нээлттэй” хэмээх бичгийг хараад итгэж ядан хаалгыг нь түлхэхэд онгойж буй нь яг л гайхамшиг мэт санагдав. Гэвч үүдээр ормогц шанаагаа тулсан худалдагчаас өөр хүнгүй эл хуль байх ажээ. Биднийг угтсан Ч.Даваадорж захирал “Орлого байтугай хүнгүй иймэрхүү л байна даа” гэв. Сар шинийн баярт зориулсан үндэсний хувцасны шинэ коллекцоо борлуулахаар бэлдэж байсан ч хөл хорионы улмаас “шатжээ”. Жуулчдад Монголд аялсных нь дурсгал болдог тус дэлгүүрийн сувенируудыг 300 гаруй хувь хүн, бичил аж ахуй нэгжүүд нийлүүлдэг байв. Гэвч одоо “Бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн маань талаас илүү нь өөр ажил эрхэлдэг болсон байх” гэж Ч.Даваадорж захирал хэллээ.

Орлогын тасалдал оны эцэс гэхэд 90 хувийг давах нь нэгэнт тодорхой болсон бөгөөд долоон салбараа хааж, ердөө л энэ “төв” салбар нь ийнхүү ажиллаж байгаа аж. Уг нь энэ жил шинээр хоёр салбар нээхээр төлөвлөж байжээ. Хэдийгээр бэлэг дурсгал нь хүний тав дахь хэрэгцээнд ордог ч хилийн хориг цуцлагдаж зорчих хөдөлгөөн сэргэх л юм бол борлуулалт нь идэвхжинэ. Жуулчдаас гадна гадаадад сурдаг монгол оюутнууд гол үйлчлүүлэгчид тул намар жуулчны улирлын төгсгөлөөс үргэлжлээд бараанууд овоо сайн гүйдэг байлаа. Гэвч энэ жил хилийн хориг бүх л боломжийг нь үгүй хийсэн. Одоо хамгийн наанадаж ирэх жилийн сар шинийн баяр хүртэл Ч.Даваадорж захирал ба түүний ард байгаа 300 урчууд тэсэх хэрэгтэй болох нь. Үгүй бол үлдсэн ганц салбарынх нь хувь заяа эргэж мэднэ.

“Нээрээ халаасны хулгайчид ч тоож ирэхээ больсон шүү дээ ” гэхэд өнөөх нь “Халаасны хулгайчид дампуурсаан. Манай хандивын хайрцаг ч бас дампуурсан. Жуулчид доллар, юань эсвэл 10, 20 мянгатын дэвсгэртүүд уг нь хийдэг юм. Тэндээс овоо юм цугладаг байсан” хэмээн Жанрайсаг бурханы сүмийн гадаа намрын нарны илч дор хийцгүйрэн суух тахилч лам ба харуул хоорондоо хөөрөлдөх аж. Үүнийг сонссон MG “Нээрээ, Ганданд цүнх саваа ч тоохгүй ийм тайван алхаж, ингээд зогсож үзээгүй юм байна шүү дээ” гээд инээв.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хурал ном эрт эхэлдэг учир үргэлж хотын аяллын маршрутын эхний зогсоол байсаар ирсэн. Харин энэ удаад MG Гандангийн төв хаалгаар ормогцоо зүүн талын жижиг байшин руу заагаад “Тасалбар түгээгчийн оронд зурхайч суудаг болчихож” хэмээн өндөр дуугаар бидэнд өгүүлэв. Өнгөрсөн 10 гаруй жил жуулчдад тасалбар түгээхийн зэрэгцээ зав чөлөөгөөрөө зураг зурж борлуулдаг байсан Гонио (Гандангийнхан түүнийг ингэж дууддаг) энэ жил цомхотголд орж, ажлын байраа зурхайчид “тавьж” өгчээ. Түүний хаана юу хийж яваа, эргэж ирэх эсэхийг хэн ч мэдэхгүй байв. Гандантэгчэнлин хийд аялал жуулчлалын 20 гаруй компанитай гэрээлэн жилд 30 орчим мянган жуулчинд үйлчилдэг байжээ.

Ямартай ч Гандантэгчэнлин хийдийнхэн цар тахлын дараа Монголд ирэх жуулчдад зориулан шинээр барьсан Батцагаан дуганд 40 гаруй мянган үзмэртэй, нэг сая гаруй судрын фондтой музейгээ нээхээр шаргуу ажиллаж буйгаа Аялал жуулчлал хариуцсан лам Б.Дашдэмбэрэл ярьсан.

“Ойрд хэдэн америк хөгшиддөө санаа зовоод байгаа болохоор мэдээ их чагнаж байна өө. Хэд нь өнхрөөд өгсөн бол гэхээс сэтгэл зовох юм. Саяхан нэгтэй нь интернэтээр ярьсан болохоор жаахан сэтгэл амар байна” хэмээн шавилхан биетэй Т.Сайлау эгч санаа алдан хэлэв. Тэртээ өнгөрсөн зуунд Налайх хотыг бүтээн байгуулахад оролцохоор ирж байсан Э.Иврайм болон Т.Сайлау зургаан охины аав, ээж бөгөөд жуулчин хүлээн авч зочлуулдаг болоод найм дахь жилтэйгээ золгож буй. Харин энэ жилийн зун хэчнээн урт бас уйтай байгааг хоёр хөгшин ам уралдан ярина. 2005 онд нийслэлийн “Авъяаслаг гэр бүл”-ээр шалгарч байсан дурсгалтай зургаа бидэнд үзүүлэнгээ, жуулчны улирал дөхөөд л гэрээ барьж, шинэ хувцас хэрэглэл оёж хатгаж, хөгжим зэмсэг, дуу бүжгээ зэхдэг байсан тухайгаа хэлээд мөн л санаа алдав. Нас дээр гарсан ч яриа хөөрөө цовоо бөгөөд тод яруу, үйл хөдлөл нь хурц шаламгай байгаагаас ажихад хоёр хөгшний хувьд жуулчдад үйлчилнэ гэдэг мөнгөнөөс илүү амьдралынх нь баяр баясал байж ирсэн нь анзаарагдав.

Э.Иврайм гуайн эхнэр Т.Сайлау “Бид жуулчны компаниудтай хийсэн гэрээний дагуу жуулчдаа тогтмол хүлээж авдаг. Их сайхан ажил. Хүүхдүүдийн маань англи хэл сайжирч, ирэх сургаар нь маргааш бүжиглэнэ, домбордоно гээд л бөөн баяр болдог юм. Манайхаар ирсэн жуулчид маш өндөр сэтгэгдэлтэй, зарим нь бүр баярлаад уйлаад буцдаг” гэлээ. Корона хурдан намжиж, уйтай энэ цаг үе дуусаасай хэмээн ах, эгч хоёр өдөр бүр залбирдаг.  Залбирал биелэлээ олвол жуулчдад зориулсан гэрээ барьж, тоглолтын ганган хувцасаа өмсөхийг тэд юу юунаас илүү хүсэж буй.

Э.Иврайм гуайнх тэтгэврээс гадна жуулчдад үйлчлээд сард сая гаруй төгрөгийн орлоготой ажилладаг аж. Нэмэлт орлогоороо өнгөрсөн жилүүдэд хүүхдээ унаа тэрэгтэй болгож, хоёр ч охиноо гэр бүлтэй болоход нь уламжлалынхаа дагуу ор дэрийг нь базаагаад өгч. Энэ жил бас нэг охиныхоо ор дэрийг зэхэхээр төлөвлөж байсан нь талаар болсонд охин нь “Заавал миний ээлж дээр корона гарах даа яах вэ дээ” хэмээн гомдоллосон гэнэ.

Э.Иврайм гуайн охинд тохиолдсонтой яг ижил явдал Тэрэлжийн Зурхайчийн аманд зусдаг Б.Ганбаатарынд мөн давхацжээ. Монгол ахуйг жуулчдад сурталчлан таниулдаг Б.Ганбаатар гуайнх энэ жил нэг охиныхоо хурим найрыг хийж, орон гэрийг нь төхөөрч өгөхөөр төлөвлөсөн байж. Гэвч цар тахлаас болоод төлөвлөгөө нэг жилээр хойшилж байгааг гэрийн эзэгтэй М.Лхамноржмаа гуай хэллээ.Налайхаас хөдөлж давхисаар харуй бүрийтэй уралдан эднийд ирэхэд М.Лхамноржмаа эгч урд саравчиндаа хурууд өрөөд дуусаж байсан билээ. Бид түүнийг даган цэмбийж цэлийсэн, өрөм цагааны тансаг үнэр хамар цоргим гэрт оров. Жуулчин ирлээ гэж “андуурч” бэлдээгүй байгаадаа гэмээр цэмцгэр гэр, идээ будаа өрөөстэй. Тэрбээр “За боорцог ид. Боорцог ч гэж дээ үйлдвэрийн боов. Жуулчингүй болохоор боорцог хааяа л хийнэ. Даанч хөгцрөөд байх юм. Орсон, гарсан улс иддэг ч жуулчид шиг сонирхохгүй. Жуулчид амтыг нь авчихвал хуруугаа зоогоод л идээд байна шүү дээ” гэсээр биднийг өрмөөр “гоёсон” ширээнд урив.

М.Лхамноржмаа эгч гаднын жуулчингүй ч энэ зун дотоодын аялагчдын хөл хөдөлгөөнд нэлээд дарагдсан гэнэ. Илүү гурван гэрээрээ дотоодын аялагчдад үйлчилж, сүү цэгээгээ зарж борлуулах зэргээр орлогоо залгуулж буй аж. Гэхдээ л жуулчдаас олдог орлоготой харьцуулахад бага. Гаднын том компанийн шалгуурт хүртэл тэнцсэн эднийх үүднээсээ цэмцийх ба бүх ажлаа түүртэхгүй амжуулж, ямар ч цаг үед асаалттай танк шиг бэлэн айл аж. Яг л шүлэг дуу, зохиолд гардаг шиг хоол унд, ааш сайн зочломтгой монгол айлын бодит жишээ байв. MG-ийн хэлснээр бол наадмаар хүртэл наадамлаад “алга болчихолгүй” жуулчнаа тосоод суудаг хариуцлагатай айл ажээ.

“Сайн мэдээ дуулгахад, манай компани 2020 оны зарим аяллаа 2021 онд шилжүүлж, бас ирэх оны аяллын захиалгаа нээсэн. Гэхдээ одоогоор Монголын аялал зарагдсан эсэхийг хэлж мэдэхгүй” гэж MG гол яриагаа эхлүүллээ. Хариуд нь “Кемпински” зочид буудлын Борлуулалтын албаны дарга Ц.Тамир “Гол нь манай хил, гааль юу болох нь уу. Хэзээ нээгдэх нь ёстой бүү мэд” хэмээн эргэлзэнгүй өгүүлнэ. Хорио тогтоож, хил хааснаар орлогынх нь цөм болдог өрөөний үйлчилгээ, хурал уулзалтын арга хэмжээ таг зогссон. “Хил хаах сургаар үйлчлүүлэгчид хугацаанаасаа өмнө гарч, баталгаажсан захиалгууд нүдэн дээр л цуцлагдсан даа” хэмээн тэрбээр ярилаа.

Гэхдээ тэд хүний нөөцөө бусдаас дээгүүрт тавьж, нэг ч ажлын байр цомхотгоогүй, толгой компаниас нь цалингийн 60 хувийг олгосоор өнөөг хүртэл тэссэн. Борлуулалтын албаныхан энд тэндгүй эрвийх дэрвийхээрээ гүйсээр долдугаар сараас гадаадаас ирсэн ирээд хөл хорионд байгаа иргэдэд үйлчилж эхэлжээ. Одоогоор хүчин чадлынхаа 20-30 хувиар л ажиллаж байгааг Ц.Тамир хэллээ.

“Ирэх жилийн тухайд хүлээлт өндөр биш байгаа. Эхний ээлжинд дотоодын жуулчлал, дараа нь зайлшгүй зорчих шаардлагатай хэсэг, албан айлчлалаар зочигчид гэсэн дарааллаар сэргэлт явагдана. Хамгийн сүүлд буюу ирэх оны сүүлчээс л жинхэнэ аялагчдын талаар ярих байх. Гэтэл тэр үед манай аялал жуулчлалын улирал дууссан байна. Тиймээс бараг 2022 оны зунаас наашгүй” гэж тэрбээр салбар дунд яригдаж буй хүлээлтээ хуваалцлаа.

Онгоцны буудлаас “Кемпински” зочид буудал руу гаднын зочин хүргэж ирдэг байсан таксины жолооч Н.Ганзориг Оюутолгойн уурхайн ажилтнуудтай найзууд болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, онгоц буух үеэр тэдний дуудлагаар очиж тосон, зорьсон газарт нь хүргэж өгдөг. Гэхдээ л гаднын жуулчдыг зөөдөг байсан үе шиг орлого сайтай биш байгааг тэрбээр хэлж байв.  Жуулчны маршрут дагуу бол дээрх бүх аяллын дараа урлагийн тоглолт үзэж, урамтай сайхан хоол идэж,  боломж гарвал дэлгүүр хэсдэгсэн. Такси биднийг “Түмэн Эх” чуулгын үүдэнд авчирсан ч бид хаалттай хаалга мөргөлөө. Энэхүү байгууллага 30 жилийн түүхэндээ анх удаа ийнхүү зуны турш хаалгаа барьж, хэт урт амарч үзжээ. Магадгүй уран бүтээлчид нь найр хурим хэсч “халтуур” хийж, орлогын өөр эх үүсвэртэй болсон гэж найднам. Бид тэндээс монгол хоолны өв соёлыг жуулчдад танилцуулдаг “Modern Nomads-1” сүлжээ рестораныг зориход ямартай ч нээлттэй хаалга угтав. Гэвч хүн цөөн, орлого багатай байгааг нэгдүгээр салбарын менежер М.Энхбат хэллээ. Олон жил тасралтгүй өсөлт үзүүлсэн тус сүлжээ рестораны хувьд бат суурьтай тулдаа халаа сэлгээгүй тогтож буй аж.

Монгол оронд тухласан жуулчдын аяллын эцсийн цэг нь “Чингис Хаан” онгоцны буудал байдаг. Хар үүр, харуй бүрийгээр л биш бол, онгоцны буудал хүрэх замдаа жуулчид ноолуурын дэлгүүр ордог тул бид ч мөн дотоодын зах зээлийн 71 хувийг атгадаг “Говь” үйлдвэрийн дэлгүүрээр дайрлаа. Жуулчид ялангуяа, азиуд сүүлийн жилүүдэд багшралдах нь нэмэгдсэн “Говь” үйлдвэрийн төв дэлгүүрт орвол хэр саруул цэлгэрийг мэдэж болохоор сэлүүхэн байв. Энэ жил үйлдвэрийн орлого 80 хувиар тасалдаж, “Галлериа” төв дэлгүүрийн орлого 60 хувь буурчээ. Гэвч Говийнхон угаас аажим ахиулж ирсэн цахим худалдаагаа энэ жил улам эрчимжүүлж, цонх үеийг ашиглаж байна. Хүйтэн сэрүүний ч улирал дөхөж буй учир дотоодын худалдан авалт Говь брэндийн энэ жилийн шархыг бага ч болтугай нөхөх биз ээ.

Эндээс бид аяллаа дуусгахаар онгоцны буудал руу хөдөллөө. Аялал жуулчлалын салбарыг сөхрүүлсэн цар тахал агаарын тээврийн салбарыг шууд “шал долоолгосон”. Хуучин дүрэм журам “цонхоор шидэгдсэн” учир өдгөө онгоцны үйлчлэгч нарын байц, чиг үүргийг харвал “Нисдэг сувилагч” болон хувирчээ. Хамарт цоргим хурц ариутгалын бодис, хамгаалалтын шилэн хаалтуудыг улам олон болгосон гээд тахлын үеийн арга хэмжээнүүд нь онгоцны буудлыг эмнэлэг болов уу гэж андуурахаар өөрчилжээ.

МИАТ компани тусгай үүргийн нислэгүүд үйлдэж байгаа ч нислэгийн тоо энэ жил 75 хувь буурч, эхний хагас жилийн байдлаар орлого нь 45 хувь багасчээ. Үүн дээр 6,7,8 сарын зуны нислэгийн оргил үед алдагдсан орлогыг оруулж тооцвол бууралт нь оны эцсээр нэмэгдэнэ. Онцгой байдлын үеийн арга хэмжээнүүдийн зардал нэмэлтээр орж ирсэн, нислэг цөөрсөн, нэг талдаа хоосон нисэж буй учир нэгж нислэгийн зардал өндөрссөн. Тухайлбал, хагас жилд нэг л удаа сольдог байсан найман сая төгрөгийн өртөг бүхий шүүлтүүрийг өдгөө нислэг бүрээр сольж буй нь эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах зардал хэр зэрэг нэмэгдэж буйн нэг л жишээ. Цар тахал дууссан ч, зарим нэмэлтээр орж ирсэн зардлууд нэг хэсэгтээ хадгалагдахаар байна.  Зорчигчийн тоо 2019 онд 787 мянга байсан бол энэ жил 140 мянга болов. Ачаа тээвэрлэлт эхний зургаан сард 2350 тонн байсан нь жирийн үеийн нэг л сарынхтэй тэнцэнэ. Онгоцнуудын түрээсийн төлбөр болон Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал рүү нүүх ажил ба зардлыг хойшлуулсан, Удирдлагын багийн цалинг 20 хувь бууруулсан гэх мэт арга хэмжээнүүдээр дамжуулан одоогийн үйл ажиллагааныхаа зардлыг хааж байгааг тус компанийн мэргэжилтнүүд учирлалаа. Азаар ч гэх үү, эзээр ч гэх үү МИАТ компани Монгол-АНУ-ын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж чадлаа. Энэ чиглэлд дахиад ч ниснэ. Ингэснээр хоёр орны хооронд шууд нислэг үйлдсэн байх гэдэг АНУ-ын Зам тээврийн яамны шаардлагыг хангаад байгаа юм. Цар тахлын дараа 11 цаг үргэлжлэх Монгол-АНУ-ын шууд нислэг тогтмолжих боломж нээгдэж, олон шаардлагаас хамгийн чухлыг нь биелүүлжээ.

Цар тахал гараагүй байсан бол MG маань Монголоос сэтгэл хангалуун буцаж буй жуулчнаа “баяртай” хэмээн үдэх байсан биз. Тийнхүү нэг нь инээмсэглэл дүүрэн агаарт хөөрөхөд нөгөө нь гэрийн зүг сэтгэл тэнэгэр алхах боломж энэ жил даанч тохиосонгүй. Тэвчээрийн шандас сорьсон энэ “уралдаанд” хэн тэсэж, хэн нь шантарч хоцорсныг илчлэх мэт энэхүү олон хүний түүхийг сонссоны дараа МG “Би энэ сурвалжлагын өмнө их өөдрөг хүлээлттэй байсан юмсан. Сэтгэл санаа нэг л хөндүүр оргичихлоо” хэмээсэн юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Хуульч: Бизнес тань хасах руу орсон ч түүнийгээ нотлох бүртгэл, мэдээллээ сайн хөтлөх хэрэгтэй

Өмнөх нийтлэл

12 сарын сургалтын бүртгэл эхэллээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19