Байгууллагын бодлого бол ямар ч компанийн хамгийн чухал бичиг баримт билээ. Харин уг бодлогод тусгасан зорилгыг биелүүлэхэд хүний нөөцийн бодлого чухал үүрэгтэй. Тэгвэл хүний нөөцийн бодлого гэж яг юу вэ, үүнийг хэрхэн зөв боловсруулах вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Хүний нөөцийн бодлого гэдэг нь хүний чадвар чадамжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэргэшсэн чадварлаг хамт олныг бий болгохын тулд түүнд чиглэсэн зорилго, зорилтуудыг боловсруулахад баримтлах зарчим, хэрэгжүүлэх арга хэлбэр, зохион байгуулалтын нийлбэр цогц юм. 

Хүний нөөцийн бодлогыг боловсруулахдаа хамгийн түрүүнд байгууллагынхаа стратеги, төлөвлөлтэй уялдуулах нь чухал. Бусад компанийн бодлогоос суралцаж болох ч хуулбарлаж хэрхэвч болохгүй. Бодлогыг компанийнхаа хэрэгцээ, нөөц бололцоонд тулгуурлан боловсруулах хэрэгтэй. 

Хүн удирдаж буй хүн бүр хүний нөөцийн менежментэд оролцоотой байх ёстой. 

Бодлогыг боловсруулах үйл явц нь компанийн хүний нөөцийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг тодорхойлохоос эхэлнэ. Хүний нөөцийн бодлого нь ажилтнуудын бодит хэрэгцээ шаардлагаар тодорхойлогддог болохоос захирал хэлсэн болохоор л гээд ямар ч хамаагүй бодлого боловсруулж болохгүй. Хүний нөөцийн мэргэжилтэн алба, нэгжүүдэд тулгарч буй асуудлыг цуглуулж түүндээ үндэслэн асуудлыг тодорхойлдог

Асуудлаа тодорхойлсны дараа үүнийг шийдэхэд чиглэсэн бодлогын хэд хэдэн хувилбарыг боловсруулдаг бөгөөд судалгаа, шинжилгээ хийснээр тохирох хувилбараа сонгох хэрэгтэй. Хувилбаруудыг техник технологид суурилсан, гаднын мэргэжилтнүүдэд суурилсан, сургалт хөгжилд суурилсан зэрэг тодорхой чиглэлд ач холбогдол өгсөн буюу дата, мессеж эсвэл ярианы эрх нь давамгай багцуудтай зүйрлэж болно. Боловсруулсан хувилбаруудаа үнэлэхдээ үр ашиг, хэрэгжих боломж, уян хатан байдал буюу сайжруулах боломж зэрэг шалгуурыг хангасан эсэхийг нягталж тохиромжтойг нь сонгож хэрэгжүүлдэг.  

Бодлого төгс байх албагүй, хэрэгжихүйц байх хэрэгтэй бөгөөд цаашид алхам алхмаар төгөлдөршүүлээд явах нь зөв. 

Асуудлыг тодорхой, ойлгомжтой томъёолох хэрэгтэй бөгөөд асуудлыг шийдэх арга зам, алхмуудыг зааж, үүсч болзошгүй эрсдэл ба боломж зэргийг бодлогодоо нарийн тусгах нь чухал. Эдгээрийг тусгасан байдлыг мөн шалгуур болгож хувилбараа сонгохдоо анхаарвал бодит үр дүнд хүрэхэд тус болно. 

Сонгосон хувилбараа сонгож хэрэгжүүлээд орхиж болохгүй бөгөөд хэрэгжилтдээ үнэлэлт дүгнэлт хийх нь бодлогын үйл явцын нэг хэсэг юм. Хэрэгжилтийг үнэлэхдээ ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа, хэрэглэгчийн сэтгэгдэл, бүтээгдэхүүний чанар болоод ашиг орлого хэр сайжирсан зэрэгт дүн шинжилгээ хийж болдог. Түүнчлэн, ажилтны идэвх санаачлага нэмэгдсэн эсэх, компани хөгжиж дэвшсэн эсэх, салбартаа түүчээлж, цаашлаад нийгэмд нөлөөлж чадсан эсэхийг тогтоож үр дүнг тодорхойлох боломжтой.

Хүний нөөцийн бодлогын үнэт зүйл, баримтлах зарчим, урт хугацааны бодлого боловсруулахад анхаарах зүйлс зэрэг олон сонирхолтой асуудлыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” сургалтын үеэр хөндлөө. Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүрийн 19 цагаас зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт энэ удаа Монголын хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатар оролцож “Хүний нөөцийн бодлого, стратеги боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд ярьлаа. 

Ирэх долоо хоногт “Татварын хуулийн хэрэглээ, шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах вэбинарт “Монголтакс ТМЗ” ХХК-ийг үүсгэн байгуулагч, татварын мэргэшсэн зөвлөх Х.Тунгалагмаа оролцоно. Вэбинарыг угтаж хийсэн подкастыг энэ линкээр орж сонсоорой.

Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Facebook Live: ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан

Previous article

Хүслийн хуримтлалаа үүсгэж эхлэхэд тань туслах тооцооллууд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like