Энэ удаа бид хуримтлалын үр шимээр зорилгодоо хүрэхийг хүсдэг нас насны хүмүүсийн төлөөлөл болсон гурван уншигчийнхаа асуултад Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнээс тодруулан хариулж байна. 

Б.Дөлгөөн /15 нас/

Ирээдүйд өөрийнхөө хүссэн, дуртай зүйлээ хийж, өдөр шөнөгүй ажлын төлөө улайрч гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй амьдрахыг хүсдэггүй. Тийм болохоор 28 настайдаа дансандаа 50 сая төгрөгтэй болчихсон баймаар байна, тэрний тулд одооноос сард хэдэн төгрөг хуримтлуулвал миний зорилго биелэх вэ? 

Г.Б: Хэрхэн 28 насандаа 50 сая төгрөгтэй болох тал дээр хоёр янзаар тооцоолол хийгээд үзье. 

  • Эхнийх нь, 28 нас хүртлээ 13 жил тэнцүү дүнгээр мөнгөө хадгалвал сард хэдэн төгрөг хуримтлуулах хэрэгтэй бодъё.  

Сар бүр 170,000 төгрөг хадгаламжиндаа хуримтлуулбал 13 жилийн дараа гэхэд өөрийн тань хадгалсан мөнгө 26,690,000 төгрөг болно.  Үүн дээрээ нэмээд хадгаламжийн хүүндээ 24,298,692 төгрөг авч нийт 50,988,692 төгрөгтэй болох боломжтой. (Жилийн хүүг 14% тооцоолсон) 

  • Дараагийн сонголт бол 15 насандаа сурагч байх тул арай бага мөнгө хуримтлуулж эхлэн ажил орлоготой болохоороо нэмэгдүүлэх байдлаар тооцож үзье. Тэгэхээр, 22 нас хүртлээ сар бүр 50,000 төгрөг хуримтлуулж, үлдсэн 6 жил сард 380,000 төгрөг хуримтлуулбал нийтдээ өөрөөсөө 31,610,000 төгрөг хуримтлуулах бөгөөд хүүндээ 18,734,116 төгрөг авч нийт 50,344,116 төгрөгтэй болохоор байна шүү. 

С.Бат-Очир /25 нас/

Мэргэжлээрээ ажиллаж сард 1сая 100 мянган төгрөгийн цалин авдаг. Одоогоор эхнэр, хүүхэдгүй учраас мөнгөний хэрэгцээ бага байдаг ч удахгүй надад илүү их “хариуцлага” биелүүлэх шаардлагатай үе ирнэ гэдгийг мэдэж байгаа хэрнээ түүнд бэлдэхийн тулд юу хийхээ сайн мэдэхгүй байна. Би 10 жилийн дараа гэхэд 60 сая төгрөгтэй болчихсон байхыг хүсэж байгаа юм. Сар бүр цалингаасаа хэдийг хураавал  зорилгодоо хүрэх боломжтой вэ?

Г.Б: Хуримтлуулж эхлэхээсээ өмнө тухайн хуримтлалыг юуны тулд үүсгэх зорилгоо тодорхойлон тухайн зорилгынхоо төлөө тууштай байх хэрэгтэй. Хаана байршилтай, аль байранд амьдармаар байна, ямар маркын машин унахыг хүсэж байна, жилд хэдэн удаа гадаад дотоод руу аялмаар байгаагаа хүртэл төсөөлөн бодож, төлөвлөгөөндөө тусгаж байвал хуримтлалын зорилгоо тодорхойлоход илүү амар байх болно. 

Сар бүр 300,000 төгрөгийг 10 жилийн турш хуримтлуулбал өөрөө 36,300,000 төгрөгийг хуримтлуулж хүүндээ 25,800,000 төгрөг авч нийт 62,100,000 төгрөгтэй болохоор байна. (Жилийн хүүг 14% тооцоолсон)

Д.Болормаа /40 нас/

Эмч мэргэжлээрээ 16 жил ажиллаж байна, өтөлж хөгширсөн ч үр хүүхдүүддээ саад төвөг учруулахгүй өөрийгөө аваад явчих юмсан гэж боддог юм. Тэтгэвэрт гарах хүртлээ ахиухан мөнгө хураамаар байна, ямар ямар гаргалгаа байна? Хэдэн төрлийн бүтээгдэхүүнээс сонгох вэ? Миний насны хүнд аль нь илүү үр өгөөжөө өгөх талаар зөвлөөд өгөөч.

Г.Б: Олон төрлийн хүн байдаг. Зарим хүн өнөөдөр байгаа мөнгөө зөвхөн өнөөдөртөө л зарцуулаад илүү жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрахыг хүсдэг бол зарим нь маргаашдаа аль эсвэл ирээдүйдээ санаа зовнин өнөөдрийн орлогоо хэрхэн хуваарилж зарцуулахаа төлөвлөхийг хүсдэг. Та өөрийн эрсдэл үүрч чадах хэмжээндээ тааруулж хуримтлалаа хийх эхлэх хэрэгтэй. 

Богино хугацаанд, эсвэл сар сард нь бага багаар хуримтлал үүсгэхийг хүсч байгаа бол тогтмол өгөөжтэй хадгаламжийн бүтээгдэхүүн сонгон мөнгөө хадгалахыг зөвлөе. 

Хөрөнгө оруулалтын аль ч төрлийг сонгон хөрөнгө оруулалт хийсэн та тухайн хөрөнгө оруулалт хийж буй зүйлээ ойлгох хэрэгтэй.

Зарим хүмүүс хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө авч хөрөнгө оруулалт хийдэг. Та 20 сая төгрөгөөр хувьцаа авлаа гэхэд таны хувьцаа жилийн дараа 5 сая төгрөг эсвэл 30 сая төгрөг ч болох боломжтой. Эсвэл та 50 сая төгрөгөөр нэг өрөө байр авч түрээсийн орлого олж эхэллээ гэж бодоход магадгүй таны авсан байрны үнэ жилийн дараа унан тодорхой хэмжээний алдагдал хүлээх магадлалтай. Хөрөнгө оруулалтын аль ч төрлийг сонгон хөрөнгө оруулалт хийсэн та тухайн хөрөнгө оруулалт хийж буй зүйлээ ойлгох хэрэгтэй. Муугаар бодоход ямар алдагдал хүлээх, сайнаар бодвол та хэдий хэмжээний ашиг хийх боломжтойг тодорхойлж өөрт тохирох эрсдэлтэй бүтээгдэхүүнээ сонгон амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.

Танд тэтгэвэртээ гарах хүртэл ямар хугацаа байгаагаа тодорхойлж, одоо авч байгаа цалинтайгаа харьцуулахад тэтгэвэрт гарах үедээ хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа та тооцож үзээрэй. Тухайн дүн таныг тэтгэвэрт гарахад хангалтгүй санагдвал ирээүйн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тэтгэврийн хуримтлал эсвэл хадгаламж нээлгэн өнөөдрөөс хуримтлуулж эхлээрэй.

60 насандаа тэтгэвэрт гарна, магадгүй тухайн хуримтлуулсан мөнгөний хүүгээ авч нэмэлт орлого олно гэж тооцъё. Та 20 жилийн турш сард 100,000 төгрөг хуримтлуулбал өөрөөсөө 24,100,000 төгрөг хуримтлуулах бөгөөд хүүндээ 33,760,329 төгрөг авч нийт 57,860,000 төгрөгтэй болохоор байна. Харин үргэлжлүүлэн хадгалсаар байх тохиолдолд 57,8 сая төгрөгөөс сард зөвхөн хүүндээ (жилийн хүү – 14%, сарын хүү – 1,16%) 670,000 төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой. Мэдээж та сар бүр 670,000 төгрөгийн хүүгийн орлого авч болохоос гадна таны өөрийн хуримтлал болох 57,8 сая төгрөг цаанаа үлдэнэ.

Эх сурвалж: academy.ard.mn

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 2.50 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Facebook Live: ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан

Өмнөх нийтлэл

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тэг зогсолт хийхэд ойрхон байна 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.