Нэг компани амжилтад хүрэхэд хэдэн зуу нь бүтэлгүйтэж түүхийн хуудаснаас арчигдаж байдаг. Хэн нь үлдэж, хэн нь үгүй болох нь эхэндээ тодорхойгүй байдаг билээ.  Apple, Google, Tesla зэрэг дэлхийн топууд ч анхнаасаа амжилттай байгаагүй бөгөөд ийм компани байх шаардлагатай юу гэдэг эргэлзээг хүртэл төрүүлж байсан удаатай. Нэгэн үед сүйрлийн ирмэгт байсан ч амжилтад хүрч чадсан таван компанийн түүхийг хүргэж байна. 

1. Apple

1997 онд Apple-ийн ирээдүй бүрхэг харагдаж байв. Стив Жобсыг 1985 онд шахан гаргаснаас хойш компанийн стратеги алдагджээ. Microsoft болон IBM улам олон компьютер зарах болсон тухайн үед Apple нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж, ажилтнуудынхаа гуравны нэгийг цомхотгож байв. Гурван сарын дараа Apple дампуурахаар нөхцөл байдал үүссэн байж. 

Apple-ийн үйлдлийн систем олон алдаа дутагдалтай байсан тул удирдлагууд нь Жобсын байгуулсан NeXT компанийг худалдан авчээ. Хэдэн сарын дараа Жобс удирдлагыг дахин гартаа авсан юм. 

Тэрбээр нийт бүтээгдэхүүний 70 хувийг зах зээлээс татсан бөгөөд 1997 оны Macworld Expo дээр гол өрсөлдөгчтэйгээ түншлэх болсноо зарлаж технологийн ертөнцийг донсолгов. Microsoft компани Apple-д 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Mac компьютер дээр Microsoft Office-ийн програмуудыг ашиглах боломжтой болсон юм.

Жобсын энэ шийдвэр олны шүүмжлэлийг хүлээсэн ч сайшаасан хүмүүс цөөнгүй байв. “Apple-ийг дахин хөгжин дэвшихийг хармаар байгаа бол бид зарим ойлголтыг үгүй хийх хэрэгтэй. Apple ялахад Microsoft ялагдах ёстой гэсэн ойлголтоос салах хэрэгтэй” хэмээн тэрбээр тайлбарлажээ. 

Ийнхүү Apple нэг жилийн дотор нэг тэрбумын алдагдлаа 300 сая ам.долларын орлого болгож чадсан юм. Улмаар Жобс “Өөрөөр сэтгэ” аянаа эхлүүлж,  iMac G3 загвараа бүтээжээ. Үүний дараа 2001 онд iPod, 2007 онд анхны iPhone гарч байв. 

Apple бий болгосон экосистем, программ хангамж болон үнэнч хэрэглэгчдийнхээ ачаар 2018 онд олон нийтэд нээлттэй болж их наядаар үнэлэгдэх Америкийн анхны компани болж чадсан юм. 

2. Google

1990-ээд оны дундаас хайлтын системүүд борооны дараах мөөг шиг олшроод байв. Дахиад нэг хайлтын систем бүтээх хэрэг үнэндээ байсангүй. 

Тухайн үед Стэнфордын оюутан Лари Пэйж эдгээр хайлтын системүүд аль сайт илүү найдвартай эсвэл ач холбогдолтой болохыг харуулдаггүйг ажиглажээ. Эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг тогтооход хэдэн удаа эшлэгдсэнийг нь тоолдог шиг систем вэбд дутагдаж байв. Пэйж вэбсайтын backlink буюу холбоосоос санаа авч төслөө BackRub хэмээн нэрлэжээ. 

Уг төсөлд Стэнфордын өөр нэгэн оюутан Сергей Брин эдгээр холбоосыг ашиглан сайтуудыг нэр хүндээр нь эрэмбэлэх алгоритмыг бүтээхэд нь туслахаар нэгджээ. Холбоос ихтэй сайтууд илүү “хүндтэй”-д тооцогдож, хайлтын үр дүнд дээгүүр гарч ирэх болов.

BackRub-ийн хайлтын үр дүн илүү ач холбогдол бүхий сайтуудыг гаргаж байсанд хоёр залуу баяртай байв. Бусад хайлтын систем вэбийн өсөлтийг хадгалах гэж хичээж байхад BackRub-ийн алгоритм вэб томрохын хэрээр сайжирч байсан юм. Тэд бүтээгдэхүүнийхээ нэрийг Google болгон өөрчилж 1996 онд Стэнфордын вэбсайтад байршуулжээ. 

Хэдэн жилийн турш Google тогтмол өсөн дэвжихийн зэрэгцээ хөрөнгө оруулалт татсанаар жинхэнэ компани болох эхлэл тавигдсан юм. Гэсэн ч зах зээлд цойлж гарч ирж чадахгүй байв. Тухайн үед Yahoo хамгийн том хайлтын систем байсан бөгөөд 2002 онд Google-ийг гурван тэрбум ам.доллароор авахаар оролдож байжээ. Google 2004 онд олон нийтэд хувьцаагаа санал болгосон ч төдийлөн амжилтад хүрээгүй. Учир нь хайлтын системээр мөнгө хийнэ гэдэгт хүмүүс итгээгүй аж.

Тэдний буруу байсныг Google баталж чадсан юм. Гэхдээ амжилтад хүрэхээсээ өмнө нэг биш удаа бүтэлгүйтсэн нь үнэн. Тэдгээрээс тоочвол Google Wave, Google Buzz, Google Video, Google Radio Ads гээд олон зүйл бий. Гэсэн хэдий ч Google бүхэл бүтэн салбар, зах зээлийг бүтээгээд зогсохгүй “google-дэх” гэдэг үйл үгийг бий болгосон билээ. Тус компанийг эзэмшигч Alphabet Inc өнгөрсөн жил 161.9 их наяд ам.долларын орлого олжээ. 

3. Tesla

Tesla компанийг бүтэлгүйтнэ гэж хэн бодох вэ дээ? Тийм биз? Тус компанийг үүсгэн байгуулагч Элон Маскийн тухай эхлээд сонирхоё.

Элон Маск Tesla -г амжилтад хүрнэ гэж бодож байгаагүйгээ өмнө нь хэлж байсан. “Бараг л бүтэхгүй байх гэж боддог байсан. Гэхдээ бид ядаж л цахилгаан машин гэхээр л гольфийн тэрэг шиг удаан, царай муутай юм байдаг гэсэн хүмүүсийн ойлголтыг өөрчилж чадна гэж бодсон юм” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагын үеэр дурдсан юм. 

 

Тус компани анхнаасаа одоо буй машинуудтай өрсөлдөх зорилготой байгаагүй юм. Tesla программ хангамжийн компани, машин үйлдвэрлэдэг компани уу эсвэл бүр огт өөр төрлийн компани юм уу гэдэг нь удаан хугацаанд тодорхойгүй байсан билээ.

Энэ тодорхойгүй байдлын улмаас тус компани багагүй асуудалтай тулгарсан юм. 2008 онд компанид чанарын ноцтой асуудал гарж, дампуурах шахаж байв. Хугацаандаа амжиж бүтээгдэхүүнээ гаргаж чадаагүй нь худалдан авагчдыг үргээжээ. Түрүү жил гаргасан Cybertruck нь ч, АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээллээс зөрсөн Маскийн твийтүүд ч тус болсонгүй. 2018 оны эхний есөн сард Tesla-ийн 41 захирал ажлаасаа гарсан байна. 

Tesla-д дургүй олон хүн компанийн тухай таагүй мэдээллийг $TSLAQ (“Q” үсэг нь тус компанийн дампуурлыг илэрхийлж буй) таг ашиглан баяртайгаар олон нийтийн сүлжээнд хуваалцаж байв.

Олон нийтийн шүүмжлэл бизнест нь эрсдэл авчирч болзошгүйг 2019 оны тайландаа дурдсан ч Tesla өсөн дэвжсээр байна. Шүүмжлэгчид олон ч тус компанийг дэмждэг нөлөө бүхий хүмүүс ч цөөнгүй. Өнгөрөгч онд Volkswagen компанийн Гүйцэтгэх захирал Херберт Дисс “Бид Tesla компанийг ихэд хүндэлдэг бөгөөд томоохон өрсөлдөгчөө гэж боддог” хэмээжээ. 

Цахилгаан зайны үнэ буурч буй энэ үед Tesla зах зээлийг эзэгнэж, дүр зураг өөрчлөгдөх тал руугаа эргэж байна. Тэд Apple-тай адил үнэнч хэрэглэгчидтэй бөгөөд цар тахлын улмаас салбар нь есөн хувиар агшаад байхад Tesla-ийн Q3-20 загварын борлуулалт өмнөх загвараас 22 хувиар өсжээ. Тус компани энэ онд 500 мянган машин борлуулахаар төлөвлөсөн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын дундуур хувьцааны үнэ нь 400 хувь өссөн байна.

4. Airbnb

2008 онд Сан Францискод хамтдаа байр хөлслөн амьдардаг Брайан Чески, Жо Геббиа хоёр чуулгад оролцохоор хотод нь ирээд буудал дүүрсний улмаас байрлах газаргүй болсон хүмүүст байр олж өгөх вэбсайтыг бүтээж байв. Хийлдэг гудас, өглөөний цай байхад л өдөрт 80 доллар төлөхөд бэлэн гурван хүн тэдэнтэй холбогджээ. Эндээс сэдэл авсан хоёр залуу 2008 онд Денверт болсон Ардчилсан намын үндэсний чуулгад оролцохоор ирэгсдэд байр олоход туслуулахаар найз Нейтан Блечарзикт хандсан байна. Сайтад нь олон зар тавигдсан ч тэд мөнгө олж чадаагүй юм. 

 

Долоо хоногт 200 ам.долларын орлого олж байсан Airbnb дампуурахад ойрхон байв. Аргаа барсан гурвал кредит картаа шавхаж Obama’s O ба Cap’n McCan’s хэмээх тусгай дизайны хайрцагтай өглөөний хоол гаргаж 30 мянган ам.долларын олжээ.

Энэ зуур тэд байрны эздийн сайтад нь байршуулсан зургууд дээр үеийн камераар авсан, чанар муутай болохыг анзаарчээ. Ийнхүү гурван залуу мөнгө босгон Нью-Йорк хот дахь 40 харилцагчийнхаа байрны зургийг чанартайгаар дарж, зарыг нь сайжруулахад тусалсан байна. Шинэчилсэн профайлын ачаар Airbnb долоо хоногт 400 долларын орлого олсон нь сүүлийн найман сарын хамгийн өндөр үзүүлэлт байв.

Airbnb онцлогтой зах зээлийг бий болгож буйг тэд олж харжээ. Тогтвортой байдлыг эрхэмлэх зочид буудлын үйлчлүүлэгчдийг бодвол Airbnb-ийн зочид хотын төвөөс хол орон сууцны хороололд байрлахыг, сонирхолтой мэдрэмжийг илүүд үзэж байв. Тэд тухайн газрын оршин суугчдаас хаагуур явж, юу үзэхийг асуух хүсэлтэй байв. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд тэд вэбсайтаа шинэчилсэн юм.

Орон нутгийн засаг захиргаа Airbnb-ийн үйлчилгээнд татвар ногдуулах эсвэл бүр хориглох оролдлого хийж байсан ч 2016 оноос тус компанийн ашиг нэмэгдэж эхэлжээ. 2019 он гэхэд Airbnb 31 тэрбум ам.доллароор үнэлэгдэх болсон байна.

Цар тахлын улмаас тус компани ажилтнуудынхаа 25 хувийг цомхотгоход хүрч, дөрөвдүгээр сарын байдлаар үнэлгээ нь 18 тэрбум доллар болтлоо буурав. Гэсэн ч тэд гал тогоотой бөгөөд олон хүнтэй лоббигүй зэрэг зочид буудлаас илүү гарах давуу талаа ашиглан нөхцөл байдлыг эргүүлж чадсан юм. Орлого нь буурсан ч Airbnb энэ оны эцсээр олон нийтэд нээлттэй болохоор төлөвлөж байгаа аж.

5. Disney

Уолт Дисней 20 настайдаа “хангалттай бүтээлч” биш гэдэг шалтгаанаар Миссуригийн нэгэн сониноос халагдаж байжээ. Үүнд төдийлөн сэтгэлээр унаагүй Уолт ах Ройын хамт 1921 онд Laugh-O-Gram студийг үүсгэн байгуулсан ч удалгүй дампууржээ. 

Дансандаа 40 доллартай үлдсэн тэрбээр төрөлх Канзас хотоо орхин Холливудыг зорив. Жүжигчний карьер нь бүтэлгүйтэхэд тэрбээр Disney Brothers Cartoon Studio-г байгуулахад туслуулахаар ахыгаа дууджээ. Уолт анх “Азтай туулай Освалд” богино хэмжээний хүүхэлдэйн киног хийж эхэлсэн ч продюссер нь түүний баг, бүтээлийн эрх, орлогыг хулгайлан одов. Түүний бүтээсэн дараагийн дүр болох Мики Мауз нь Освалд туулай шиг нэрд гарч чадсангүй. Хөрөнгө оруулагчаа олтлоо тэрбээр 300 гаруй банкнаас татгалзсан хариу авч байв. Мики маузын хүүхэлдэйн кино амжилт олсон ч бизнес нь урагшгүй хэвээр байсны дээр Уолт сэтгэлийн хямралд оржээ.

1943 онд Уолт “Цасангоо ба долоон одой” нэртэй бүрэн хэмжээний бүтээл хийх санаа гаргажээ. Зорьсондоо хүрэхийн тулд байраа барьцаалан зээл авах гэж байсан түүнийг ах болон эхнэр нь дэмжсэнгүй. Анх төлөвлөсөн төсвөөсөө зургаа дахин өсгөж 1.5 сая ам.доллар зарцуулахаар шийдсэнийг салбарынхан нь “Диснейн тэнэглэл” хэмээжээ. 

“Цасангоо ба долоон одой” дэлгэцнээ гарсан даруйдаа 8 сая ам.долларын ашиг олж тухайн үед бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино болжээ. Гэвч түүний дараагийн гурван кино гурвуулаа бүтэлгүйтсэн юм. Улмаар ажилчид ажил хаяж, хур их өртэй болов.

Гэхдээ зурагт гарч ирснээр түүний өмнө шинэ боломж үүд хаалгаа нээв. Mickey Mouse Club болон Davy Crockett-ээс олсон орлого нь 1955 онд Диснейлэндийг бүтээхэд хангалттай байв. Үүнээс хойш Disney брэнд тасралтгүй өсөн дэвжсэн юм.

Өнөөдөр Disney тоглоомын парк, бүр өөрийн гэсэн хотхонтой энтертайнмент салбарын аварга тоглогч болжээ. Мөн Уолт Дисней Оскарын шагналд 59 удаа нэр дэвшсэнээс 22 шагнал хүртэж хамгийн олон Оскарын шагнал хүртсэн хүн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байна.

Эх сурвалж: entrepreneur.com

 

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Менежерүүд алсын зайнаас багаа хэрхэн үр дүнтэй удирдах вэ? (№56) 

Previous article

Бизнесээ оюуны өмчөөр баталгаажуулж үнэ цэн бүтээх нь. Бизнес алхам (№57)

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like