Жижиг дунд бизнес бүрд санхүү бүртгэл, тайлангийн ямар нэг тогтолцоо бий болсон байдаг. Зарим нь анхан шатандаа явж байхад нөгөө хэсэг нь харьцангуй сайн, боловсронгуй тогтолцоотой ажиллаж байх жишээтэй. Сайн ч, муу ч тогтолцоо л байгаа бол түүний бүрэн гүйцэт, үнэн зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд үнэлгээ хийж, хяналт тавьж байх шаардлагатай.

Санхүү бүртгэлийн тогтолцоогоо үнэлснээр та бизнесийнхээ “эрүүл мэндийг” оношилж, засаж сайжруулах шаардлагатай асуудлаа мэдэж авах болно. Та ганцаараа зүтгэж буй бизнес эрхлэгч эсвэл хэдэн арван ажилчидтай компани аль нь ч бай таны бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоо ямар байгааг тодорхойлж байж бизнесийнхээ ололт амжилтыг хэмжих боломж бүрдэнэ. Үүний тулд та доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. 

Эзэн болон компанийн данс тусдаа эсэх

Танай компанийн мөнгөн хөрөнгө зөвхөн өөрийн касс, харилцахад байршдаг уу? Компанийн данснаас захирлын хувийн хэрэглээг төлөх эсвэл захирал хувийн данснаасаа цалин тавих, түрээс төлөх зэрэг асуудал гардаг уу?

Гүйлгээ бүрийг өдөрт нь бүртгэдэг эсэх

Мөнгө, бараа материал, түүнчлэн өглөг авлага, үндсэн хөрөнгө нэмэгдэж, хасагдсан гүйлгээ тухай бүр буюу өдөртөө санхүү бүртгэл хийгдэж журнал хөтөлж чаддаг уу? Түүнчлэн, өдөр бүр касс, харилцахын үлдэгдэл санхүүгийн бүртгэл дэх дансны үлдэгдэлтэй тулж таарч байдаг уу?

Бүртгэсэн гүйлгээ бизнесийн үйл ажиллагаатай уялдаатай эсэх

Журнал хөтөлсөн бүх гүйлгээ хэзээ, хаана, хэн, юуг, хэнд, яаж гэсэн асуултад бүрэн хариулж чаддаг уу? Тухайлбал, гүйлгээг “2020 оны 10 сарын 20-нд А салбарын борлуулагч Б нь В барааг Г харилцагчид зээлээр борлуулсан” гэх загвараар бүртгэх хэрэгтэй бөгөөд шаардлагатай бүхий л мэдэллийг багтаасан байх ёстой.

Төлбөр тооцоо хийх эрх нууцлалтай байдаг эсэх

Байгууллагын касс, харилцахаас төлбөр хийх эрх болон тухайн гүйлгээг санхүүгийн бүртгэлд бүртгэх эрх нууцлалтай байдаг уу? Тухайн эрхийг шилжүүлэн ашигласан тохиолдолд бүртгэж хянаж чадддаг уу?

Дараа тайлангийн тооцоог зохицуулсан журам заавартай эсэх

Дараа тайлангийн тооцоо цэгцтэй явж, цаг тухайдаа хаагддаг уу? Тухайлбл, ажилтан бараа татахаар бэлэн мөнгө авч явсан бол дараа тайлангийн тооцоо авлага үүсгэж, тухай бүр хааж чаддаг уу?

Эдгээр болон бусад шалгуур үзүүлэлтээр таны бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх аргачлалыг sanhuuch.mn-ийг үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр танилцууллаа. “Жижиг дунд бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх аргачлал” вэбинарыг энэ линкээр үзэж санхүү бүртгэлийн тогтолцоогоо үнэлээрэй.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс долоо хоног бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинар ирэх долоо хоногт “Төвлөрлийг бий болгох замаар бизнесийг амжилттай өсгөх нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд лектороор Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөх Г.Өлзийбуян оролцоно. Тус вэбинарыг угтаж хийсэн подкастыг энд дарж сонсоно уу.

Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл

Я.Эрдэнэсайхан: Стандарт, журмуудтай танилцаж төслөө бичих хэрэгтэй

Өмнөх нийтлэл

Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх нь цаг хугацаа, зардал хэмнэнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like