Энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1580 орчим ААН-ээс зээл авах хүсэлт ирүүлснээс дөрвөн удаагийн сонгон шалгаруулалт явуулж, сангаас олгох санхүүжилтийн хүрээнд орон нутагт 150 орчим ААН, нийслэл Улаанбаатар хотод 64 ААН-д зээл олгож байна. Ковид-19 цар тахлын дэгдэлт эхэлсэнтэй холбоотойгоор 2020 онд ариутгал, халдваргүйжүүлэлт, амны хаалт үйлдвэрлэл, арьс шир, дайвар бүтээгдэхүүн зэрэг уламжлалт үйлдвэрлэл, ялангуяа цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж буй аялал жуучлалын салбарыг дэмжин зээл олгожээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой, юун дээр анхаарах шаардлагатай талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.

– Зээлийн сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулдаг вэ?

– Цар тахлын улмаас энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар хийсэн. Жижиг, дунд үйлдвэрийн газар 2020 оны төслүүдийг дөрөв, тавдугаар сард хүлээн авч, дөрвөн үе шаттай зохион байгуулсан. Төслийн судалгаа, шинжилгээ хийсэн байдал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуусан. Харин гуравдугаар шатны сонгон шалгаруулалтыг тухайн ААН дээр очиж, бодит байдалтай танилцаж, үнэлдэг. Сүүлийн шатны сонгон шалгаруулалтыг видео, хэлбэрээр танилцуулгыг хүлээн авч, цахимаар явуулсан. Сүүлийн шатанд шалгарсан ААН-үүдийг журамд заасны дагуу улаан шугамаар хувааж, хоёр ангилдаг. Сангийн төсвийн хүрээнд улаан шугамны дээр орсон ААН-үүдэд шууд санхүүжилт олгож эхэлдэг бол, зарим ААН-үүд зээл авахаас татгалзсан тохиолдолд улаан шугамны доор орсон ААН-үүдэд эрэмбийн дагуу санхүүжилт олгох боломж бүрддэг юм.

– Энэ жил хэр их хэмжээний төсвөөр санхүүжилт олгож байгаа вэ?

– 2020 оны төсөвт 50.5 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөсөө санхүүжүүлэхээр УИХ-д баталсан. Гэвч цар тахлын улмаас бизнес эрхлэгчдээ дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу ААН-үүдээс хүсэлт аваад төлбөрийн хоцрогдолгүй, зээлээ хэвийн төлж ирсэн 100 орчим ААН-ийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан. Ийнхүү зээлийн эргэн төлөлтийн дутагдлын улмаас 29.9 тэрбум төгрөг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орж ирсэн. Үүнээс Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бонд, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад олгох ёстой байсны дагуу 11 тэрбум төгрөгийг гаргасан. Ийнхүү энэ жил 9.1 тэрбум төгрөгийг нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд олгож байна.

– Жижиг, дунд үйлдвэрлэгч гэж хэн бэ, уг зээлд хэн хамрагдах боломжтой вэ?

– 2019 онд баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн дагуу Жижиг, дунд үйлдвэрлэгч гэж хэн болохыг тодорхойлж, “бичил”, “жижиг”, “дунд” хэмээн гурав ангилсан.

Жижиг, дунд үйлдвэрлэгч гэдэг нь 200 хүртэл ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэл оролготой ААН-ийг хэлнэ. Бичил ЖДҮ нь 10 хүртэл ажилтантай, 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, жижиг ЖДҮ нь 10-50 ажилтантай, 1 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, дунд хэмжээний ЖДҮ нь 200 хүртэл ажилтантай, 2.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой ААН-ийг хэлнэ.

Ийнхүү эдгээр ангиллын дагуу бичил бол 300 сая төгрөг, жижиг ангилалд орж байгаа бол 1 тэрбум төгрөг, дунд ангиллын ЖДҮ бол 2.5 тэрбум төгрөг хүртэл зээл авах боломжтой. Харин төрийн өндөр албан тушаалтантай хамааралтай, өмнө нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудаас зээл аваад, зээлийн зөрчил үүсгэж байсан, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу түүхтэй ААН-д зээл олгох боломжгүй.

– Төсөлд ямар стандарт, шаардлага тавьдаг вэ?

 – Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төсөл сонгон шалгаруулах хороо нь долоон гишүүнтэй. Дөрвөн гишүүн нь Төсвийн удирдлагын хүрээлэн ТББ-ын төлөөлөл байдаг. Уг хүрээлэнгээс төслийн стандартыг боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газраар батлуулсан. Мөн зах зээлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх наад захын шалгуурыг төслийн сонгон шалгаруулалтад тавьдаг. Төрөөс гарч буй бодлого, шийдвэрүүдийг хүлээн авч, Жижиг, дунд үйлдвэрийн газрын вэбсайт http://smefund.gov.mn/ руу нэвтрэн орж, дүрэм журмуудтай танилцан, үүнд нийцүүлэн төслөө бэлдэхийг зөвлөж байна.

– Зээл авахад барьцаа хөрөнгө шаардахгүй байх боломжтой юу?

– Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгож буй санхүүгийн эх үүсвэр манайд хязгаарлагдмал байгаа учраас заавал барьцаа хөрөнгөтэй байж зээл авах боломжтой байна. Гэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тавьж буй шаардлага нь банкны барьцаатай харьцуулахад арай хөнгөн шалгууртай байдаг. Барьцаа хөрөнгийг мэргэжлийн үнэлгээний компаниуд, үнэлгээг баталгаажуулах хороогоор баталгаажуулж авдаг. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас барьцааныхаа 60 хүртэлх хувьд баталгаа гаргуулж, дэмжлэг авч болдлог. Гэхдээ санхүүжилтийн хязгаарлагдмал байдлын улмаас манай сангаас зээл авч байгаа ААН-үүд Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжгүй. Харин ААН-үүдэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс банкнаас зээл авч буй ААН-үүдэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх зохицуулалттайгаар энэ төрлийн зээлийг олгож байгаа юм.

 – Зээлийг олгож эхэлснээс хойш ямар үр дүн гарав?

– Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг 2009 онд байгуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд  986 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг (Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бонд, төсөв, сангийн зээлийн эргэн төлөлт зэргээс) бүрдүүлж нийт 7900 ААН-д зээл олгожээ. Үүнээс 2100 орчим нь шинээр байгуулагдсан үйлдвэр, 5000 гаруй нь үйлдвэрээ өргөтгөх чиглэлээр зээл авсан байна. Уг хөтөлбөрийн үр дүнд 50 мянган ажлын байр шинээр бий болж, 35 мянган ажлын байрыг хадгалж үлджээ.

– Цар тахлын үед жижиг, дунд үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

– Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Засгийн газраас Эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай тогтоол баталсан. Уг тогтоолд банк болон зээлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад зээлийн үндсэн төлбөр, хүүгээ хойшлуулах чиглэл өгсөн. Үүний дагуу, ХХААХҮ-ын сайдын арваннэгдүгээр сарын 23-ний тушаалаар зээлийн хэвийн төлөлттөй, өмнө нь зөрчил үүсгээгүй ААН-үүд хүсэлт гаргавал ирэх долоодугаар сар хүртэл үндсэн зээл, хүүг нь хойшлуулахаар болсон. Харин зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй ААН-үүдийн тухайд өмнөх зөрчлөө арилгасан тохиолдолд цаашид дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн энэ жил шинээр зээл авч буй ААН-үүдийн хувьд цар тахлын үед үйл ажиллагаа нь хэвийн явах боломжтой гэж үзэн зээл олгосон учраас энэхүү зээл хойшлуулах шийдвэр үйлчлэхгүй.

– 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хэр хэмжээний санхүүжилт олгох вэ?

 – Ирэх онд зээлийн эргэн төлөлтөөсөө 54 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд зээл олгох төсөв батлагдсан. Гэвч долоодугаар сарын 1-н хүртэл зээлийн эргэн төлөлт, хүүг хойшлуулсантай холбоотойгоор энэ орлого тасарч байгаа юм. Урьдчилсан тооцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн орлого орж ирэхээр байна. Бид мөн 2021 онд Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бондын эргэн төлөлт болох 41 тэрбум төгрөгийг гэрээгээр өгөх ёстой. Гэхдээ ирэх жилийн хувьд, төсвийн бус, доноруудын санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжихийг зорьж байна. Саяхан ЖАЙКА-тай хамтарч 10 гаруй ААН-д өндөр дүнтэй зээл олгосон. Цаашид Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл зэрэг төслүүдэд хандаж санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Т.Сарангуа

“Зөвлөхүүд хамтдаа” цахим чуулган зохион байгуулна

Previous article

Санхүү бүртгэлд тань ийм алдаа гардаг уу?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Санхүү