Судалгааны авторын тухай: 

Б.Мөнхжаргал “Баланскарт” зөвлөх компанийн захирал.  Улсын их дэлгүүрийн эрхлэгч, Наран Трейд компанид сүлжээ дэлгүүр хариуцсан захирал, Таван богд компанид Гүйцэтгэх захирал зэрэг удирдах ажлууд хийж байсан. 

Монголын жижиг дунд бизнес эрхлэгч, удирдагч нар бусдыг татах ур чадвар, болзошгүй шагналаар ажилчдыг удирдан чиглүүлэхийг илүүд үздэг.

СУДАЛСАН ЗҮЙЛ

Хөгжиж буй орнуудын жижиг дунд  бизнесийн салбарын удирдлагад тулгардаг нэг асуудал бол өндөр чадварын манлайлал хомс байдагт оршдог. Манай  орны хувьд ч мөн адил юм. Энэхүү судалгааны зорилго нь манлайллын аль арга барил нь Монголын жижиг дунд бизнесийн байгууллагуудын гүйцэтгэлд илүү хүчтэй нөлөө үзүүлж байгааг судлах зорилготой хийгдсэн.

Мөн манлайллын арга барилаа менежер өөрөө сонгож болохыг харуулсан судалгаа юм.

Монголын жижиг дунд бизнесийн байгууллагууд дээр хийсэн империк судалгааны үр дүнг энд танилцуулж байна. Судалгааны ажлын үр дүнг жижиг дунд бизнесийн удирдах  ажилтнуудын удирдлагын арга барилыг сайжруулах асуудал, энэ чиглэлээр хийгдэх болон хийгдэж байгаа манлайллын талаархи судалгаанд бүрэн ашиглах боломжтой.

Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын удирдах ажилтнуудын манлайлал болон бизнесийн  гүйцэтгэлийн талаар ажилтнуудаас судалгаа авсан. Уг судалгаанд нэг талаас жижиг дунд бизнес, бизнесийн гүйцэтгэл, нөгөө  талаас удирдлагын арга барил гэсэн үзүүлэлтүүдийг авч судалсан.

Бизнесийн гүйцэтгэл

Судалгааны асуулгын эхний хэсэгт  тухайн бизнесийн гүйцэтгэлийг  тодорхойлох  5 гол хүчин зүйлийг оруулж өгсөн болно. 

  1. Нэмэлт хүчин чармайлт
  2. Үр нөлөө
  3. Сэтгэл ханамж
  4. Бүтээмж
  5. Үнэнч байдал/ амлалт

Удирдлагын арга барил

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Өөрчлөлтийг эрхэмлэх манлайллын арга барил болон Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барилыг судлаачид  илүүтэйгээр авч үзэх болсон. Бид  манлайллын  дээрхи хоёр гол арга барилыг жижиг дунд бизнес маш хурдацтай өөрчлөлтөөр өрсөлдөөнд давуу байдлыг олж авахад чухал нөлөөтэй гэж үзэн судалгаа хийсэн. 

Судалгааны асуулгын дараагийн хэсэгт тухайн оролцогчдын удирдлагын арга барилыг дараах үндсэн 2 арга барилаар тодорхойлж байгаа бөгөөд дотроо арга барилыг тодорхойлох ур чадварын асуултуудыг оруулж өгсөн болно. 

–           Өөрчлөлтийг эрхэмлэх манлайллын арга барил

  1. Бусдыг татах ур чадвар
  2. Урам зориг өгөх чадвар
  3. Ухаалаг, оюунлаг чадвар

–           Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барил

  1. Болзошгүй шагнал
  2. Дүрэм журмыг сахиулах ур чадвар

Судалгааны өгөгдлийг Улаанбаатар хотын 8 дүүргээс  санамсаргүй байдлаар сонгогдсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд ажилчид, менежерүүд дээр хийсэн ярилцлага, санал асуулгын тусламжтайгаар олж авсан болно.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд Өөрчлөлтийг эрхэмлэх манлайллын арга барил нь ямар байна вэ?

1.Бусдыг татах ур чадвар  

Судалгааны эхний хэсэг болох Бусдыг татах ур чадвар хэсгийн 5 асуултыг нэгтгэж харахад байгууллагадаа үргэлж шинэ боломжуудыг эрэлхийлдэг гэдэг дээр хамгийн өндөр  хариултыг өгсөн байна. Харин Ажилчдынхаа ирээдүйд юуг зорьж байгаад санаа тавьдаг гэсэн хариултыг хамгийн бага сонгосон байна. Үүнээс харахад Жижиг дунд бизнес эрхлэгч удирдлагууд ихэвчлэн байгууллагын үр дүнд төвлөрч ажилчиддаа бага анхаарал хандуулдаг арга барилтайг харуулж байна. Мөн  ажилчидтайгаа байгууллагынхаа  ирээдүйн мөрөөдлийнхөө талаар байнга хуваалцаж, тэдний ирээдүйн төлөвлөгөөнд нь урам зориг үргэлж өгдөг байх хэрэгтэйг харуулсан байна.

  1. Урам зориг өгөх чадвар

Урам зориг өгөх чадварын үнэлгээ дээр ажилчид Ярихаасаа илүүтэй хийж байгаагаараа биднийг манлайлдаг гэсэн хариултыг бусад хүчин зүйлүүдээс өндрөөр үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл бусдад хэлэх бус, биеэр үлгэрлэн хийх замаар манлайлдаг менежерийн чадвар нь ажилчиддаа урам зориг өгдөг гэж дүгнэж болно. Харин Дагаж мөрдөх сайн загвараар хангадаг гэсэн үзүүлэлт дээр хамгийн бага хариултыг өгсөн байна. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгч, удирдлагууд өдөр тутмын ажилдаа анхаараад ажлын сайн загвар болон урам зориг өгөх тал дээр  сул байгаа тул цаашид анхаарч ажиллах шаардлагатай нь харагдаж байна. Мөн өөрийн биеэр үлгэр жишээ болж удирддаг үзүүлэлтээ одоогийн байгаагаас  сайжруулвал  ажилчдад урам зориг өгөхөд нэмэлт хүч болох юм.

  1. Ухаалаг, оюунлаг чадвар

Ухаалаг, оюунлаг чадвар үнэлгээн дээр ажилчид өмнөх Бусдыг татах ур чадвар, Урам зориг өгөх чадвар үнэлгээнүүдээс бага үнэлгээг өгсөн байна. Гэсэн ч энэ үнэлгээ дотроо Надад тохиолдсон асуудлуудын талаар шинээр дахин бодож үзэхэд хүргэдэг гэсэн хариулт дээр өндөр үнэлгээг өгсөн байна.

Удирдагч нь ажилчдыг урьд өмнө хэзээ ч бодож үзээгүй зарим санаагаа дахин эргэцүүлэн бодож, ажилчдаа шинэ арга замаар асуудлаа дахин бодож үзэхэд түлхэц өгдөг, ажилчдыг эндүүрэл хийхэд хүргэдэг зүйлийг удирдагч өөрөөр харах арга хэлбэрээр хангасан үед ажилтнууд оюун ухаанаар өдөөгддөг гэж  харагдаж байна.

Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн Өөрчлөлтийг эрхэмлэх манлайллын арга барилын хувьд:

Жижиг дунд бизнесийн удирдлагын Өөрчлөлтийг эрхэмлэх арга барилын нийт дундаж үнэлгээг ажилчид 3.52 гэж үнэлсэн бөгөөд энэ дундаас бусдыг татах ур чадвар хамгийн өндөр байдаг гэж тодорхойлсон байна. Харин Ухаалаг оюунлаг чадвар нь бага үнэлгээг авсан байна. Мөн урам зориг өгөх ур чадвараа  хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж гарсан байна.

Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барил нь ямар байна вэ?

  1. Болзошгүй шагнал

Болзошгүй шагнал үзүүлэлтийг дараахи байдлаар үнэлсэн байна. Судалгаанаас харахад Жижиг дунд бизнесийн ажилчид ажлаа сайн гүйцэтгэж байгаа үед удирдагч нь үргэлж эерэг хариу үзүүлдэг, ажлаа маш сайн хийсэн үед нь  тэр онцгой анхаарал хандуулдаг, тэр ажилчдаа магтахад тэд ажлаа дунджаас илүү дээгүүр хийдэг, ажлаа маш сайн гүйцэтгэсэн үед удирдагч ажилчдаа биечлэн магтдаг гэсэн хэсэгт хамгийн өндөр үнэлгээг авсан тул Монголын жижиг дунд бизнес эрхлэгч удирдагч нар  цаг тухайд нь шагнал өгдөг гэж дүгнэж болохоор байна. Харин Миний ажлын сайн гүйцэтгэлийг ихэвчлэн олж анзаардаг, Илүү цагаар ажиллахад биечлэн магтдаг гэсэн хэсэгт хамгийн бага үнэлгээнүүд авсан байна.

  1. Дүрэм журмыг сахиулах ур чадвар

Дүрэм журмыг сахиулах ур чадвар хэсэг дээр Хазайсан үед минь үргэлж түргэн зөв арга хэмжээг авдаг үнэлгээ дээр хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин алдаа дээр хэт төвлөрөх, хийж байгаа ажлыг нь цаг тухай бүрт нь шалгах тал дээр бага үнэлгээ авсан нь сайн юм.

Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барилын хувьд:

Жижиг дунд бизнес эрхлэгч удирдлагын Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барилын  нийт дундаж үнэлгээг ажилчид 3.14 гэж үнэлсэн бөгөөд үүнийг Өөрчлөлтийг эрхэмлэх манлайллын арга барилтай харьцуулахад бага байна. Тиймээс Монголын Жижиг дунд бизнесийн  удирдлагуудын удирдлагын арга барил нь Өөрчлөлтийн манлайллын хэв маяг давамгайлсан байна.

Монголын жижиг дунд бизнесийн гүйцэтгэл нь ямар байна вэ?

  1. Нэмэлт хүчин зүтгэл гаргадаг

Нэмэлт хүчин зүтгэл гаргадаг эсэх дээр Ажилчдаасаа илүү их хүчин чармайлт гаргуулж чаддаг дээр өндөр үнэлгээг авсан байна. Харин Биднийг амжилтанд хүрэхийг уриалж, зорилгоо биелүүлэх болон эерэг нэмэлт зан авирыг өдөөдөг дээр бага үнэлгээ авсан байна. Үүнээс харахад гүйцэтгэл өндөр байхыг чиглүүлж ажилладаг ч ажилчдын өмнө эерэг нөлөөлөл бага үзүүлдэг болох нь харагдаж байна. Мөн Ажилчиддаа нэмэлт хүчин чармайлт гаргаж дээд зэргийн гүйцэтгэлд хүрэх сэдлийг өгөх тал дээр анхааран ажиллах хэрэгтэй гэж гарсан байна.

  1. Үр нөлөөтэй арга барил

Үр нөлөөтэй арга барилаар ажилладаг эсэх дээр Шууд удирдлага маань  дээд шатны байгууллагын өмнө багаа үр дүнтэйгээр төлөөлдөг хэсэг дээр өндөр үнэлгээг өгсөн байна. Энэ нь шууд удирдлагадаа итгэл үзүүлдэг болох нь харагдаж байна. Харин Шууд удирдлага маань үр дүн сайтай, байгууллагын зорилгод нийцэж бүхий л ажилдаа өндөр үр дүн гаргадаг гэсэн үзүүлэлт дээр анхаарах хэрэгтэй гэж гарсан байна. 

  1. Сэтгэл ханамжтай ажилладаг эсэх

Сэтгэл ханамжтай ажилладаг эсэх дээр Шууд удирдлага удирдлага маань  зөөлөн дулаан, халамжтай, шударга, хүндэлмээр хүн гэсэн хариулт дээр олон хүн өндөр үнэлгээ өгсөн байна. Жижиг дунд бизнес эрхлэгч байгууллага нь цөөн ажилтантай, шууд удирдлага тулж ажиллах боломжтой байдаг тул энэ үнэлгээ өндөр гарсан байх боломжтой. Харин Шууд удирдлага маань ажилчдынхаа сэтгэл ханамжийг бий болгож чаддаг, нийгмийн ур чадвар сайтай, ажилчдынхаа сэтгэл ханамжыг дээшлүүлэх чадвартай гэсэн үзүүлэлт дээр анхаарах  хэрэгтэй нь харагдаж байна.

  1. Бүтээмжтэй, үр дүнтэй байдаг эсэх

Бүтээмжтэй, үр дүнтэй байдаг эсэх дээр Шууд удирдлага маань гарч болох саадыг хамгийн бага байлгахад тусалж, багаа зааварчилж ажилладаг хэсэг дээр өндөр үнэлгээг өгсөн байна. Шууд удирдлага маань боломжтой бүхий л нөөц болоцоог ашиглан хамгийн шилдэг үр дүн гаргахыг зөвшөөрдөг, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд ажилчдаа маш сайн чадавхижуулдаг гэсэн үзүүлэлт дээр ажиллах хэрэгтэй нь харагдаж байна.

  1. Үнэнч сэтгэлээр ажилладаг эсэх

Үнэнч сэтгэлээр ажилладаг эсэх дээр Шууд удирдлага маань тухайн ажлын талаар бүрэн мэдлэггүй байлаа ч гэсэн миний ажлыг дээд хэмжээнд хамгаалдаг дээр өндөр үнэлгээг авсан байна. Шууд удирдлага маань намайг бусдын дайралтад орох үед миний хамгаалалт болдог тал дээр бага үнэлгээ авсан байна.

Жижиг дунд бизнесийн гүйцэтгэлийн дээрх 5 арга барилын нийт дундаж үнэлгээг ажилчид 3.54 гэж үнэлсэн байна. Үүнээс Сэтгэл ханамжтай ажилладаг хэсэг нь бусдаасаа өндөр харагдаж байна.  Нэмэлт хүчин зүтгэл гаргадаг эсэх, оновчтой арга барилаар ажилладаг эсэх, Сэтгэл ханамжтай ажилладаг эсэх, Бүтээмжтэй, үр дүнтэй байдаг эсэх, Үнэнч сэтгэлээр ажилладаг эсэх дээр  одоогийн түвшингээс сайжруулах хэрэгтэй байгааг харуулж байна.

Судалгаанаас харахад Үр нөлөөтэй арга барилаар ажилладаг эсэхтэй удирдлагын арга барил хамгийн өндөр хамааралтай байгаа бөгөөд гүйцэтгэлийн энэ хэсэгт удирдлагын арга барил чухал нөлөөтэй гэж харагдаж байна.  Нэмэлт хүчин зүтгэл гаргадаг эсэх дээр удирдлагын  бусдыг татах ур чадвар өндөр хамааралтай байна. Сэтгэл ханамжтай ажилладаг эсэх дээр  бусдыг татах ур чадвар болон Урам зориг өгөх ур чадвар хамгийн өндөр хамааралтай байна.

Дээрхээс дүгнэж харахад удирдлагын арга барил нь жижиг дунд бизнесийн гүйцэтгэлтэй өндөр хамааралтай байдаг нь харагдаж байна.

Дүгнэлт

  • Энэхүү судалгаа нь Монголын жижиг, дунд бизнесийн байгууллагуудын гүйцэтгэлийг сайжруулахын тулд манлайллын ямар арга барил тохиромжтой болохыг мэдэх зорилготой байсан.
  • Судалгаанд Улаанбаатар хотын нийт 527 жижиг, дунд бизнесийн байгууллагын ажилчид, менежерүүдээс санал асуулгаар өгөгдөл мэдээлэл цуглуулсан
  • Өөрчлөлтийг эрхэмлэгч манлайллын арга барил болон гүйцэтгэлийг эрхэмлэгч манлайллын арга барил нь Монголын жижиг дунд бизнесийн удирдах ажилтнуудын түвшинд 60-75%-тайгаар илрэн гарч байна.
  • Бизнесийн гүйцэтгэлийг 5 хүчин зүйлсээр хэмжиж үзэхэд 68-75%-илрэн гарсан байна.  
  • Жижиг дунд бизнес эрхлэгч удирдлагын Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барилын нийт дундаж үнэлгээг ажилчид 3.14 гэж үнэлсэн бөгөөд үүнийг Өөрчлөлтийг эрхэмлэх манлайллын арга барилтай харьцуулахад бага байна. Тиймээс Монголын Жижиг дунд бизнесийн  удирдлагуудын удирдлагын арга барил нь Өөрчлөлтийн манлайллын хэв маяг давамгайлсан байна.
  • Өөрчлөлтийг эрхэмлэгч манлайллын арга барил нь бизнесийн гүйцэтгэлийн нэмэлт хүчин чармайлт, үр нөлөө, сэтгэл ханамж гэсэн үзүүлэлтүүдтэй эерэг хүчтэй хамааралтай байна.
  • Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барил нь бизнесийн гүйцэтгэлийн бүтээмжид эерэг хамааралтай, харин үнэнч байдал/амлалтанд сөрөг хамааралтай байна.
  • Монголын жижиг дунд бизнес эрхлэгч, удирдагч нар бусдыг татах ур чадвар, болзошгүй шагналаар ажилчдыг удирдан чиглүүлэхийг илүүд үздэг. Бусад урам зориг өгөх, ухаалаг оюунлаг чадвар , дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулвал жижиг дунд бизнесийн гүйцэтгэлд эерэг хүчтэй нөлөө үзүүлэх нь харагдаж байна.

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

  • Өөрчлөлтийг эрхэмлэх манлайлалын арга барил нь гүйцэтгэлд илүү хүчтэй нөлөөлж байгаа тул энэ арга барилыг Монголын жижиг дунд бизнесийн байгууллагуудад ашиглахыг санал болгож байна. Учир нь Өөрчлөлтийн манлайллын арга барил нь  ажилчдын дунд илүү их таалагдсан арга барил байсан бөгөөд манлайллын үр нөлөө, ажилчдын сэтгэл ханамж, илүү их хүчин чармайлт гаргахад бэлэн байдагтай холбоотой байв.
  • Судалгаанаас харахад Өөрчлөлтийг эрхэмлэх манлайлал болон гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын арга барилыг илүү өндөр зорилгод хүргэхийн тулд нэмэлт байдлаар хэрэгжүүлсэн байх шаардлагатай байна. 
  • Мөн Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайллын Болзошгүй шагнал нь бүтээмж, үнэнч байдал зэрэг гүйцэтгэлийн үр дүнд эерэг нөлөө үзүүлдэг тул Хүлээлтээс давсан Гүйцэтгэлд хүрэхийн тулд үүнийг  Өөрчлөлтийн удирдагч нар ашиглах хэрэгтэй. 
  • Хүнийг урт хугацаанд хөдөлгөх гол хүч нь мөрөөдөл байдаг. Энэхүү мөрөөдөл нь ажилдтнуудын ажиллах хүчний ундарга болдог учраас удирдагч нь үргэлж ирээдүйн мөрөөдлийнхөө талаар ажилчидтайгаа хуваалцаж, ажилчдынхаа ирээдүйн төлөвлөгөөнд нь урам зориг үргэлж өгч байвал хамт олны дунд болон ажилтан дотроо бахархах сэтгэлийг төрүүлж, хүндлэл, итгэлийг олж авдаг, ажилчдын өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө хөгжүүлэх , амжилтанд хүрэхэд нөлөөлөх итгэлийг бий болгодог хүчин чармайлт, гүйцэтгэл, сэтгэл ханамжид хүчтэй нөлөөлдөг байна.
  • Байгууллагын удирдлага нь бүх ажилчиддаа урам зориг өгч байлдан дагуулах үүрэгтэй ч өөрийн удирдлагад ажиллаж буй удирдлагын багийн гишүүд  болон бүх менежерүүдээ нэг бүрчлэн удирдан зохицуулж ажиллах  нь хамгийн чухал юм.
  • Байгууллагын бодлого, дүрэм журам ажлын зааварчилгаа, ажлын стандартаа хэрхэн тодорхойлох түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр арга барилаа сайжруулвал дүрэм журмын гүйцэтгэлд үзүүлэх эерэг нөлөө нь нэмэгдэх юм.
  • Удирдагч хүн бодлогоо яриад ойлгуулаад зогсохгүй  өөрөө урд нь гарч  үлгэрлэн өөрөөсөө  хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Гэрээсээ илүү бүтээлч ажиллах зөвлөмж

Өмнөх нийтлэл

Хархорум Дижитал Академи нээгдлээ

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. СвЭнэ судалгааг гүйцэтгэсэн судлаачтай холбогдох майл хаягмутсыг илгээнэ үү баярлалаа

    1. 99500208

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.