Бизнесээ хэрхэн амжилттай өсгөх вэ? Энэ асуултад олон янзаар хариулж болно. Гэхдээ эцсийн дүнд өсөлт дэвшлийн тухай ярихын тулд юун түрүүнд өдөр тутмын ажлаа цэгцлэх хэрэгтэй гэдэгтэй зөвлөхүүд санал нэгддэг. 

Ямар ч байгууллагын ажлыг өдөр тутмын ба өсөлтөд чиглэсэн төслийн шинж чанартай гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж болдог. Өдөр тутмын буюу процессын ажилд үйлдвэрлэл, борлуулалт, сурталчилгаа, санхүү бүртгэл зэрэг байнгын давтамжтай ажлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, процессын ажлууд нь компани одоодоо оршин тогтнох нөхцөлийг бий болгож байдаг хүчин зүйл юм. Харин өсөлт хөгжилд чиглэсэн буюу төслийн ажилд шинэ зүйл нэвтрүүлэх, бодлого, стратеги хэрэгжүүлэх зэрэг компани ирээдүйд оршин тогтнох нөхцлийг бүрдүүлдэг ажил багтдаг. 

Компани өсөн дэвжихийн тулд өдөр тутмын ажлыг процессжуулж өөрөө ажилладаг систем бүрдүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт л дараагийн асуудал буюу өсөлтийг хэрхэн бий болгох тухай ярих боломж бий болно. 

Өсөлтийг бий болгох нэг чухал ажилд бүхий л анхаарал, нөөц бололцоогоо төвлөрүүл.

Өсөлтийг бий болгох аргуудын нэг бол төвлөрөл юм. Өөрөөр хэлбэл, өсөлтийг бий болгох нэг чухал ажилд бүхий л анхаарал, нөөц бололцоогоо төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Үүний тулд таны баг нэгдсэн зорилготой байх ёстой. Багийн гишүүд юунд хүрэх гэж зүтгэж буйгаа мэддэг бөгөөд тэр нь нэг тэмүүлэл байх хэрэгтэй. Баг нэг чиглэлд нэгдэж чадсан эсэхийг шалгах энгийн арга бол удирдлагын багийн гишүүн бүрээс “Танай байгууллага 3-5 жилийн дараа юунд хүрсэн байх вэ? Энэ зорилгодоо хүрэхийн тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил юу вэ?” гэж асуух юм. Хэрэв хариултууд зөрж байвал баг тань нэг чиглэлд нэгдэж чадаагүй байна гэсэн үг. 

Захирал толгойд буй стратегиа цаасан дээр буулгаагүй эсвэл тухайн санаагаа багийнхаа гишүүн бүрд ойлгуулж чадаагүй нь баг нэгдэж чаддагүйн гол шалтгаан болдог. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд хамгийн чухал ажлуудыг багтаасан энгийн ойлгомжтой нэг хуудас стратеги төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Нэг хуудас төлөвлөгөөнд компанийн 3-5 жилийн дараах дүр зураг, жилийн төлөвлөгөө буюу хүрсэн байх үр дүн, асуудал, боломжууд болон улирлын төлөвлөгөө буюу төслийн ажлууд товч тодорхой багтсан байх ёстой. 

Улирлын төлөвлөгөөнд өсөлтөд чиглэсэн ажлуудыг тусгах бөгөөд тухайн улиралд зөвхөн тэр ажилдаа төвлөрч ажиллах нь илүү үр дүнд хүргэдэг байна. Өсөлтөд чиглэсэн ажилдаа төвлөрөхөд танд дараах дөрвөн зарчим тус болно.  

Өдөр тутмын үйл ажиллагааг цэгцлэх

Дээр дурдсанчлан байнгын давтамжтай ажлуудыг процессжуулах нь өдөр тутмын ажилд бага цаг зарцуулж өсөлтөд чиглэсэн ажилдаа төвлөрөх боломжийг бүрдүүлдэг. Үүнээс гадна цагийн менежментийн матрицын тусламжтай ажлаа ач холбогдлоор нь ангилж өдөр тутмын ажлаа цэгцлэх боломжтой.

Чухлыг чухал бусаас ялгах

Хэрэв та ямар нэг ажлыг чухал гэж үзсэн бол бусдыг нь чухал биш гээд орхиж сурах хэрэгтэй. Ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж хамгийн чухал ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүл. Эс тэгвээс бүх ажил чухал мэт санагдаж бүгд рүү нь ороод байвал та хүссэн үр дүндээ хүрэхгүй. 

Нэг удаад цөөн зүйл дээр төвлөрөх

Олон ажлыг зэрэг хийж байгаа, нэг зүйл дээр төвлөрч байгаа хоёр хүний нэг ажилдаа төвлөрч байгаа нь илүү бүтээмжтэй байдаг. Хүн бүрийн онцлог өөр хэдий ч нэг удаад нэг зүйлдээ төвлөрч ажиллах нь илүү үр дүнтэй байдгийг олон судалгаагаар баталсан байдаг. 

Улирлын давтамжтай төлөвлөж хянах

Байгууллагууд ихэвчлэн жилийн төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу ажиллахаар тогтдог. Гэвч тэр төлөвлөгөөний дагуу бүх ажил явагддаг туршлага хэр олон байдаг бол? Жилийн төлөвлөгөө гаргах нь явцад өөр ажлууд гарч ирэх, улмаар хэрэгжилтийг хянах боломжгүй болгодог сул талтай бол төлөвлөлтгүй эсвэл хэт богино хугацаар төлөвлөх нь ажилтнууд үр дүнд бус үүрэг даалгавар биелүүлэхэд чиглэсэн хандлагатай болох эрсдэлтэй. 

Төвлөрлийг бий болгох тухай эдгээр болон бусад аргуудыг “Төвлөрлийг бий болгох замаар бизнесийг амжилттай өсгөх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөх Г.Өлзийбуян танилцууллаа. Энэхүү вэбинарыг энэ линкээр үзэж зөвлөмжүүдийг бизнестээ хэрэгжүүлээрэй. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс долоо хоног бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинар ирэх долоо хоногт “Дэлхийн түвшний менежерийн ур чадварт суралцах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд лектороор Гүрэн Академийг үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн оролцоно. Тус вэбинарыг угтаж хийсэн подкастыг энд дарж сонсоно уу. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх линк: https://business.mn/wroom/ 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Дэлхийн түвшний менежерийн ур чадварт суралцах нь. Бизнес цэнэг (№ 65)

Өмнөх нийтлэл

Ц.Түмэнцогт: Зэсийн баяжмалын үйлдвэр, цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх шаардлагатай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.