Өнөөдөр дэлхий дахин XXI зууныг “Азийн зуун” болно гэж ярьж байна. Энэхүү улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны томоохон шилжилтийн тэргүүн эгнээнд жагсахын тулд Азийн улс орон бүр өөрийн стратегиа боловсруулж, аль хэдийн ажилдаа оржээ.

Энэ зуун бол хүний оюуны, мэдлэгийн ширүүн өрсөлдөөнтэй зуун болох нь нэгэнт тодорхой болсон. Мэдлэгийг мэдээж хүн л бүтээх учир улс орон бүрийн хөгжлийн стратегийн цөм нь хүнээ хөгжих бололцоогоор хангахад оршиж байна.

АНУ-ын Сити Группын гаргасан судалгаагаар (2010) 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийг Энэтхэг улс 86 их наяд ам.долларын ДНБ-тэйгээр тэргүүлж, Хятад улс 80 их наяд ам.долларын ДНБ-тэйгээр удаалахаар тооцоо гарчээ. Орос улс л гэхэд 7.8 их наяд, харин Япон улс 6.5 их наяд ам.долларын эдийн засгийн чадавхтайгаар эхний 10-т жагссан байна. Зөвхөн Азид Монгол улсыг тойроод 200-аас хол илүү их наяд ам.долларын эдийн засаг, зах зээл бүрэлдэн тогтох дүр зураг гарч байна.

Дэлхийн эдийн засаг 2050 онд ямар байх талаар олон таамгууд байгаа ба Азийн олон улс орнууд эдийн засгийн чадавхиараа давамгайлах ерөнхий дүр зураг тодорч буй. Сити Группын тус тайланд Хойд Америк болон баруун Европын дэлхийн эдийн засагт эзлэх хувь 2010 онд 41 хувь байснаасаа 2050 он гэхэд 27 хувь болж буурна гэж таамаглажээ.

Харин Монгол улс, монгол компаниуд энэ том зах зээл, эдийн засгаас тэнгэрийн умдагийг хэрхэн атгах бол?

Хүн төрөлхтөний түүхэнд хоёр шинжлэх ухааны хувьсгал, гурван технологийн (аж үйлдвэр ч гэж хэлдэг) хувьсгал гарч, дэлхий өнөөдөр аж үйлдвэрийн нийгмээс мэдлэгийн нийгэмд шилжих замдаа эрэлт буцалтгүй орсон тухай мэргэжилтнүүд ярьж байна.

Image for post

Шинжлэх ухааны анхны хувьсгал нь Коперникоос Ньютон хүртэлх орчин үеийн физикийн хувьсгал. Хоёрдахь  нь Эйнштейний харьцангуйн онол, Квантын онолоор эхэлж партиклийн физик, орчин үеийн генетик, компьютерийн шинжлэх ухаан болон технологийн хувьсгалыг үүсгэсэн аж.

Технологийн нэгдүгээр хувьсгал нь хөдөлгүүрийн технологиор эхэлж, уул уурхай, хими, тээврийн салбарын хувьсгалуудыг дагуулсан. Хоёр дахь хувьсгал нь цахилгаан хөдөлгүүр, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан холбоо, гангийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, машин, онгоц, электрон тоног төхөөрөмж зэрэг бидний өнөөдрийн амьдралын суурийг тавилцсан. Гуравдахь технологийн хувьсгал нь электронжилт, мэдээллийн технологийн эрин үеийг хэлдэг аж.

Өдгөө дэлхийн хөгжсөн, хөгжиж байгаа орнууд айсуй гурав дах шинжлэх ухаан, дөрөв дэх технологийн (аж үйлдвэрийн) хувьсгалыг угтаж үүний ашгийг хүртэхийн тулд тус тусын стратегиа боловсруулж, институтээ байгуулж эхлээд удаж байна. Энэ хувьсгал нь шинэ биологи болон биотехнологи, мөн шинэ физик буюу сансар, цаг хугацааны хувьсгал байх ба шинэ биологийн болон физикийн эрдэм шинжилгээний институтийг үүсгэж, тухайн шинэ мэдлэгээс гарч ирэх технологийг хөгжүүлэх зорилготой шинэ судалгааны төвүүдийг олноор байгуулж байна.

Монгол улс, монгол компаниуд энэхүү шинэ мэдлэгийн эдийн засгийн эринд ямар оролцоотой байх бол?

Дээр дурдсанчилан, энэ зууны томоохон өөрчлөлтийн төв нь хүн байх учир XXI зуун бол хамгийн их хөгжих боломжийг олгох бөгөөд хэн шинэ мэдлэгийг хамгийн ихээр үйлдвэрлэж чадна тэр улс орон, албан байгууллага, компани оршин тогтнох боломжтой эрин зуун болох нь.

Өдийг хүртэл бидний мэдлэгт суралцах ба түүнийг дамжуулах арга барил болон дамжуулах институцид (боловсролын бүх шатны байгууллагууд) реформ хийхийг шинэ эрин шаардаж байгаа бөгөөд дэлхийн улс орнууд аль хэдийн нүүдлээ хийгээд эхэлчихлээ.

Дан ганц бодоод хангалтгүй, бодохын тухай бодох, заасныг суралцаад хангалтгүй суралцахын тухай суралцах, өөрөө өөрийнхөө суралцах хүслийн жигүүр болох, механикаар хийх бус хийхийн тухай дахин бодох, цаашлаад хүн байхын суурь ойлголтуудтай хурдан танилцаж, шинэ эрин үед нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бидэнд бий болжээ.

Автор: Б. Мөнхбат

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Энэ сард зохион байгуулагдах арга хэмжээ

Previous article

Б.Жавзан: Хувь хүний зан төлөвөөс байгууллагын зан төлөв, хөгжил эхэлдэг

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR