“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой Оюу Толгой төслийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Коронавирусийн дэгдэлтийн улмаас улс орнуудын эдийн засаг хүнд сорилттой тулгарч байгаа энэ цаг үед Оюу толгой төсөл ямар ололт, амжилттай ажиллаж байна вэ? Цар тахал төслийн хэрэгжилтэд ямар нөлөө үзүүлэв?
-Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд бизнесүүдэд сөргөөр нөлөөлж байгаатай адил Оюу Толгойн үйл ажиллагаанд ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Цар тахлын улмаас 2020 оны эхний улиралд зэсийн экспорт буурсан боловч гуравдугаар улирлын байдлаар зэс, алтны үнэ өсч төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн экспортын түвшинг эргэн сэргээхийн тулд үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны эрсдэлийг нарийн тооцоолж, тэдгээрийг хянах, урьдчилан сэргийлэх хатуу хяналтын арга хэмжээ нэвтрүүлж, тууштай хэрэгжүүлж байна.

Эдгээр хяналтын арга хэмжээг төрийн захиргааны болон эрх бүхий байгууллагуудын удирдамж, дэмжлэгтэйгээр боловсруулан, хэрэгжилтийг хангахаар чармайн ажиллаж байна. Ингэснээр зэсийн баяжмалын экспортын хэмжээг эргэн сэргээж, үйлдвэрлэж буй бүх баяжмалыг аюул осолгүйгээр гадаадын зах зээлд гаргаж буй.

-Энэ хүнд цаг үед Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татаж буй цор ганц том төсөл нь Оюу толгой болж байна. Оны эхний хагас жилийн байдлаар хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд байна вэ? Цаашид гүний уурхайг тогтвортой ажиллуулахад нэмж хөрөнгө татах талаар яригдаж буй. Энэ ажил ямархуу явцтай байна вэ?
– 2010-2020 оны хооронд Оюу Толгой төсөлд ойролцоогоор 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Үүнээс 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг сүүлийн таван жилд хийсэн.

“Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” (TRQ) компанийн хооронд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг гүйцээх ажлыг хурдасгах зорилгоор энэ оны есдүгээр сарын 10-нд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, дараах асуудлыг тохиролцсон. Нэгдүгээрт, төслийн санхүүжилтийн зохицуулалтыг төслийн шинэчилсэн төлөвлөгөө, хугацаа, мөнгөн урсгалтай илүү уялдуулах, түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудтай холбоотой үндсэн зээлийн эргэн төлөлтийг шинэчлэн тогтоох, хоёрдугаарт, төслийн санхүүжилтийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 500 сая ам.долларын нэмэлт зээлийг босгох асуудлыг эрэлхийлэхээр талууд тохирсон.

Мөн “Рио Тинто” компани санхүүжилтийн шийдэл дээр байр сууриа илэрхийлсэн. Тус компанийн Зэс, Очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал А.Сойрат “TRQ-тай тохиролцс­он санамж бичиг нь Оюутолгойн гүний уурхайн төслийг дуусгах санхүүжилтийн тодорхой арга замыг тодорхойллоо. Уурхайн хамгийн үнэ цэнтэй хэсгийг бүх оролцогч талын ашиг сонирхолтой нийцүүлэхийн тулд энэхүү боломжийг бий болгож, далд уурхайн төслийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд бид TRQ болон Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн ажиллах болно” гэж ярилцлагадаа дурдсан.

-“Эрдэнэс оюу толгой” компани тус төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх талаар ямар бодитой ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Уул уурхайн салбараас орж буй өгөөжийг ерөнхийд нь шууд болон шууд бус гэж хоёр хуваадаг. Шууд өгөөжид татвар, ногдол ашиг гэх зэрэг улсын болон орон нутгийн төсвийн орлогыг хэлдэг. Харин шууд бус өгөөжид ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын ханган нийлүүлэлт, бүсийн хөгжил, цаашлаад тэдгээрийг өргөжүүлэхтэй холбоотой асуудал ордог.

“Оюу Толгой” ХХК 2010 оноос өнөөг хүртэл улсын болон орон нутгийн төсөвт 1.7 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн бол худалдан авалттай холбоотой НӨАТ, ажилтнуудын НДШ зэрэгт ойролцоогоор нэг тэрбум ам.долларыг харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад шилжүүлсэн байна. Үүнээс гадна ханган нийлүүлэлтийн сүлжээгээр 400 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ хийж, ойролцоогоор 3000 орчим ажлын байр бий болгосон. Түүнчлэн 2016 оноос Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор нийгмийн дэд бүтэц, тогтвортой хөгжил, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдан зохион байгуулах ажлын хүрээнд жил бүр таван сая ам.долларыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан хэрэгжүүлж байна.

Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор, 144 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж 70-80 хүний ажлын байр бий болсон, нэгдсэн хяналтын лаборатори бүхий Мал эмнэлэг зэрэг иргэдийн итгэлийг хүлээсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ.

Гэхдээ төслөөс хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас зээлийн хүүг буруулах, төслийн зардлын өсөлтөд хяналт тавих, зардлыг бууруулах, гэрээг боловсронгуй болгох чиглэлээр олон ажлыг өнгөрсөн жилүүдэд гүйцэтгээд байна.

-“Рио тинто” бол дэлхийн хэмжээний том компани. Энэ компанитай үр өгөөжтэй, харилцан хамтарч ажиллахад “Эрдэнэс Оюу толгой” компанийн бүтэц, боловсон хүчин, бодлогын тал дээр та юуг анхаарч ажиллаж байна вэ?
-УИХ-ын 92 дугаар тогтоолоор Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд тус тогтоолд “Оюу Толгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх” гэж тусгасан. Үүний хэрэгжилтийг хангах хүрээнд төслийн Монголын талын хувьцаа эзэмшигч байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажил явагдаж байна. Мөн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд шинэчлэл хийж байна.

-Оюу толгой төслийн худалдан авалтад Монголын компани, бизнесийг түлхүү оруулах тал дээр ямар бодлого, дэмжлэг шаардлагатай байна вэ? Үндэсний бэлтгэн нийлүүлэгч компаниудын чадавхыг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-2010 онд үндэсний худалдан авалтын хэмжээ 114 сая ам.доллар байсан бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар өсөн нэмэгдэх дүнгээр 3.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. 2020 оны эхний хагас жилийн байдлаар 400 орчим үндэсний компанитай хамтран ажиллаж, Өмнөговь аймагт бүртгэлтэй 70 гаруй ханган нийлүүлэгчээс 608 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авсан байна.

Хэдийгээр үндэсний худалдан авалтын хэмжээ нэмэгдэж байгаа ч уг зарцуулалтын хэдэн хувь нь Монгол Улсад нэмүү өртөг хэлбэрээр үлдэж байгааг тодорхойлох, цаашид улам өсгөх зорилгоор “Монголд үйлдвэрлэв” стратегийг боловсруулсан. Ингэснээр ханган нийлүүлэлтийн найдвартай сүлжээг хөгжүүлж, орон нутаг төдийгүй улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дорвитой түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа. “Монголд үйлдвэрлэв” төслийн эхний үе шатанд баяжмалын уут, аюулгүй ажиллагааны хувцас, хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэж байсан бол одоогийн байдлаар тээрмийн ган бөмбөлөг, цахилгаан хуваарилах байгууламжийг үйлдвэрлэж эхлээд байна.

Өмнөговь аймагт үйлчилгээний чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн худалдан авалтын боломжийг өсгөх нь “Оюу толгой” ХХК-ийн нэн тэргүүний зорилт бөгөөд ханган нийлүүлэлтийн сүлжээний зардлыг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг.

-Оюу Толгой төсөл саяхнаас эрчим хүчний зарим хэрэглээг дотоодоос авдаг боллоо. Цаашид энэ хэрэглээг дотоодоос бүрэн хангахад хувьцаа эзэмшигч талууд юунд анхаарч ажиллах ёстой вэ?
-Монгол Улсад эрчим хүчний үйлдвэрлэлийн нөөц байхгүйн улмаас Оюу Толгой төсөл зөвхөн сүүлийн дөрвөн жилд 650 сая ам.долларын эрчим хүчийг Өвөр Монголын эрчим хүчний системээс худалдаж авсан.

Тавантолгойн цахилгаан станцыг төр өөрийн хөрөнгөөр барих, төрийн өмчит цахилгаан станцын асуудлыг Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад байна.

Тус гэрээнд Засгийн газрын санхүүжүүлж барих төрийн өмчит цахилгаан станцыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх бөгөөд Өвөр Монголын Эрчим хүчний компанийн гэрээний сунгалт болон төрийн өмчит цахилгаан станцын Цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ зэрэг чухал гэрээ, хэлцлүүдийг байгуулна гэж заасан. Мөн 2021 оны долдугаар сараас өмнө цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, түүнээс хойш 48 сарын дотор төслийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангаж эхлэх төлөвлөгөөтэй байна.

Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолын дагуу “Тавантолгойн цахилгаан станц” төрийн өмчит ХХК-ийг байгуулж, төслийн санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 70 хувийг Хөгжлийн банк санхүүжүүлэхээр хэлэлцэж байна.

Гүний уурхайг эхлүүлэх нөхцөлийг хангахтай холбогдуулан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний хугацааг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах асуудлаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь “Өвөр Монголын эрчим хүчний олон улсын хамтын ажиллагааны компани”-тай гэрээний хэлцэл хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

2021 оны гуравдугаар сараас хэтрүүлэхгүйгээр төрийн өмчит цахилгаан станцын “Цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ”-г байгуулах нь төслийн гүний уурхайтай холбоотой зээлдэгч нараас авах санхүүжилтийн асуудалтай шууд холбогдож байгаа бөгөөд эрчим хүчний хангамж тасалдахгүй байх нь гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх үндсэн шаардлага болоод байна.

-Оюу Толгой төслийн дунд болон урт хугацааны хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанитай нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон нутгийн иргэдтэй таатай харилцаа бий болгох, хөгжүүлэх, хадгалах, эдийн засаг, нийгмийн хөгжилд оролцох, ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх тухайн орон нутгийн иргэдийг түлхүү ажиллуулах, орон нутгийн компаниудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авалтаар дэмжих, орон нутагт хөрөнгө оруулах, үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг нэмэгдүүлэх замаар өгөөжийг нь хүртэх байр суурийг улс орнууд баримталж ирсэн байдаг.

Иймд бид стратегийн хөрөнгө оруулагчидтай олон хүний ажлын байр бий болгох зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Монгол Улсаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний худалдан авалтыг өргөжүүлэх цахилгаан станц зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дунд болон урт хугацаанд нийтэд зарлагдсан бүтээн байгуулалтын ажилд стратегийн хөрөнгө оруулагч нараас нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө босгох, олон нийтэд хандсан, тухайлбал бүс нутгийн хөгжилд чиглэсэн ажлуудыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгаа ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсний дагуу “үр өгөөж” гэдгийг хуулиар тодорхойлох шаардлагатай байгаа.

-Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэгтэй ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан гаргасан УИХ-ын шийдвэрийн хэрэгжилт, гэрээний нөхцөлийг сайжруулах, харилцан ашигтай байх, төслийн мэдээлэл ил тод байх зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өгнө үү.
-“Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 174 дүгээр захирамжаар байгуулагдаж, улмаар Засгийн газрын 2020 оны 74 дүгээр “Төлөвлөгөө батлах тухай” тогтоол гарч, УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

Дээрх 74 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаал гарч, Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зохицуулах үүрэг бүхий Санхүүгийн асуудал хариуцсан, Хуулийн асуудал хариуцсан, Техникийн хамтарсан гурван хэсгээс бүрдсэн Ажлын дэд хэсгүүд байгуулагдаж, тэдгээрийн ажлын удирдамжууд батлагдаад байна.

Ажлын дэд хэсгүүд нь Монгол Улсын төслөөс хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал дүгнэлт боловсруулж буй. Жишээлбэл, Монгол Улсын хүртэх өгөөжийг дээшлүүлэхтэй холбоотой санхүүгийн модель шинэчлэн боловсруулах, хувь нийлүүлэгчдийн зээл, хувьцааны санхүүжилт тэдгээрийн хүү, менежментийн төлбөрийн суурь зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргах ажлууд хийгдэж байна.

-Ковидын дараах Монгол Улсын эдийн засаг Оюу Толгой төсөл дээр тулгуурлаж явах болов уу? Та үүнтэй санал нийлэх үү?
-Ковид-19 цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг голчлон уул уурхайн бүтээгдэхүүнд тулгуурлан сэргэх боломжтой. Ойрын 2-3 жилд зэс, алт, коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой, буурахгүй байх хандлагатай байна. Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, 2022 оноос олборлолт, экспорт нь нэмэгдсэнээр төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ улам өсөх болно.

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Бизнесийнхээ өсөлтөд төвлөрөхөд баримтлах 4 зарчим

Previous article

Эможи, стикер нь үгээр хэлж чадахгүй харилцааны өнгө аясыг нөхдөг

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like