Мессеж болон нийгмийн сүлжээ сайтын хэрэглээ өсөхийн хэрээр харилцаа холбоо ч хөгжиж буй. Арван жилийн өмнө энгийн мессеж бичих нь хэвийн үзэгдэл байсан бол аажмаар текстийг дүрс болгон хувиргаж, дараа нь эможи, одоо бүр стикер, GIF-ийг цахим орчинд өргөн ашиглах болсон. Өнөөдөр дижитал харилцааны ертөнцөд стикерүүд ноёрхож байна. Харин тэднийг зөвхөн “тоглоом” мэт ойлговол алдаа болно.

Япон соёл дэлхийд түгэв

Хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн эмотиконууд нь 1970, 1980-аад оны үед Баруунд дэлгэрч байсан бол эможи нь 1990-ээд онд Японд үүсчээ.  Япончуудын харилцааны хэлбэрт эелдэг байдал, үг хэллэггүйгээр өөрийн санаагаа илэрхийлэх уламжлал байдаг. Тэд харилцаандаа буруу ойлголт төрүүлэхээс аль болох зайлсхийдэг. Захидал, харилцаандаа л гэхэд хүндэтгэлийн үг хэллэг, цаг үе, улирлын өнгө аясыг тусгасан мэндчилгээ зэргийг оруулдаг. Харин 1990-ээд онд имэйлийн хэрэглээ нь Япончуудын уламжлалт харилцааны нарийн ширийн зүйлсийг арилгаж, илүү албан бус хэв маягтай болгожээ. Энэ үед жижиг вэб хуудас хөгжүүлэгчид компьютерийн гар ашиглан олон янзын сэтгэл хөдлөл харуулсан дүрслэлийг бүтээн ашиглах болов. Ялангуяа охидын дунд зүрхэн хэлбэрийн дүрслэлийг ашиглах нь түгээмэл байлаа.

Харин дараа нь Японы үүрэн телефоны NTT Docomo компанийн хүсэлтээр Шигэтака Күрита гэгч олон тэмдэгт ашиглалгүйгээр, дан ганц график бүхий дүрслэлийг бий болгох шийдлийг гаргаж, анхны эможи багцыг бүтээжээ. Эможи гэдэг нь Японы “зураг”, “үсэг” гэсэн хоёр үгнээс гаралтай үг юм. Ийнхүү охид зүрхийг түгээмэл хэрэглэдэг байсны адилаар эможи нь 2000 оны үед Японы залуу эмэгтэйчүүдийн дунд өргөн тархжээ.

Харин эможи дэлхий дахинд тархсан түүх 2008 онд Apple компани iPhone утсаа Японы зах зээлд танилцуулсан үйл явдалтай холбоотой. Тухайн үед iPhone утсанд эможи байхгүй байсан нь япончуудын анхаарлыг төдийлэн татаж чадахгүй байв. Харин Apple-ийн функцэд эможи нэвтрүүлсэн Япон дахь хамтрагч SoftBank-ний Ерөнхийлөгч Масаёши Сон, “Эможигүй имэйл нь Японд имэйл хэмээн тооцогдохгүй” гэж хэлсэн байдаг. Ийнхүү Apple Японы зах зээлд гаргасан бүтээгдэхүүндээ эможи нэмж, дараа нь 2011 онд дэлхий даяар iPhone үйлдлийн систем дээрээ эможи нэмж байжээ.

Эможи олон арван саяын бизнес болсон нь

Зөвхөн Facebook Messenger дээр л гэхэд хэрэглэгчид өдөр бүр 22 сая GIF, харин үүнээс 16 дахин их буюу 380 сая гаруй стикер илгээдэг байна. Хэрэв WhatsApp ашигладаг бол мөн л стикерийг гарамгай сайн ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Мөн Өмнөд Солонгосын хамгийн том хайлтын үйлдлийн систем хөгжүүлэгч Naver компанийн хөгжүүлсэн Line аппликэйшн эможи соёлд хамгийн том нөлөө үзүүлж буй. Line платформын хэрэглэгчид өдөрт 389 сая стикер хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл 11 мессеж тутмын нэг нь стикер агуулсан мессеж байдаг аж. Harris Poll-оос хийсэн судалгаагаар 18-34 насны хүмүүсийн 36 хувь нь бусадтай харилцахдаа стикер, GIF, эможи ашиглахыг илүүд үздэг гэсэн байна.

Ийнхүү сүүлийн хэдэн жилийн хугацаанд стикер нь харилцааны түгээмэл хэрэгсэл болж, технологийн компаниудын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болсноос гадна брэндүүд, олны танил алдартнууд ч стикерийн үнэ цэнийг ойлгож эхэлсэн. Ким Кардашиан, Ариана Грандэ, Жастин Бибер зэрэг алдартнууд стикерүүдийг сурталчлах болсон. Кардашианы гэр бүлийн “Киможи” нэртэй стикерийн цуглуулга худалдаанд гараад 1 минутын дотор 1 сая ам.долларын ашиг олжээ. Line-ийн стикерүүдийг бүтээдэг Line Friends корпораци K-Pop урсгалын BTS хамтлагийн гишүүдийн стикерүүдийг гаргахад 10 өдрийн дотор 8 сая хэрэглэгч татаж авсан байдаг. Line Creators Market үйл ажиллагаагаа эхлүүлээд эхний зургаан сарын хугацаанд топ 10-т эрэмбэлэгдсэн стикерүүдийн багц нь дунджаар 36.8 сая иен буюу 340.000 ам.долларын ашиг олжээ. Дижитал бүтээгдэхүүнүүдээс гадна Line компани Нью-Йоркоос Шанхай хүртэл 150 гаруй жижиглэн худалдааны дэлгүүртэй бөгөөд Line Friends-ийн дүрүүд загварын хувцас, цахилгаан барааны хэрэгсэл зэрэгт өргөнөөр ашиглагддаг.

Дижитал хэл

Стикерүүд нь анх зугаа цэнгэлийн зориулалттай хэрэглэгдэж байсан бол өнөөдөр цахим ертөнцийн “дижитал хэл” болж хувирсан. Нэрэлхүү зантай хүмүүс тэр бүр хэлдэггүй  “гунигтай байна” гэсэн санааг Line-ийн эгдүүтэй, гунигтай баавгайны зургийг ашиглан илэрхийлэх боломжтой. Эможи, стикер нь хүмүүсийн харилцааны хэлбэрийг өөрчлөхөд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Ялангуяа цахим орчинд хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илүү тусгаж, тэдгээрийг харагдахуйц хэлбэрт оруулж өгсөн. BuzzFeed-ийн копи эдитор Эмми Ж.Фавилла, “Эможи нь биднийг бичгийн хэлнээс холдуулж буй хэрэг биш, харин үгээр илэрхийлж чаддаггүй харилцааны өнгө аясыг нөхөж байгаа юм.” гэж хэлжээ.

Энэ чиглэлээр өмнө нь хийж байсан судалгаануудын дүгнэлтүүдээс онцлоход;

  • Ашиглахад хялбар, харилцааг илүү хөнгөвчилдөг.
  • Зугаа цэнгэлийн зориулалттай бөгөөд харилцааг хөгжилтэй, эрч хүчтэй болгодог.
  • Хүний мэдрэмж, сэтгэгдийг илүү нарийн илэрхийлэхээс гадна үл ойлголцлоос зайлсхийх боломжийг бүрдүүлдэг.
  • Утга санааг илүү ойлгомжтой болгож, виртуал орчин дахь аман бус элементүүдийг нөхдөг гэжээ.

Стикер нь шинээр найз нөхөд болж буй, дотно биш хүмүүсийн хооронд хамаагүй эрсдэл багатай харилцааг бүрдүүлдэг. Мөн нийгмийн харилцаанд орохдоо нээлттэй биш хүмүүст стикер нь ямар нэг таагүй, эвгүй асуудлаас зайлсхийх боломжийг олгодог. Эмотиконууд нь сөрөг нөхцөл байдлаас илүү эерэг агуулгаар хэрэглэгдэх нь түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөлийг хэтрүүлэн ашиглах нь хүмүүсийг уйдаах, эсвэл тухайн илгээгч хүнийг хайхрамжгүй харагдуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Т.Сарангуа

Ц.Түмэнцогт: Зэсийн баяжмалын үйлдвэр, цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх шаардлагатай

Previous article

Дэлхийн түвшний менежер байхын тулд эдгээрт суралц

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like