Бизнест мөнгө, хөрөнгө оруулалт, хүний нөөц гэх мэт бүх зүйлс хязгаарлагдмал байдаг. Харин нөөцийг хэр оновчтой зохион байгуулж, удирдах нь “Бизнесийн цагаан толгой”-оо сайн үзсэн хүний хийж чадах ажил. Тэгвэл тухайн бизнес  хэдэн хүнтэй, том, жижгээс үл хамааран зайлшгүй байх ёстой үүрэг, функцүүд байдаг. Энэ тухай маркетер, судлаач Б.Анхбаяр хүн бүрийн мэдэх гурван хүүтэй өвгөний үлгэрээр төлөөлүүлэн тайлбарлажээ. Бизнесээ эхлэхдээ анхнаасаа зөв ойлголт аваад эсвэл асуудлаа тэр дор нь засаад явбал цаашдаа таны бизнес зөв голдирлоор явах болно.

Бизнест “энтрепренер, мэргэжилтэн, менежер” гэсэн гурван төрлийн ажилтан нэг дор байх хэрэгтэй. Үүнийг хольж сольж ойлгох нь түгээмэл байдаг.

Гурван хүүтэй өвгөн нэгэн өдөр хүүхдүүдээ дуудан ингэж ярьжээ. Аав нь насаараа та гурвынхаа сайн сайхны төлөө амьдарсан. Бие дааж бизнес хийхэд эрсдэл үүрдэг, авхаалж самбаа хэрэгтэй. Харин би гэр бүлээ эрсдэлд оруулхаас айсан учраас насаараа бусдын бизнест “гүйцэтгэх удирдлага”-ын түвшинд ажиллаж ирлээ. Одоо шинээр бизнес эрхлэхэд нас явж, бие гүйцэхгүй болжээ. Харин та гурав маань бие биенээ нөхөөд гэр бүлийн бизнесээ эхлүүлбэл яасан юм бэ? Аав нь бизнесийн стратеги, менежментийг яаж зохистой хэрэгжүүлэх, хүний нөөцийн тохиромжтой бодлого явуулах, ямар алдаанаас хэрхэн сэргийлэх талаар өөрийн олон жилийн туршлага мэдлэгээрээ та гуравт зөвлөе гэжээ. Энэ тохиолдолд үлгэрт гарч буй өвгөний дүр нь “ментор” юм.

Харин ууган хүү нь аавынхаа хэлсэн үгний дараа, би маркетингийн мэргэжилтэй. Надад олон жил бодсон бизнесийн санаа байна. Зах зээлд хангагдаагүй эрэлт хэрэгцээ байгаа учраас шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд, өндөр ашиг олох боломж байна. Хэрэглэгчид юу хүсэж байгааг маркетингийн судалгаагаар тодруулсан. Одоо хөрөнгө оруулагч хэрэгтэй байна. Шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлж, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч зэрэг төрөл бүрийн стратегийн түншүүдээ олж, гэрээ байгуулъя гэж том хүү хэлэв. Үүнээс харахад том хүүгийн дүр бол “энтрепренер” юм.

Энтрепренер нь бизнесийн боломжуудыг олж хараад, анхдагч санаа гаргаад, бизнесийн модель боловсруулдаг хүнийг хэлнэ. Хурдтай, цаг үетэйгээ зохицсон, тухайн зах зээлээ мэдэрсэн шийдвэрүүдийг гаргадаг. Шинэлэг бараа, бүтээгдэхүүн, инновацийг нэвтрүүлдэг.

Том ахыг ярьсны дараа инженер мэргэжилтэй дунд хүү хэлэв. Ахын санаа таалагдаж байна. Би шаардлагатай түүхий эдийг судалж, үйлдвэрлэл явуулах тоног, төхөөрөмжүүдийг суурилуулаад, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгоё. Бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлт, туршилтыг удирдаад явж чадна гэлээ. Энэ тохиолдолд дунд хүү бол ахын гаргасан санааг бодит зүйл болгож, гарт баригдах бүтээгдэхүүн болгодог “мэргэжилтэн” юм.

Ингээд бага хүүгийн ээлж ирлээ. Бага хүү менежментийн мэргэжилтэй аж. Тэрбээр, энэ бизнесийн санаа амжилттай хэрэгжинэ гэдэгт миний дотоод мэдрэмж итгэлтэй байна. Би шинэ бүтээгдэхүүн гарахаас эхлээд өдөр тутмын ажлаа хариуцаад та бидний гаргасан алсын хараа, зорилгыг тодорхойлоод, үйл ажиллагаа нь төлөвлөгөөнд нийцэж буй эсэхэд хяналт тавьж, хүмүүсийг удирдан, манлайлж чадна гэв. Тэгэхээр бага хүү өдөр тутмын үйл ажиллагааг манлайлдаг “менежер” болж байгаа юм.

Ийнхүү үлгэр төгсөхөд гурван хүү санаа нийлж, хуримтлуулсан мөнгөөрөө хувь нийлүүлж, дундаасаа хөрөнгө босгоод бизнесээ амжилттай эхлүүлжээ. Энэхүү үлгэрээс, бизнесийн амжилтад “энтрепренер, мэргэжилтэн, менежер” гурав зайлшгүй хэрэгтэй байдаг гэсэн санааг өгүүллээ. Зарим бизнес эрхлэгчдийн нийтлэг алдаа нь энэ гурван үүргийг нэг хүн дангаараа хийж эсвэл давхардуулж ойлгох нь түгээмэл байдаг. Харин бодит байдал дээр нэг хүн энэ гурван үүргийн хоёрт нь л сайн байж чаддаг. Эдгээр бизнесийн үндсэн функц, үүргийг илүү сайн гүйцэтгэж чадах бусад хүмүүст хуваарилж, даатгах нь бизнес амжилттай явах үндэс юм. Нөгөө талаас, энэ гурван чадварыг гурвууланг нь чаддаг хүн байсан ч гэлээ ганц хүний боломж бололцоо, ажлын цаг хангалтгүй юм. Бизнес нь магадгүй гурав, дөрвөн хүнтэй жижиг компанид хэрэгжиж болно. Гэтэл бизнес гэдэг өсөж хөгжих, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготой байдаг. Компани өсөж, томрохын хэрээр энэ гурван зорилгыг нэг хүн өөр дээрээ авч явах нь өсөлтөд хамгийн том саад болно.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Т.Сарангуа

Цалингийн хэмжээ: Санхүүгийн замаар халддаг өвчний тарилга

Previous article

Цар тахал: Компаниуд маркетингийн ийм бодлого барьж байна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like