“Нитотек” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал З.Уянга

Монголын хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл дутмаг байдгаас хүмүүс ажил, карьертай холбоотой шийдвэр гаргахдаа ихэвчлэн ам дамжсан мэдээлэлд найдахаас аргагүйд хүрэх тохиолдол элбэг. Гэтэл ийм мэдээлэлгүй байдал нь дуртай ажлаа олж хийх, ажлаа өөрчлөх, карьераа өсгөх боломжийг хязгаарлаж байдаг. Тэгвэл амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг  карьер сонголтоо оновчтой хийх, ажлын байран дахь асуудлуудыг чөлөөтэй ярилцаж шийдэх, компаниудад соёл, менежментээ сайжруулахад туслах, цаашлаад хүний нөөцийн салбарыг “донсолгох” зорилгоор Монголын технологийн салбарын шилдгүүд нэгдэн Nito аппликейшныг хөгжүүлээд байна. 

“Ажлын байранд тулгамдаад байгаа асуудлаа хүмүүс тэр бүр нээлттэй ярьж чаддаггүй. Асуудал хөндөж, санал дэвшүүлэхэд хэн үүнийг хэлснээс шалтгаалан хүмүүс янз бүрээр хүлээн авах хандлага ажиглагддаг. Ингэж асуудалд зарчмын үүднээс бус хувийн өнцгөөр ханддагаас шалтгаалан шийдэгдэхгүй өнгөрөх, байрандаа гацах тохиолдол бишгүй. Ажлын байран дээр хэн нэгний үйлдлийг бус хувь хүнийг нь шүүж, буруутгах зэрэг нь орчин цагийн хүний нөөцийн соёлд зохимжгүй үйлдэл. Энэ бүх асуудлыг Nito шийднэ. Энэ бол бидний давуу тал” хэмээн “Нитотек” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал З.Уянга хэлж байна. Түүнтэй бид ярилцлаа. 

Нэг үеэ бодвол технологийн компаниуд маш олон төрлийн аппликэйшн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх болж. Та бүхний хөгжүүлсэн Nito апп эдгээрээс юугаараа онцгой вэ?

Өнгөрсөн үетэй харьцуулахад Монголд технологи талаасаа олон боломж нээгдэж, зээл, төлбөр тооцоо, хүргэлт,  худалдаа, сургалтын гэх мэт олон төрлийн аппликейшн шинээр гарч ирлээ. КОВИД-19 цар тахлын үед энэ бүх дижиталчлал ямар хэрэгтэй вэ гэдэг нь бүр ч илэрхий харагдаж, 5-10 жил зарцуулагдах байсан зарим цахим үйлчилгээ нэг жилийн дотор ажил амьдралын хэв маягт суучихлаа. 

Эдгээр технологийн шийдлүүдээс Nito аппликейшн хүний нөөцийн тусгайлсан технологи гэдгээрээ анхдагч. Тэр дундаа хүний нөөцийн салбарыг орвонгоор нь өөрчилж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ил тод болгож, эргэлт хийхээр зорьж, хөгжүүлж буй платформ.  

Ихэнх удирдлагуудын өмнө хамгийн их тулгамддаг асуудал бол хүний нөөц гэж байнга хэлж байдаг. Та бүхний ажигласнаар Монголын хүний нөөцийн салбарын гол асуудал юунд оршиж байна вэ? 

Манай үүсгэн байгуулагчдын ихэнх нь технологийн салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан хүмүүс. Google компанид ажилладгаас эхлээд LendMN, SuperUp, Mplus зэрэг аппийн бизнес стратеги, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хариуцаж байсан чадварлаг мэргэжилтнүүд бий. Nito бол “talent engagement” платформ. Талент гэдэг бол тухайн байгууллагынхаа ажлын голыг нугалдаг, идэвх санаачлагатай, чадварлаг хүмүүсийг хэлж буй. 

Өнөөдөр эдгээр чадварлаг мэргэжилтнүүдийн төлөө монгол компаниуд өөр хоорондоо биш, харин олон улсын хэмжээний томоохон стартап, корпорациудтай өрсөлдөж байна гэдгийг бид олж харсан. Тэгэхээр дотоодын компаниудад үнэ цэнтэй хүмүүсээ авч үлдэх чухал шаардлага тулгарч буй.

“Ажлын зараа тухайн мэргэжилтэнд шаардлагатай ур чадваруудыг тоочиж эхлэхээс татгалзах зэргээр олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлага өнөөдөр тулгараад байна”. 

Чадварлагууд нь компаниасаа гарч, хилийн чанад руу ажиллахаар явна гэдэг тэдний хувьд маш том цохилт. Өөрөөр хэлбэл, чадварлаг монгол мэргэжилтнүүдийн өмнө эх орондоо үлдэх үү, аль эсвэл Google, Amazon зэрэг дэлхийд тэргүүлэгч компанийн санал болгож буй орчин нөхцөл, цалин хангамж, удирдлага, соёл, менежментийг сонгох уу гэсэн асуултууд гарч ирж байна. Чадварлаг мэргэжилтнээ Монголдоо авч үлдэж чадах уу, үгүй юү гэдгээс цаашид манай улс хөгжих үү, үгүй юү гэдэг  шалтгаалах болоод байна. Тиймээс шийдэхгүй л бол болохгүй, хоолойд тулсан энэ асуудалд санаа, сэтгэл зовнисон хүмүүс хамтран Nito-г эхлүүлсэн. 

Монгол компаниуд соёл, менежментээ дэлхийд тэргүүлэгч компаниудтай өрсөлдөхүйц түвшинд хүртэл сайжруулаасай, тийм хэмжээнд монгол хүнээ үнэлээсэй гэж бид хүсч байна. Компанийн хамгийн үнэ цэнтэй нөөц бол тэнд ажиллаж буй хүн юм.

Nito бол нийгэмд нөлөөлж, өөрчлөлт авчрахад чиглэсэн стартап. Энэ ч утгаараа бид “нийгмийн хөдөлгөөн” гэж нэг талаар үзэж байгаа. Хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн салбарыг 180 градус эргүүлэхийн тулд бид олуулаа болж, хамтран ажиллах хэрэгтэй. Бид шинэ жишиг тогтоохыг зорьж байна. 

Хоёр сарын өмнө нээлтээ хийсэн Nito аппликэйшнд 250 гаруй компани, 1300 гаруй хэрэглэгч бүртгүүлээд байна.

Тэгэхээр Nito апп ямар үйл явц, дарааллаар, хэрхэн ажилласны үр дүнд хүний нөөцийн салбарыг бүхэлд нь шинэчлэн өөрчилж чадна гэж та бүхэн үзэж байгаа вэ? 

Бид Nito аппликейшнд цугларсан crowdsourcing content буюу олон нийтийн оруулсан мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ил тод болгож байна. Ингэснээр хүмүүс дотоодын компаниуд болон ажлын байрны талаарх олон талын мэдээллийг хангалттай эх сурвалжаас авч хооронд нь харьцуулж, улмаар сонголтоо хийх боломж бүрдэх юм. Хаана, аль салбарт ямар компаниуд үйл ажиллагаа явуулж байна, соёл, менежмент, цалин хангамжийн хувьд ямар вэ гэх зэрэг мэдээллийг хүмүүс ихэвчлэн ам дамжсан яриа, эсвэл танил тал, хүрээллээсээ олж мэддэг. Гэсэн ч ихэнх хүн энэ талаар баталгаатай мэдээлэлгүй байна. Хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод дуртай ажлаа олж хийж, сольмоор байгаа ч ажлаа сольж чаддаггүй. Эсвэл карьераа өсгөх боломжийг алддаг. Гэтэл ажилд орно, карьераа өөрчилнө гэдэг хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. 

Өнөөдөр чадварлаг мэргэжилтнүүдийн төлөө монгол компаниуд өөр хоорондоо биш, харин олон улсын хэмжээний томоохон стартап, корпорациудтай өрсөлдөж байна”.

Тийм ч учраас энэ шийдвэрийг хангалттай, үнэн зөв мэдээлэлд тулгуурлаж гаргах ёстой. Дээр нь харьцуулах, сонголт хийх боломжтой байна гэдэг ажил олгогчтойгоо ажлын байрны нөхцөлөө хэлэлцэж, тохиролцох боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ нь аль аль талдаа ашигтай. Ажил олгогч ч хүмүүс ямар нөхцөлд ажиллахыг хүсч байгааг илүү сайн ойлгоно. Харин өнөөгийн бидний нөхцөл байдал хэнд ч ашиггүй. Нэг талд ажлын байр, нөгөө талд ажил хайсан хүмүүс байгаа ч, хоорондоо уулзалдахгүй, том зөрүү үүсчихээд байна. Эх орны хөгжлийг авч явах ёстой бүх салбарын гол гацаа нь энэхүү хүний нөөцийн асуудал. Тиймээс энэ хоёр талыг уулзуулах нь Nito аппликейшнын гол зорилгуудын нэг.

Шинээр эхэлж буй стартапуудын өмнө тулгардаг гол асуудал бол хөрөнгө оруулалт. Nito-ийн хувьд энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Nito платформын дараа дараагийн шийдэл, алсын харааг бодсон ч дотоодынхоос илүү гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахыг бид илүү чухалчилж байгаа. Харин компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтыг Iromax хөрөнгө оруулалтын групп болон “Ирбис Венчурс” компаниас босгосноос гадна үүсгэн байгуулагчид маань гаргасан. Олон улсад технологийг хүчний тэнцвэрийг бий болгогч гэж үзэх болсон. Өмнө нь тодорхой бүлгийн эрх мэдэлтэй хүмүүс хүчтэй байсан бол технологийн эрчтэй хөгжил үүнийг тэгшитгэж буй. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой хэсэгт төвлөрөөд буй эрх мэдэл, хүчийг тарааж, тэнцвэржүүлэх ажлыг технологи гүйцэтгэж байна. Яг энэ үүднээс бид компаниа харж, стратегиа боловсруулж байгаа. 

Цаашид сонирхолтой функцүүдийг аппликейшндээ нэмнэ гэсэн шүү дээ. Тухайлбал, ямар функцүүд байх вэ?

Одоогоор компаниа үнэлж, сэтгэгдэл, пост бичиж болно. Үүн дээр нэмээд цалингийн харьцуулалтыг удахгүй оруулна. Тухайн салбарын, тодорхой түвшинд ажиллаж буй мэргэжилтэн ямар цалин авдгийг харах боломжтой болох юм. Аппликейшний цалингийн тооцоолуур хэсэгт салбар болон түвшнээ сонгож оруулмагц жишиг цалин хэд байгаа нь гарч ирнэ гэсэн үг. Үүнийг мэдэж байгаа хүн ажил олгогчтойгоо тохиролцох боломж бүрдэнэ. Хөдөлмөрийн харилцаа харилцан ашигтай байж л ажилтан ажлаа сэтгэл хангалуун хийнэ шүү дээ. Эргээд тухайн компанийн нийгэмд бий болгох үнэ цэн ч харьцуулшгүй өснө.

“Ажилд орно, карьераа өөрчилнө гэдэг хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг”.

Мөн удахгүй нэмэгдэх өөр олон функцуудын нэг бол судалгаа. Байгууллага болон хэрэглэгчдийн дунд судалгаа хийж, Монголын хөдөлмөрийн зах зээлд өмнө байгаагүй датаг бий болгох юм. Үр дүнд нь хүмүүс ямар ажил хийхийг хүсэж буйгаа ойлгож, зах зээлд байгаа боломжуудыг олж харснаар зөв шийдвэр гаргах боломжтой болно. Хүн дуртай ажлаа урам зоригтой, идэвхтэй, эрч хүчтэйгээр хийдэг. Үүнийг дагаад тухайн ажлын үр дүн, тухайн компанийн үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар ч сайжирна. Энэ нь салбарын хөгжил, цаашлаад Монгол Улсын хөгжилд ч урт хугацаандаа нөлөөлнө. Одоогоор Nito бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна. Бид зах зээлд бага багаар нэвтэрч, шинэ функцүүдээ ч мөн тодорхой шат дарааллын дагуу аппликейшндээ нэмээд явна. Энэ бүхний үр дүнд хөгжилд саад болж буй маш том бул чулууг авч хаяна гэж бид үзэж байгаа. 

Энэ хүртэл мэргэжилтнүүдэд авчрах Nito аппликейшнын үр өгөөжийн талаар нэлээд ярилаа. Тэгвэл ажил олгогч байгууллагууд энэхүү аппликейшнд бүртгүүлснээр ямар давуу тал бий болох вэ? 

Хүний нөөцөө зөв бүрдүүлэх, тухайн байгууллагад урам зоригтой, идэвхтэй, эрч хүчтэй, санаачлагатай ажиллах ажилтнууд, хамт олныг бүрдүүлэхэд манай апп тусална. Ажил олгогчдод хүний нөөцөө зөв сонгон шалгаруулж, цаашид идэвхжүүлж, сэргээж ажиллуулах тал дээр арга хэрэгсэл, тусламж хэрэгтэй байгаа нь анзаарагддаг. Гэтэл бидний хөгжүүлж байгаа шиг ийм систем, технологийг компаниуд өөрсдөө бие даан хөгжүүлэхэд өндөр өртөгтэй. Тэд компанийнхаа брэндийн нэр хүндийг манай апп-аар дамжуулж өсгөх, чадварлаг мэргэжилтнүүдийг татах, урам зоригтой ажиллуулах, тэднийхээ тогтмол үнэлгээ, сэтгэгдэл, судалгаан дээр суурилан соёл, менежментээ сайжруулах, байгууллагын хүний нөөцтэй холбоотой чухал шийдвэрийг найдвартай тоо мэдээлэлд суурилж гаргах боломжтой болно.

“Хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн салбарыг 180 градус эргүүлэхийн тулд бид олуулаа болж, хамтран ажиллах хэрэгтэй”. 

Нэгэнт энэ талаар ярьсан учраас дийлэнх ажил олгогчид нийтэлж буй зараа өөрчлөх хэрэгтэй санагддаг. Тухайн мэргэжилтэнд шаардлагатай ур чадваруудыг тоочиж эхлэхээсээ өмнө байгууллагынхаа зорилго, алсын хараа, үнэт зүйлийг эхлээд танилцуулж, “Та хэрэв бидэнтэй ижил итгэл үнэмшилтэй бол CV-ээ илгээгээрэй” гэх зэргээр илүү олон улсын жишигт нийцсэн зар нийтлэх нь өнөөгийн шаардлага болчихоод байна. Үүнийг дагаад ажил олгогчид хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах боломжтой болно. Тэгэхгүй бол хүний үнэ цэнийг “Манай компанид хэрэгтэй юү, үгүй юү?”, “Хөдөлмөрийн хүч мөн үү, биш үү?” гэдгээр л үнэлэх гээд байна шүү дээ. Тухайн хүн өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй. Тэгвэл ажиллуулах гэж байгаа компани нь тэр түвшинд байж чадах уу гэдэг асуулт хамгийн түрүүнд тавигдана.

Хэрэглэгчид компаниудын үйл ажиллагааг үнэлж, сэтгэгдэл бичих боломжтой болж байгаа нь захиалгаар магтаж, муулах эрсдэлийг бий болгох талаар та бүхэн бодолцож үзсэн байх. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Энэ бол бидний хамгийн их анхаарч буй асуудал. Одоогоор хүмүүс компанийнхаа и-мэйлээр бүртгүүлж, хэрэглэгчийн бүртгэлээ баталгаажуулж байгаа нь үүнээс сэргийлж буй бидний гол алхам. Гэхдээ сэтгэгдэл, үнэлгээг бичихдээ incognito буюу нэрээ нууцалсан хаягийн ард хэн байгааг мэдэх боломжгүй болгосноороо бид тухайн хэрэглэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангаж буй. Том зургаар харвал, худал үнэлгээ бичих нь хэнд ч ашиггүй бөгөөд аль аль талдаа хортой. Хоёрт, технологи талаас зарим нэг системдээ бид alert (сонордуулга) суурилуулсан. Гэнэт олноороо тодорхой компанийг эерэг, эсвэл сөргөөр үнэлэх, сэтгэгдэл хэсэгт хувь хүний нэр хүндэд халдсан агуулга оруулсан тохиолдолд түүнийг илүү нягтлахын тулд зарим тохиргоог хийсэн. Үнэн зөв, зохистой мэдээлэл биш гэдэг нь тогтоогдвол устгах зэргээр зохицуулахаар төлөвлөөд байна.   

Нөгөө талаар компанийн сайн менежер, удирдлагууд юуг сайжруулж, шинэчлэх ёстой вэ гэдгээ мэдэхийг үргэлж хүсэж байдаг. Тэдний хувьд Nito-г ашиглах нь маш том боломж. Улирал бүр хүмүүсийн өгсөн үнэлгээг харж, компанийн соёл, менежментийн тодорхой асуудлуудыг засаж сайжруулах боломжтой болно. Тэгэхээр байгууллагаа өөрчилье, сайжруулъя, жинхэнэ утгаараа өрсөлдөхүйц байя, олон улсын жишигт нийцэхүйц компани, байгууллагын соёлыг бий болгоё гэж үнэхээр хүсэж байгаа менежерийн хувьд үнэлгээ болон сэтгэгдлийг тогтмол хүлээж авах нь илүү ашигтай. 

Дотоодын зах зээлээс гадна Сингапур, Японы зах зээлд аппликейшнаа гаргахаар та бүхэн төлөвлөж байгаа. Яагаад эдгээр зах зээлийг онцлох болсон талаараа хуваалцахгүй юу?  

Монголд хоёр сар орчмын хугацаанд бета тестээ хийж туршсаны үр дүнд аппликейшнээ дотоодын зах зээлд нэвтрүүлсэн бол Японд бета тестээ хэдийнэ эхлүүлсэн, харин он гаргаад Сингапурт эхэлнэ. Ингэж зах зээлд эрт туршиж үзэх нь алдаа оноогоо тэр дор нь хурдан засаад явах боломжийг олгодог. Global Employee Engagement Index гэж бий. Компани, ажилтан хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хэр нийцтэй, амжилттай, уян хатан  байгааг илтгэдэг үзүүлэлт. Гэтэл үүнд Азийн орнууд хойгуур байр эзэлдэг. Товчхондоо, хаана эрэлт их байгааг харуулж буй. Нэгэнт бид Монголдоо шийдэл олоод ажиллаж байгаа учир бусад улс орнуудын зах зээлд ч гарах ёстой. Ер нь ажилтнаа сонсох, ойлгох, сэтгэл ханамжид нь анхаарах, энэ бүхэн рүү чиглэсэн алхмуудыг авч хэрэгжүүлэх, зөв соёл, менежментийг бүрдүүлэх хэрэгцээ олон газарт бий.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (5 votes, average: 4.20 out of 5)
Loading...
Х. Цолмон

21-р зууны менежер ямар ур чадвартай байх ёстой вэ? 

Previous article

Энтрепренер сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ?

Next article

1 Comment

  1. Bullshit
    Yag yaadag app gedeg ni haragdsangui de

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR