Өдгөө бид олон янзын үзүүлэлт бүхий чамин гар утас хэрэглэж буй нь өрсөлдөөний дүн юм. Бизнесийн хувьд хэрэглэгчийнхээ хэрэгцээг мэдэрч чадахгүй хоцорч байвал таны бизнес унахын дохио гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бизнест өрсөлдөх чадвар тэргүүнд тавих ойлголт. Хэдийгээр бид хэрэглэгчээ нэгдүгээрт тавьдаг ч бүтээгдэхүүн хэрхэн хөгжихийг хэрэглэгчид мэдэхгүй цаг үе ирээд байна. Харин бизнесийн байгууллагуудын хувьд хөгжлийн өрсөлдөөний чиг баримжаа бий бөгөөд өрсөлдөх нь илүү арга зүйтэй болжээ. Ингэж арга зүйтэйгээр маш хурдтай үйлдвэрлэх нь өрсөлдөх чадвар юм. 

Японы бизнесийнхэн дэлхийн зах зээлд орж ирэхдээ “хоёрхон саваа”-тай орж ирж, үүгээрээ бүтээгдэхүүнээ зогсолтгүй “нүдсээр” өнөөдөр тэргүүлж явна. Товчхондоо тэд яг цагт нь систем, бенчмаркинг гэх өрсөлдөөний хоёр арга зүйгээр бизнест манлайлжээ. Ингэхдээ, томоохон групп компанийн хувьд ханган нийлүүлэгч бүрдээ тэргүүлэгч байхыг шаардаж, дэлхийд гарч буй бүх шинэ үйлдвэрлэл, компаниудын үйл ажиллагааг судалж, бенчмаркинг хийхийг шаарддаг байна. 

Бенчмаркинг гэж юу вэ? 

“А” махны үйлдвэрийг жишээ болгон тайлбарлая. Тус махны үйлдвэр дэлхийд өрсөлдөнө гэдэг нь томоохон зах зээл дээр өрсөлдөнө гэсэн үг. Нэн тэргүүнд махны зах зээл, хаана хамгийн их төвлөрсөн, тэдгээрийн шаардлагууд юу вэ гэх зэрэг дэлхий нийтийн хандлагыг судалж үзнэ. Ингэж зах зээлийнхээ төвлөрлүүд дэх шаардлагыг судалж үзэх нь цаашдын төлөвлөгөөнд онцгой ач холбогдолтой. 

Зорилтот зах зээл, хүчин чадал, үнийн бодлогоо хэрхэн тавих зэрэг стратеги тодорхой байх хэрэгтэй бөгөөд энэ нь бенчмаркингийн арга юм.

Харин дотооддоо өрсөлдөхөд энэ чиглэлийн олон үйлдвэрлэгч бий. Тэднээс ялгарахын тулд өрсөлдөх чадварын матрицаа ашиглана. 100 гаруй өрсөлдөгч байна гэх үзэхэд өрсөлдөөнөө судлан хүчин чадлаараа хамгийн сайн зах зээлд тэргүүлж буй байгууллагаа сонгоно. Ингэж өрсөлдөгчөө сонгож авсны дараа махны салбарын гол хүчин зүйлсийг судална. Үүнд борлуулж буй үнэ, хамрах хүрээ, махны чанар болон логистик зэрэг байж болно. Мөн агуулах, хадгалалт, стандарт гэсэн ойлголт бий. Хамгийн багадаа арав гаруй үзүүлэлтийг тодруулах нь. Ийнхүү хамгийн тэргүүлэгч өрсөлдөгч дээрээ бүтээгдэхүүний үнийн дүгнэлт хийнэ. Мөн махны чанар стандартыг хангасан байдал дээр нь оноо өгч, тээвэрлэлтийн бодлогоо хэрхэн хэрэгжүүлж буй, хичнээн газраас бүтээгдэхүүнээ татаж буйг дүгнэнэ. Ийнхүү өрсөлдөгч тус бүр дээр дээрх үзүүлэлтүүдэд нь оноо өгч хамгийн өндөр оноотой өрсөлдөгчөө даган дуурайж болох юм гэж үзнэ. 

Тухайн компани оноог бүрдүүлж буй хүчин зүйлсээрээ бусдаас давуу явна гэсэн үг. Үүний дараа хүчин зүйлс бүр дээр оноо өгч нэмнэ. Тухайн зах зээлд хүчин зүйлсийн нийлбэр нь ороод ирэхээр хооронд нь харьцуулж үзэх боломжтой болох бөгөөд хамгийн чухал анхаарах ёстой зүйлсээ мэдэх боломжтой юм. Эдгээрийг өөрсдийн үйл ажиллагаандаа анхаарч татан оруулснаар зах зээлд эн тэнцээд ороод ирнэ. Өрсөлдөөнд тэргүүлэгч байгууллагуудын дээрх арван үзүүлэлтийг өөрийн байгууллагатайгаа харьцуулж, байх ёстой үнэлгээгээ гаргаснаар өрсөлдөх чадварын тухайн ойлголт энд орж ирж байгаа юм. Эндээс бид хэнийг даган дуурайх, ямар тохиолдолд эн тэнцэх, давж ялах бодлогоо тодорхой болгох боломжтой. Гэхдээ үүнд урт хугацаа, илүү стратеги хэрэгтэй болдог. Зорилтот зах зээл, хүчин чадал, үнийн бодлогоо хэрхэн тавих зэрэг стратеги тодорхой байх хэрэгтэй болдог. Энэ нь бенчмаркингийн арга юм. 

Өрсөлдөгчийнхөө нууцыг хэрхэн олж мэдэх вэ? 

Орчин үед Бенчмаркинг гэдэг арга сайн дэлгэрч буй ч үүнийг тагнуулын бодлого гэж бодох шаардлага гарч байна. Нөгөө талаас ёс зүйтэй байх зөрчилдөөн үүсч байгаа юм. Өрсөлдөгчийнхөө мэдээллийг олоход туслах зах зээлийн судалгаа нь өөрийн гэсэн аргатай. Гаалийн мэдээллээс зах зээлийг тодорхойлж болно. Тухайн байгууллагын хүчин чадалтай уялдуулаад борлуулалтыг нь судалж болно.  Мөн хэрэглэгчдээс судалгаа авч, туршилт хийж болох юм. Судалгааны олон төрлийн арга зүйг ашиглах нь бенчмаркингийн эрүүл үзэгдэл. 

Харин эрүүл бус үзэгдэл нь ажилтнуудыг урвуулах, тагнуулын ажиллагаа зэрэг ёс зүйгүй харилцаа гэж ойлгож болно. Нэг удаагийн судалгаагаар дүгнэж болох ч дахин дахин судалгаа хийсний дүнд аль нь зөв бэ гэдэг нь тодорхой болж эхэлнэ. Миний хувьд өрсөлдөөнийг тодорхойлохдоо хамгийн багадаа 10 орчим төрлийн арга зүй ашигладаг. Свот шинжилгээ наад захын арга. Орчин үед SBS програм ашиглаж байна. Хамаарал, магадлал, алдаа гээд бүх зүйлийг тодорхойлдог. Аргачлалуудыг ашиглаад байх тусам цаад байгууллагын бодлого тодорхой болно.

Бүтээгдэхүүнийг судалж, турших тусам түүний талаар баримталж буй бодлого нь тодорхой болдог. 

Бизнесийнхэнд Business process reengineering буюу тасралгүй сайжруулалт чухал. Үүний зэрэгцээ өрсөлдөөний бодлогыг судлах нь зогсолтгүй үйл явц болж байгаа юм. Өрсөлдөгчөө байнга ажиглаж, илүү сайн техникийг олж харж байх хэрэгтэй. Өнөөдөр технологийн дэвшлийг түрүүлж ашигласан байгууллагууд зах зээлд манлайлж байна. Бизнесийн байгууллагуудын хувьд өрсөлдөх чадвараа сайжруулах аргуудаас өнөөгийн нийгэмд тэсэж үлдэх хамгийн оновчтой арга зам нь Бенчмаркинг. Магадгүй олон аргыг ашиглаж болох боловч өрсөлдөөний матрицыг бенчмаркингтай хослуулж ашиглаад тэндээс гарсан үр дүнг бусад өрсөлдөөний олон аргуудад ашиглаж болох юм. Ашиглах замаар үйлдэл, үйл ажиллагаагаа илүү тодорхой болгож болно. 

Өнөөгийн ийм түрэмгий нийгэмд та нэг л өдөр залхуурах, нэг жил хойш суувал хоцрогдож зах зээлээс арчигдана. Тэгэхээр бизнест хөлөө олохгүй, бизнес нь нэг л урагшилж өгөхгүй байгаа хүмүүсийн хувьд модель хуучраад байна гэсэн үг. Бизнес моделио заавал сайжруулж өөрчлөх ёстой. Зах зээлд тэргүүлж байгаа өрсөлдөгчийн дотоодын гэлтгүй олон улсад тэргүүлж буй менежментийг авч ирэх ёстой. Монголдоо өрсөлдөөд болсон. Гурван сая хүнтэй энэ жижиг зах зээл дээр хоорондоо өрсөлдөөд огт нэмэргүй, бие биенийгээ татаж унагаахаас цаашгүй. Тийм учраас экспортын чиг баримжаатай өрсөлдөөнийг дараагийн үе шат гэж үзэх хэрэгтэй. Ялангуяа, групп компаниуд дотооддоо өрсөлдөөд байх биш өрсөлдөөний бодлогоо тодорхойлж, хамгийн сайн хийж чаддаг чиглэлээ судлах хэрэгтэй. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ илүү анхааръя. 

Өрсөлдөгч бол нэг л өнцөг 

Байгууллагын урт, дунд, богино хугацааны бодлого гэж бий. Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн гол нь ядаж энэ төлөвлөгөөнүүдийнхээ ялгааг сайн мэддэг болчих хэрэгтэй. Төсөл, бизнес төлөвлөгөө хоёрынхоо ялгааг ойлгохгүй хүн олон байна. Хөгжлийн хөтөлбөрөөс маркетингийн төлөвлөгөө илүү хэрэгтэй гэж андуурдаг хүмүүс бий. Стратеги гэж тодорхой зүйлгүй явж байгаа байгууллагууд ч байна.

Миний хувьд бизнесийн байгууллагыг судлахын тулд 16 өнцгөөс хардаг. Өрсөлдөгч бол нэг л өнцөг. Ямар ч байсан бизнесийн хувьд хаана хүрэх вэ гэдгээ улс төрийн хувьд сайн олж харах ёстой. Монгол Улс нь өөрийн гэсэн өрсөлдөх чадвартай, өрсөлдөх чадварын индекстэй ч үүгээрээ сүүл мушгиж байгаа. Монгол Улс өрсөлдөх чадвартай болохын тулд бид юуг яаж хийх бодлогоо тодорхойлчихсон, тэр бодлогууд хаашаа чиглэхийг судлах хэрэгтэй. Тэгэхээр зөвхөн өрсөлдөгчтэйгөө уралдах биш улс ийшээ явна, энэ чиглэлийг дэмжинэ гэж буй бол тэр чиглэл рүү стратегиа боловсруулах ёстой. Өнөөдөр эдийн засаг унаад байхад үйл ажиллагаагаа илүү уялдуулаад хөгждөг байгууллага бий. Тэгэхээр орчинтойгоо зохицож ажиллах чадвар нь менежмент гэсэн үг. Ийнхүү өөрсдийн арга барилаа өөрчилж чадсан нь тэсэж үлдэнэ. Хувьсан өөрчлөгдөх, шалгарах шаардлага байна. 

Өнөөдөр компанийн менежментийн чадамжийг чухлаар ярьж байна. Тухайн байгууллагад буй эд эс бүхэн шалгарлын төлөө зүтгэх ёстой. Ажилчдын хувьд тэсэж үлдэж чадах ажилтныг бий болгох, бизнесийн өрсөлдөөнд тэсч үлдэх технологийг сонгох хэрэгтэй. Тухайн байгууллагын маркетингийн менежмент хариуцсан хүн зах зээлд тэсэж үлдэх чадвартай хүмүүсээр баг бүрдүүлэх нь чухал. Хамт олон асуудлыг шийдэх ямар чадвартай байгаа нь орчин үеийн менежментийн гол агуулга болоод байна. 

Өнөөдөр амжилттай яваа бизнесүүд асуудал шийдвэрлэх чадвартай хүмүүст өндөр цалин олгож авч байна. Старт ап, жижиг компаниуд хангалттай хэмжээний төлбөрийг төлж чадахгүй учраас асуудлыг шийдвэрлэх чадвар багатай хүмүүсийг бага цалингаар ажиллуулж байна. Стив Жовс, Жак Магийн түүхийг судлахад асуудлыг тэргүүнд шийддэг хүмүүсээр багаа бүрдүүлдэг аж. Өнөөдөр хамгийн чадварлаг хүмүүст өндөр цалин өгч байна. Асуудлыг шийдэж чаддаг баг л байгууллагаа илүү өрсөлдөх чадвартай болгож байгаа юм. Харин ганцхан даргынхаа шийдвэрийг хараад суух нь өрсөлдөх чадваргүй болгож байгаа хэрэг. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Өнөржаргал Цэнгэл

Т.Мөнхбаяр: Баялгийн сангийн гол орлого бүрдүүлэгчдийн нэг байна

Previous article

21-р зууны менежер ямар ур чадвартай байх ёстой вэ? 

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like