Боломжоос давсан нөөцийг шингээх боломж физикийн хуульд байхгүй. Таван литрийн багтаамжтай саванд зургаан литр шингэн хийвэл сав дүүрч, нэг литр нь илүүдэл болж асгарна. Харин эдийн засагт илүүдлийг шингээх боломж байдаг. Илүүдлээ шингээж чадсан улс хөгжсөн жишээ олон. Ялангуяа, манайх шиг байгалийн баялаг ихтэй улс орнууд “Голланд өвчин”, “Баялгийн хараал”-д нэрвэгдэхгүйн тулд түүхий эдийн илүүдэл орлогоо шингээх ухаалаг шийдэл олсон нь баялгийн сан юм.

Норвеги улс 1950-иад оноос газрын тосны асар их нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр эдийн засаг нь “Голланд өвчин”-д нэрвэгдэж, түүхий эдийн хэт хамааралтай болж байв. Бодит багтаамжаас давсан орлогын улмаас эдийн засагт нь асар их халалт үүсч, эсвэл газрын тосны үнэ унахад дагаад шок авч байсан учир илүүдэл орлогоо 1967 онд байгуулсан Тэтгэврийн сандаа хуримтлуулж эхэлжээ. Гэсэн ч “Голланд өвчин”-ий шинж тэмдэг арилсангүй. Тиймээс Norway Pension Fund Global-г байгуулж, өнөөх илүү мөнгөө “ад үзэж” эдийн засгаасаа бүр гаргах арга хэмжээ авч, шинэ санд хуримтлуулж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, бусад улс орны Засгийн газар, төв банк болон компаниудын өгөөж нь тодорхой үнэт цаас, үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулах замаар өсгөж арвижуулж эхэлжээ.

Norway Pension Fund Global өнөөдрийн байдлаар 1.1 их наяд ам.долларын активтай дэлхийн хамгийн том баялгийн сан болоод байна.

Норвеги улс 40-өөд жилийн турш байгалийн баялгаас үүдсэн эдийн засгийн олон сорилтыг даван туулсны эцэст илүүдэл орлогоо ухаалгаар удирдаж эхэлсэн нь энэ. Түүнээс хойш тус улс баялгийн засаглал хамгийн сайн хөгжсөн, иргэн бүртээ байгалийн баялгаа тэгш хүртээж чаддаг, хүчирхэг эдийн засаг болов. Бусад улс орны хувьд ч суралцах сайн жишээ болон хувирлаа.

Манай улс уул уурхайдаа түшиглэн шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах явцдаа баялгийн сан байгуулах хэд хэдэн оролдлого хийж байсан. Өнгөрсөн хугацаанд байгалийн баялгийн өгөөжөөс иргэн бүрт хүртээх оролдлогууд нь ихэнхдээ бэлэн мөнгө тараах хэлбэрээр явж ирсэн. Тиймээс ч баялгийн өгөөж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бус харин ч бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, импортын худалдан авалтыг өрдөж, эдийн засагт халалт үүсгэж сайн биш саар үр дагавар ихтэй байсан.

Шалгарлын үр дүн
Өдгөө дэлхий дээр баялгийн 122 сан байдаг бөгөөд нийт активынх нь хэмжээ 27 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь АНУ-ын эдийн засгаас 1.2 дахин, өмнөд хөршийн эдийн засгаас 1.9 дахин их хэмжээ юм. Баялгийн сангийн дийлэнх нь байгалийн баялгаас орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг бол үлдсэн хэсэг нь валютын илүүдэл нөөцөө үр ашигтай, өгөөж нь тодорхой, урт хугацааны хөрөнгө оруулалтад хийх замаар сангийн хөрөнгөө өсгөж үржүүлдэг онцлогтой.

Байгалийн баялаггүй Сингапур зэрэг орны баялгийн сангууд хоёр дахь хувилбарын тоонд ордог. Эдгээр санг үүссэн зорилго, үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтаар нь тогтворжуулалтын сан, хадгаламжийн сан, валютын нөөц хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн сан гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Тогтворжуулалтын сан нь төсвийн сахилга батыг хангах зорилготой. Ашигт малтмалын үнэ өсөлттэй үед илүүдэл орлогыг хуримтлуулж, бууралттай үед хадгалсан хөрөнгийг хуваарилах зарчим баримталдаг. Харин валютын нөөц хөрөнгө оруулалтын сан нь гадаад валютын тодорхой хэсгийг тогтмол орлоготой үнэт цаас, гадаад валютын активд хөрөнгө оруулалт хийх замаар импортын бараа бүтээгдэхүүн худалдан авах, гадаад валютаар үнэт цаас гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна. Хадгаламжийн сан нь ирээдүй үедээ зориулан нийтийн баялгийн өгөөжийг хуримтлуулах зорилготой.

Харин хөгжлийн сангийн хувьд эдийн засгийн төрөлжилт, стратегийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг нийгэм-эдийн засгийн зорилтыг хангадаг. Үйл ажиллагаа нь холдинг компанийн бүтэцтэй. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, улс орны ирээдүйн орлогын түвшнийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, хүний хөгжил, орон нутгийн үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжих нь уг сангийн үндсэн үйл ажиллагаа юм.

Өдгөө Монгол Улс орлогоосоо Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулдаг. Ирээдүй хойчдоо зориулан нийтийн баялгийн өгөөжөө хадгалахаар 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж хэрэгжүүлж байгаа. Энэ нь олон улсын жишгээр хадгаламжийн зориулалттай бөгөөд АНУ-ын Аляска, Кувейт, Катарын баялгийн сангуудын үйл ажиллагаатай илүү төстэй.

Харин Төсвийн тогтворжуулалтын сан нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ уруудахад төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ашиглах зориулалттай. Энэ төрлийн баялгийн сан Чили, Венесуэль, Казахстанд бий. 2020 оны байдлаар уг хоёр санд 1.2 их наяд гаруй төгрөг төвлөрөөд буй бөгөөд өсгөж арвижуулах, захиран зарцуулах эрх нь сангийн бодлого эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бий. Онолын хувьд Монгол Улс баялгийн хэдэн ч сантай байж болох аж. Гэхдээ дээрх хоёр сангийн үйл ажиллагаа нь байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүр хүртэхэд зориулагдаагүй. Олон улсын жишгээр ийм үүргийг хөгжлийн сан гүйцэтгэдэг.

Эргэлтийн цаг
Байгалийн баялаг, уул уурхайн орлогоо ухаалгаар удирдах гэсэн манай улсын мөрөөдөлд энэ жил нэгэн ахиц гарлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт баялгийн сантай болохоор тусгасан юм. Баялгийн санг хөгжлийн сан загвараар байгуулж, эх үүсвэрийг нь эдийн засгийн эргэлтэд орсон стратегийн ач холбогдол бүхий ордуудад суурилж бүрдүүлэхээр урьдчилсан байдлаар ярилцаж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч уул уурхайн том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулан, үр өгөөжийг нь баялгийн сангаар дамжуулан иргэн бүртээ шударга, тэгш хүртээхээр тусгасан. Өргөн уудам газар нутагтай ч дэд бүтцийн хөгжил сул, хот ба хөдөөгийн ялгаа ихтэй нь Монгол Улсыг урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, нийгэм-эдийн засгийн зорилтуудаа хангахад амаргүй сорилтыг бий  болгодог.

Уул уурхайн том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулбал бүс нутаг идэвхжиж, түүнийг даган ажлын байр олноор бий болно. Үүний тод жишээ нь Оюу толгой, Таван толгойн хаялгыг даган хөгжиж буй говь нутаг билээ. Яг үүнтэй адил баруун, зүүн, хил дагуух бүс, хоймор нутгуудын эдийн засгийн идэвхийг сэргээх боломж бий.

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд өмнөх Засгийн газрын бодлого үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдсэн нь дээр дурдсан эрх зүйн суурь бичиг баримтуудад тусгасан баялгийн сангийн бодлого биеллээ олох итгэл төрүүлж байна. Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2 дугаар тогтоолд баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хараат бусаар бие даан хэрэгжүүлэх, олон нийтийн зохистой хяналтыг бий болгохоор тусгасан.

Хэрэв энэ тогтоолын үзэл санаа хөгжлийн зорилго бүхий баялгийн сангийн тухай хуульд биеллээ олбол “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт тусгасан зорилтууддаа хүрэх маш том хөдөлгөгч хүч болно. Баялгийн сангийн хуулийг олон улсын жишигт нийцүүлэн баталснаар ирэх 10 жилд сангийн хөрөнгө арвижих суурь тавигдах юм.

Монгол Улсад одоо үйлчилж буй хууль тогтоомжоор баялгийн сангийн орлогыг бүрдүүлэх үүрэг “Эрдэнэс Монгол” нэгдэлд ногдож буй. УИХ-ын 2007 оны тогтоолын дагуу стратегийн ач холбогдол бүхий ордуудын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” эзэмшдэгийн зэрэгцээ компанийн үйл ажиллагааг ирээдүйд баялгийн сангийн орлогыг бүрдүүлэхэд чиглүүлж, холбогдох хууль тогтоомжийг боловсруулах Ерөнхий сайдын 2019 оны 11 дүгээр захирамж бий.

Харин дараагийн 10 жилд иргэдийнхээ аюулгүй байдал, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зам тээвэр, эрчим хүч, усны менежмент, харилцаа холбооны салбарууд, уул уурхай дагасан дэд бүтцийн том төслүүдийг санхүүжүүлэх замаар дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр  болгох юм.

Дэлхийн томоохон баялгийн сантай 35 орон 2008 онд Сантьягогийн зарчим, практикийг батлах тухай олон улсын конвенцыг батлан, түүнд тусгасан зарчмуудыг баялгийн сангийн үйл ажиллагаандаа дагаж мөрддөг.

Бид баялгийн сангийн хуулиа энэ зарчимд нийцүүлэн баталж, конвенцод нэгдэн орсноор үйл ажиллагаа нь ил тод, хараат бус, иргэдэд өгөөжтэй, сайн засаглалаар явах боломжтой болох юм.

Ерөөсөө Сантьягогийн зарчим, практикийг батлах тухай олон улсын конвенцыг батлах хүртэл дэлхий дээр үндэсний баялгийн санг хууль зүйн хувьд тодорхойлсон эрх зүйн баримт бичиг байгаагүй  аж.

Тиймээс 2007 онд ОУВС-аас анх удаа тухайн үед байсан 100 орчим Үндэсний баялгийн сангийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг судалж, улмаар үр дүнд нь дээрх 24 зарчим бүхий конвенцыг баталсан юм. Конвенцын томьёолсноор үндэсний баялгийн сан гэдэг нь тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын сан бөгөөд зөвхөн Засгийн газрын хяналт дор үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан байдаг. Тиймээс одоо яригдаж буй тодруулбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын 16 дугаарт бичигдсэн “Баялгийн сангийн тухай хууль”-ийг дээрх зарчмын дагуу баталбал олон улсад дархлаатай болно гэсэн үг. Ирэх 30 жилд дундаж давхаргыг хүн амын 80 хувьд хүргэх зорилтыг хангах нэг том энерци нь баялгийн сан юм.

Үндэсний баялгийн сангийн эрх зүйн баталгаа

1. Үндсэн Хуулийн 6.2
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

2. Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2 дугаар тогтоол
Үндэсний баялгийн сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны төлбөр, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн хуваах гэрээний орлого, төрийн өмчийн хувьцааны ногдол ашиг, сангийн хөрөнгө оруулалтын цэвэр ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх;

Сангийн хөрөнгийн удирдлагын компани уг сангийн хөрөнгийн удирдлагыг хараат бусаар бие даан хэрэгжүүлэх, компанийн болон сангийн удирдлагын сайн засаглалыг хэвшүүлэх, сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд сангийн хөрөнгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэддээ хүртээхдээ тэгш байдал, шударга ёсны зарчмыг дээдлэх, сангийн хөрөнгийн удирдлагын компанийн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг олгох;

3. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого

Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгоно.

1-р үе шат (2020-2030): Үр ашигтай хөрөнгө оруулалт
2-р үе шат (2031-2040): Нийгэм, эдийн засгийн зорилтыг хангуулагч сан байна
3-р үе шат (2041-2050): Олон улсын хүлээн зөшөөрөгдсөн үндэсний баялагийн сан байна

4. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
3.2.9 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Бизнес эрхлэгчдэд зориулсан монгол подкастууд

Previous article

2020 он бизнесүүдэд ямар сургамж үлдээв?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Санхүү