“Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан:

21 настайдаа Япон улс руу мэдээллийн технологийн салбарт ажиллахаар анх явж байлаа. Тэнд таван жил ажиллаж, суралцаж, туршлага хуримтлуулаад эх орондоо эргэн ирэхэд япончууд болон бидний хооронд ажилд хандах хандлага, ажил ба амьдралын тэнцвэр, бүтээмжийн зөрүү гэх зэрэг ялгаатай тал нэлээд ажиглагдаж байсан. Японд нийтийн тээврийн хэрэгсэл тодорхой цагийн хуваарьтай явдаг. Эхний зогсоолоос нэг минут хоцроход эцсийн цэгт 15 минут хоцорч хүрнэ. Тиймээс эхний нэг минутыг алдаж болохгүй, ганцхан минут ч маш үнэ цэнтэй гэдгийг тэгэхэд ойлгож авсан даа. 

 Монголдоо буцаж ирээд даатгалын салбарт орж, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж эхэллээ. Тухайн үед компанийн зорилго, алсын хараа миний хувийн зорилготой нийцсэн учраас илүү тууштай хөдөлмөрлөж, бүхнээ зориулсан гэж хэлж болно. Манай компанийн надад олгосон нэг том боломж бол зорьсноо хийж бүтээх. Удирдлагуудаас тодорхой хэмжээнд чиглүүлдэг байсан ч хариуцсан ажлаа гүйцэтгэж, бодит үр дүнд хүрэх нь миний үүрэг байлаа.  

Компанидаа анх IT-аар эхэлж, дараа нь иргэдийн даатгалын газрыг хөгжүүлэх, мөн бизнес хөгжил хариуцан ажиллаж компанийг хөгжүүлэх, харин өдгөө гүйцэтгэх захирал болсноор даатгалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг надад өгсөн гэсэн үг. Хэрэв би аль хэдийнэ тогтворжиж, байр сууриа олсон бизнест ажиллаж эхэлсэн бол  магадгүй эдгээр боломж надад ирэхгүй, тухайн санал санаачлагууд гарахгүй, тэгээд л сүүлдээ унтрах байсан биз. Тэгэхээр “Мандал даатгал” компанитай холбогдсон маань нэг талаар “аз” гэх үү дээ. Үүнтэй адил надад тохиосон “аз” байгууллагын маань бүх залуучуудад ч мөн тохиогоосой гэж боддог. 

Залуучууд цалин, ажлын нөхцөлөөс болж шантрахаасаа илүүтэйгээр шударга бус байдал, хийж буй ажил нь үнэлэгдэх ёстой хэмжээндээ үнэлэгдэхгүй байгаагаас болж шантардаг юм билээ.

Харин боловсролын тухайд онолын мэдлэгээс гадна суралцах арга зам, зөв бурууг дэнслэх, амьдралын үнэт зүйлээ олж авах чадвар гэж хардаг. Мэдээллийн технологиор суралцсан нь надад онолын мэдлэгээс гадна аливаад логиктойгоор хандаж, өөрийн дутууг олж харах чадварыг өгсөн. Мэдээж ажилтнуудынхаа чадварыг сайжруулахын тулд сургалт орох зэргээр хөгжүүлэхээс гадна тэдэнд боломж олгож, хариуцлагатай ажлыг даалгах хэрэгтэй. Тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа алдаж, онож байж л туршлага хуримтлуулж, бүтээмжээ сайжруулдаг. Тийм ч учраас хүн бүр урдах ажлаа хийж, оногдсон хариуцлагыг хүлээж, тууштай хөдөлмөрлөж амжилтыг бүтээх нь зүйтэй. Захирал болсныхоо дараа хийсэн анхны ажил маань KPI үнэлгээний систем нэвтрүүлэх байсан. Ингэснээр ажилтны хөдөлмөрийг объектив байдлаар үнэлэх боломжтой болсон. Мөн ажилтнуудаа чиглүүлэх үүрэгтэй гэдэг утгаар компанидаа шударга байдлыг нэлээд анхаарч ажилладаг. Хичээгээд байхад хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй байснаар залуу хүний урам зориг мохдог. Залуучууд цалин, ажлын нөхцөлөөс болж шантрахаасаа илүүтэйгээр шударга бус байдал, хийж буй ажил нь үнэлэгдэх ёстой хэмжээндээ үнэлэгдэхгүй байгаагаас болж шантардаг юм билээ. 

Компанийн гарааны үед, эсвэл хямралын үед цөөн тооны онцгой хүмүүс үйл ажиллагааг нуруун дээрээ авч явдаг. Гэхдээ энэ бол тухайн нөхцөлөөс шалтгаалсан цаг үеийн л асуудал. Харин удаан хугацааны зөв бизнес хийхийн тулд бүх хүний оролцоо, ажлын бүтээмж зэрэг нэн чухал нөлөөтэй. 100 хүн ажилладаг байгууллагад 20 онцгой хүн байлаа гэхэд үлдсэн 80 нь ямар ч оролцоогүй байвал тухайн бизнес өөрөө хол явахгүй гэдгийн илрэл. 

Цөөн хүний оруулсан хувь нэмрээс илүү хүн бүрийн оролцоо амжилтын том түлхэц байдаг. 

Гүйцэтгэх захирал компанийн нөөцийг үр ашигтай удирдаж, зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, мөнгөн илэрхийллээр ашигтай ажиллах үүргийг хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээдэг. Ер нь компани гэдэг ашиг, орлогоос гадна хийж буй ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан дан ганц салбартаа бус, улс эх орондоо хувь нэмэр оруулах явдал гэж боддог. Даатгал гэдэг бол эрсдэлийн удирдлагын салбар, тиймдээ ч бид тодорхой хугацааны дараа Монгол Улсын эрсдэлийг бууруулахад бодит үр дүн, нөлөөллийг үзүүлж чадсан эсэхээр бидний амжилтыг үнэлээсэй гэж хүсдэг. Тухайлбал,  жилд 40-50 мянган зам тээврийн осол гарч 500 орчим хүний амь эрсдэж байна. Зам тээврийн ослыг бууруулсан бусад улс, орны шилдэг туршлагуудыг судлан дотоодын онцлогт тохируулан шийдэл боловсруулж, салбар бүрийн мэргэжилтнүүдийн саналыг тусган олон нийтийн анхаарлыг энэ сэдэвт хандуулж, шийдвэр гаргагчдад зөв гарц олоход нь нөлөөлснөөр эерэг өөрчлөлт гарна гэж боддог. Тодорхой хугацааны дараа уг эрсдэлээс шалтгаалан нас барж буй хүний тоог 100 болгож бууруулж чадсан бол нийгэмдээ оруулж буй бидний хувь нэмэр тэр юм. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (6 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Бизнесээ эхлүүлж буй хүн өөртөө тавих 5 асуулт

Өмнөх нийтлэл

ЖДҮ-ийн зээлийн үр дүн

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. ajilchidiinhaa tsaling 30 huvi hassan tailbar ogooc.

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.