Бизнесийн эзэн

Тод мөр

0

Эгэл, бас эгэлгүй түүхийн эзэн

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр санаанд оромгүй гэнэтийн мэдээ цахим ертөнцөөр гэрлийн хурдтай тарж, олж үзсэн олон хүн итгэж ядан халаглаж, эмгэнэл илэрхийлэн гашуудаж байсан юм. Монголын бизнесийн ертөнцийн түүхэнд тод зам дурайлгаж, стратегийн чухал салбар дахь гол тоглогчийн амаргүй үүргийг олон жил нуруундаа үүрч, алсын хараагаа холын холд чиглүүлэн тэр зүгт зоримог, итгэлтэй алхагч. Мянга мянган хүнээс цөөн хэд нь л үйл хэргээрээ овоглогдон тодорч үлддэгийг харуулсан хүчирхэг эмэгтэй. Жанчивын Оюунгэрэл. Цаг бусаар хорвоог орхин одов. 

20 гаруй жилийн тэртээ “Нефтийн ирээдүй” буюу “Петровис” (petro+vision) компанийг үүсгэн байгуулахдаа тэр ирээдүйгээ өөдрөгөөр харж, хаана хүрэхээ тодорхойлж, төсөөлж чадаж байв. Тиймдээ ч “Монголдоо түлш, эрчим хүчний салбарын хөгжлийг тодорхойлогч болно” хэмээн алсын хараагаа тодорхойлжээ. Мөн “Петровис”-ийг босоо интеграцитай, нефтийн бүтэн циклтэй компани болгох алс хэтийн зорилгыг анхнаасаа өвөрлөсөн тул үйл ажиллагааг нь зөвхөн шатахууны импорт, худалдаагаар хязгаарлах биш, олборлолт, хайгуул, боловсруулалт, борлуулалт хийдэг болгож өргөжүүлэхийг зорьж байв. 

“Гол бизнестээ илүү анхаарал хандуулж, түүнтэй холбоотой бизнесүүдийг хөгжүүлэх нь оновчтой шийдэл”.

1997 онд ганц ч шатахуун түгээх станцгүй эхэлж байсан “Петровис” компаниа Ж.Оюунгэрэл амжилттай удирдаж, тухай бүрт оновчтой, зоримог шийдвэрүүдийг гаргаж явсны дүнд хөл дээр нь бат зогсоож, зах зээлийн 40 хувийг дангаар хангадаг үндэсний хэмжээний сүлжээ компани болгож чадсан юм. Өдгөө 400 гаруй шатахуун түгээх станц нь Монгол Улсын өргөн уудам газар нутгийг бүхэлд нь сүлжиж, сум бүрт тархан байршжээ.  

“Гол бизнестээ илүү анхаарал хандуулж, түүнтэй холбоотой бизнесүүдийг хөгжүүлэх нь зөв гэж үздэг. Огт өөр салбарууд руу төдийлэн хөрөнгө оруулаад байдаггүй” хэмээн тэр нэгэнтээ хэлсэнчлэн “Петровис” группийн найман охин компани нефть болон хийн салбарт төвлөрч, 2400 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ж.Оюунгэрэл Монголын улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт, өсөлтийн савлагаатай үед ч компаниа тогтвортой авч явж, зах зээл дэх байр сууриа ганхуулалгүй бат зогсож байв. 

Нийгмийн бүх давхаргад хүрч, амьжиргаанд нөлөөлж байдаг гэдэг утгаараа газрын тосны салбар асар хариуцлагатай, бас асар эмзэг. Тийм ч учраас энэ салбарт тогтвортой хангамж хамгийн чухал нөлөөтэй. Энэ утгаараа нэг машин бензин бүтэн улирлын турш борлогдохгүй газар ч шатахуун түгээх станцаа хаалгүй ажиллуулсаар ирсэн нь хүний амь, амьдралтай шууд холбогддог учраас тэр. “Энэ хангамжгүйгээр манай эдийн засгийг төсөөлөхийн аргагүй. Цусны эргэлт шиг л чухал бизнес шүү дээ” гэж тэр хэлсэн нь ийм учиртай.  

Ж.Оюунгэрэл “Петровис” группийн үүсгэн байгуулагчаас ТУЗ-ийн дарга хүртэл ажиллах хоёр арваны хугацаанд бүх зүйл өгүүлж буй шиг шулуун дардан байсангүй. Даваа, нугачаа ихтэй, бартаат зам байв. Түүний зоримог шийдвэрүүдийн үр дүнд компани улам хүчирхэгжиж, зах зээлээ тэлж байсны нэгэн жишээ нь  НИК-ийг хувьчлахад оролцож ялалт байгуулсан алхам юм. Үүний үр дүнд газрын тосны салбарын хоёр томоохон байгууллага нэгдсэн удирдлагад шилжиж, дотоодын нефть хангамжийн түүхэнд урьд хожид байгаагүй том бүтэц үүссэн билээ. Шатахууны хэрэглээгээрээ гаднаас бүрэн хамааралтай манай улсын хувьд энэ салбарынхаа дэд бүтцийн томоохон нэгдлийг 100 хувь дотоодын эзэмшилтэй болгосон нь эерэг мэдээ байв. НИК-ийг бүтэцдээ нэгтгэмэгц “Петровис”-ийн хамт олон үйл ажиллагаа нь суларч, ихээхэн алдагдалтай ажиллах болсон компанийг хөл дээр нь босгох ажлыг эхлүүлж, бүтцийн өөрчлөлт хийж, шинэчлэлүүдийг нэвтрүүлжээ. Ж.Оюунгэрэлийн хувьд энэ бүхэн НИК-тэй хоёр дахь удаагаа холбогдож, хоёр удаагаа “аварсан” хэрэг болов.  

“Зах зээлд түрүүлж ороод, зөв байр сууриа эзэлсэн нь хождог”.

1979 онд тэрээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж ирээд Толгойтын нефть баазад нягтлан бодогчоор ажлын гараагаа эхлүүлж, удалгүй Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газарт дэвшин ажиллаж байв. Ингээд 1990 он гарч ардчиллын салхи сэвэлзэж эхлэхэд Засгийн газрын тогтоолоор Нефть импорт хамгамжийн нэгтгэлийн захирлаар томилогджээ. Энэ бол түүний анхны удирдах ажил байв. Түүнийг ажлаа хүлээн авах үед манай улсын сан хоосорч, валютын нөөцгүй болоод байжээ. Ийм л хүнд үед НИК-ийн үйл ажиллагааг гардан авч, бүхий л түвшинд шинэчлэх, алдагдлыг бууруулах, гадаад харилцааг сайжруулах чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Хожим Ардчилсан нам сонгуульд ялахад халагдсан ч тэр удаан зүгээр суусангүй. Хэсэг хугацаанд бодсоны эцэст “Ерөөсөө л чаддаг юмаа хийе” гэж шийдээд гуравхан сарын дараа “Петровис”-ийг хамтран байгуулж, улмаар хэдэн жилийн дараа НИК-ийн хувьчлалд оролцон ялалт байгуулснаас цааших түүхийг бид мэдэх билээ. 

Тухайн үед энэ чиглэлийн мэргэжил эзэмшиж, туршлага хуримтлуулсан цөөн хэдэн мэргэжилтний нэг байсан нь түүнд зах зээлийг онцлогийг таньж, ирээдүйн томоохон групп компанийг үүсгэн байгуулах суурийг бүрдүүлж өгсөн гэлтэй. Тийм ч учраас “Ер нь зах зээлд түрүүлж ороод, зөв байр сууриа эзэлсэн нь хождог” гэж тэр хэлсэн байх. Мөн “Хамтарч бизнес эрхлэхэд түншүүд маш чухал. Тиймээс түншээ зөв сонгох хэрэгтэй. Амьдралд ч, бизнест ч чамтай хамт хол явах хүнтэй л хамтар” гэж нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн нь өдгөө олны дунд эшлэл болон түгжээ. 

Сүүлийн 10 гаруй жилд түүний алсын хараа “Петровис”-ийн охин компани болох “Петро матад” руу илүүтэй чиглэж байв. Энэ компаниа 2005 онд байгуулж, Лондоны хөрөнгийн биржээс хөрөнгө босгож, улмаар хайгуул хийж эхэлснээр газрын тосны хайгуулын салбарт шинэ зам нээсэн юм. Тасралтгүй арван таван жил хайгуул хийх хугацаандаа тэр хөрөнгө оруулалтын зоригтой шийдлүүдийг хийж байв. Газрын тосны хайгуул гэдэг уул уурхайн хамгийн эрсдэлтэй салбар учраас голдуу томоохон тоглогчид л оролцож, өрөг нүүдэг сорилт дагуулсан талбар. Энэ ч утгаараа Ж.Оюунгэрэл газрын тосны чиглэлээр хамгийн том хөрөнгө оруулалтуудыг эх орондоо татаж чадсан. Уйгагүй эрэл хайгуулынхаа үр дүнд  тэд газрын тосны илэрц оллоо гэсэн чимэгтэй мэдээ эдийн засгийн орчинд түгж байсан нь өнгөрсөн онд. Энэ бол Ж.Оюунгэрэлийн эртнээс бодож төлөвлөж, мөрөөдөж ирсэн ажлын дөнгөж эхлэл, гэрэл гэгээтэй мэдээ байв. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг зөвхөн импортлох биш, дотооддоо олборлон, боловсруулж эхэлбэл эдийн засгийн хувьд үлэмж ач холбогдолтой. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Петровис”-ийнхан энэ л зүгт алсын хараагаа чиглүүлсээр ирсэн юм.   

Алтан Москваг зорих туйлын хүсэлтэй, арван жилээ дөнгөж төгссөн арван наймхан настай охин олдсон ганц хуваариа аваад нарийн мэргэжлээр суралцахаар алс холыг зорьсон нь хагас зууны тэртээ. Саяхан ч юм шиг. Тэр үед бага залуу охин улс эх  орныхоо стратегийн чухал салбарын гол тоглогч болж, улс төр, эдийн засгийн савлагаанд байр сууриа хадгалж үлдэхийн төлөөх мөнхийн сорилттой, адармаатай он жилүүд өмнө нь хүлээж байгааг хараахан гадарлаагүй болов уу. 

Хожим компанийнхаа гүйцэтгэх удирдлагыг шилжүүлж, ТУЗ-ийн даргаар ажиллах болсон цагаасаа Ж.Оюунгэрэл залуусын санал санаачлагыг дэмжиж, хөгжилд хөтлөх алсын хараатай төслүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн билээ. LendMN, TomYo тэргүүтэй технологи, боловсролын салбарыг голчлон хамарсан эдгээр төслүүд эхнээсээ амжилтын буухиа дагуулж буйг бид мэднэ. Аливаа улс орны хөгжлийн гол цөм нь боловсрол хэмээн үзэж, энэ салбарт онцгой ач холбогдол өгч ирсний нэг илэрхийлэл нь “Улаанбаатар дахь Бритиш сургууль”-ийг байгуулснаас харагддаг. Боловсролыг бүхий л түвшинд хөгжүүлэх хэрэгтэй гэж тэр үзэж байв. Ерөөс дандаа л хөгжлийн төлөө, хөгжихийн төлөө тэмүүлж иржээ. Түүний үзэл санаа, үйлс бүхэн үргэлжлэн хөвөрч, үр хойч, үлдэх ирээдүйд үеийн үед дурсагдсаар байх болно.  

Энэхүү хөрөг Business.MN сэтгүүлийн 2020 оны 11, 12 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (7 votes, average: 4.14 out of 5)
Loading...
Х. Цолмон

Кластераар тахлыг гэтэлж буй Монгол даавуу

Previous article

Бизнес эрхлэгчид: Цар тахлын үед зээлийн ангилал бууруулахыг зогсоох хэрэгтэй

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.