Б.Үнэнбат бол Монголдоо анхны “Интернэт үйлчилгээний операторчин” хэмээх ажлыг хийж байсан хүн юм. Датаком компанийн анхны ажилтнуудын нэг тэрбээр 1995 онд хүмүүсийн и-мэйлийг хүлээн авах, илгээх, дамжуулах ажлыг хариуцдаг байв. Цаанаас ирсэн мэйлийг хэвлэж аваад хүлээн авагчид нь өгнө, бас хэрэглэгчдийн мэйлийг бичиж өгдөг байв. Оффлайнаар буюу өдөрт хоёр удаа интернэтэд холбогдож мэйлүүдээ авч, бас мэйлүүдээ илгээнэ. Түүний ашиглаж байсан компьютер бол Монголд хамгийн анх интернэтэд холбогдсон компьютер юм.

Харин 1996 оны нэгдүгээр сард Монгол Улс албан ёсоор Интернэтэд холбогдов. “Монгол улс Интернэтэд холбогдоход анхны холболтоороо yahoo.com сайтаас “Улаанбаатар Хан-Уул” гэж хайгаад танктай хөшөөний зургийг олж хараад мөн их баярлаж билээ” хэмээн Б.Үнэнбат дурсав.

Датаком ХХК нь 1994 оноос Монгол улсад имэйлийн үйлчилгээг эхлүүлэн сүлжээний холболтыг эхлүүлж, улмаар 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон юм. Улаанбаатар хот болон АНУ-ын Калифорни мужийн хооронд 128 Kbps сансрын сувгаар дамжуулан Интернэт холболтыг хийж, Датаком ХХК нь Монголд улсын хэмжээнд анхны 24 цагийн Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) болсон юм. Ийнхүү Монгол улс Интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон түүхтэй.

Б.Үнэнбат /Наад талынх/ Монголын анхны Интернэтийн өрөөнд.

Интернэтэд холбогдсон 10 компьютер дээр Датаком компанийн инженер мэргэжилтнүүд NBA, CNN зэрэг дэлхийд алдартай сайтуудыг нийтэд дэлгэн үзүүлж байлаа. Тухайн үед интернэтийн техник, технологи дөнгөж нэвтэрч байсан тул эрс тэс уур амьсгалтай Монгол орны өвлийн ид хүйтэнд шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах тохиолдол ч гарна. Интернэтээ тасалчихгүйн тулд үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулж тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах үе ч байв.

1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд 500 гаруйхан байжээ. Тэр үед Монгол улсад Интернэт болон компьютерын талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байсан ч Д.Энхбат захирлаар удирдуулсан Датаком ХХК шинэ техник, технологийг маш амжилтай нэвтрүүлсэн юм.

Монголчууд Интернэтийн хэрэглэгч болсон нь хүн төрөлхтний мэдээллийн том урсгалд нэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран дэлхийн аль ч өнцгөөс мэдээлэл дамжуулах, хүлээн авах эхлэлийг тавьсан юм. Улмаар шинэ үеийн газрын тос гэгдэх болсон өгөгдлийн их далайтай холбогдсон нь далайд гарцгүй Монголыг дэлхийд гарцтай болгосон юм.

Өнөөдөр Монгол Улс мэдээллийн технологийн ашиг тусыг бүх талаар хүртэж, тэр нь хүн, байгууллагын өдөр тутмын ажил, амьдралын салшгүй хэсэг, эдийн засгийн тулах дэд бүтцийн нэг болоод байна. Монгол залуучууд мэдээллийн технологид суурилсан бизнес загваруудыг амжилттай хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай гэдгээ хэдийнэ харуулаад байна.

Интернетийн пионер болсон Д.Энхбат өнөөдөр “Дижитал Хархорум” академийг байгуулж, Монголын компаниудтайгаа хамтран дэлхийн дижитал эдийн засагт өөрийн байр суурийг эзлэх алсын хараатай ажиллаж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Зайнаас ажиллах соёлыг амжилттай нэвтрүүлсэн Дижитал Воркс

Өмнөх нийтлэл

Цар тахлын үед хүний нөөцөө хэрхэн удирдах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.