Паретогийн зарчим гэж юу вэ? 

1906 онд Италийн эдийн засагч Вильфредо Парето улсынх нь газар нутгийн 80 хувийг нийт хүн амын 20 хувь эзэмшдэг болохыг илрүүлсэн аж. Үүнийгээ тэрбээр өдгөө 80/20-ийн зарчим хэмээн алдаршсан математикийн томъёогоор илэрхийлжээ. Эл зарчим нь аливаа нөхцөлд нийт хүчин чармайлтын 20 хувь үр дүнгийн 80 хувийг бий болгодог гэсэн санааг агуулдаг. Паретогийн зарчмыг өдгөө олон салбарт, тэр дундаа бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад өргөн ашигладаг билээ. Тэгвэл энэхүү зарчмыг бизнесээ сайжруулж, бүхий л талбарт бүрэн хүчин чадлаараа ажиллахад хэрхэн ашиглах аргуудыг хүргэж байна. 

1. Бүтээмжээ нэмэгдүүлэх 

Хамгийн их үр ашгийг хүртэхийн тулд хүчин чармайлт, нөөц бололцоогоо юунд чиглүүлэх хэрэгтэйг тодорхойлоход Паретогийн зарчим туйлын тус болдог. Ажилтнууд дор бүрнээ 80/20-ийн зарчмыг баримталснаар ажлаа эрэмбэлж, нийт үр дүнгийн 80 хувийг бий болгодог чухал 20 хувьдаа төвлөрөх боломжтой. Тооны хувьд яг ийм биш байх албагүй ч Паретогийн зарчмаар ажилласнаар ажилтнууд урт хугацааны зорилгодоо хүрэхэд нэмэр болохгүй жижиг сажиг ажилд цагаа үрэхийн оронд үр дүнгийн ихэнх хувийг бий болгодог чухал цөөн ажил дээрээ төвлөрөхөд суралцдаг. 

Парето зарчмгы үүнтэй адилаар байгууллагын бүтээмж саарч буй шалтгааныг олоход ашиглаж болдог.

Менежерүүд  80/20 зарчмыг баримтлан бүтээмжгүй байдлыг 80 хувийг бий болгож буй 20 хувь шалтгааныг илрүүлж, улмаар тэдгээр асуудлыг шийдэх тохиромжтой аргыг олох боломжтой. 

Ажлын байрны бүтээмжийг бууруулдаг түгээмэл шалтгаанууд нь сошиал медиад сатаарах, чадавхгүй ажилтнууд эсвэл тохиромжгүй ажлын орчин зэрэг байдаг. Мэдээж бүтээмж тааруу байгаа шалтгаан нь ажилтан бүрийн хувьд өөр байж болох ч энэ асуудлыг шийдэхэд Паретогийн зарчим тус болох нь дамжиггүй.

2. Орлогоо нэмэгдүүлэх 

Та ямар салбарт бизнес эрхэлж буйгаас үл хамааран аливаа бизнесийн борлуулагчдын 20 хувь нь нийт борлуулалтын 80 хувийг хийдэг нийтлэг үзэгдэл ажиглагддаг. Эцсийн зорилго ямар байхаас хамааран Паретогийн зарчмыг борлуулалтад аль ч талаас нь ашиглаж болно. Бүхий л нөөц бололцоогоо хамгийн их борлуулалт хийдэг 20 хувьдаа зарцуулах уу эсвэл борлуулалт бага хийдэг 80 хувьдаа төвлөрч ажиллах уу гэдгээ тодорхойлж шийдвэрээ гаргана гэсэн үг. 

Түүнчлэн, Паретогийн зарчмын дагуу танай компанид орж буй орлогын ихэнх хувийг цөөн тооны хэрэглэгч бий болгож байдаг. Үүнтэй адилаар хэдхэн бүтээгдэхүүн, үйлчилгээ л танай борлуулалтын ихэнх хувийг бүрдүүлдэг байна. Ийм аргаар хэрэглэгчдээ судалснаар өнгөрсөн хугацаанд хэн танай компанид хамгийн их орлого оруулсныг тогтоож, хамгийн үнэ цэнтэй боломжит хэрэглэгчээ хайж олоход төвлөрөх боломж бүрдэнэ. Цаашлаад, төдийлөн ашиг олдоггүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зогсоож, ашигтайг нь сайжруулахад төлвлөрөх нь бизнесийн хувьд илүү ашигтай.

3. Вэбсайтаа идэвхжүүлэх 

Аналитикаас танай байгууллагын вэбсайтын үзүүлэлтийг ерөнхийд нь харвал нийт хандалтын дунджаар 80 хувь нь вэбсайтын тань 20 хувь дээр төвлөрдөг гэсэн үзүүлэлт гарна. Вэбсайтын хамгийн их хандалт авдаг 20 хувь нь голдуу бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахтай холбоотой чухал контент байдаг. Вэбсайтынхаа траффик, хандалтыг судлахад Паретогийн зарчмыг ашигласнаар хэрэглэгчдэд хамгийн чухал, гол мэдээллээ өгч, вэбсайтаа идэвхжүүлэхэд тус болно. Ингэснээр борлуулалт өсөхөөс гадна вэбсайт траффик багатай байсан ч бизнес хурдтай өсөх боломжийг олгодог байна. 

Вэбсайтаараа дамжуулан хийж буй маркетингаа судлаад үзвэл мөн л маркетингийн бодлогын 20 хувь нь үр дүнгийн 80 хувийг авчирч байна гэсэн дүгнэлтэд хүрнэ. Иймд үр дүнтэй болох нь батлагдсан маркетингийн бодлогодоо үндэслэн олон нийтийн анхаарлыг бизнестээ татах боломж бүрдэх юм.

4. Асуудлыг илрүүлж, шийдэл олох 

Паретогийн диаграмм жишээ

Паретогийн диаграммыг асуудлаа эрэмбэлэхэд ашиглахад үр дүнтэй байдаг. Ингэснээр тухайн нөхцөлд ямар асуудлууд үр дүнд хамгийн ихээр нөлөөлж байгааг илрүүлэхээс гадна бизнесийнхээ хамгийн чухал асуулдлыг шийдэхэд зөв алхам хийхэд тус болно. 

Эл диаграмм нь асуудлуудыг давтамжийн дагуу буурах дарааллаар жагсаасан босоо багана хэлбэртэй байна. Тухайн асуудлын давтамж өндөр байх тусам бизнест үзүүлэх нөлөө нь их байх бөгөөд юунд анхаарлаа хандуулж, юугаа сайжруулахыг тань зааж байна гэсэн үг. Паретогийн диаграмм нь борлуулалт, бүтээмж, бизнесийн ерөнхий өсөлтөд нөлөөлж буй асуудлуудыг оновчтой тодорхойлох арга юм.

5. Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах

Хэрэглэгчийн үйлчилгээ нь ямар ч бизнесийн чухал бүрэлдэхүүн тул хэрэглэгч эл үйлчилгээнд сэтгэл хангалуун байх ёстой. Паретогийн зарчмын дагуу хэрэглэгчдээс ирж буй гомдлын 80 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээний 20 хувьтай холбоотой байдаг учраас ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ асуудал үүсгээд буйг ул суурьтай судалж тогтоосноор хэрэглэгчийн үйлчилгээний асуудлаа нэгмөсөн шийдэх боломжтой. Мөн 80/20-ийн зарчмыг баримтлан хэрэглэгчдийн гомдлын ихэнх нь аль ажилтанд ирж буйг тогтоож, тухайн ажилтны хэрэглэгчтэй харилцах арга барилд өөрчлөлт оруулахад төвлөрөх боломж бүрдэнэ. 

Дүгнэлт

Паретогийн зарчим нь аливаа нөхцөл байдал, асуудлын чухал бус хэсгийг тэр чигт нь зогсоох эсвэл хасах арга биш юм. Харин эцсийн зорилгодоо хүрэхэд хамгийн их нөлөө үзүүлэх, илүү сайн үр дүнд хүрэхэд туслах зүйлд төвлөрөхөд тус болдог зүй тогтол билээ. Энэхүү зарчим нь бизнесийнхээ бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа хэсгүүдийг илрүүлж, улмаар яаралтай засаж сайжруулах хэрэгтэй асуудалдаа анхаарлаа хандуулахад ихээхэн тус болдог. Амжилттай бизнес эрхлэгчид Паретогийн зарчмыг ашиглан явуулж буй бүхий л үйл ажиллагаа нь бизнесийн амжилт, өсөлтөд хувь нэмэр оруулж байгаа эсэхийг шалгадаг байна.

Автор: Чарльз Вар

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 3.33 out of 5)
Loading...
Б.Мишээл

Маркетинг, борлуулалтдаа вэбсайтыг үр дүнтэй ашиглах нь (№ 70)

Previous article

Бизнес эрхлэгчдэд зориулсан Harvard ManageMentor хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like