Менежмент

Ч.Батцэцэг: Цар тахлын дараах хамгийн таатай “шинэ хэвийн байдал” бол хөдөө амьдрах

0

Улаанбаатарт амьдрах орчин улам л хэцүү болж байна. Үүний оронд цэвэр агаар, газар, түүхий эд нь бэлэн байгаа орон нутагт очиж бизнес эрхлэн амьдрахад юу саад болоод байна вэ? Хөдөөд ямар шинэчлэлийг хамгийн түрүүнд хийх шаардлагатай вэ? Энэ талаар “Хөдөө амьдаръя” төслийг санаачлагч, “Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл” ТББ-ийн УЗ-ийн дарга Ч.Батцэцэгтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

  • “Хөдөө амьдаръя” нэртэй төслийг санаачилж эхлүүлсэн тухайгаа яриач

2018 оны өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэхэд хэсэг залуучууд утаанаас хол, хотоос гарч амьдаръя гэж ярилцаад цахим орчинд “Шинэ суурин” нэртэй санаачилга өрнүүлсэн. Хот төлөвлөлт, архитектур чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс олон байсан. Нийт 400 орчим залуучууд нэгдэж, нийслэлийн алдааг давтахгүй байхын тулд хот төлөвлөлтөө хэрхэн шийдэх талаар орон орны туршлагыг судалсан. Европт байдаг шиг эко суурин байгуулахыг хүсч байлаа.

2019 оны дөрөвдүгээр сард газар судлахаар дэд бүтэц, байршил, байгаль сайтай Булган аймгийг сонгосон юм. Булган аймгийн Булган, Хутаг-Өндөр сумдын засаг дарга нартай уулзаж, нөхцөл байдалтай танилцаж, хэсэг судалсны эцэст шинэ эко суурин байгуулах бус байгаа сумдыг шинэчлэх хэрэгтэй гэж дүгнэсэн. Ингээд Шинэ суурин санаачилга 2020 оноос “Хөдөө амьдаръя” нэртэй болж, Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл ТББ байгуулагдсан юм.

Олон нийтийн сүлжээн дэх “Хөдөө амьдаръя” нэртэй групп 2000 орчим гишүүнтэй болж одоогоор Үндэсний хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын их сургууль тэргүүтэй 20 гаруй байгууллага бидний санаачилгыг дэмжиж хамтран ажиллаж байна. Бид орон нутагт чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, олон талын хамтын ажиллагааг өрнүүлэх замаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах зорилготой. Нэг үгээр хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөнийг өрнүүлэх санаачилга юм.

  • Улаанбаатарт амьдрах орчин үнэхээр асуудалтай. Гэхдээ энд орон нутагт хэрэгтэй мэдлэг, туршлагатай залуучууд олон бий. Тэд хөдөө гараад бизнес эрхлээд амьдрахад хамгийн их саад болж байгаа зүйл нь юу байна гэж бодож байна?

Шилжилт хөдөлгөөнд нөлөөлөлдөг эерэг, сөрөг хүчин зүйлүүд бий. Миний хувьд Улаанбаатараас гарах шалтгаан нь түгжрэл, агаар, орчны бохирдол, стресс бол Улаанбаатарт хоргодох шалтгаан нь боловсрол, эдийн засгийн төвлөрөл юм. Харин хөдөө амьдрах шалтгаан нь эрүүл агаар, экологийн цэвэр орчин бол хөдөө амьдрахаас эмээх, цааргалах 4-5 нийтлэг шалтгаан байна.

Улаанбаатараас гарах шалтгаан нь түгжрэл, агаар, орчны бохирдол, стресс бол Улаанбаатарт хоргодох шалтгаан нь боловсрол, эдийн засгийн төвлөрөл юм.

Нэгдүгээрт, орон нутгийн албан боловсролын чанарын асуудал. Хөдөө хийх ажил нь бэлэн, хувийн бизнестэй эсвэл зайнаас ажиллах боломжтой, нэг үгээр орлогын эх үүсвэрийн асуудалгүй хүмүүс хөдөө амьдрах шийдвэр гаргахад хүүхдийн боловсролын чанарын асуудал хамгийн их нөлөөлж байна. Тэгэхээр нэн тэргүүнд Улаанбаатар хотын боловсролын төвлөрлийг сааруулах, орон нутгийн боловсролын чанарыг сайжруулах шаардлагатай. Жишээ нь Улаанбаатарт сурч байсан сургуульдаа зайнаас суралцах, гэр сургалтыг хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Энэ чиглэлд хуулийн төсөл нь бэлэн болсон гэж сонссон.  

Хоёрдугаарт хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Аймаг, суманд мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй боллоо гэхэд ажлын зар нь Улаанбаатар болон бусад орон нутгийн хүмүүст төдийлөн хүрдэггүй. Зарим тохиолдолд шаардлагатай байгаа мэргэжилтнээ олохгүй хоёр, гурван жил болох нь ч бий. Орон нутагт байгаа сул орон тоо, ажлын байрны зарыг хөдөлмөрийн зах зээл дээр хүртээмжтэй болгох хэрэгтэй. Хөдөө амьдрахыг хүссэн хүнд ажил олддоггүй биш ажил хайх арга нь олддоггүй гэж хэлж болно.

Хөдөө амьдрахыг хүссэн хүнд ажил олддоггүй биш ажил хайх арга нь олддоггүй гэж хэлж болно.

Бизнес эрхлэгчдийн тухайд Улаанбаатараас 500 км алслагдсан бол ашгийн татвараас 50%, 1000 км бол 90% чөлөөлнө гэсэн хуулийн заалттай. Улаанбаатараас шилжиж очоод хөлөө олох, эсвэл шинэ бизнес эхлүүлээд ашиг олох хүртэл хэдэн жил болох вэ? Тэгэхээр ашгийн татварын хөнгөлөлт нь төдийлөн үр дүнтэй урамшуулал болж чадахгүй байна. Харин гарааны бизнесийг эхний гурван жилд НӨАТ-аас чөлөөлдөг шиг хөдөө, орон нутагт шинэ гарааны бизнес эхэлсэн бол эхний жилүүдэд НӨАТ-аас чөлөөлдөг байвал илүү бодитой дэмжлэг болно.

ЖДҮДС гэх мэт хөнгөлөлттэй зээлийн хуваарилалтын хэмжээ нь орон нутагт маш бага байдаг юм билээ. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Суманд бизнесийн хөнгөлөлттэй зээл авах боломж нь илүү байвал хөдөө ажиллаж амьдрах, орон нутагт бизнес эрхлэх сонирхол нэмэгдэнэ. Иймээс хөдөөг хөгжүүлье, хөдөө амьдаръя гэвэл хотоос илүү сайн нөхцлийг санал болгох хэрэгтэй.  

Бид Улаанбаатарын зарим үйлдвэрийн эзэдтэй орон нутагт бизнесээ шилжүүлэх талаар ярилцаж үзсэн юм. Ажилчдын тал шахам хувь нь ажлын байраа дагаад шууд нүүнэ гэж хариулсан байсан. Тиймээс иргэдийг хөдөө амьдрахад сэдэлжүүлэхээс илүүгээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл санал болговол ажилчдын тодорхой хэсэг нь хамт нүүж, үлдсэн шаардлагатай ажилчдыг орон нутгаас эсвэл Улаанбаатараас авч ажиллуулах боломжтой болно. Орон нутагт шинэ татвар төлөгч, шинэ ажлын байр, шинэ бүтээгдэхүүн, шинэ хандлага, шинэ орлогын эх үүсвэр бий болно. Дэд бүтцийг нь сайн шийдэж өгөөд газар зүйн байршлаас шалтгаалсан зардлын зөрүүнээс нь давсан хөнгөлөлт, урамшуулал үзүүлбэл бараа, бүтээгдэхүүнээ орон нутагт үйлдвэрлээд Улаанбаатар ба бусад орон нутагт нийлүүлэхэд асуудалгүй. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьд орон нутагт шилжвэл бүр ч таатай байх болно.

Гуравдугаарт газрын асуудал ба амьдрах орчны тав тухтай байдал. Орон нутагт байгаа тэр их тал нутгийн хаана нь ч очоод амьдрахад болмоор юм шиг атлаа тийм биш. Монгол Улсын иргэн бүр 0.7 га газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Гэвч зөвхөн “сууршлийн бүс”-т үнэ төлбөргүй газар өмчлүүлнэ гэсэн хуультай учир дуртай уулын амандаа бууж болохгүй гэсэн үг.

Хууль эрх зүйн хувьд шилжин ирэгсдэд үнэ төлбөргүй газар эзэмших эрх нь нээлттэй боловч бараг боломжгүй.

Суурьшлийн бүсийн газрыг өргөдөл өгсөн дарааллаар, зорилгыг нь судалж олгодог болохоор нутгийн удирдлага эхлээд сумын уугуул иргэддээ газар олгохыг бодно. Тиймээс хууль эрх зүйн хувьд шилжин ирэгсдэд үнэ төлбөргүй газар эзэмших эрх нь нээлттэй боловч бараг боломжгүй. Тиймээс газрын тухай болон хот төлөвлөлтийн тухай хуулийг боловсронгуй болгох, газар ашиглалтыг сайжруулах, газраас бий болох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.    

Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас сумын иргэдийн өмчлөлд байгаа, ашиглахгүй газрыг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулах, орон нутагт шинээр хотхон, орон сууц барих газруудыг нэмж төлөвлөх хэрэгтэй. “Хөдөө амьдаръя” төслөөс суманд барьж болох 30 айлын жишиг эко хотхоны загвар боловсруулж байгаа. Жишээ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэд энэ хотхоныг барилцах, хамтран амьдрах хүсэл сонирхол их байгаа нь сумын хот төлөвлөлтийг гэр хороолол шиг биш Европын эко тосгодууд шиг илүү тав тухтай, хүн байгальд ээлтэй байдлаар төлөвлөх, дулаан, цахилгаан, цэвэр бохир нь шийдэгдсэн ая тухтай орчныг бүрдүүлэх хэрэгцээ байгааг харуулж байна. Энэ нь төвлөрлийг сааруулах бас нэг хөшүүрэг болно. Үүн дээр нэмээд төрөөс орон нутагт барих амины орон сууцанд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгож өгөх хэрэгтэй байна.  

Төрөөс төвлөрлийг сааруулах, орон нутагт чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлого нь байгаа ч хэрэгжилт нь алга. Шилжилт хөдөлгөөний үр дүнд орон нутагт шаардлагатай ур чадвар, инноваци, хөрөнгө оруулалтын орц нэмэгдэх учиртай.

Дөрөвдүгээрт орон нутгийн түвшинд шилжилт, хөдөлгөөний бодлого, менежментийг сайжруулах асуудал. Аймгууд хүн амынхаа тоог нэмэгдүүлэх сонирхол их байдаг ч шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зөв зохион байгуулах туршлага, дэмжлэг хомс байна. Төрөөс төвлөрлийг сааруулах, орон нутагт чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлого нь байгаа ч хэрэгжилт нь алга. Шилжилт хөдөлгөөний үр дүнд орон нутагт шаардлагатай ур чадвар, инноваци, хөрөнгө оруулалтын орц нэмэгдэх учиртай. Орон нутаг хөгжлийн зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд гарцаагүй хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөний бодлого, тодорхой төлөвлөгөөтэй болох хэрэгтэй.

Сумдыг хүн амынхаа тоо, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн, засаглалаа сайжруулсан, авлигтай тэмцэж ахиц гаргасан, хүнээ хөгжүүлсэн, өрсөлдөх чадамжаа нэмэгдүүлсэн зэрэг үзүүлэлтээр өрсөлдүүлж орон нутгийн өөрийгөө засаглах эрх мэдлийг нэмэгдүүлдэг,  урамшуулдаг тогтолцоо хэрэгтэй. Аль ч суманд очсон онцын ялгарах зүйлгүй ижил төстэй санагддаг. Сум бүр бие даасан бодлоготой, орон нутгийн ондоошил, нэгдмэл байдал, үнэт зүйлийг бий болгоход чиглэсэн дотоод хууль, журамтай байх боломжийг бүрдүүлж өгмөөр санагддаг. Ингэж байж сумдаас сайн туршлага төрж, хөдөөд хөгжлийн гарц нээгдэнэ.

Цар тахлын дараах хамгийн таатай шинэ хэвийн байдлыг би хувьдаа хөдөө амьдрах гэж харж байна. Хөдөө амьдарна гэдэг зөвхөн байрлалаа солино гэсэн үг биш. Том хотын амьдралын зарим зуршлаасаа татгалзах, байгальтай зохистой харилцаж сурах, хөдөлмөрийн хуваариа өөрчлөх, орон нутгийн онцлогт дасан зохицох, хөдөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүлээлттэй тулгарах гээд тэс өөр хэв маягаар амьдрах тухай юм. Иймд “Хөдөө амьдаръя” төсөл энэ төрлийн шилжилт хөдөлгөөнийг зөв сэдэлжүүлэх, оновчтой чиглүүлэх, шилжилт хөдөлгөөнд оролцогсдын эрхийг хамгаалах, хамтын ажиллагааг өрнүүлэхэд анхаарч ажиллана.   

  • Энэ дээр дөрөөлөөд хэлэхэд одоо сумдын удирдлагууд бага ч гэсэн хуваарилж байгаа нөөцийг үнэ цэнтэй төслүүдэд ухаалаг зарцуулах, өөрсдөө хөгжлийн оновчтой төлөвлөгөө хэрэгжүүлэх нөөц бололцоо, чадамж нь муу байна. Өөрөөр хэлбэл, сумын удирдлага сайн менежер шиг ажилладаг, мэдлэг, чадвартай хүмүүсийг урьж хамтарч чаддаг байх шаардлагатай. Одоо бол төвөөс ирсэн дарга нарыг дайлж цайлдаг ажилтай байна гэсэн шүүмжлэл гардаг. Орон нутагт мөнгөнөөс илүү менежмент огт алга. Тэгэхээр Улаанбаатарт бөөгнөрчихөөд байгаа, эсвэл гадаад руу явчихаад байгаа мэдлэг, туршлага, авьяасыг орон нутаг руу “экспортолж”, тэнд байгаа хүмүүсийг өөрсдийг нь чадавхижуулж, өөрсдийнх нь хүчээр сумыг хөгжүүлэх арга зам юу байна?

Африкийн жишээг ярихад энэ тивийн олон орны иргэд ядуурлаас дайжиж Америк, Канад, Европ руу маш их шилжсэн, дүрвэсэн. Үр дүнд нь Африкт боловсон хүчин, авьяас, мэргэжилтнүүд тун цөөхөн болж, оронд нь ядуурал, авлига газар авсан. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Африкийн засгийн газрууд нийлээд MIDA (Migration for Development in Africa) нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэхдээ баруунд нэгэнт амьдралаа олчихсон иргэдээ эргээд ир гэж ятгаагүй. Үүний оронд онлайнаар эсвэл түр томилолтоор ирэх байдлаар төрсөн нутагтаа зөвлөх үйлчилгээ үзүүлэх саналыг тавьж байсан. Энэ арга үр дүнгээ өгч, эх орондоо эргэн ирж амьдарсан тохиолдлууд ч байдаг. Хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөн бол харъяаллаа өөрчлөхөөс илүү өргөн утгатай. Ур чадвар, инноваци, технологи, хөрөнгө оруулалт, хүн хүчний шилжилт, сэлгэлт юм.

Хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөн бол харъяаллаа өөрчлөхөөс илүү өргөн утгатай. Ур чадвар, инноваци, технологи, хөрөнгө оруулалт, хүн хүчний шилжилт, сэлгэлт юм.

Хөдөө амьдаръя төслийн хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард бид “Хөдөө амьдаръя I – Хутаг-Өндөрийн мэдээллийн өдрүүд” нэртэй 4 өдрийн цогц үйл ажиллагааг Хутаг-Өндөр суманд зохион байгуулж, Улаанбаатараас 40 гаруй хүн, орон нутгаас төдий хэмжээний хүн оролцсон. Хотоос сонирхож очсон хүмүүст нэг дороос цогц мэдээлэл авах, орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, ард иргэдтэй танилцах боломжийг бүрдүүлж, нөгөө талаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бололцоог нь хангаж өгсөн.  

Үр дүнд нь Хутаг-Өндөр сумын ЕБС-ийг ХААИС-ийн лицей сургууль болгох алсын хараатайгаар байгалийн шинжлэх ухааны сонгон суралцах хөтөлбөртэй болгох санаачилга өрнөсөн. Багаасаа байгалийн шинжлэх ухаанд суралцсан хүүхдүүдээс ирээдүйн шилдэг фермерүүд, шинжлэх ухаанч малчид, газар тариалан, мал эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд төрөн гарна гэж итгэж байна. Хүүхдийн эрх, боловсрол зэрэг салбар салбарын зөвлөхүүд уг төсөл дээр пробоно (сайн дурын ажил) хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой. Цаашлаад Хутаг-Өндөрт амьдарч, тэндээ багшлаад үлдэх хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй.  

Мөн үйл ажиллагааны үеэр үхрийн аж ахуйн кластерын 2 өдрийн сургалт хийсэн бөгөөд үр дүнд нь Хутаг-Өндөр суманд махны кластер байгуулагдах гэж байна. Тус сумын хувьд фермерийн аж ахуй тодорхой түвшинд хөгжчихсөн газар. Олон улсын шаардлага хангасан өндөр чанарын махыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг кластер байж болох юм гэсэн санаа. Монголын зочлох үйлчилгээний салбарынханд зориулж гаднаас импортлоод байгаатай адилхан үхрийн стейкний махыг Монголдоо үйлдвэрлэж, цаашлаад экспортлож болно. Махны кластерын санаачилгад орон нутгийн фермер, малчид, бизнес эрхлэгчид, нутгийн удирдлагаас гадна санхүү, хүний эрх, менежментийн зөвлөхүүд, бэлчээр, тэжээлийн мэргэжилтнүүд, судлаачид гээд олон хувь хүн, байгууллага сайн дурын үндсэн дээр нэгдэж байна. Жижиг дунд үйлдвэрийн газар, МҮХАҮТ нар маш их дэмжиж, хамтран ажиллаж байна.

Хутаг-Өндөр сумын засаг дарга лицей сургууль болон махны кластерын санаачилгыг үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулж төлөвлөсөн нь төрийн зүгээс том дэмжлэг юм. Ийм хэлбэрээр бид орон нутаг руу ур чадвар, мэдлэгийг шилжүүлэх, орон нутагт таатай сайхан амьдрах боломж байгааг хүмүүст харуулах, сайн туршлага, бодит жишээг бий болгохын төлөө хамтдаа хичээж байна.

  • Монгол Улсын хувьд хоршооллын хөдөлгөөн эхлээд олон жил болсон. Орон нутгийн иргэд төрөл бүрийн хоршоо, нөхөрлөл, нийгэмлэг байгуулан хамтарч бизнес эрхлэх боломж нээлттэй байгаа. Сүүлийн үед кластерын тухай их ярьж байна. Энэ бол хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйд туршигдаад амжилт олсон бэлээхэн загварууд. Гэхдээ яг хамтраад ажиллах гэхээр нэг л болж өгдөггүй. Үүний шалтгааныг дэлгэрүүлээч.

Би Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын УЗ-ийн даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Миний мэддэг кластерын зарчмаар бол кластер гэдэг нь төр, хувийн хэвшил, судалгааны байгууллага хамтран үндэсний болон салбарын өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх, нэг зорилгод чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, оролцогч талуудыг нэгтгэх замаар хурдан, хүнд сурталгүй, хүртээмжтэй, бүтээмжит механизм бий болгохыг хэлээд байгаа юм. Хоршооноос ялгаатай нь кластерт төр идэвхитэй оролцогч байж бодлого, эрх зүйн саад тотгоруудыг арилгаад явчихдаг. Судалгаа, шинжилгээний байгууллагууд бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд шаардлагатай судалгааг хийдэг. Компаниудын хувьд мөнгө санхүү, үйлдвэрлэлийн чадамж, зах зээлээрээ хамтардаг, зардлаа хэмнэдэг. Кластерт төрийн санаачлага, идэвхтэй оролцоо, бодлогын дэмжлэг маш чухал байр суурь эзэлнэ. Аль аль талдаа энийг ойлгож ухамсарлах, арга барилаа олоход хугацаа, туршлага хэрэгтэй.   

            Малчдад түүхий эд бий. Жаахан судалгаа, мэдээллээр хангаад, чадавхижуулаад өгвөл хамтраад илүү ашиг, орлого олох боломжтой. Гэхдээ яагаад хамтрахаас цааргалаад байна вэ? Яагаад тус тусдаа түүхий эдээ ачаад Улаанбаатар руу давхидаг вэ? Ядаж тээвэрлэлт дээрээ хоршиж болно биз дээ?

Бид яг үүнийг судлаад л байна. Нэг талаас иргэний нийгмийн манлайлал дутагдаад байх шиг. Нөгөө талаас иргэд өөрсдийн саналаа өгч сонгосон нутгийн удирдлагадаа хамгийн их итгэл хүлээлгэдэг бололтой. Орон нутгийн иргэд нэг нэгнийхээ санаачилгад нэгдэхээс илүү төрийн шийдвэрийг хүлээдэг. Бид орон нутагт сургалт зохион байгуулахдаа өөрсдөө зар тараахад хүмүүс бараг ирэхгүй мөртлөө ЗДТГ-аас зарлахад бүр хол нутагладаг малчид хүртэл ирж оролцож байсан. Орон нутагт төр нь өөрөө нөлөөлөгч, манлайлагч байдаг. Иймээс нутгийн удирдлага төрийн бус байгууллагуудаа дэмжих, идэвхитэй хамтран ажиллах замаар хүртээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэвэл төрийн нөөц хүрэлцэхгүй байгаа хөгжлийн асуудлуудыг иргэний нийгэм, иргэдийн бүлэг, хувийн хэвшлүүд хамтын хүчээр шийдвэрлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна нэгдсэн, хамтарсан сайн туршлагуудыг солилцлох, сурталчлах хэрэгтэй байх.  

  • Монгол шиг тархай бутархай суурьшилтай, дэд бүтэц сул хөгжсөн оронд мэдээллийн технологи маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж судлаачид үздэг юм билээ. Малчдад хэрэгтэй зах зээлийн мэдээллийг тэдэнд илүү ойр байлгах ямар арга замууд байж болох вэ?

Мэдээллийн технологийн гарааны бизнесүүдийг орон нутагтаа олноор суурьшуулах, хөгжүүлэх хэрэгтэй. Технологийн салбарынханд хөдөө хийх ажил, сэдэх зүйл дэндүү их бий. Жишээ нь нэг өрхийг нэг компани гэж үзвэл үйлдвэрлэлийн өртөг, хүн/цагийн өртөг маш өндөр, өгөөж бага. Малаа өсгөх, хадлан тэжээлээ бэлтгэх, нядлах, тээвэрлэх, зарж борлуулах гээд бүх ажлаа малчид өөрсдөө хийдэг. Элдэв сургалт семинарт суух нь байтугай эмнэлэгт үзүүлэх цаг ч хомс. Гэтэл хөгжсөн орнуудад хонь хариулахдаа робот нохой ашиглаж байх жишээтэй.

Нэг өрхийг нэг компани гэж үзвэл үйлдвэрлэлийн өртөг, хүн/цагийн өртөг маш өндөр, өгөөж бага.

Тиймээс малчдын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, автоматжуулах шинэ санаа, инноваци, технологи, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хутаг-Өндөрт шилжиж очсон, хонины фермтэй нэг залуу гэр бүл бий. Гурван айл хонио нийлүүлж нэг сүрэг болгоод сард арав арван хоногоор ээлжилж хариулахаар тохирсон гэнэ. Ингэхдээ сумын төвийн ойролцоо талхлагдсан бэлчээрт биш, зайдуу сайн бэлчээрт хариулна. Ээлжин дээрээ өөрийн буруугаас малын хорогдол гаргавал хохирлыг төлнө. Сард 10 хоног ажиллаж 20 хоног амарна. Энэ бол маш сайхан санаачилга.

Энэ мэт сайн жишээг нийтэд сурталчлах хэрэгтэй. Үйлдвэрүүд автоматжаад байгаа ч анхдагч үйлдвэрлэл болох мал аж ахуй нь хөгжихгүй байна. Үүнээс шалтгаалаад нийлүүлэлт тогтворгүй. Монголоос мах экспортолдог үйлдвэрүүд улирлын чанартай ажиллаж байна. Яагаад гэвэл мал нийлүүлэлт тогтмол биш. Ресторанууд махаа гаднаас авч байна. Яагаад гэвэл мах нийлүүлэлт тогтмол биш.

Ресторанууд махаа гаднаас авч байна. Яагаад гэвэл мах нийлүүлэлт тогтмол биш.

Асуудал бүрийг шийдэхэд орон нутгийн засаг захиргааны хүний болон хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй. Төрийн албаны цалин бага, ачаалал их. Тайлангаас тайлангийн хооронд ажиллаж, бичиг цааснаасаа хөндийрч чаддаггүй гэх. Тэгэхээр орон нутгийн түвшинд төрийн албаны шинэчлэл хийх эс бол төр хувийн хэвшлийн түншлэлээр төрийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны бүтээмжийг сайжруулах хэрэгтэй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (7 votes, average: 4.71 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Энтрепренерүүдийн стратеги: Ковид-19-ийн өмнө ба дараа

Өмнөх нийтлэл

Амжилттай ЖДҮ эрхлэгчдийн 7 зөвлөгөө

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.