Тусгай хэрэгцээт иргэдийг худалдан авах чадваргүй гэсэн хэвшмэл ойлголт бий. Гэвч бодит байдал дээр тэд худалдан авах чадваргүй гэхээсээ илүү бизнесүүд хангалттай хүртээмжтэй байж чаддаггүйд асуудал оршдог болохыг асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүст зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Рехтус ХХК-ийн захирал В.Ойдов онцолсон юм. 

Дэлхий дахинд тусгай хэрэгцээт иргэдийг нэг бүрчлэн тоолохоос илүү өрхөөр нь тооцох хандлага дэлгэрч буй. Бид хайртай дотны хүмүүстээ бүхий л зүйлээ зориулахад бэлэн байдаг шүү дээ. Иймд хэрэв өөрөө орлого олох боломжгүй бол ар гэрийнхэн нь хэрэгцээг нь хангаж, зардлыг нь гаргадаг гэдгийг бодолцох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ахмад настнууд, түр зуурын бэртэл авсан хүмүүс болон жирэмсэн эхчүүд зэрэг бүлгүүд ч үүнтэй адилаар бизнесүүдийн хэрэглэгчид чиглэсэн бодлогоос гадуур үлддэг. Хэрэв тэдэнд хүртээмжтэй орчин, үйлчилгээг бий болговол ямар үр дүнд хүрч болох талаар та бодож байсан уу? 

Тэд өөрт нь тухтай, саадгүй үйлчлүүлэх боломжтой газраар л үйлчлүүлдэг. Жишээ нь, хэрэв найзуудын дунд нэг нь тэргэнцэртэй явж байгаад хоол идэхээр бол тэргэнцэртэй хүнд ээлтэй газраар л үйлчлүүлнэ. Иймд хэрэв танай байгууллага тусгай хэрэгцээт хүмүүст хүртээмжтэй орчин бүрдүүлээгүй бол боломжит үйлчлүүлэгчээ алдсаар байна гэсэн үг. Харамсалтай нь манайд ихэнх байгууллага тусгай хэрэгцээт хүмүүс үйлчлүүлнэ гэж огт тооцоолоогүй дэд бүтцийг байгуулдаг. Дэлхийн жишгээр аливаа барилгыг барихад анх төсөвлөсөн өртгийн 10 хувийг нэмснээр хүртээмжтэй болгох боломжтой бол нэгэнт баригдсан барилгыг хүртээмжтэй болгож өөрчлөхийн тулд анхны төсвийн 25 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт шаарддагддаг байна. 

Бизнесүүд тусгай хэрэгцээт хүмүүсийг үйлчлүүлэгч гэж харахаас гадна найдвартай ажиллах хүчин гэж харах хэрэгтэй.

Үйлчлүүлж буй байгууллага нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, үзэл баримтлалыг илтгэх болсон энэ цагт тусгай хэрэгцээт хүмүүст ээлтэй байх нь олон давуу талтай. Бизнесийн орчноо хүртээмжтэй болгосноор үйлчлүүлэгчдийн тоог дагаад борлуулалт нэмэгдэхээс гадна бизнесийн нэр хүнд өсөх боломжтой. Тусгай хэрэгцээт хүмүүст үйлчилдэг, нийгмийн цөөнхийн хэрэгцээг бодлогоороо анхаардаг гэдэг утгаар нь тухайн байгууллагыг үнэлэх үнэлэмж өсдөг. 

Тусгай хэрэгцээт хүмүүсийг зөвхөн бизнесийн үйлчлүүлэгч бус найдвартай ажиллах хүчин гэж харах хэрэгтэйг Рехтус ХХК-ийн захирал В.Ойдов онцолжээ. Нэгдүгээрт, тэд өдөр тутмын амьдралдаа сорилттой тулсаар ирсэн байдаг тул барагийн асуудалд шантрахааргүй, сэтгэлийн хаттай болсон байдаг. Тухайн хүний асуудалд хандах хандлага, эерэг байдал нь улмаар байгууллагын бусад ажилтнуудын хандлагад эергээр нөлөөлдөг. Хоёрдугаарт, аливаа байгууллагад тусгай хэрэгцээт хүн ажилласнаар тэдэнд ээлтэй орчинд бий болохын ач холбогдлыг илүү ойлгож, зөвөөр бүрдүүлж эхэлдэг. Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн гадна үлддэг эдгээр хүмүүсийн дунд авъяаслаг боловсон хүчин цөөнгүй байдгийг мөн анхаарах хэрэгтэй. Хүн ам цөөтэй манайх шиг улсын хувьд бүхий л нөөцөө дайчлах нь чухал шүү дээ. 

Тусгай хэрэгцээт хүмүүсийн бизнест эзлэх байр суурийн тухай Рехтус ХХК-ийн захирал В.Ойдовтой ярилцсан подкастыг энд дарж сонсоно уу. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Логоны санаанууд: 2021 оны логоны дизайны 10 трэнд

Previous article

2 сарын сургалтын бүртгэл эхэллээ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like