Хятад Улсын хүн амын ядуурлын түвшин 1990 онд 66 хувь байсан бол өнөөдөр хоёр хувиас доогуур оржээ. Удахгүй ядуурлыг нэг мөсөн арилгахаар төлөвлөж байна. Энэ том үсрэлтийн үндсэн хүчин зүйл нь юу вэ? Засгийн газраас иргэддээ мөнгө тараагаагүй. Маш олон ажлын байрыг бий болгосон нь ядуурлыг бууруулахад тусалсан ч хангалттай тайлбар болж чадахгүй. Судлаачдын үзэж буйгаар Хятадын амжилтын нууц нь инновацийн хөгжил. 

Хүн төрөлхтний түүхийг нийтэд нь харвал хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь инноваци гэж хэлж болно. Хамгийн эртний инноваци болох түүдэг гал хүнд дулаан, амттай хүнсийг өгсөн. Дараа нь дугуй бий болсноор гэрийн тэжээмэл амьтдыг тэргэнд хөлөглөн том ачааг хол зайд тээвэрлэх, орон зайг өмнөхөөс хурдан туулах бололцоог өгсөн. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлж уурын хөдөлгүүр, төмөр зам, автомашин гэх мэтчилэн шинэ технологиудын тоо улам ихсэж, амьдралд нэвтрэх хоорондын зай нь улам ойртсон. 

Эндээс харахад хүн төрөлхтний нийгмийг үндсээр нь өөрчилсөн аливаа инноваци дангаараа оршин тогтнодоггүй бөгөөд тэрхүү инновацийн ачаар бүтсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст хүргэх цоо шинэ дэд бүтцийг бий болгодог. Ингэснээр өмнө нь хүний амьдралд огт байгаагүй эсвэл зөвхөн баячуудын хэрэглэдэг байсан зүйлс инновацийн үр дүнд бүх хүнд хүртээмжтэй, хямд болж эхэлдэг. 

Хятад Улс ядуу амьдарч байсан хүн амынхаа 66 хувьд өмнө нь хүртээмжгүй байсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй болгож өгсөн нь ядуурлыг арилгах гол хүчин зүйл болжээ.

Жишээ нь Америк 1850-аад онд өнөөгийн Бангладешаас ч ядуу орон байв. Гэхдээ төрөл бүрийн инновацийн ачаар өнөөгийн хөгжин цэцэглэж буй гүрэн болсон. Тэдгээрийн нэг нь Зингерийн оёдлын машин. Үүнээс өмнө баячууд л хоёроос дээш солионы хувцастай байв. Харин Исаак Зингерын оёдлын машин дэлгэрснээр сая сая хүн өөрсдөө хувцас оёж өмсөх боломжтой болсон. Түүний компани машинаа үйлдвэрлэхийн тулд, үйлдвэрлэсэнээ зарж түгээхийн тулд илүү олон хүн ажиллуулсан. Эхэндээ хоёр сая орчим хүн өөрийн гэсэн оёдлын машинтай болж, улмаар дэлхий даяар түгсэн. Ийнхүү цөөнхийн хэрэглээ нийтийн хэрэглээ болов. 

Хенри Форд автомашиныг баячуудын хүрээнээс гаргаж массын хэрэглээ болгосон нь үүний бас нэгэн жишээ. Тэр зөвхөн автомашин үйлдвэрлээгүй. Автомашин зарах дилерийн сүлжээ, шатахуун түгээх станциуд, засварын газрууд гэх мэт маш том дэд бүтэц бий болсон. Орчин үеийн бидний амьдралд хамгийн ойр жишээ бол гар утас, компьютер, интернэт. Эдгээр нь зөвхөн төрийн болон шинжлэх ухааны байгууллагуудын хэрэглээ байсан үе саяхан.

Судлаачид инновацийг гурав ангилдаг. Эхнийх нь бүтээмжийн инноваци (efficiency innovation). Энэ төрлийн инноваци бүтээгдэхүүнийг илүү бага зардлаар хийж, улам хямдхан болгоход чиглэдэг. Үйлдвэрийн автоматжуулалт бол тод жишээ. Гэхдээ бүтээмжийн инноваци ашиг, орлогыг нэмэгдүүлдэг ч ажлын байр, өсөлтийг бууруулдаг. Хөгжингүй орнууд дахь ихэнх хөрөнгө оруулалт бүтээмжйг өсгөхөд чиглэж байна.

Хоёр дахь төрлийг “бэхжүүлэгч инноваци” гэж нэрлэж болно. Энэ тохиолдолд бүтээгдэхүүнийг улам сайн болгодог ч бас л нийт эдийн засаг, компанид суурь өсөлт өгдөггүй. 

Харин гурав дахь нь хамгийн чухал буюу “Зах зээл үүсгэгч инноваци” юм. Чухам зах зээл үүсгэгч инноваци нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагш түлхдэг. Хятад Улс ядуу амьдарч байсан хүн амынхаа 66 хувьд өмнө нь хүртээмжгүй байсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй болгож өгсөн нь ядуурлыг арилгах гол хүчин зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүсдэг хэдий ч боломжгүй байсан зүйлсийг нь худалдан авахуйц болгож өгсөн юм. Тиймээс Америкт Тесла компани өндөр үнэтэй цахилгаан машин санал болгож байхад Хятадын компаниуд хямдхан цахилгаан машиныг маш олноор нь үйлдвэрлэж байна. Энэ нь ирээдүйд цахилгаан машины үндсэн зах зээл Хятад руу шилжинэ гэсэн үг. 

Экспортын орлогын 90 хувиа уул уурхайгаас авдаг Монгол Улсын хувьд зах зээл бүтээгч инновацийг хэрхэн амьдралд нэвтрүүлж болох вэ? Засгийн газар 2020 онд “Алсын хараа – 2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлахдаа “Бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгоно” гэж заасан. 

Монгол Улс ХАА, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэлхийд ховор эсвэл хаана ч байхгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, тэдгээрийг дагасан дэд бүтцийг байгуулах хэрэгтэй.

Гэхдээ яаж? Технологи, инновацийн тусламжтайгаар уул уурхайтай эн зэрэгцэх тэрбум ам.долларын шинэ зах зээлүүдийг хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ асуултад хариулахын тулд бид хайрцагнаасаа гарч сэтгэж, уламжлалт эдийн засгийн загвараас хальж гарах учиртай. Хэрэв уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх гэж байгаа бол Монгол Улс энэ хоёр салбарт дэлхийд ховор эсвэл хаана ч байхгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, тэдгээрийг дагасан дэд бүтцийг байгуулах хэрэгтэй болох нь. Ингэвэл жинхэнэ зах зээл үүсгэгч инновацийг нэвтрүүлж, цоо шинэ зах зээлийн эзэд болно. 

Ийм нэгэн зах зээл нь MARS-V төсөл байж болно. Ялангуяа дэлхийн сансар судлал, сансрын аялал жуулчлалын зах зээлд өвөрмөц шийдэл, инновацийг санал болгох потенциал Монголын говь болон төслийн багт бий. 

“Толгойдоо тэрбум ам.долларын санааг тээж яваа залуу хүмүүсдээ хөрөнгө оруулж, дэмжих хэрэгтэй. Тэдгээр залуучууд Монголд тулгарч байгаа асуудлыг шийдэх боломжийг нь бид хэрхэн бүрдүүлж өгөх вэ гэдэг чухал” гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал “Дэлхий дээрх Марс” арга хэмжээний үеэр хэлж байв. Түүний үзэж буйгаар ийм нөхцлийг бүрдүүлж өгөх нэг хэлбэр нь уул уурхайгаас бий болсон орлогоор инновацийн төслүүдэд хөрөнгө оруулах тусгай бие даасан хөгжлийн сан байгуулах. Ийм сан зах зээл үүсгэгч инноваци болон технологийн дэвшлийг ашиглаж хүртээмж бага байсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүн амын олонх хэсэгт хүргэж чадахуйц салбарууд руу чиглүүлэх механизм байх юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Бизнес хэлцлийг амжилтад хүргэх гол алхмууд

Previous article

Английн Засгийн газарт зөвлөхөөр томилогдсон монгол бүсгүй

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like