Эксперт

Д.Энхбат: Бидэнд үүлэн чөлөөний нар байна

0

Ideree’s podcast-ын 38 дахь дугаарын зочин Хар Хорум Дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбаттай хийсэн ярилцлагаас онцлон хүргэж байна. 

Өмнөх хэсгийг энд дарж уншаарай.

Монголчуудын хожлын мод юу вэ

-Юваль Ноа Харари гэж хүн төрөлхтний товч түүх, 21-р зууны тухай ном бичсэн алдартай хүн байна. Түүний ярьж буй өргөн цар хүрээтэй асуудалтай адил энэ цаг үед Монгол хүний өөрөөсөө асуух ёстой гурван асуултыг хэлээч гэвэл та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт Хятадын өсөлтийг бид яаж ашиглах вэ гэдэгт хариулт ол. Сонсоогүй дүр үзүүлээд явж болохгүй. Хэрвээ бид юу хийхээ хэлэхгүй бол тэд хэлээд өгнө. Ингэхдээ өөрийнхөөрөө хэлж өгөх болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи түүхээ мэдэхгүй бол чиний түүхийг бичээд өгөх хүн зөндөө олдоно. Тэр нь бид нарт таалагдахгүй. 21-р зуун бол Хятадын зуун. Энэ болж байгаа үйл явцыг хараагүй царай гаргаж болохгүй. Хоёрдугаар асуулт: хүн төрөлхтөн дижитал эринд шилжиж байна. Орчин үеийн, мэдээллийн, хиймэл оюун ухааны, шинэ технологийн эринд бүрэн орж байна. Бүх компани, засгийн газрууд, соёл, боловсрол өөрчлөгдөж байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьсал явагдаж байна.

Хүн төрөлхтөн анх гар урлал, газар тариалангийн эринд амьдарч байсан. Түүнийг англичууд уурын машинаар өөрчилж, аж үйлдвэрийн эрин солигдож бүх соёл өөрчлөгдсөн. Орчин үеийн улсууд, физик, шинжлэх ухаан үүссэн. Үүнтэй адил өөрчлөлт одоо явж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний соёл, бүх зүйл, хүн гэдэг амьтан өөрөө өөрчлөгдөж байна.

Гар урлал, газар тариалангийн эринд Египет, Энэтхэг, Сири, Хятад дэлхийн лидер байсан. Харин аж үйлдвэрийн эринд Итали, Англи, Франц, Орос, Америк гарч ирсэн. Одоо лидерүүд солигдлоо. Тухайн үед лидер байсан Хятад аж үйлдвэрийн эрин гарахад боол болж 100 жилийн дайнд Английн колони болсон. Япон Мэйжийн хувьсгалаар сэргэн гарч ирсэн. Одоо байр солигдоно. Тиймээс энэ цагт бид өнөөдөр хоцорч явна. Бидэнд урд гарах боломж бий юу? Яагаад Эстони, Сингапур түрүүнд гарчхаж байгаа юм. Эстони мөнгөгүй. Манай нэг аймгаас ч жижиг орон. Skype-ийг тэнд зургаан хүнтэй л эхлүүлсэн.
Тэгвэл бүх зүйлийн байр солигдож буй энэ үед чи хаашаа очих гэж байгаа юм бэ? Бид нар байраа олохгүй бол бидэнд хамгийн ард нэг байр олоод өгчихнө.

Чи юу хийхээ мэдэж байвал яах аргаа олно.

Гурав дахь нь бид нарын үндэс, давуу болон сул тал юу юм. Давуу талаа хөгжүүлэхгүй бол бид устана. Давуу, сул талаа тодорхойлох хэрэгтэй. Энэ бол өмнө хэлдэг тоглоомуудад тоглох бидний хөзөр. Би өнөөдрийн төвшинд практик асуулт асууж байна. Тоон технологийн энэ эрин үед бид нар Хятадыг яах юм бэ? Ардчилал, социализмаар явлаа. Одоо дэлхийн 7 тэрбум хүний дунд ороод ирлээ. Өмнө нь ЗХУ-аас илүү сэтгэж болохгүй байсан. Одоо 7 тэрбум хүний дунд орчихлоо. Чи хаана очиж, юу авч, яаж амьдрах гэж байгаа юм.

Дөрөв дэх асуултыг нэмье. Үүнийг хэн бодох юм бэ? Бид бүгд байшин сав хөөцөлдөж байтал 20 жилийн дараа бидний өмнөөс Хятадууд бодож өгөх юм уу. Хорин жилийн дараа хэн нэгэн ирнэ. Тэр хүн Монголыг өөртөө хаана хэрэгтэй, тэнд л тавина. Бидэнд үүлэн чөлөөний нар байна. Ардчилалтай, эрх чөлөөтэй. Бид хэдийгээр хэцүү яваа ч гэсэн өөрийн дураар хэцүү явна. Африк, Арабын дайнтай оронд буй мэт бусдын эрхэнд хэцүү яваа биш. Өөрийн мууд хэцүү байгаа юм. Гэхдээ энэ бол давуу тал. Бидэнд магадгүй 10-15 жилийн хугацаа л байна. Энэ хооронд чи амжиж юу хүсэж байгаагаа ойлгохгүй бол чиний хүслийг өмнөөс чинь хэлж өгнө. Чи оёдолчин болохыг хүсэж байна. Яагаад гэхээр надад оёдолчин хэрэгтэй юм аа л гэж хэлнэ.

-Дэлхийг нэг том үйлдвэртэй зүйрлэвэл аль нэг коридорт нь ажлын хувцас өмсөөд сууж байгаа нэг хүн Монгол юм байна. Өөрөө юу ч хийхгүй.

– Тэгвэл чамайг бүх хүн ажилд орсны дараа чиний хүсэл бол шал угаах юм аа гэж хэлээд “за чи ажил” л гэж хэлнэ.

-Хүмүүсийн хэлсэнчлэн, би ч бас тэгж бодож байна. Та яриад л байх юм. Залуудаа хийдгээ хийсэн. Одоо хүүхдүүд чинь том болсон. Өмнө нь УИХ гишүүн байсан. Та ярихаас өөр, яагаад ямар нэгэн юм хийхгүй байгаа юм бэ?

– Би үнэнийг хэлье. Монгол Улс яаж явах талаар магадгүй би 20 наснаасаа хойш бодсон. Манай аав түүхч хүн. Аав надад сургахдаа Монголчууд бид дэлхийд гарахаараа хүчтэй болдог. Дэлхийгээс мартагдахаараа сөнөдөг. Би компьютер, математикийн чиглэлээр сурсан. Монголчууд далайд гарцгүй. Сибирь, Цагаан хэрмийн дунд мартагдсан байсан. Монгол түмнийг интернет, оюуны төвшинд дэлхийд гаргана гэдэг мөрөөдөл надад байсан. Тиймээс би 20 жилийн турш интернетэд мөнгөө хайрлахгүй явсан. Мөнгөгүй ч гэсэн явсан. Эцэст нь амжилтад хүрсэн. Сургуулийн хүүхдүүд хэлдэг. Энхбат гуай та надаас муу мэдэж байна гэдэг. Энэ бол маш том амжилт. Энэ үнэхээр миний зорилго байсан. Дараа нь энэ яриагаа нийтэд хүргэе гэж “Форум” нэвтрүүлэг хийсэн. Би сэтгүүлч биш. Телевизэд орж байгаагүй. “Форум” нэвтрүүлэг маань хоёр жилийн турш хамгийн сайн нэвтрүүлэг байсан. Гол нь монголчууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцдаг, дарга нартайгаа хариуцлага тооцдог. Улмаар нэвтрүүлгийнхээ өмнө маш их судалдаг болсон. “Форум” нэвтрүүлгийн онцлог нь юу юм бэ? гэж хүмүүс асуудаг. Ганцхан онцлог нь Нарантуул дээр сууж бараа зарж буй хүний барааны үнэ унах нь улс төрийн шийдвэртэй яаж уялдаж байгаа юм бэ? Энэ гинжин холбоог ярилцах ёстой байсан. Яагаад таны ядуурч буй нь бодлого тодорхойлогчдын гаргасан хуультай холбоотой юм.

Дэлхийг сайн үзэл санаа, ном, сургаал, сайн философи дагуулдаг.

-Нийгэм өнөөдөр ярьдаг хүнийг үнэлэхээ байж. Худлаа л яриад байдаг гэдэг. Над руу тийм дайралт хийдэг. Нэг л их подкаст хийсэн хүн. Гараад төмрөөр юм хийгээч гээд байдаг.

– Зөв асуулт. Яг үнэндээ чи амиа бодоод дэлгүүр байгуулж болно. Харин ярина гэдэг чинь хүмүүсийг холбож, эндээс дундын эрх ашиг, нийтийн эрх ашгийг холбож байгаа юм. Чи подкаст хийж байна. Би “Форум” нэвтрүүлэг хийж байна гэдэг нь чи бид хоёрын дэлгүүрийн тухай яриа гэсэн үг биш. Энэ бол хэн нэгэн нийтийн эрх ашгийн төлөө явна. Тэр хүмүүсийг холбоно, ярина, санаа өгөх асуудал. Хамгийн чухал нь хүмүүс нэг үзэл санааны дор нэгдэхээр хүч болдог. “Биеийг хураахаар, сэтгэлийг хураа” гэж Чингис хаан хэлсэн. Бас Ленин “Ямар нэг үзэл санаа олон түмэнд хүрэхээр хүч болдог” гэж хэлсэн байдаг. Чи бид хоёрын бизнес бол Монгол Улсыг өөрчлөх, хүмүүсийн чигийг өөрчлөх ажил. Өөрөөр хэлбэл, нэг үзэл санааны дор 1000 хүн байх, 10 мянган хүн байх огт өөр ойлголт. Тиймээс ярьж буй хүмүүс нийгмийг соён гэгээрүүлж, олон хүнийг нийлүүлж, дараагийн төвшний хүчийг бий болгож байгаа. Үүнийг тэр дор нь хийж чадахгүй байх. Гэхдээ Күнз, Будда, Христ олон хүний хүчийг нэгтгэсэн. Хэрэв ярьдаг гэж байгаа бол хамгийн их ярьдаг хүн Есүс Христ, Будда байсан шүү дээ.

Хоёулаа ойд явж байна. Чи удирдагч. Бид нар төөрсөн. Тэр үед удирдагчийн үүрэг бол чамайг үүрч явах, чамд хоол хийж өгөх биш. Удирдагчийн үүрэг бол төөрсөн ойгоос гарах. Түүнээс биш удирдагч замаа олохгүй гарчхаад хэн нэгнийг үүрээд мод хагалаад байж болохгүй. Яг түүнтэй адил нийгмийн үйл явц, хүч үүсэх чинь дандаа оюун санааны лидерүүдээр дамждаг. Тэгэхээр чи бид хоёр оюун санааны лидер болох гээд оролдоод байна. Яриа гэдэг чинь оюун санааны илрэл. Тиймээс дэлхийг сайн үзэл санаа, сайн ном, сургаал, сайн философи дагуулдаг. Хүний нүдийг хүн хэлж нээдэг. Хүмүүсийг холбодог. Тиймээс хүмүүс заавал бүгд төмөр урлах албагүй. Магадгүй оюун санааны салбарт ажиллах нь хэцүү. Яагаад гэвэл чи өөрийнхөө юмыг хаяад нийтийн төлөө явдаг. Хэрвээ чи дэлгүүрт гутал зараад сууж байвал чамайг хэн ч загнахгүй. Чи ингэж подкаст хийж худлаа ярих хэрэггүй. Чи тэгвэл сайхан гутлаа зараад л сууж бай. Чи бид хоёр мундагтаа биш.

Хүн дуртай зүйлээ л хийх ёстой шүү дээ. Дуу дуулах дуртай хүн дуугаа л дуулаг л дээ. Ажил хийж байхад нь хүмүүс яах гэж дуу дуулаад байгаа юм гэвэл инээдтэй биз дээ. Яг түүнтэй адил нийгэмд хандаж ярьдаг, нийгмийн төлөө ярьж бичдэг хүмүүс дуртай учраас хийдэг.

– Манайхан хүн бусдаас өөр байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг болох хэрэгтэй байх шиг. Нэгнийгээ хүлээн зөвшөөрнө гэдэг маш том төлөвшил юм. 

– Монголчууд “Өөрийгөө засаад өрхөө зас, өрхөө засаад төрөө зас” гэж ярьдаг. Энэ чинь нэг зүй тогтол. “Масловын пирамид” гэж байдаг. Ер нь хүн эхлээд амьд явах ёстой. Дараа нь хоол олж идэх ёстой. Тэгээд энэ бүгд нийлээд эцэстээ мод тарьж эхэлдэг.

Германы ногоон намын хуралд сууж байх үед их хөгжилтэй зүйл ярьж байсан. Ямар ч хүн 3000 ам.доллароос илүү цалин аваад ирэхээрээ ногоонтон болдог гэж. Учир нь мод тарьж эхэлдэг. Өөрийн гутлаа авчихдаг. Идэх хоолоо аваад идчихдэг. Дараа нь байшингаасаа орчин тойрноо харж эхэлдэг. Тиймээс үүнтэй адил. Өнөөдөр монголчууд сэтгэлийн дуудлагаар зарим нь боломжоороо олон нийтийн ажилд явж байгаа.

Энхбат, Идэр-Од муу хийж болно. Тэрийг зөвшөөрнө. Харин чи өөр юм хий гэдэг бол утгагүй яриа. Ганцхан тэр нь хэрэгтэй бол хүлээж авч болно. Хэрэггүй бол өөр зүйл хийж болно. Чиний подкастыг унтрааж болно. “Форум” нэвтрүүлэг хөтөлж байхад Америкийн нэртэй продюсер ирсэн. Тэр олон хүнтэй уулзаж, судалгаа хийгээд, Энхбат аа таны нэвтрүүлэг үнэхээр сайн юм аа гэсэн. Яагаад гэхэд, миний уулзсан хүмүүсийн дөрвөн хүний нэг нь аймаар уур хүргэдэг гэсэн мөртлөө, би үзэх хэрэгтэй гэж хэлж байна. Шүдээ зуугаад уурлаад үзнэ гэдэг бол хэрэгтэй. Ердөө л тэр.

– Соёлыг мянган жилийн дотор бүтээж болно. Гэхдээ ганцхан үеийн дотор байхгүй болдог. Энэ үеийг гагнаж байдаг хүмүүс нь сурган хүмүүжүүлэгчид. Тиймээс гагнаас гэдэг их чухал. Багш нарыгаа бид яаж хөгжүүлэх ёстой вэ. Таны ажлуудыг би хардаг. Та Хан Академийн хичээлийг Монгол болгоод тавьдаг. Дэлхийн тэр их оюуны өв санг орчуулах гэж зүдрэхээр хүнд англи хэл зааж өгч болохгүй юу?

– Хүн хоолны амтыг амсаж байж дуртай болдог. Яг түүнтэй адил монголчууд интернетийг үзээд, сайн бүтээл, сайн номуудыг уншиж, сайн кино үзэж байж дараа нь ийшээ явах хэрэгтэй гэдгээ мэддэг. Заавал эх хэл дээр нь өгөх ёстой. Чи тэр хүнд хүсэл сонирхол, сэдэл өгөх ёстой. Тиймээс тодорхой хугацаанд нийгмийн элитүүд, сэхээтнүүд, багш нар энэ шилжилтийг хийдэг. Их олон хүн тодорхой хугацааны дараа юм бүхнийг орчуулахаа болино. Гэхдээ ном байхгүй үед эхний номууд заавал орчуулагддаг. Тиймээс бид үүнийг зэрэг хийх ёстой. Үнэхээр монголчууд 100 хувь англи хэл сурах ёстой. Гэхдээ тэр чинь 50 жилийн зорилго. Энэ 50 жилд таг байх юм уу. Тиймээс энэ шилжилт үргэлж явна. Нөгөө талаас Хан Академийн зорилго бол зөвхөн орчуулах биш байсан. Монголд 7000 орчим багш байна гэхэд тэр багш бүрд өөрийн гэсэн нэг сайн заадаг хичээл бий. Та 20 жил багшилсан хүн байна. Танд 45 минут өгье. Та хамгийн дуртай, хамгийн сайн чаддаг нэг хичээлээ заагаач гэвэл, Хан Академид 6000 хичээл байгаа. Монголын багш нарт нэг нэг хичээл хийхэд Хан Академиас хоёр дахин их хичээл хийж болмоор байгаа юм. Багш болгоноос ганц л хичээл авъя.

Чи үүргэвчээ үүрээд замд гарвал анх удаа бодит асуудалтай тулгарна.

– Хан Академи Америкт их алдартай. Юу ч зааж чаддаг байсан хамаагүй. Өөрийнхөө хичээлийг интернетийн нэг платформд оруулах боломжийг бий болгосон.

– Бидний эхлүүлсэн энэ зүйл бол сэдэл өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл, Монголын боловсролыг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Монголын боловсрол явсаар байгаад хаана хүрэхийг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ бид хаашаа явахаа мэднэ. Тэгэхээр Хан Академийг хэрэгжүүлээд олон багш нарыг оролцуулъя гэсэн. Ингээд үүнийг хийсэн хүмүүс дараагийн асуултыг асууна. Руми гэж эртний гүн ухаантан “Замд гарсан хүнд зам нь тод харагддаг” гэж хэлсэн байдаг. Гэртээ суугаад хэчнээн ч ярьж болно. Харин чи үүргэвчээ үүрээд замд гарвал анх удаа бодитой асуудалтай тулгарна. Тиймээс бид өнөөдөр Хан Академи, 10 сайн ном, 10 мундаг хичээлийг мэдэж байна. Тэгвэл эхлээд үүнийг хийе. Гэхдээ энэ үед зорилгоо мэдэхгүй ч гэсэн процесстоо итгэнэ. Өөрөөр хэлбэл, Колумб Америк тивийг нээхээ мэдээгүй байсан. Ганцхан дэлхий рүү явж байна гэж л мэдэж байсан. Бүх эрдэмтэд, аялагчид хаана очихоо мэддэггүй. Яг түүнтэй адил бид нар бүх салбарт тэгж л явна.

– Би Финляндын боловсролын агентлагийн хуралд сууж, жаахан номын дуу сонссон. Тэнд багш нар өндөр цалингүй. Гэхдээ өндөр шаардлага тавьдаг. Заавал магистрын зэрэг хамгаалсан байх ёстой гэж байна. Яагаад хүмүүс багшаар ажиллахыг хүсдэг вэ гэхээр нийгмээрээ багшийг хүндэлж, дэмждэг соёлыг бий болгож чадсан улс. Багш хүн дэлгүүрт ороход багшийг тийшээ суу гэх хэлэх эсвэл багшийн хөнгөлөлт гэх мэт нийгмээс ирдэг бонус их байдаг юм байна. Үүнийг Монголд хэрэгжүүлэхэд их амархан санагдах юм. Бид чинь багшаар хүүхдээ зодуулсан ч тоодоггүй ард түмэн. Багшид 20 хувийн бонус гаргаад өгчхөд яахав дээ.

– Тэр үнэн. Гэхдээ энэ бол хэрэгжүүлэх арга зам. Түүнээс өмнө багшийг хүндэлдэг больё гэдгийг манай улс төрчид сэтгэл зүрхээрээ ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, чи юу хийхээ мэдэж байвал, яах аргаа олж болно. Монголчууд багшийг тийм төвшинд хүргэе гэж хүсвэл бид нар Финландаас ч илүү зүйлийг олж өгч чадна. Гэтэл бидэнд алсын хараа дутаж байна. Зөвхөн багш гэлтгүй эмч. Бид нар гэртээ нуугдаад байж байхад тэд нар ажиллаж байна. Гэтэл цалин бид нараас хоёр дахин бага. Яагаад гэвэл анхнаасаа тэр хүний сэтгэл зүрх нь тийм байгаа. Чи подкастаа баян болох гэж хийгээгүй. Яагаад гэвэл чи дуртай учраас хийж байна. Учир нь чи үүнийг хийснээрээ дотроосоо өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэрч байгаа. Яг үүнтэй адил багш болох хүн олон бий. Ганцхан тэр хүн үнэхээр нийгэмд хүндлэгдэх бусад нь хүлээн зөвшөөрдөг, тэр соёлыг үүсгэх нь чухал.

Монголчууд хуучин багш нараа хүндэтгэдэг байсан. Харин одоо буцаад тийм болох уу гэхээр монголчууд юу хүсээд байгаа юм бэ? Өнөөдөр ямар ч компанид орж байгаа ямар ч ажилсаг хүн шууд цалин хардаггүй. Нэгдүгээрт ирээдүйгээ хардаг. Учир нь тэр хүн өөрийнхөө зам, хамт олныг хардаг. Амьдрал цалингаас хамаагүй том зүйл. Энэ бүгдийг Финлянд шиг зөв хийж болно. Бид нарын гол асуулт бол чи тэгж бодож байна. Энэ ингэж бодож байна гэдэг. Бүгд бодож байгаа. Тэгэхээр асуулт бүгд бодож байгаа. Тэгээд хэн энэ бодлуудыг нийлүүлж, ярьж, хэн улс төрийн бодлого болгох юм. Манайд дунд, дээд төвшний лидерүүд дутагдаж байна. Тийм учраас чи ярих нь аргагүй. Чи тэр төвшний лидер болж байна. Яагаад гэвэл чиний подкастыг сонсож байгаа хүмүүс зарим асуултыг чинь дэмжиж, ядахдаа надтай адил боддог хүн олон байдаг юм байна гэж бодно. Тэгээд чи эндээс хүч үүсгэж байгаа юм. Энэ чинь явсаар байгаад тодорхой төвшинд сав дүүрэхээрээ өөрийн болж хувирна. Тиймээс подкаст хийж байгаа, телевизээр нэвтрүүлж байгаа хүн нийгэмд үйлчилж байгаа юм.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: Ideree’s podcast 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г.Орхон

Английн Засгийн газарт зөвлөхөөр томилогдсон монгол бүсгүй

Previous article

Зайнаас ажиллах үеийн хууль эрх зүйн зарим зохицуулалт (№74)

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.