Хурлыг аль болох богино хугацаанд хэрхэн үр дүнтэй удирдаж, бүтээмжээ нэмэгдүүлэх талаар өмнөх зөвлөмжөөрөө бид хүргэсэн. Энэ хүрээнд “Gurun Academy”-аас Монголын удирдах түвшнийхэн болон менежерүүдэд албан ёсны эрхтэйгээр хүргээд хоёр жил болж буй “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрийн агуулгаас хурал удирдахдаа ашиглах долоон алхмыг та бүхэнд танилцуулсан билээ. Тэрхүү долоон алхмын дөрөвт, “Дүрмээ тодорхойлж, хандлагыг удирд” хэмээн тэмдэглэсэн байсныг та санаж буй биз ээ. Тэгвэл энэ удаад дөрөв дэх алхмыг дэлгэрүүлэн хүргэе. 

Дүрмээ тодорхойлж, хандлагыг удирдах нь

Та ямар нэг хурлын үеэр хэтэрхий их ярьдаг, эсвэл огт юу ч үл дуугарах, эс бөгөөс хажуугийн хүнтэйгээ ярих гэх мэт үйлдэл гаргаж буй хэн нэгнийг харж байсан нь лавтай. Хэрэв таныг хурал удирдаж байх үед ийм зүйл тохиолдвол яах вэ?

Дараах аргуудыг санал болгож байна. 

Хэтэрхий их ярих

Хэрэв хэн нэгэн хэт их яриад байвал мэдээж түүний оролцоог үнэлж буйгаа илэрхийл. Гэхдээ шийдвэр гаргахаасаа урьтаж, бусдын саналыг ч мөн сонсмоор байгаагаа ойлгуулаарай. 

Хоорондоо ярих 

Зэрэгцэн суусан оролцогчдын хэн нэг нь яриа үүсгэж, бусдыг түүндээ татан оролцуулж,  уур амьсгалыг эвдэж байвал хурлыг удирдагчийн хувиар ямар зорилгоор энд цуглаад буйгаа эвтэйхэн сануулж, хурлаар хэлэлцэж буй асуудалд түүний зүгээс хувь нэмэр оруулж, үнэ цэн нэмэх боломжтой гэдгийг дуулгаарай. 

Юу ч үл дуугарах

Хурлын үеэр ганц ч үг унагалгүй чимээгүйхэн сууж буй нэгнээс бодол санааг нь эелдгээр асуу. Хэрэв тэрбээр анх удаа ярихаар болсон бол урам өгч, дэмжээрэй. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх үедээ ямар нэг “аюулд унах”-ааргүй тухтай, тайван орчинд байгаагаа мэдрэх нь маш чухал. Мөн хурлын өрөөн дэх хүн бүр эрх тэгш, эн тэнцүү үнэ цэнтэй гэдгийг тэдэнд мэдрүүлэх хэрэгтэй. 

Эргэлзэх, эсвэл өөрийнхөөрөө зүтгэх 

Аливаа асуудалд эргэлзэж буй, эсвэл өөрийнхөөрөө хүчлэн зүтгэж буй хэн нэгэнд санал сэтгэгдлээ хэлснийх нь хариуд таларх. Гэхдээ зохион байгуулалттайгаар хамтран ажиллах замаар аливаа ажлыг илүү үр дүнтэй хийж, сайжруулах төдийгүй тэр л зорилгын үүднээс энд хуралдахаар цугласнаа сануулаарай. 

Эго 

Хүмүүсийн эго бол үнэхээр том сорилт. Ялангуяа тэд үзэл бодлоо хүчтэй хамгаалж буй үед. Бидний ихэнх нь нэлээд хүчтэй эготой хэн нэгэнтэй амьдралдаа таарч үзсэн байдаг. Тэгэхээр тэдний чин хүсэл эрмэлзэл, оролцоог үнэлж магтах, хэрэв бүгд санал нийлсэн санаа дэвшүүлсэн бол түүнд нь талархаж, ярилцаж буй асуудалд шийдэл олоход энэ бүхэн ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг онцлоорой. Хүмүүсийн зан төлвийг зохицуулж, ая эвийг олно гэдэг амаргүй ч, тэдний сөрөг талыг орхиж, эерэг чанаруудыг үргэлж эрэлхийлэх нь таны манлайллын үнэ цэнийг нэмэгдүүлэх болно.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Борлуулалтаа өсгөх арга буюу маркетингийн автоматжуулалт

Өмнөх нийтлэл

Хүссэн ажилдаа хэрхэн амжилттай орох вэ? (№75)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.