Марсад очно гэдэг хүн төрөлхтний хувьд уран зөгнөл байхаа хэдийнэ больсон. Технологийн хувьд энэ гарагт хүн буулгах боломжтой. Гэхдээ тэнд буусны дараа хүнийг яаж амьд байлгах вэ гэдэг нь тодорхойгүй. Энэ шийдлийг олоход Марс дээр хүнийг амьд байлгахын тулд тэндэхтэй төстэй амьдрах орчин, сэтгэлгээний загварыг Дэлхий дээр бий болгох, турших зайлшгүй хэрэгцээ үүснэ. Тэгвэл Марс дээр амьдрах загварыг турших лабораторийн нөхцлийг Дэлхий дээр хаанаас олох вэ? Энэ асуултын хамгийн дөхөм хариу нь Монголын говь байж болно. Энэ талаар Мars-V төслийн гүйцэтгэх захирал Г. Амгаланбаяртай дэлгэрэнгүй ярилцлаа. 

Асуултаа жаахан холоос эхлэхээс аргагүй байна. Марс яагаад сансар судлалд ийм том байр суурь эзлэх болов? Марс үнэхээр хүн төрөлхтний хөгжилд том альтернатив болж чадах уу?

Технологи маш хурдтай хөгжиж байна. Гэхдээ зарим технологи эдийн засгийн эргэлтэнд шууд орохгүй. Тэгсэн ч технологийн хөгжүүлэлт болгон ямар нэгэн зорилготой байдаг. Зорилгогүй, зүгээр л зарлага гаргадаг технологи гэж хаана ч байхгүй. 

Шинэ гараг эзэмших нь одоогоор эдийн засгийн ач холбогдолгүй ч технологийн хөгжил ямар нэгэн том зорилго, зорилт руу чиглэх ёстой. Шинэ гараг тандан судлахад маш өндөр технологиуд шаардагддаг. Энэ салбарт өнөөдөр бүтээгээд буй технологи нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байгаа ч нэг бол нийт хүн төрөлхтний томоохон алсын хараа, зорилгод ашиглана, эсвэл экологийн тулгамдсан асуудлыг шийдэхэд ашиглагдах нь зайлшгүй. Нэг үгээр, хэрэггүй технологи гэж байхгүй. Өнөөдөр, маргаашдаа эдийн засгийн ач холбогдолгүй ч ирээдүйд хэрэглээнд орно. 

Сансарт хүн нисээд 60 жил, Саран дээр хүн хөл тавиад 52 жил боллоо. Энэ хугацаанд бий болсон өндөр технологиудыг хөрш зэргэлдээ эсвэл дагуул гарагуудыг, нэг бол дэлхийг тандан судлахад ашиглаж байна. Энэ дундаас ойр байгаа хөрст гараг болох Марсыг судлах нь эдгээр технологийг ашиглах том сорилт болж байгаа юм. Энэ бол хүн төрөлхтөн бий болгосон технологио үнэ цэнтэй зүйлд зориулах хамгийн боломжит бай.

Нөгөө талаас хүйтэн дайны үед сансар судлал нь үзэл суртлын өрсөлдөөний талбар байсан. Гэхдээ тэр үед эдийн засгийн хувьд ач холбогдолгүй хөгжүүлж байсан технологийн дэвшлүүд өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болчихлоо. Хиймэл дагуул, гар утас гэх мэт. Тэгэхээр технологийн дэвшил бол эдийн засгийн хувьд ашигтай, ашиггүй гэсэн байдлаар зөвхөн өнөө, маргаашийн жижиг сажиг асуудал руу чиглэх биш, үргэлж алсын хараатай холбогдох ёстой гэсэн дүгнэлт гарч байна. Энэ цаг үед тэр алсын хараа нь Марс юм. 

Монголын Говь нь Марсын лабораторийн нөхцлийг турших хамгийн боломжит “нэр дэвшигч” гэдгийг дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч, бидэнтэй хамтран ажиллаж байна.

Аажимдаа зарим технологи эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болж, тэрийг нь хувийн компаниуд ашиглан тодорхой зах зээлийн хэрэгцээг хангаад эхэлдэг. Энд бичил хиймэл дагуулуудын жишээг дурдаж болно. Өнөөдөр сансрын салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ улам ихэсч байна. Энэ нь нийт хүн төрөлхтний анхаарлыг сансрын технологийн хөгжүүлтэд өөрийн эрхгүй татаж байгаа юм.

Сансрын улс гүрнүүд Марсын тойрог зам дээр, гадаргад дээр сансрын аппаратууд буулгаж судалгаа хийж байна. Харин хүн буулгаж, судалгаа хийх технологи хэр ойрхон байгаа вэ? 

Пуужин хөөргөөд Марс руу ямар нэгэн юм зөөвөрлөхөд асуудал байхгүй. Тойрог зам дээр нь олон хиймэл дагуул байгаа. Сансрын аппаратууд Марсын гадаргуугаас гэрэл зургууд илгээж байна. Одоо ганцхан л асуудал байна. Хүнийг тэнд аваачиж чадна. Гэхдээ тэнд буусны дараа хүнийг яаж амьд байлгах вэ гэдэг нь тодорхойгүй. Марс дээрх нөхцлийг Дэлхий дээр хэрхэн туршиж болох вэ гэдэг асуулт гарч ирж байна. Энийг шийдэж чадвал тийш нь хүн илгээхэд дөхөмтэй болно. 

Марс дээр хүний ашиглах хатуу технологиудын шийдлийг хэдийнэ гаргачихсан, тэдгээр нь тодорхой тооцоо, судалгаа хийж, ажлаа гүйцэтгэдэг загварчлалтай болчихсон. Харин хүнийг Марс дээр амьд байлгах загвар, алгоритм бий болоогүй байна. Сэтгэлгээний өөр загвар хэрэг болно гэсэн үг. Энэ гараг дээр төхөөрөмж, хүн хоёр ойлголцож, зохицон ажиллаж чадах загварыг одоо эрдэмтэд судалж байна. Mars-V төсөл яг одоо судлагдаж байгаа энэ орон зайд ажиллаж байна. 

Одоо хоёулаа ярианыхаа гол сэдэв рүү орж байна. Марс гэх хүн төрөлхтний том үйл хэргийн гинжин хэлхээнд монголчууд дасан зохицох бааз сууриар хангах байдлаар оролцоно гэж ойлгож байна. Тэгвэл Монгол болон Монголын Говь ямар түлхүүр үзүүлэлтүүдээр Марс дээрх нөхцлийг турших сургалтын бааз болох вэ? 

Аль ч үндэстний сэтгэлгээний онцлогийг судлахаар эцэстээ бүх зүйл тухайн хүний амьдарч буй орчин нөхцөлтэй холбогддог. Амьдрах орчин нь сэтгэлгээ, соёлыг тодорхойлдог. Монгол, Япон гэх хоёр үндэстэн өөр өөр уур амьсгал, ландшафтад удаан хугацааны туршид аж төрж ирсний үр дүнд ялгаатай сэтгэлгээтэй, соёлтой болсон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Марс дээр хүнийг амьд байлгахын тулд тэндэхтэй төстэй амьдрах орчин, сэтгэлгээний загварыг Дэлхий дээр бий болгох, турших зайлшгүй хэрэгцээ үүснэ. Тэгвэл Марс дээр амьдрах загварыг турших лабораторийн нөхцлийг Дэлхий дээр хаанаас олох вэ? 

Энэ асуултын хамгийн дөхөм хариу нь Монголын говь байж болно гэсэн санааг бид яриад байгаа юм. Монголын Говь бол Дэлхий дээрх хамгийн хүйтэн, далайн түвшнээс дээш хамгийн өндөрт өргөгдсөн, сийрэг уур амьсгалтай, улаандуу хуурай хөрстэй, температурын том ялгаатай цөл юм. Эдгээр үзүүлэлт нь Марсын хүйтэн, элсэрхэг, нарны хэт ягаан туяанд гандсан нөхцөлтэй хамгийн ойр. Монголын Говь нь Марсын лабораторийн нөхцлийг турших хамгийн боломжит “нэр дэвшигч” гэдгийг дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч, бидэнтэй хамтран ажиллаж байна. 

Mars-V төслийн хүрээнд гурван төрлийн бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөсөн. Хамгийн эхэнд хийгдэх ажил нь Дасан зохицох, амьд үлдэх сургалтын бааз байгуулах. Төслийн ТЭЗҮ одоо яг ямар шатандаа явж байна? 

Таны дурдсан сургалтын баазаас гадна сансрын судалгаа, шинжилгээ хийх олон улсын лабораторийн бүс байгуулах, гурав дахь нь энэ хоёроо дагасан дагуул дэд бүтэц байгуулах. Эхлээд төслийн залуучууд нийлээд 2019 оны долдугаар сар хүртэл сургалтын баазын ТЭЗҮ дээр ажиллаад эхний хувилбараа гаргасан. Нөгөө хоёр төслийн хувьд концепцийн түвшинд судалгаа хийж байна. Хамтран хөгжүүлэлт хийх гадна, дотны байгууллагууд, олон улсын судлаачдаа урьж оролцуулаад дахин нарийвчилсан судалгаануудыг 2020, 2021 ондоо хийж байна. Өөрөөр хэлбэл, боловсруулсан ТЭЗҮ-гээ сайжруулж байгаа.

ТЭЗҮ-гийн эхний хувилбараар энэ бааз маань хамгийн багадаа жилд 5000 орчим хүнийг хүлээн авч сургана гэсэн тооцоотой байгаа. Мэдээж төсөл хэд хэдэн үе шаттай хэрэгжинэ. 2024 он гэхэд үйл ажиллагаа жигдэрнэ гэсэн төлөвлөгөөтэй. 

Энэ ТЭЗҮ бол бидний хийдэг уламжлалт ТЭЗҮ-нүүдээс ялгаатай, шинэлэг, шинжлэх ухаан талаасаа нарийн тооцоо, үндэслэлүүд шаардагдана гэж ойлгож байна. Ямар үндсэн судалгаанууд хийж байгаа вэ? 

Өнөөдөр Монголд төрөл бүрийн салбарт хэрэгжиж байгаа том төслүүд бол аль хэдийнэ олон улсад туршаад хэрэгжүүлчихсэн, технологийн шийдлийг нэгэнт гаргачихсан загвараар явж байгаа. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал очоод асуучих эзэнтэй төслүүд хэрэгжиж байгаа. Жишээ нь нүүрс угаах, зэс баяжуулах үйлдвэр бол хүн төрөлхтөн олон арван жилийн өмнө шийдчихсэн асуудал. 

“Бид дасан зохицох чадвартай” гээд зүгээр яриад явах уу, эсвэл түүнийхээ хүн төрөлхтөнд хэрэг болох үнэт зүйлс, нууцыг судалж таниад бүтээгдэхүүн болгох уу?

Харин MARS-V төслийн хувьд дэлхий өөрөө хүртэл хариуг нь олоогүй байгаа олон асуулт бүхий шинэ зүйл. Тэгэхээр бид судалж байгаа бүх зүйлдээ бэлэн хариулт өгч чадахгүй гэсэн үг. Гэхдээ огт бүтэхгүй гэж ойлгож болохгүй. Нэг хэсэг судалгаа, шинжилгээг ШУА, түүний хүрээлэнгүүд, МУИС-ийн Сансар судлалын тэнхим гэх дотоодын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтраад хийж байгаа. Говийн биологи, газар зүй, геологийн нөхцлийг судалж буй Говийн судалгааны баг ажиллаж байна. Энэ ажлыг олон жил хийсэн хүмүүсээс бүрдсэн баг. Харин технологид суурилсан судалгаануудаа MEPAC (НАСА-гийн марс судалгааны байгууллага), IMEWG (Марс судлалын олон улсын ажлын групп) гэх мэт байгууллагатай хамтарч хийгээд, гишүүн нь болоод, мэдээлэл солилцоод, марс дээрх орчин нөхцөл, амьдрах загварыг судалж байна.

Төсөлд шаардлагатай судалгааг хийх хүчин чадал хангалттай байгаа гэж ойлгож болох уу? 

Хангалттай гэдэг нь юу гэж харах вэ гэдгээс шалтгаална. Хэрэв Mars-V төслийг зэс баяжуулах үйлдвэр ийм байдаг гэсэнтэй адилаар төгсгөлийн цэгт нь хүртэл хэрэгжүүлнэ гэвэл хүн төрөлхтөн өөрөө ч хангалттай төгсгөлийн үр дүнг тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл, бид бүрэн судлагдаагүй орон зайд, байгаа бүх мэдээллийг ашиглаж байна. Энэтхэг Улс хамтын ажиллагааныхаа хүрээнд ISRO-ийн Марсын судалгааны өгөгдлийг бидэнд нээлттэй болгож өгсөн. MEPAG, IMEWG гэсэн хоёр байгууллагын хуралд нь байнга оролцож, мэдээлэл солилцож байна. Олон Улсын Марс нийгэмлэгийн Ерөнхийлөгч Роберт Зубрин манай зөвлөхөөр ажиллаж байгаа. Японоос бас байнга өгөгдөл авч байгаа. Бид ч бас тэдэнд шаардлагатай мэдээллийг өгдөг. 

Өнөөдөр Марс руу сансрын аппарат илгээгээд судалгаа хийж байгаа хэд хэдэн улс бий. Хэдийгээр энэ салбарт технологийн өрсөлдөөн байгаа, технологийнхоо нууцыг дэлгэхгүй ч олсон мэдээллээ хоорондоо хуваалцдаг. Учир нь Марс дээр очих америкийн нисэгч, испанийн нисэгч хоёр өөр өөр мэдээлэлтэй байж таарахгүй. Тиймээс бидний төсөл ч бас мэдээлэл авах сүлжээнд байгаа учраас мэдээллээс хоцрохгүй явж байна. 

Олон нийтийн дунд Mars-V төслийг тодорхой хугацааны дараа эцсийн бүтээгдэхүүн болоод гарч ирэх ёстой, нэг үгээр хэлбэл Оюу-Толгойн далд уурхай шиг дуусаад ажиллаж эхлэх ёстой гэсэн уламжлалт хандлагаар ойлгоод байгаа. Харин та бид хоёрын ярианаас энэ бол бүрэн судлагдаагүй салбарт хэрэгжиж байгаа, том алсын хараанд чиглэсэн, төрөл бүрийн хүмүүс мэдлэг, мэдээлэл, технологиороо нэгдсэн хөгжүүлэлтийн үйл явц гэсэн дүгнэлт гарч байна. 

Та бизнесийн сэтгүүлийн редактороор ажилладаг хүний хувьд олон төрлийн бизнесийг хөндлөнгөөс ажиглаж, бизнес загварын шинэ хандлагуудыг анзаарч байгаа гэж бодож байна. Технологи хурдан шинэчлэгдэж буй өнөө үед бизнес тогтвортой онол, загвараар явж, тооцоолсон үр дүнд эрсдэлгүй хүрэх боломжгүй болсон. Загварууд маш хурдтай өөрчлөгдөж байна. Жилийн дараа бизнесийн орчин ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Компаниуд маш тодорхойгүй нөхцөлд ажиллаж байна. 

Тиймээс томоохон эрсдэлтэй ажил эхлэхээр хүмүүс “Наадах чинь найдвартай юм уу, бүтэх юм уу, ашигтай юу, эцэст нь юу болох вэ” гэх мэт асуулт тавьдаг. Mars-V бол эцсийн үр дүнг нь бид тодорхойлж байгаа ч тэр нь төлөвлөсөн дагуу байх эсэх нь тодорхой биш гэдэг нь ойлгомжтой. Гэвч нэг зүйл маш тодорхой, ойлгомжтой байгаа. Тэр нь Дэлхий өөрөө Марсыг эзэмших алсын хараанд нэгдээд, их хэмжээний хөрөнгө оруулаад эхэлчихсэн. Бид энэ алсын хараанд нэгдэх үү, тэнд эргэлдэж байгаа хөрөнгө оруулалтын өгөөжөөс хүртэх үү үгүй юу гэдэг нь бидний сонголт болохоос найдвартай үгүй юу гэдэг дээр олон улсад ч бэлэн хариулт байхгүй. Мэдээж итгэм үнэмшил талаасаа бид эцсийн үр дүндээ хүрнэ гэж итгэж байгаа учраас л хийж байгаа. 

Тэгэхээр энд тэс өөр философи яригдах нь. Хөрөнгө оруулагчдын хувьд ч манай уул уурхайд хөрөнгө оруулдаг хүмүүсээс өөр хэв маягийн хүмүүс байх нь. 

Сансар судлал бол маш цөөхөн тоглогчтой салбар. Энд хөрөнгийн зах шиг бирж дээр мөнгөн дээр тоглолт хийж, эрсдэлгүй зүйлд хөрөнгө оруулахтай адил зүйл яригдах боломжгүй. Хөрөнгө оруулалтын өөр загвар яригдана. Саяхан Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болсныхоо дараа бүх мөнгөө Марс судлалд зарцуулна гэж зарлалаа. Түүнтэй адилхан алсын хараатай цөөнгүй хувь хүн, компани бий болж байна. Сансар судлалын зах зээлд хэдэн их наяд ам.доллароор хэмжигдэх хөрөнгө эргэлдэх болсон. 

Сансрын салбарт мөнгө тийм чухал биш. Гол нь шийдэл олоогүй байгаа асуудалд нь, жишээлбэл, Марсын нөхцлийг турших хамгийн тохиромжтой газар хаана байна вэ гэсэн асуултад хариулт өгч чадах юм бол энэ зах зээлд орж, хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. 

Танай төслийн тулгуур баганууд, бизнес модель нь юу вэ? 

Нэгдүгээрт бидэнд бусад улс оронд өгөх юу байна вэ гэдэг асуулт. Марс руу илгээх хүмүүсийг бэлдэх хэрэгцээ байгаа гэдгийг та бид хоёр ярьчихлаа. Хоёрдугаарт, лабораторийн орчин хэрэгтэй юу гэвэл бас хэрэгтэй. Энэ хоёр нөхцлийг нь бид хангах боломжтой гэдгээ батлаад олон улсын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтраад явж байна.

Гуравдугаарт, хомс нөөцтэй орчинд тэсч үлдэх, дасан зохицох чадвар бүхий тэр сэтгэлгээг хаанаас, яаж суулгах вэ? Энэ өнцгөөс харвал Монголчууд олон зуун жил хүйтэн, ширүүн уур амьсгалтай нөхцөлд дасан зохицоод ирсэн амьдралын хэв маяг, сэтгэлгээний загвар маань давуу тал болж ирнэ. Уг давуу талаа бид дэлхий дахинд шинжлэх ухаанчаар яаж таниулах вэ? “Бид дасан зохицох чадвартай” гээд зүгээр яриад явах уу, эсвэл түүнийхээ хүн төрөлхтөнд хэрэг болох үнэт зүйлс, нууцыг судалж таниад бүтээгдэхүүн болгох уу? Ийм гаргалгааг хийж чадвал лабораторийн орчин, нөү хау хоёроо хослуулсан бүтээгдэхүүнийг улам тэлж буй сансар судлалын зах зээлд санал болгож чадна. Энэ нь маш сонирхолтой бүтээгдэхүүн болно. 

800 жилийн өмнө монголчууд худалдаа, шашин, соёлын холбоос, зангилаа цэг байж чадсан юм чинь өнөөдөр шинжлэх ухааны эко орчин бүхий холбоо цэг байж яагаад болохгүй гэж?

Мөн Марсынхтай төстэй хомс нөөцтэй, хатуу ширүүн нөхцөлд тэсч үлдэх, дасан зохицох загварыг монгол хүний онцлогт суурилаад боловсрууллаа гэж бодоход тэрийг маань сансрын нисэгчдээс гадна худалдаж авах хүн хэр олон бэ? Энэ асуултад хариулахын тулд бас нэг урьдач нөхцлийг дурдах ёстой. Технологи хөгжихийн хэрээр шилжилт хөдөлгөөн хийх, аялах зардал буурсаар байгаа. Улс орнуудын хүн амын амжиргаа, ДНБ өссөөр байгаа учраас аялах нь хүний амьдралын идэвхитэй хэсэг болсон. Хэдийгээр цар тахалд хумигдчихаад байгаа ч аялал жуулчлалын зах зээл цаашдаа улам тэлэх хандлагатай байгаа. Аялагчдад Эльфийн цамхаг, Цагаан хэрэм үзэх нь хангалтгүй болж байна. Тэдэнд шинэ мэдрэмж хэрэгтэй. 

Тиймээс сансрын аялал жуулчлал цоо шинээр хөгжиж байна. Жингүйдэж үзэх, Дэлхийг сансраас харах, Олон улсын сансрын станцид зочлох, Марс дээр очихыг хүсч буй хүн улам олон болсон. Гэхдээ ийм төрлийн аяллын хөтөлбөр маш үнэтэй, амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй. Хэрэв сансарт ниссэнтэй адил мэдрэмжийг өгөх эрсдэл багатай нөхцлийг Дэлхий дээр бүрдүүлж чадвал аялал жуулчлалын гайхалтай бүтээгдэхүүн болно. Өөрөөр хэлбэл дэд бүтэц байхгүй, ургамалгүй, хүн амьтан ховор, хуурай хатуу ширүүн, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гэж үздэг Монголын говь газар маань эргээд аялал жуулчлалын маш их үнэ цэнтэй бүтээгдэхүүн байх боломжтой. 

Уламжлалт эдийн засагт салбарууд тус тусдаа хөгждөг байсан бол одоо нэгдэн синержи үүсгэж, сансар судлал, аялал жуулчлал хоёр нийлэн дундаасаа цоо шинэ үнэ цэн бий болгож эхэллээ.

Юутай ч бидэнд байгалиас заяасан гайхалтай өгөгдөл байгаа юм байна. Энийг тодорхой бүтээгдэхүүн болговол зах зээл нь ч байгаа юм байна. Гэхдээ давуу тал бүтээгдэхүүн болж хувирахад тодорхой менежментийн гаргалгаа хэрэг болно. Та бид хоёрын ярьж буй бизнес загварыг амьдрал болгох менежментээ та бүхэн ямар байна гэж төсөөлж байна? 

Монголын Говь бол Дэлхий дээрх Марс байж болно гэдгийг бид олон улсад таниулах ажлыг одоо хийж байна. Тодруулбал, Дэлхий дахинд Монголоо, өөрсдийн уламжлал, соёлоо таниулахын тулд зайлшгүй рэбрэндинг хийх шаардлага гарч байна. Рэбрэндинг гэхээр мэдээж судалгаа шаардах учир олон талтай хамтарч байгааг дээр дурдсан. 

Хөрөнгө оруулалт олоод гоё бааз байгуулахаар болчихлоо гэж бодоход шаардлагатай хүний нөөцөө хэрхэн бүрдүүлж, менежментийн ямар гаргалгаа хийх вэ гэдэг их чухал. Бид эрхэм зорилгоо “Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос байна” гэж тодорхойлсон. Тайлбарлавал, энэ бол зөвхөн монголчуудын төсөл биш, энэ бол Дэлхий нийтийн хамтын зорилгыг хэрэгжүүлэх төсөл. Үүний тулд бид дотоодоосоо нөөц бололцоогоо тултал нь шавхаж ашиглана, гэхдээ зарим ур чадвар, менежмэнтийг гаднаас авахаас өөр аргагүй. Гаднаас сурах зүйл бидэнд олон бий, бас биднээс гадныханд өгөх зүйл ч цөөнгүй байгаа. 

Түүхийг аваад үзвэл нүүдэлчид дундаа дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан ганц үндэстэн бол монголчууд. Монголын эзэнт гүрний үед худалдаа цэцэглэж, бүх шашин эвтэй байж, газар газрын шилдэг эрдэмтэд ажилладаг байсан. Тэгэхээр бидэнд цэргийн зохион байгуулалт, төрийн зохион байгуулалт, сэтгэлгээний зохион байгуулалт гэх зэрэг стратегийн маш үнэ цэнтэй өв байгаа. Энэ өвийг бид зүгээр л шүтэж бишрээд, хөшөө дурсгал бариад, гудамж талбайгаа Чингис гэж нэрлэх төдийгөөр ашиглах нь хайран. Энэ өвийг бид судлан шинжилж Дэлхийд дахин таниулах байдлаар стратеги, менежментийн нөү хау болгох хэрэгтэй. 800 жилийн өмнө монголчууд худалдаа, шашин, соёлын холбоос, зангилаа цэг байж чадсан юм чинь өнөөдөр шинжлэх ухааны эко орчин бүхий холбоо цэг байж яагаад болохгүй гэж? 

Түүх бол зөвхөн он цагийн дараалал биш. Чингисээс үлдээсэн стратегийн өвөөс менежментийн загвар болгох зүйл зөндөө байгаа. Жишээ нь, аравтын системийг бид хүний нөөц, багийн менежмэнт болгож болно. Нууц товчоонд байгаа тэдгээр нууцыг нь олж, орчин үе рүү хөрвүүлмээр байна. Нэг үгээр, хийж чадах зүйл бидэнд олон бий. Хийж чадахгүйгээ бусдаар хийлгэнэ. Манай төсөл ийм л зарчмыг менежмэнтдээ ашигладаг. 

Ингэж төсөөлье л дөө. Мөнгөтэй хөрөнгө оруулагч ирээд “Би яагаад Хятадын цөлд биш Монголын Говьд хөрөнгө оруулах ёстой вэ” гэж асуувал та бүхэн ямар хариу өгөх вэ?

Энд хэдхэн л хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, сансрын улс гүрнүүдийн хооронд технологийн өрсөлдөөн явж байгаа учраас өрсөлдөгчид бие биедээ технологийн хөрөнгө оруулалт хийхээс цааргалж байна. Харин Монгол Улс ийм өрсөлдөөнөөс хол байгаа болохоор цааргалах зүйлгүй. Хоёрдугаарт, хоёр хөрштэйгээ ямар ч хилийн маргаангүй, энх тайван, цөмийн зэвсгээс ангид, геополитикийн асуудалгүй байгаа нь шинжлэх ухааны хөрөнгө оруулалтад эрсдэлгүй том ач холбогдолтой. Гуравдугаарт, манай Говь бол хамгийн хойд өргөрөгт байдаг хүйтэн, жилийн температурын ялгаа 85С градус зөрүүтэй цөл. Дөрөвдүгээрт хүн ам болон агаарын хил сийрэг. Тавдугаарт, дэд бүтэц хөгжөөгүй нь Марс дээрх шиг зэлүүд, хомс нөөцтэй нөхцлийг туршихад хамгийн дөхөмтэй. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц хөгжөөгүй сул тал маань эргээд бидний давуу тал болж байгаа юм. 

Дэд бүтэц гэдгээс ургуулаад асуухад танай төслийн ТЭЗҮ-д ус, эрчим хүчний асуудлыг яаж тусгаж байгаа вэ?

Мэдээж тодорхой хэмжээний дэд бүтцийн ажил хийгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Марс дээр хийгдэх ажлууд тэртээ тэргүй ямар ч дэд бүтэцгүй орчинд явагдана. Өөрөөр хэлбэл, дэд бүтэцгүй говь газарт судалгаа хийнэ гэдэг чинь угаасаа өөрөө үндсэн зорилт байхгүй юу. Дэд бүтэц сайтай газар Марс дээрх нөхцлийг туршвал үнэ цэн нь улам буурна. Тодруулбал, Марсыг эзлэхээсээ өмнө дэд бүтэц хөгжөөгүй Монголын Говийг эзлэх шаардлагатай гэсэн санаа. Энэ санааг зөвхөн бид хэлээд байгаа юм биш, олон улсын хурлууд дээр эрдэмтэд ингэж ярьж байгаа. Усгүй, ургамалгүй хүйтэн, ширүүн уур амьсгалтай Говьд устай, ургамалтай байх шийдлийг яаж олох вэ гэдэг чинь энэ төслийн нэгэн том даалгавар юм. 

Та бүхэн төсөлдөө холбогдох төрийн байгууллагуудыг татан оролцуулж чадсан уу? 

Төр болон Mars-V төсөл хоёр бол дэлхийд тусдаа субъект байх аргагүй. Бид дэлхийд нэг л тал болж харагдана. Энэ төсөлд зайлшгүй оролцоотой байх ёстой байгууллагуудтай байнгын харилцаатай байгаа. Саяхан 2021 оны нэгдүгээр сарын нэгэнд болсон “Дэлхий дээрх Марс” олон улсын цахим хурлын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын амбицийг зарлалаа. Монголын Сансрын зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дарга  бодлогын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ. БОАЖЯ, ШУА, харьяа агентлагын удирдлагууд энэ хуралд оролцож үг хэллээ. Нийт 17 төрийн байгууллагатай харилцаа тогтоогоод, заримтай нь ажлын хэсэг байгуулчихсан. Нэг үгээр төсөл төрийн дэмжлэг оролцоог авч чадаж байгаа.

Mars-V төслийн эдийн засгийн бус ач холбогдлуулаас яривал? 

Энэ бас чухал асуулт. Технологийг хүн амьдралаа хялбарчлахын тулд ашигладаг. Ингээд ашиглаад байтал технологиос биш, харин тэдгээр технологийг ашигладаг хүний амьдралын хэв маягаас болоод технологи маань эргээд байгаль экологид хор хөнөөл учруулах болсон. Хүн өөрийн амьдралын хэв маяг, загвараа өөрчлөхгүй л бол хичнээн ногоон технологийн шийдлүүд гарлаа ч дэлхийн нөөц шавхагдаж, байгаль орчин сүйдсэн хэвээр байна. 

Тэгэхээр энэ төслөөр дамжуулаад маш хомс нөөцтэй орчинд хүнийг амьдарч сургах замаар хүний амьдралын хэв маягт өөрчлөлт хийх нь ирээдүйд үүсч болох байгаль орчны хямрал, нөөцийн хямралын эсрэг хийж байгаа сэтгэлгээ, амьдрах загварын инноваци болж байгаа юм. Ихэнх инноваци тоног төхөөрөмж, программ хангамжийн түвшинд хийгддэг бол энэ төслийн хувьд сэтгэлгээ, амьдралын хэв маягийг өөрчлөх инноваци болно. Энэ бол дэлхийд өгч болох том үнэ цэн, өгөөж. 

Яагаад ямар нэгэн эрсдэлтэй юм руу дайрч орохгүй байгаа юм бэ? Яагаад заавал бэлэн ТЭЗҮ-тэй, эдийн засгийн үр дүн нь тодорхой ажил л хийх ёстой гэж?

Тэгвэл Монголд ямар үнэ цэн өгөх вэ? Монголд тулгараад буй асуудлуудыг инноваци, инженерийн шийдлүүдээр л гэтэлнэ. Тийм инноваци, шийдлүүдийг хийх ирээдүйн мэргэжилтнүүдэд энэ төсөл шинэ үзэл санаа, сэтгэлгээг төлөвшүүлж, итгэл үнэмшилтэй болгоно. Энэ бол нийгмийн том эерэг нөлөө. Уг нөлөө одоо мэдрэгдээд эхэлсэн. Төслөөр дамжуулаад Монголын боловсролын тогтолцоонд шинэ алсын хараа өгч болно. Орхигдчихоод байгаа шинжлэх ухааны салбараа урдаа гаргаж түлхэх бололцоо бүрдэнэ. 

Түүнчлэн манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байгаа. Ирээдүйд аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгоно гэсэн төрийн бодлого бий. Тэгвэл аялал жуулчлалд цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж дэлхийд таниулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж байна. Ийнхүү бид өргөн уудам газар нутгаа зүгээр нэг хашаа хатгаж биш, эдийн засгийн зөв загварт оруулж хамгаалах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, газар нутгаа аялал жуулчлал, шинжлэх ухааны зорилгоор ашиглах байдлаар хамгаалж, эзэнжүүлэх юм. Ингэж нэг сумаар эдийн засаг, нийгэм, боловсрол, байгаль орчин, шинжлэх ухаан, орон нутгийн хөгжлийн том хөшүүрэг, үнэ цэнийг бүтээж чадна.

Хил нээгдээд улс хооронд зорчих боломжтой болвол хамгийн түрүүнд ямар ажил хийгдэх вэ? 

Марс нийгэмлэгийн Ерөнхийлөгч Роберт Зубрин болон Марс руу нисэхээр бэлтгэгдэж байгаа нисгэгчид ирж судалгаа, бэлтгэл хийхээр тохирсон байгаа. Харин төслийн дотоод ажил ковидтой, ковидгүй хэвийн үргэлжилжилж байна. 

Mars-V төсөл гэхээр сэтгэл хөдлөлдөө автсан залуучуудын ажил, бодит ажил болох нь юу л бол гэсэн үл итгэх хандлага олон нийт дунд байна. Ингэж ярьж байгаа хүмүүст та юу хэлэх вэ? 

Би бол сэтгэл хөөрөлд автсан гэдгээ шууд хэлнэ. Яагаад гэвэл Монголд том мөрөөдөл байгаагүй. Залуучууд байр машин, мөнгөөр биш мөрөөдлөөр дутаж байна. Энэ сэтгэл хөдлөл байхгүй бол бид ажилдаа дурлаж, сэтгэлээ шингээн хийж чадахгүй. Бизнес ч тэр мөрөөдөл, сэтгэл зүрхээ шингээснээр хол явдаг. Залуучууд сэтгэл хөдлөлөө илэрхийлж, мөрөөдлөөрөө энэ төсөлд нэгдэж байгаад баяртай байна. Mars-V залуусыг дэлхийн мөрөөдөлтэй болгож бусад олон сайхан төслийн эхлэл болно. 

Mars-V шиг төслүүд зүгээр л ямар нэгэн санхүүгийн тооцоолол, тоон үзүүлэлтэд бий болохгүй. Энд оролцогчдын итгэл үнэмшил гол хөдөлгөх хүч болж байна. Би өөрөө ч хувь хүний үүднээс Mars-V бол Монголыг дэлхийд гаргах алсын хараатай төсөл гэсэн бүрэн итгэл үнэмшилтэй ажилладаг. 

Бидний сэтгэл хөдлөлийг зөвхөн нүүрэн дээрээс маань хараад цаана нь өрнөж буй ажлыг олж харахгүй байж магадгүй. Энэ төслийг амталъя, мэдэрье, ойлгоё гэж байгаа бол ирж оролцоход нээлттэй. Үнэхээр ажилд тустай шүүмжлэл байвал хүлээж авна. Харин гутранги үзэлд хариу өгөх цаг, зав бидэнд байхгүй. Маш их ажил хийгдэж байгаа. Үргэлж болохгүй, бүтэхгүй гэж шүүмжилж байгаа хүмүүст ямар ч хариулт өгөөд өө олж таарна. Тиймээс хариултаа өөр газраас хайсан нь зөв. 

Эрсдэл угаасаа зөндөө бий. Аливаа шинэ ажил эрсдэл ихтэй байдаг нь жам. Араас нь дагаж биш хамт хөгжих үед хэн ч хариулт өгч чадахгүй. Эрсдлийг шат дараатай даваад явах нь угаасаа бидний ажил. Mars-V төсөл дээр үүсч байгаа эрсдэл, асуудал болгоныг давж гарч байгаа шийдэл бүхэн эргээд бидэнд том өгөөж болно. Аливаа асуудлыг шийдэх гаргалгаа, нөү хау-тай болно. Юун дээр гацаж, ямар асуудалтай тулгардагаа үзээгүй байж болохгүй, бүтэхгүй гээд үргэлж яриад байх чинь өөрөө утгагүй. 

Монголчууд ямар ч эрсдэлгүй, бэлэн, зөөлөн хоол идсээр байгаад дасчихсан нь харамсалтай. Яагаад ямар нэгэн эрсдэлтэй юм руу дайрч орохгүй байгаа юм бэ? Яагаад заавал бэлэн ТЭЗҮ-тэй, эдийн засгийн үр дүн нь тодорхой ажил л хийх ёстой гэж? Тодорхой гэж байсан төслүүд ч маргаан дагуулсаар л байна. Яагаад бид дэлхийд цоо шинэ, асуудлыг шийдэх төсөл рүү орж болохгүй гэж? 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Финтек хэрэглэгчид үрэлгэн байдлаа засах нь амаргүй гэжээ

Өмнөх нийтлэл

Д.Энхбат: Бизнесмэн залуус үүнийг л мэдэх хэрэгтэй

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. za medehgui yumdaa. Ene amgaa-d goolingoo-goos uur business baihguishte, yu yu ch yariad baigaan

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.