Үйл ажиллагаа

Ц.Өрнөхбаяр: Хүүхдэд эрх чөлөө, хариуцлагыг хамтад нь өгөөрэй

0
Human x Tomujin Ed Group нь Эко гэр цэцэрлэг, Хүмүүн дунд сургууль, Томүжин Алтернатив Сургуулиас бүрдэх боловсролын экосистем юм

“Human x Tomujin Ed Group” сургуулийн Гүйцэтгэх захирал Ц. Өрнөхбаяртай боловсрол, цахим хичээл, амьдралд шууд хэрэглэгдэх чадвар, хүүхдийн хүмүүжил зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын багш, Томүжин Алтернатив сургуулийн Life skills менежерээр ажилласан туршлагатай. Human x Tomujin Ed Group нь Эко гэр цэцэрлэг, Хүмүүн дунд сургууль, Томүжин Алтернатив Сургуулиас бүрдэх боловсролын экосистем юм.

-Хүчирхэг хүн гэж чухам ямар хүнийг хэлэх вэ? Хамтрах, өөрийгөө удирдах, тунгаан бодох, харилцааны ур чадвартай ч нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирдаггүй бол хүчирхэг хүн мөн үү?

-Хүчирхэг хүн гэдгийг энгийнээр аз жаргалтай, бие даасан шийдвэр гаргадаг, эрх чөлөөт, өөрийнхөөрөө, эргэн тойрондоо эерэг нөлөөлөл авчирдаг хүнийг хэлнэ. Манай сургууль ийм хүнийг дөрвөн талаас нь буюу дөрвөн хөтөлбөрөөрөө бэлдэхээр хичээж байна. Үүнд, Life skills(амьдралд шууд хэрэглэгдэх чадварууд), Life tools (амьдралд хэрэгтэй академик мэдлэг, хэрэгслүүд), Life experience (олж авсан мэдлэг чадвараа хэрэглэх буюу өөрийн биеэр хийж үзэх, амжилт, ололт болон алдаа, өвдөлтийг мэдрүүлэх тэр туршлагууд), well being (бие болон сэтгэлзүйн хувьд эрүүл байх дадал хэвшлүүд) орж байгаа юм. Эдгээрийн нэг нь л дутуу хөгжсөн байвал хүчирхэгжсэн хүн рүү дөхөхгүй гэж байгаа юм. Дөрвөн хөлтэй ширээний нэг хөл нь богино байвал тэр ширээ хэрэгтэй байж чадах уу гэсэн санаа. 

Life skills нэг томоохон хэсэг нь, үүн дотроо бүтээлч сэтгэлгээ, эргэцүүлэн сэтгэх чадвар, цагийн менежмент, бусдад хуваалцах гээд чухал чадваруудыг агуулж байгаа юм. Ер нь миний бодлоор эдгээр чадварт суралцсан, суралцаж яваа хүн нийгэмдээ, эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг авчирдаг хүн байж таарна. Үгүй бол бүрэн эзэмшээгүй, эсвэл утга учиртай ойлгоогүй байна гэсэн үг. Харин хүчирхжсэн хүн мөн эсэхийг дөрвөн талаас нь харах хэрэгтэй ч энэ дөрөв нь хоорондоо уялдсан, холбоо хамааралтай зүйлүүд юм.

-Танай сургуульд зааж буй ур чадваруудыг олгодог гадны ямар байна. Та бүхэн тэдгээр сургуулиас туршлага судалж байв уу?

– Мэдээж өөр өөр түвшинд заадаг маш олон сургууль бий учир яг нэг сургуулийн туршлага гэхээсээ илүү олон сургуулийн жишээ, туршлагыг уншиж судлаж байсан. Тэдгээрээс Монголын хөрсөнд тохирсон арга барил, хөтөлбөрийг боловсруулаад явж байна. Хамгийн гол нь манай баг заах гэхээсээ эдгээр чадварт суралцах нөхцөл, боломжийг бүрдүүлж, чиглүүлж байгаа.

-Танай сургуулийн онлайн сургалт бусад сургуулиас юугаараа онцлог вэ?

– Танхимын сургалтын үед ч манай онлайн хичээл давхар хичээллэж, үндсэн мэдлэг, лекц, даалгавраа сурагчид маань дижиталаар үздэг, хийдэг. Харин хөл хорио тогтооход танхимаар хичээллэж байсан бүх хөтөлбөр маань онлайнаар үргэлжилсэн. БОЛОВСРОЛ ЗОГСОХ ЁСГҮЙ гэдэг уриан доор бид нөхцөл байдалд маш хурдан дасан зохицож чадсан. Товчхондоо бэлэн байсан. Өдөр бүрийн нэгдсэн уулзалт, талархлын бясалгал, дасгал хөдөлгөөн болох мутай кикбокс, жюжицү, төслийн хичээлүүд маань бүгд хэвийн үргэлжилсэн.

-Tomujin Alternative High School-ийг төгсөхдөө эрс өөрчлөгдсөн сурагч бий юу?

– Манай сургуулийн анхны төгсөгчид зургадугаар сард төгсөнө. Тэр үед энэ асуултаа манай төгсөгч, тэдний эцэг, эх мөн биднээс асуувал дуртайяа хариулна. Харин элсэж орсноос хойших долоон сарын хугацаанд өөрчлөгдсөн сурагч маш олон бий. Харах өнцөг, сурах арга барил, хүсэл тэмүүлэл, багаар ажиллах, харилцаа, хандлага, өөрийгөө илэрхийлэх гэх мэт дээр 400 гаруй сурагч маань бүгд тодорхой хэмжээний ахиц дэвшил бүхий өөрчлөлт харуулж байна.

-Цар тахлын улмаас сургуулиуд цахим хэлбэрээр хичээл заах болсон. Харамсалтай нь гэртээ интернэт, эсвэл ухаалаг утасгүй хүүхдүүд хичээлээ үзэх боломжгүй байна. Гадаадын хэвлэл мэдээллүүд цахим сургалт нь боловсролын ялгааг гүнзгийрүүлж байна гэж үзэж буй. Энэ талаар таны бодол?

-Энэ бол цэвэр төрийн бодлогоор анхаарах ёстой асуудал. Магадгүй хэмнэж болох хувьсах зардлаа энэ асуудлыг арилгахад чиглүүлж болох юм. Улсын сургуулийн сурагчдад теле хичээл ороод орхих биш багш нарыг холбож, даалгавар болон хичээлээ ойлгосон үгүйг нь давхар хянах хэрэгтэй. Бараг бүтэн хоёр жил сургууль өнжсөн хүүхдүүдэд 20 жилийн дараа гарах үр нөлөөг төсөөлөшгүй. Үүнийг төр ухаалгаар шийдэж болох эхний арга бол танхимын сургалтаа аль болох хурдан эхлүүлэх юм. Тэгж байж энэ хоцрогдол арилна. Магадгүй зуны улиралд хичээлийг нөхөж орох хэрэгтэй. Манай группийн хувьд сургуулийн бүх хөтөлбөрөө бусадтай хуваалцах зорилготой дараагийн ажил руугаа ороод байна. Хувийн сургуулиуд өөрчлөгдөж хөгжиж байж цаашдаа улсын сургууль хөгжих, өөрчлөгдөх боломж нөхцөл бүрдэнэ.

Сургуульд элсэлт авснаас хойших долоон сарын хугацаанд олон сурагч ахиц дэвшил, өөрчлөлтийг үзүүлээд байна.

Сургуульд элсэлт авснаас хойших долоон сарын хугацаанд олон сурагч ахиц дэвшил, өөрчлөлтийг үзүүлээд байна.

-Бид сонсоод зогсохгүй харж, хийж байж л аливаа ур чадварыг эзэмшдэг. Гэтэл Tomujin Alternative High School-аас бусад сургууль сурагчдадаа ийм боломж төдийлэн олгодоггүй. Тэгвэл сурагчид багш болон сургуулиас хамааралгүйгээр сурсан зүйлсээ хэрхэн амьдралд хэрэгжүүлж болох вэ?

– Бүх сургуульд хамгийн түрүүнд бие даан суралцах, ачаалал даах чадвар, бусадтай баг болж харилцах чадварыг сургах хэрэгтэй. Эрх чөлөөг нь 100 хувь өгөөд эргээд 100 хувь хариуцлага нэхээд сурчихвал хүүхэд хаана ч, хэнээс ч хамааралгүй шаардлагатай ур чадвараа сураад, хөгжүүлээд явчихна. Дан сургууль ч биш гэр бүлийн хүмүүжил маш чухал. Эцэг эхчүүдийн хүүхдээ үргэлж чимээгүй, томоотой байвал сайн хүүхэд гэж ойлгуулах хандлага нь хүүхдийнхээ хөгжлийг дарж буй хэрэг.

Tomujin Alternative High School нь сурагчдыг алдаа гаргаж, түүнээсээ суралцахыг уриалдаг. Гэвч багш нар сурагчдаа дүнгээр нь үнэлж, дүгнэх нь түгээмэл. Тэгвэл алхам бүртээ оноо тавиулсаар буй сурагчид хэрхэн алдаа гаргахаас эмээхгүй байж сурах вэ?

– Тэр оноо бол мэдээж тодорхой хэмжээнд байх ёстой үнэлэмж. Харин тэр нь бодитоор үнэлж чадаж байгаа эсэх дээр анхаарах хэрэгтэй. Гол нь оноонд бага ач холбогдол өгөөд яагаад тийм оноо авсан гэдгээ ухаад ойлгочихвол нэг ч гэсэн зүйл олж харах байх. Гэхдээ гол нь хойшоо сууж алдаа гаргах, алдаагаа олон дахин давтах нь хичээж оролдож байгаад алдахаас тэс өөр гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь, манай сургуулиас эхний улирлын шилдэг төслөө шалгаруулахад маш мундаг үр дүнтэй гэгдэж байсан баг түрүүлж чадаагүй.  Тэдний гол алдаа нь төслийн төлөвлөгөө сайжруулсаар байгаад цагт нь өгөөгүй байсан юм. Юунаас болоод түрүүлж чадаагүйгээ гэдгээ мэдсэн багийн гишүүд “Цагийн үнэ цэнэ” лекцэнд сууснаас илүү ихийг ойлгосон.

Сонголт хийх эрхийг хүүхдэдээ өгдөг байгаарай. Тодорхой хэмжээнд эрх чөлөө олгож, алдах эрх өгөөд араас нь хариуцлага давхар үүрүүлээрэй.

“Human x Tomujin Ed Group” сургуулийн Гүйцэтгэх захирал Ц. Өрнөхбаяр

“Human x Tomujin Ed Group” сургуулийн Гүйцэтгэх захирал Ц. Өрнөхбаяр

 

-Хэдэн удаа алдчихаад бууж өгдөг хүн олон бий. Чухам ямар зүйл биднийг алдсан ч эргэн босоход нөлөөлдөг вэ?

-Нэг талдаа харах өнцөг, тэсвэр тэвчээр. Нөгөө талдаа яг юунд хүрэх гэж буйгаа харчихсан, яагаад хийж байгаагаа ойлгосон хүн хэд ч алдсан босоод ирдэг юм болов уу. Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээх гэж 10 мянган удаа оролдоод “Би огт бүтэлгүйтээгүй, харин ч гэрлийн чийдэн хэрхэн хийж болохгүй вэ гэсэн 10 мянган аргыг нээлээ” гэж хэлсэн байдаг. Яг л энэ.

-Дотоод “мотор”-оо асааж чадахгүй байгаа сурагчдад та ямар зөвлөгөө өгөх вэ?

– Олон зүйл оролдож, өөрийгөө нээн илрүүлэх хэрэгтэй. Нэг орчин, хүрээлэлдээ байвал асах нь юу л бол. Тиймээс гар, үз, хий, оролд, олон хүмүүстэй танилц, ярилц. Тэр явцад мотор чинь аяндаа асаад ирнэ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг ортой үг шүү дээ.

-Сурагчид өөрийгөө бусадтай харьцуулах хандлагатай. Бүтэн 12 жилийн турш өөрийгөө бусадтай харьцуулсан хүн хэрхэн өөрийгөө өөртэйгөө харьцуулж сурах вэ?

-Өмнө хэлснээр харах өнцөг, яагаад хийж байгаа, юунд тэмүүлж буйгаа ойлгосон байхад тэгж харьцуулах нь багасна. Үүнд эцэг эхчүүд хамгийн эхэлж өөрчлөлт гаргах хэрэгтэй буюу хүүхдээ ах, эгч, дүүтэй нь, эсвэл өөр хүүхэдтэй харьцуулахаа болих хэрэгтэй.

-Дээд боловсрол эзэмшсэн хэрнээ амьдралд бэлэн биш залуучуудад та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ бол манай боловсролын тогтолцооны гол сөрөг нөлөө. Нийтээрээ хэрэглэгдэггүй академик мэдлэгтэй. Би ч гэсэн тийм л байсан. Ангидаа тэргүүний сурагч байсан ч оюутан болоод амьдралд алгадуулсан даа. Цаг хугацаа өөрийнхөө урсгалаар явж байгаа. Тиймээс та юунаас ч хоцроогүй, оройтоогүй байна. Хамгийн гол нь ямар нэг үйлдэл хийж эхэлвэл өөрчлөлт бий болно. 

– Эцэг эхчүүдэд та ямар гурван зөвлөгөө өгөх вэ?

– Хүүхэдтэйгээ дээрээс биш ижил түвшинд харилц, ярилц, зөвлөгч, сонсогч нь байгаарай. Битгий шийдвэр гаргагч нь байгаарай. Сонголт хийх эрхийг хүүхдэдээ өгдөг байгаарай. Тодорхой хэмжээнд эрх чөлөө олгож, алдах эрх өгөөд араас нь хариуцлага давхар үүрүүлээрэй гэж хэлмээр байна. Бид хүүхдүүдийнхээ дэргэд насан турш хамт байж чадахгүй шүү дээ.

-Сурагчид хөл хорионы үеэр гэртээ хэрхэн харилцааны ур чадвараа сайжруулж болох вэ?

-Гэр бүлээрээ хамтдаа тоглоом тогло. Тоглоомоор дамжиж харилцааны чадвар маш сайн хөгждөг. Хүүхдийн насанд таарсан uno, sequence, monopoly, catan зэрэг хөлөгт тоглоомоор тоглохыг зөвлөе. Мөн clubhouse, өөр бусад aпп ашиглаж хүмүүстэй ярилцаж үзэх хэрэгтэй.

-Цахимаар хичээллэж буй хүүхдэдээ эцэг эхчүүд хэрхэн туслах вэ?

-Эрүүл мэндийг нь сайн дэмжиж, тогтмол нүдний дасгал, биеийн чилээ гаргах дасгалыг хамт хийж, тогтмол ус уулгах хэрэгтэй. Мөн боломжтой бол өөрөөс нь зөвшөөрөл аваад хичээлд нь хамт сууж, бататгаж ярилцвал үр дүнтэй.

-Таны бодлоор амжилтанд хүрсэн хүмүүст ажиглагддаг хамгийн түгээмэл чанар юу вэ?

-Бусадтай хуваалцдаг хүн илүү амжилтад хүрдэг болов уу. Мэдээж мөн эрсдэл хийх чадвартай, тэвчээртэй байх хэрэгтэй.

 

Ярилцсан М.Ариунзаяа

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г.Орхон

Монголын говь: Хөөрөх цэг

Өмнөх нийтлэл

Өрсөлдөөнд үлдэх арга буюу хэрэглэгч төвтэй тогтолцоо

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.