Монголын ноос, ноолуурын холбоо болон Дэлхийн банк хамтран, Япон улсын зах зээлд ноолууран хувцас экспортлохоор зорьж буй Монголын үйлдвэрлэгчдэд  зориулан энэ судалгааг 2018 онд хийжээ. Нийтдээ Монгол улсаас Японд нийлүүлж болох 13 төрлийн бүтээгдэхүүнийг авч үзжээ.

Зорилтот бүтээгдэхүүнүүдийн импорт

  1. Зах зээл

Японы ноос, ноолуур, хөөвөр зэрэг материалаар хийсэн хувцасны импортын дүн 1.0 тэрбум ам.доллар, харин ноолууран хувцасны зах зээлийн хэмжээ 925 орчим сая ам.доллараар хэмжигдэж байна. Дээрх 13 нэр төрлийн бүтээгдэхүүн дундаас подволк, майк, дотуур цамц нийт импортын 70 гаруй хувийг эзэлж буй нь сонирхолтой.

Түүнчлэн Япон улс нь гадаад улсаас бохир болон самнасан ноос, ноолуур, хөөвөр зэрэг түүхий эдийг импортлон авч дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ хэмжээ нь жилээс жилд буурч байгаа бөгөөд 2017 онд нийтдээ 126 сая ам.долларын түүхий эд импортолсон байна.

Японы ноолууран хувцасны зах зээлийн хэмжээ, өсөлтийн хувь

Зах зээлийн хэмжээ бүтээгдэхүүний төрлөөр /сая ам.доллар/

2. Өрсөлдөөн

Япон улсын текстиль хувцасны импортын 65 орчим хувийг БНХАУ дангаараа эзэлж байгаа бөгөөд түүний дараа Вьетнам, Индонези, Бангладеш зэрэг зүүн болон өмнөд Азийн орнууд голлох байр суурь эзэлж байна. АСЕАН-ий орнууд нийлбэр дүнгээрээ 23.4% бол Европын орнууд 4.6% эзэлж байгаагаас Итали голлож Их Британи, Португали, Румын, Турк, Франц улсууд мэдэгдэхүйц байр суурь эзэлж байна.

Судалгаанд дурдсан 13 бүтээгдэхүүний дүнгээр Хятад тэргүүлэх байр сууриа хадгалж, зүүн өмнөд Азийн орнуудын эзлэх хувь буурч Итали 5 дугаар байр, Их Британи 8 дугаар байранд дэвшин орж ирж байна. Харин Монгол улс 16 дугаар байранд байна.

Японы итпортын нийлүүлэгчид

Монгол улс судалгаанд дурдсан 13 бүтээгдэхүүний хувьд эрэгтэй, эмэгтэй ноолууран гадуур цамц буюу кардиган, пулловер зэрэг бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Энэ бүтээгдэхүүний хувьд нийлүүлэгч топ 5 орны нэг нь Монгол байгаа хэдий ч мөнгөн дүнгээрээ 1.2% эзэлж байгаа нь гол өрсөлдөгчид болох Хятад, Итали, Камбож, Их Британи улсуудаас 3-45 дахин бага байна.

Цамцны дараа ороолт, шааль, алчуур /164 мянган ам.доллар/, эмэгтэй пальто, цув, нөмрөг /153 мянган ам.доллар/ гэсэн бүтээгдэхүүн Монголоос Япон руу хийж буй экспортын гол бүтээгдэхүүн болж байгаа ч эдгээр бүтээгдэхүүний Японы импортын 0.4-0.5 хувийг л эзэлж байгаа нь хангалтгүй байна. Харин эмэгтэй өмд, оймсны импортын 2 орчим хувийг эзэлж байгаа нь энэ чиглэлд экспортын боломж ойр байгааг харуулж байна. Ер нь зорилтот бүх бүтээгдэхүүний хувьд зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж чадвал Монголын компаниудын хувьд борлуулалтын томоохон орон зай харагдаж байна.

Японд кашмеран цамц нийлүүлэгч топ улсууд

Өнөөг хүртэл Японы бэлэн хувцасны зах зээлд брэнд нэр маш чухал байж ирсэн бөгөөд Европ, Америкийн брэндүүдийг шүтэх явдал одоо ч түгээмэл. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд брэнд нэр хөөх явдал илт багасч “жинхэнэ хувцас/real clothes/”, “өөрийн брэнд/private brand/” гэх мэт ойлголтууд газар авч байна.6 Энэ нь бэлэн хувцасны зах зээлд үнэ хямдрах бас нэг шалтгаан болж буй.

“Жинхэнэ хувцас” гэдэг нь загварлаг боловч бүх хүн худалдан авч чадахуйц үнэтэй бүтээгдэхүүнийг сонгож өндөр үнэтэй брэндүүдээс татгалзах хандлагыг хэлдэг бөгөөд Tokyo Girls Collection гэх мэт үзэсгэлэн худалдаануудад ихээхэн амжилт олж байна. Харин “өөрийн брэнд” стратегийн хүрээнд жижиглэн худалдаа эрхлэгчид үйлдвэрлэгчдэд захиалга өгч бүтээгдэхүүний загвар дизайн, үнэ зэргийг өөрөө тогтоон өөрийн брэнд нэрээр худалдаалдаг. Уг хувилбар нь худалдаалагчдын ашгийн түвшинг нэмэгдүүлж байгаа тул ийм хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бэлэн хувцасны төрөлжсөн дэлгүүрүүд болох UNIQLO, Ryohin-Keikaku болон Select shop гэж нэрлэгддэг өөрийн болон сонгосон брэндийн бүтээгдэхүүнээрээ дагнадаг BEAMS, United Arrows зэрэг сүлжээнүүд ихээхэн амжилт олж байна.

Европын брэндүүдийн хувьд өндөр зэрэглэлийн Loro Piana зэрэг Итали брэнд Францын Eric Bompard тэргүүтэй дундаж үнэтэй брэндүүд нэр хүндтэй гэжээ.

3. Бүтээгдэхүүн

Борлуулалтын дүнгээр нь авч үзвэл төрөл бүрийн дотуур болон гадуур цамц / кардиган, пулловер цамц, цув пальто, хүрэм болон малгай ороолт гэсэн бүтээгдэхүүнүүд голлож байна. Харин дээрх 13 төрлийн бүтээгдэхүүний импортын тоо хэмжээг авч үзвэл подволк, майк, дотуур цамцууд хамгийн их буюу 34 хувь, цамц 31 хувийг эзэлж байна. Дараа нь ороолт, шааль, алчуурны төрлийн бүтээгдэхүүн импортын тоо хэмжээнд 10 хувь, эмэгтэй цув, пальто 7 хувийг эзэлж байна.

4. Стандарт

Японы Аж үйлдвэрийн Стандарт JIS-ийг тогтоох, хэрэгжүүлэх ажлыг тус улсын Аж үйлдвэрийн стандартын хороо (JISC) хариуцдаг. Олон тооны бараа бүтээгдэхүүний стандартын шаардлагыг шалгуулж гэрчилгээ авалгүйгээр импортлох болон худалдаалах хориотой бөгөөд дараах 3 стандарт текстиль төрлийн бүтээгдэхүүнд түгээмэл үйлчилдэг. Энд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны технологийн стандартуудыг авч үзээгүй болно.

Хор хөнөөлтэй орцын хяналт

Хор хөнөөлтэй орц бүхий ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хяналтын тухай хуулиар бүтээгдэхүүний орц, найрлага, боловсруулалтад ордог тодорхой бодисуудыг хориглосон. Тухайлбал:

– Organomercury

– Формальдегид /0-24 сартай хүүхдийн хувцсанд хориглосон

– Tris (1-Aziridinyl) phosphinne oxide

– Dieldrin

– Tris (2,3-Dibrompophyl) phosphate

– Triphenyltin compounds

– Bis (2,3-Dibrompophyl) phosphate

– 4, 6-Dichrode-7-(2,4,5-Trichlorophenoxy)

– Trifluoromethylbenzimizole

– Azo dyes

Хүүхдийн хувцасны утас, уяа

JIS L4129 буюу Хүүхдийн хувцасны утас, уяаны аюулгүй байдлын стандарт нь аюулгүй байдлын сайн дурын стандарт юм.

Галын аюулаас сэргийлэх

Гэр ахуйн хэрэглээний текстиль бүтээгдэхүүний хувьд Галын албаны хуульд заасны дагуу галд тэсвэрлэх байдлын стандартыг хангаж хаяг шошгондоо оруулсан байх шаардлагатай.

Хэрэглээний үнийн индекст хувцасны бүлэг 2 хүрэхгүй хувийг эзэлдэг бөгөөд үнийн өсөлт нь 2013 оноос хойш эерэг байгаа боловч нийт хэрэглээний үнийн өөрчлөлтөөс ямагт бага байна.

5. Хэрэглэгч

Японы дундаж эмэгтэй 158 см, дундаж эрэгтэй 171 см өндөртэй байдаг нь олон улсад намхавтарт тооцогдох бөгөөд илүүдэл жин хамгийн багатай оронд тооцогддог. Тиймээс жижиг размерын хувцасны хэрэглээ өндөр байдаг. Мөн Америк, Европынхоос өөр хэмжээний систем ашигладаг.

Япон улсын дундаж өрхийн зарлага сард дундажаар 283 мянган иен буюу жилд 32 мянга орчим ам.доллар байна. Үүнд хувцас, гуталны зардал 4 орчим хувийг эзэлж байна.

Газар зүйн зорилтот зах зээлүүдийг авч үзвэл a) Хоккайдо муж нь эх газрын чийглэг уур амьсгалтай, хүйтэн өвөлтэй, 5.3 сая хүн амьдардаг; b) Япон тэнгисийн эрэг хавь болон c) Төвийн өндөрлөг /уулархаг/ бүсүүд цаг агаарын хувьд сэрүүвтэр бөгөөд ноос, ноолууран хувцасны хэрэглээ харьцангуй илүү байх боломжтой. Эдгээр бүсийн Токио тэргүүтэй томоохон хотуудад нийт 30 гаруй сая хүн амьдардаг.

Yano Research судалгааны байгууллагын10 гаргасан тайланд Японы бэлэн хувцасны зах зээл, хэрэглэгчийн онцлогийг дараах байдлаар томъёолсон байна.

  • Онцгой хэрэглэгч. Японы бэлэн хувцасны зах зээлийг ажил хэрэгч хүмүүс, оффисын ажилтнууд, оюутнууд гэх мэт дундаж анги голлон тодорхойлдог. Тэд тансаг зэрэглэлийн, хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдийг аль алийг нь худалдан авдаг тул “ухаалаг дундаж анги” гэж тодорхойлдог.
  • Онцгой үнэлэмж. Хувцас загварын талаар тус улсын худалдан авагчид өөрийн өвөрмөц үнэлэмж таашаалтай бөгөөд үүнийг “хөөрхөн”, “хайр татам”, “залуулаг” гэсэн үгсээр тодорхойлдог. Гадаадын алдартай брэндүүдэд маш үнэнч. Гэхдээ сүүлийн жилүүдэд энгийн, хямд брэндүүдийг хэрэглэх явдал нэмэгдэж байгаа.
  • Онцгой худалдааны орчин. Японы хувцас загварын худалдаа олон янзын жижиг бүс/группүүдэд хуваагддаг. Жишээлбэл Шибуяагийн, Хараюукугийн гэх мэт байршлаас гадна “Select shop” гэгддэг төрөлжүүлэн сонгосон загварын дэлгүүрүүд бий. Мөн тус улсын хувцасны зах зээл маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгддэг, өндөр өрсөлдөөнтэй зах зээл юм.
  • Онцгой хэвлэл мэдээлэл. Японд бусад аль ч улсад байхгүй олон янзын хувцас загварын сэтгүүл хэвлэгддэг. Интернэтийн хэрэглээ, хөгжлөөр тэргүүдлэг ч гэлээ тус улсад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын гэх мэт хэвлэмэл сэтгүүлүүд хамгийн их гардаг. Мөн олны танил хүмүүсийн хэрэглээ, блогууд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Японы өрхийн зарлагад эмэгтэй хувцас 56%, эрэгтэй хувцас 32%, хүүхдийн хувцас 12%-ийг эзэлж байна. Харин өрхийн бус нийт бэлэн хувцасны зах зээлийн борлуулалтыг авч үзвэл эмэгтэй хувцас 2/3-ийг эзэлдэг.

Японы хувцас загварын хөгжил Европ, Америкийн зах зээлтэй нэгэн зэрэг хурдтай хувьсан өөрчлөгддөг. Финляндын Экспортын агентлагын захиалгаар Японы Yano Research Institute-ийн гүйцэтгэсэн судалгаанд11 Японы бэлэн хувцасны зах зээлд гарч буй өөрчлөлтийг дараах байдлаар тоймлосон байна. Үүнд:

Эрэгтэй хувцасны чиг хандлага

  • CoolBiz – ажил хэрэгч хослол, хүрэмнүүд илүү чөлөөтэй спортлог загвартай болж байна.
  • Нимгэн, хөнгөн технологи минимал загвар голлож байна
  • Functional буюу хэрэглээнд нийцүүлсэн шинэ технологи /Uniqlo Heat Tech гм/

Эмэгтэй хувцасны чиг хандлага

  • Хөнгөн, биед эвтэйхэн, сунадаг материалууд, арчлахад хялбар гэрийн нөхцөлд цэвэрлэж болох, бага үрчийдэг (Gaucho Pants)
  • Спортын, бүх насныханд хамаатай, чөлөөтэй хөдлөхөд саадгүй, энгийн боловч биеийн хэлбэр тодотгосон
  • Functional

Хэрэглэгчдийн зан төлөвтэй холбоотой Японы зах зэх зээлийн нэг онцлог нь “хариуцлагатай худалдан авалтын” чиг хандлага юм. Энэ хүрээнд  Ногоон худалдан авалт, Ethical Fashion зэрэг хариуцлагатай хэрэглээний чиг хандлагуудыг анхаарах хэрэгтэй.

6. Борлуулалтын суваг

Гадаад улсын жижиг, дунд үйлдвэрлэгчид том их дэлгүүр, моллуудтай шууд харилцах боломж хомс. Мөн өөрийн төлөөлөгчийн газар болон салбараа шууд байгуулах нь зардал өндөр, шинэ зах зээл дээр дангаараа маркетингийн үйл ажиллагаа явуулж брэнд таниулах зэргээр хүндрэлтэй тул төрөлжсөн дэлгүүрүүд, “өөрийн брэнд” хөгжүүлэгчидтэй ажиллах нь зах зээлд нэвтрэх оновчтой стратеги байж болох юм.

Хувцасны борлуулалтын сувгуудын орлого, хувь хэмжээ

– Японы интернэт хэрэглэгчдйин тоо 100 гаруй сая бөгөөд онлайн худалдааны эргэлтийн хэмжээ 115-120 тэрбум ам.доллар

– Онлайн хувцасны худалдаа жилээс жилд өсч байгаа бөгөөд эмэгтэй худалдан авагчдын 50% нь онлайн худалдааг туршиж үзсэн

– Zozoresort, Mobacolle, Hongkong Madam сайтууд брэндийн сонголт, харилцагчин үйлчилгээгээрээ шилдэгт тооцогддог.

– Теле шоп Японд маш түгээмэл бөгөөд Jupiter Shop Channel, QVC сувгууд хамгийн олон үзэгчтэй

– Каталоги сэтгүүлийн худалдаа мөн Японы бэлэн хувцасны зах зээлд чухал бөгөөд Otto, Nissen, Cecile, Felissiomo, Belluna зэрэг сэтгүүлүүд хамгийн түгээмэл.

Бэлэн хувцасны зах зээлийн борлуулалтын гол сувгуудыг авч үзвэл их дэлгүүр моллууд болон томоохон дэлгүүрүүдээр хийгдэж буй борлуулалтын хувь хэмжээ сүүлийн жилүүдэд буурах хандлагатай харин Boutique, Select shop зэрэг төрөлжсөн дэлгүүрүүд болон интернэт, ТВ, шуудан зэрэг уламжлалт бус сувгуудын борлуулалт нэмэгдэж байна.

Эх сурвалж: Export Development Project. Судалгааны дэлгэрэнгүйг эндээс 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Процессыг хэрхэн шинжлэх вэ?

Previous article

2021 оныг бүрэн зурагласан “Дэлхий” сэтгүүл хэвлэгдлээ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like