Гэрэл зургийн эх сурвалж: Unread.mn

TomYo EdTech-ийг хамтран үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхжаргалтай TomYo, стартап болон боловсролын талаар ярилцлаа.

Монголд гарааны бизнес санхүүжилт татах боломжийг нэгээс арав хүртэлх тоогоор үнэлвэл хэд гэх вэ? Хэрхэн сайжруулах хэрэгтэй гэж боддог вэ? 

Зургаа. Цахиурын хөндийн компаниуд шиг амархан санхүүжилт татахгүй нь мэдээж. Гэхдээ үнэхээр сайн санаа бол энд гарааны бизнестээ хөрөнгө татах бүрэн боломжтой. TomYo зах зээлд гараад жил гаруй л болж байна. Энэ хугацаанд бид хоёр удаа хөрөнгө оруулалт татсаны нэг нь энжел хөрөнгө оруулагч, нөгөө нь дотоодын нэгэн компанид хувьцаагаа санал болгох замаар авсан. Манайд хөрөнгө оруулагчид хангалттай олон биш байгаа хэдий ч хүмүүс хадгаламжинд мөнгөө хийхээс илүү өгөөжтэй сонголтуудыг, гарааны бизнест хөрөнгө оруулах боломжийг судалдаг болжээ. Тиймээс энэ жил санхүүжилтийн боломж нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. 

Гарааны бизнесийн экосистемийг сайжруулах тал дээр төрөөс татварын хөнгөлөлт олгох боломжтой. Ингэснээр хүмүүс зориг гаргаж бизнесээ эхлүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, бидэнд үлгэр дуурайл авах илүү олон амжилттай гарааны бизнес хэрэгтэй байна. Одоогоор олонд танигдсан амжилттай гарааны бизнес гэвэл erxes, АНД Глобал хоёр л байна. Хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлж, Монголын гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулахад нь түлхэц болохын тулд амжилттай олон гарааны бизнесийг төрүүлэх хэрэгтэй. 

Монголын технологийн гарааны бизнесүүдэд цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ? 

Цар тахал TomYo шиг боловсролын технологийн компаниудын үйл ажиллагааг улам идэвхжүүлсэн. Боловсролын салбар дижитал сургалтын хэв маяг руу хурдтайгаар шилжиж буйг та бүгд мэдэж байгаа. Цар тахал анх гарахад улсын сургуулиуд хэрхэн зайнаас хичээл заах тухай ойлголтгүйгээр зурагтаар дамжуулан хичээл орж эхэлсэн. Харин одоо бүгд зайнаас хичээлээ зааж мөн сурч байна. 

Хөл хорионы үеэр TomYo Skills цэсний бялуу, нарийн боов болон энтрепренерийн курсууд хамгийн их эрэлттэй байсан. Мөн дэлхийн түвшний тоглогч Erkast-ын цахим спортын хичээлийг олон хүн сонирхсон. Эцэг эхчүүд компьютерийн тоглоомыг хор хөнөөлтэй гэж боддог байж магадгүй, гэхдээ цахим спорт бол дэлхийн хэмжээний тэмцээний нэг төрөл болсон. Өнөөдөр хүмүүс цахим спортоор карьераа бүтээж байна. Товчхондоо бид курс, сургалтуудаа зөвхөн уламжлалт академик мэдлэгээр хязгаарлах ёсгүй гэж боддог. Манай хэрэглэгчдэд олон төрлийн чадварт суралцах, цахим спортын тоглогч, нарийн боовны тогооч, интерьер дизайнер, энтрепренер болох боломж тэдэнд нээлттэй байх ёстой. 

TomYo World нь залуучуудад гадаадад суралцах, хэл сурах боломжийг олгох зорилготой гэж ойлгож байна, зөв үү?

Өмнө нь англи хэл сайтай эсвэл хотын хүүхдүүд л гадаадад сурахаар явдаг байсан. Харин орон нутагт амьдарч буй хүүхдүүд мэдээллээс хол бөгөөд аймгуудад хэлний сургууль бараг л байдаггүй. Энэ асуудлыг шийдэж, тэд ч гэсэн гадаадад суралцахыг мөрөөддөг байгаасай гэж хүссэн тул TomYo-гийн баг хэлний сургалтууд болон гадаадад суралцах боломжийг гар утсанд нь багтааж өгсөн. 

Цар тахлын улмаас хүмүүс гадаадад суралцахаас татгалзаж байна. Гэсэн ч олон хүн TomYo дээр хэлний хичээлүүд үзсээр л байна. Бидний анхны зорилтот бүлэг ахлах сургуулийн сурагчид байсан ч одоо их сургууль төгсөгчид, залуу мэргэжилтнүүд болон хүүхдээ харж буй ээжүүд манай платформоор хэлний болон бусад мэргэжлийн хичээлүүдийг үзэж байна. 

Зайнаас явуулж буй сургалт нь боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна гэсэн шүүмжлэлийг хүртдэг. Та үүнтэй санал нийлэх үү? 

Би үүнтэй санал нийлдэг. Боловсролын тэгш бус байдал нь ядуурлын үндэс болж байна. Жишээ нь, орон нутагт амьдардаг хүмүүсийн хувьд мэдээлэл авах гол суваг нь зурагт эсвэл нийгмийн сүлжээ болдог тул гадаадад суралцах боломж, хэлний онлайн сургалтын тухай мэдээллийг авах боломж хомс. 

Тиймээс бид бүгдэд, ялангуяа амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд хүрч ажиллахыг зорьж байна. Бидний эхний зорилго бол боловсролын контентуудыг дижитал хэлбэрт шилжүүлэх юм. Дараагийн алхам бол боломж нь хязгаарлагдмал хүүхдүүдэд хүрч ажиллахад анхаарах. Жишээ нь, бид сургагч багш нараа аймгуудаар явуулж гадаадад суралцах тал дээр хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, цаашлаад шинэ чадвар, гадаад хэл сурахад нь тусламж үзүүлэх боломжтой.

Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд бидний хүчин чармайлтаас гадна төр, сургууль, эцэг эх, багш нар, сайн дурын ажилтнууд болон оюутан, сурагчдын хамтын оролцоог хангаж, илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гурван жилийн дараа TomYo ямар болсон байх вэ? 

Бид 2022 онд TomYo ахлах сургуулийг байгуулж 1000 сурагч элсүүлэх төлөвлөгөөтэй байна. Сургуулийн барилгын ажил ч эхэлсэн. Уг төсөл дээр манай баг өнгөрсөн оноос хойш ажиллаж байна. Энэ бүхнийг хийх явцдаа бид бүх зүйлийг алсын зайнаас хийж, дижиталаар явуулах боломжгүйг ойлгосон. Өөрөөр хэлбэл, зайны сургалтын хажуугаар анги хамт олон, бодит туршлагад суурилсан хосолмол арга барил нэвтрүүлэх хэрэгтэй. 

Сургалтын хосолмол арга барилыг нэвтрүүлэх ажлын хүрээнд бид 4-12 насны хүүхдүүдэд зориулсан төсөлд суурилсан сургалтын TomYo Kids Club-ыг нээгээд буй. Ингэснээр бид платформоороо дамжуулан хүүхдээс насанд хүрэгч хүртэл, харилцан бие биенээсээ суралцах насан туршийн боловсролын эхлэлийг тавьж байгаа юм. Цар тахлын дараа бид хэлний сургалтын төв, ментор, агентлаг, залуу мэргэжилтнүүд зэрэг контент бүтээгчидтэйгээ боловсролын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү арга хэмжээнд манай хэрэглэгчид оролцож TomYo-гийн хамт олноороо цуглаж хоорондоо холбогдох боломжтой. 

Боловсролын технологийн салбарт та бүхэн хэнийг өрсөлдөгчөө гэж харж байна вэ? TomYo-гийн онцлог юу вэ?

Монголын Aplus, Melearn болон Skillsup зэрэг вэбд суурилсан, төрөл бүрийн онлайн сургалтын платформууд байна. TomYo-гийн хувьд гар утсанд суурилсан платформ бөгөөд хамтдаа суралцах, төрөл бүрийн боловсролын контент бүтээгчдийг нэгтгэж тэдэнд контентоо хуваалцах боломжийг олгодог. Youtube-д ижил төрлийн контент байршуулахын оронд манайд бэлэн контентоо өгч эсвэл TomYo-д зориулж шинэ контент бүтээж цалин аваад явах боломжтой.

Монголд гурван сарын хэлний сургалт дунджаар 500 мянган төгрөг байдаг. Ахлах сургуулийн сурагчид, орон нутгийн хүүхдүүдийн хувьд энэ нь харьцангуй өндөр үнэ. Сургалтыг хүртээмжтэй болгох үүднээс бид TomYo дээр долоо хоногоос жилийн хугацаатай буюу 14,900-365,000 төгрөгийн үнэтэй эрхийг санал болгож буй. Гишүүнчлэлийн эрхийг авснаар TomYo World-ийн бүх контентийг үзэх боломжтой. Үүнээс гадна 10-30 хоногийн англи хэлний анхан шат, япон ханз, тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй онлайн сургалтуудад оролцох эрх нээгдэнэ. 

Та бүхэн вэбд суурилсан платформтой болох бодолтой байгаа юу? 

Мэдээж. Бид удахгүй вэбсайт болон гар утасны аппликейшнээ холбоно. Мөн бид цуглаан, арга хэмжээ зохион байгуулах танхимтай болохоор төлөвлөж байгаа. Тэнд жишээ нь манай IELTS-ийн сургалтад сууж буй хүмүүс цуглаж багш болон бусад суралцагчидтайгаа уулзах боломжтой. 

TomYo-г “TomYo World” болон “TomYo Skills” гэж хуваах болсон шалтгаан нь юу вэ? 

Анх бид тусдаа хоёр аппликейшнтэй болгох тухай бодож байсан ч хэрэглэгчдийг төөрөлдүүлж, төвөг удахгүйн тулд нэг апп-д багтаахаар шийдсэн юм. TomYo Skills нь их сургууль төгсөгчид болон залуу мэргэжилтнүүд шинэ ур чадварт суралцахад зориулсан бол TomYo World нь шинэ хэл сурах, гадаадад суралцахыг хүсч буй оюутан, сурагчдад зориулагдсан. Зорилтот бүлгээсээ хамаараад дизайн нь ч ялгаатай. TomYo World нь илүү тод өнгөлөг бол TomYo Skills нь сонгодог, минимал тал руугаа. 

Та Европт амьдарч байхдаа бизнесээ эрхэлж байсан. Yakmere-ийг байгуулсан түүхээсээ хуваалцана уу? 

2017 онд Европт ажилладаг байхдаа Yakmere-ийг анх үүсгэн байгуулж байсан. Онлайнаар тансаг зэрэглэлийн дэлгүүрийн бүтээгдэхүүнүүдийг үзэж байгаад ноолууран цамц дунджаар 2000 евро байдгийг анзаарсан юм. Гэтэл яг адилхан ноолууран цамц Монголд 100 гаруй еврогийн үнэтэй байдаг. Тиймээс би байгалийн гаралтай утсаар бүтээгдэхүүн хийхээр шийдэж ноолуурын оронд сарлагийн хөөвөр сонгож Yakmere-ийг байгуулж байсан. Одоо Эрдэнэт болон Улаанбаатар дахь хоёр үйлдвэртэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ голдуу Европ руу гаргаж байна. Гэхдээ цар тахлын улмаас бид сүүлийн нэг жил бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй болоод байна. 

Бизнесээ эхлүүлэх зориг яаж төрсөн бэ? 

Би Mckinsey & Company-д ажиллаж байхдаа хобби маягаар Yakmere-ийг эхлүүлсэн. Жил хагасын дараа хэр их боломж, нөөц бололцоо байгааг олж харснаар ажлаасаа гарч, хөрөнгө оруулагчидтай уулзаж, Yakmere-д бүх цагаа зориулах болсон. Бүтэхгүй бол буцаад Mckinsey & Company-д ажиллах боломж байсан учраас зоригтойгоор бизнесээ эхлүүлсэн юм.

Харин 2019 онд В.Баярсайхантай танилцаж боловсролын өндөр өртөг, үүний нийгэмд үзүүлж буй нөлөөллийн тухайд санал нийлсэн тул боловсролын технологийн компани байгуулах түүний санаачлагад нэгдсэн. Миний хувьд TomYo зүгээр нэг бизнес биш хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчрах нийгмийн хөдөлгөөн юм. 

Бизнесээ эхлүүлэхийг хүссэн ч ямар нэг айдсаа давж чадахгүй байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ? 

Хүмүүсийг хүсэл мөрөөдлөө дага гэж уриалмаар байна. Гэхдээ нөөц төлөвлөгөөтэй байвал зүгээр. Түрүүн хэлсэнчлэн Yakmere-ийг эхлүүлж байхад надад өмнөх ажилдаа орох сонголт байсан. Мөн өөрийн гэсэн бизнестэй болохоосоо өмнө ямар нэг компанид хэдэн жил ажиллаад бизнесийн ертөнц ямар зарчмаар ажилладаг болохыг мэдвэл зүгээр гэж зөвлөмөөр байна. Ажиллах хугацаандаа бизнесээ эхлүүлэх үедээ “амь зуух” мөнгөө хурааж, хүмүүстэй харилцаа холбоо тогтоогоод явах боломжтой.

Хамтран үүсгэн байгуулагчаа сонгох тухайд юу зөвлөх вэ? 

Танд байхгүй чадваруудыг цогцлоосон хүнтэй хамтрах хэрэгтэй. Өөр нөхцөл байдалд өссөн, өөр туршлагыг хуримтлуулсан, өөр танилын хүрээтэй хүнтэй хамтарвал зүгээр.

TomYo-гийн Үйл ажиллагаа хариуцсан захирлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Алсын зайнаас ажиллаж эхэлснээс хойш бид илүү үр дүнтэй ажиллах болсон. Өглөөд бид төслийн явц, багуудын ажил хэр явж байгааг хэлэлцэх хурал хийнэ. Аль нэг багт хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа бол багийн ахлагч нартай тусдаа видео уулзалт хийдэг. 

Бид дотоодын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Тухайлбал, бид хэрэглэгчиддээ Upoint ашиглан төлбөр төлөх боломжтой болгох үүднээс Upoint-той интеграци хийхээр ажиллаж байна. 

Өмнө нь бид Мобикомтой дата үнэгүй ашиглах гэрээг байгуулсан. Ингэснээр интернэт худалдан авах боломжгүй Мобикомын хэрэглэгчид үнэгүй интернэт ашиглан TomYo апп-ыг хэрэглэх боломж бий болсон. 

Одоогоор бид гадаад дахь боломжуудыг судалж байна. Энэ хүрээнд олон улсын, тэр дундаа АНУ-ын accelerator буюу гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрүүдэд бүртгүүлж байгаа. Би компанидаа, дэвшүүлсэн эрхэм зорилгодоо чин сэтгэлээсээ итгэдэг тул өдөр бүр шинэ боломжийг эрэлхийлж явдаг.

 Ярилцсан М.Ариунзаяа

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Сансар: Өчигдрийн зөгнөл өнөөдрийн зах зээл

Өмнөх нийтлэл

Хүний нөөцөө системтэйгээр удирдах нь (№84)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.