Anderson & Anderson LLP хуулийн фирмийн партнер Х.Наранбулаг
Хичээлийн танхимд суугаа оюутнууд дэлхийн өнцөг булан бүрээс цуглажээ. Тэд бол АНУ-ын Чикаго хот дахь Иллинойн их сургуулийн Жон Маршаллын хуулийн сургуулийн оюутнууд. Хичээлийн үеэр профессор тэднээс “Хаанаас ирсэн бэ?” гэхээс илүүтэй “Аль эрх зүйн тогтолцооноос ирсэн бэ?” гэж асуух нь элбэг. Чингээд олноороо хэлэлцэж буй сэдвийн дагуух гарц, гаргалгааг нь тухайн оюутнаас сонирхоно. Тэдний дунд “Социалист системээс зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй, ингэхдээ улс төр, эдийн засгийн шилжилтийг хослуулсан нь хамгийн боломжит сонголт байсан ч, чамгүй сорилттой тулгарсан. Энэ онцлогоо дагаж хууль, эрх зүйн орчин нь хэлбэржсэн” хэмээн бидэнд танил дүр зургийг дүрслэн ярих нэгэн ч байв. Үнэхээр ч алс холын Монголоос түм түжигнэж, бум бужигнасан Америкт суралцахаар Хөхөөгийн Наранбулаг зорин ирсэн нь энэ байлаа. 
Олон янзын хэл, соёлтой үндэстнүүдээс бүрдэх дэлхийн бизнес, санхүүгийн төв Чикаго, Лондон зэрэг хотод хуульч мэргэжлээр суралцсан тэрбээр Америкт Иллинойн их сургуулийн Жон Маршаллын хуулийн сургуульд хөрөнгө оруулалт, олон улсын бизнесийн эрх зүй, арбитрын чиглэлээр түлхүү судалгаа хийсэн бол Англид Лондоны их сургууль (Кьюн Мери)-д төсөл, санхүүгийн эрх зүйн чиглэлээр төвлөрөн суралцжээ. Түүнийг ийн зав зайгүй суралцаж ахуйд Монголд Оюутолгой”-н гэрээг зурж, далд уурхайн хөрөнгө оруулалт хэдийнэ хийгдсэн байв. Ер нь ирээдүйд Монголын бүхий л салбарт томоохон төслүүд хэрэгжиж эхлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болон хувирсан учраас тэр энэ бүхнийг урьтан харж, мега төсөл, гаднын хөрөнгө оруулалтын чиглэлээр сонирхон судалсан ч байж болох. 
Ийнхүү АНУ-ын Фүлбрайт, Английн Чевенингийн тэтгэлгээр баруунд суралцсан Х.Наранбулаг төгсмөгцөө эх орондоо эргэн ирж, корпорэйт хуульчаар ажиллаж эхэлжээ. Хөрөнгө оруулалт, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж ирсэн  тэрбээр “Ардчилал, чөлөөт зах зээлийн 30-аадхан жилийн түүхтэй Монгол Улс шинэ буюу орчин үеийн хууль, эрх зүйн тогтолцооныхоо суурийг чамгүй түвшинд тавьж буй боловч хурдтай тэлж буй дэлхийн эдийн засгийн интеграц, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд бидэнд цаашид хийх зүйл олон байна. Монголын орчин үеийн хуулийн тогтолцооны хөгжлийн энэ үед хуульчаар ажиллах нь сорилттой, бас сонирхолтой байдаг” хэмээн хариулсан юм. 
Өдгөө Х.Наранбулаг Монголд салбараа нээгээд 20 гаруй жил болж буй Anderson&Anderson бүтик олон улсын хуулийн фирмд партнераар ажиллаж буй. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй уг фирм Хятад, Хонконг, Энэтхэг, Бразил, Израйль зэрэг улсад салбартай. Харин Монгол дахь салбар нь Азид байгуулагдсан анхдагч салбаруудынх нь нэг юм. Мөн тэрбээр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрт арбитрчаар ажиллаж байна.

 Хуулийн мэргэжил дотроо олон салбарладаг. Харин таны хувьд бизнесийн эрх зүйн буюу корпорэйт хуулийн чиглэлээр мэргэшин ажиллаж буй. Энэ чиглэлийн гол онцлог юу вэ. Бизнесийн болон бусад харилцааны ямар суурь асуудлуудыг зохицуулдаг вэ? 

Бизнесийн буюу корпорэйт хуульч нь хувийн эрх зүйн салбарт маргаан үүсэхээс сэргийлж, тодорхой бизнесийг бойжуулах, өргөжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгдөг. Бусад эрх зүйн салбараас ялгарах гол онцлог нь зөвхөн хуулийн зөвлөгөө өгөөд зогсохгүй бизнес шийдэл талаасаа ч зөвлөдөг. Манай улсын эдийн засаг, нийгмийн тогтолцоотой холбоотойгоор энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээний салбар Монголд харьцангуй залууд тооцогдоно.  

Асуудлыг бизнесийн шийдэл талаас давхар хардаг гэсэн нь тун сонирхолтой сонсогдож байна?

Зарим тохиолдолд зөвлөх үйлчилгээ авч буй бизнесийнхэн хуульчдыг бизнест төвөг учруулдаг, удаашруулдаг гэж үзэх нь ч бий. Бизнесийн хуульчийн хувьд тухайн бизнесийг хуульд нийцүүлэхийн зэрэгцээ  үйл ажиллагааг нь цааш эрсдэлгүй үргэлжлүүлж, өсөж хөгжихөд зөвлөгөө өгдөг. Энэ ч утгаараа өндөр хөгжилтэй орнуудад бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгдөг корпорэйт хуульчаар ажилд орохын тулд “commercial awareness” буюу бизнес, эдийн засгийн тодорхой мэдлэгтэй байхыг шаардаж, ажлын ярилцлагын үеэр энэ талаар тусгайлан асуудаг юм билээ. Намайг Лондонд сурч байхад оюутны байранд хамт амьдардаг хуулийн сургуулийн оюутан найз маань хуульчийн ажлын ярилцлага өгөх гэж байгаа хэрнээ долоо хоногийн турш бизнес, эдийн засгийн чиглэлийн сонин, хэвлэл дагнан уншиж байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл, бизнес, эдийн засгийн мэдлэг, мэдээлэлгүй бол бизнесийн хуульч болох боломжгүй гэсэн үг. 

Бизнесийн эрх зүй Монголд шинэ тутам хөгжиж байгаа харьцангуй залуу салбар учраас энэ чиглэлийн үйлчилгээ авах соёл ч дөнгөж бүрэлдэж байгаа болов уу. Тэгэхээр бизнес эрхлэгчид хуулийн үйлчилгээ авахаас хойш сууж, ач холбогдлыг нь үнэлээгүйгээс ямар хор хохирол амсах эрсдэлтэй вэ? 

Зөв асуудал хөндөж байна. Сүүлийн үед бизнес эрхлэгчид хуульчдад хандах нь нэмэгдэж байгаа ч, уламжлалт хандлагаар бол манай нийгэмд хуульчид хандах соёл төдийлэн сайн бүрэлдээгүй. Өндөр хөгжилтэй орнуудад бол эсрэгээрээ. Монголд энэ соёл хараахан тогтож амжаагүй байна.

Хуулийн этгээд, компани гэдэг бол яг л хүнтэй адил нийгмийн бие даасан бодгаль буюу өндөр хариуцлага хүлээсэн нэгж гэдгийг бизнес эрхлэгчид сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Хуульчаас зөвлөгөө авч, бизнесийн харилцаандаа бичгээр гэрээ хэлцэл байгуулж хэвшихгүйгээр, эсвэл хувьцаа эзэмшигч, ТУЗ нь хуулийн дагуу хуралдаж, шийдвэрээ гаргахгүйгээр, цаашлаад комплайнсын журам, бизнесийн ёс зүйн дүрэм зэргийг баталж мөрдөхгүйгээр бизнес эрхлэх нь олон эрсдэлийг дагуулдаг. Жишээлбэл, манайд ТУЗ нь хуралдахгүй, гүйцэтгэх захирал нь бүх шийдвэрээ гаргаж ажиллах, эсвэл “хамтран ажиллах гэрээ” гэх ганц төрлийн ерөнхий баримт бичгээр бүх харилцаагаа зохицуулах зэрэг хуулийн мэдлэггүй байдал их анзаарагддаг. Уг нь гэрээ, компанийн засаглал, комплайнс, бизнес ёс зүй бол хуулиараа нарийн чиг үүрэг, зохицуулалт, эрх зүйн үр дагавартай. Иргэний хуульд зааснаар хуулийн этгээд бол өөрийн нэрээр эрх олж, өөрийн нэрээр үүрэг хүлээж, үйл ажиллагааныхаа хариуцлагыг эд хөрөнгөөрөө хүлээдэг, шүүхийн өмнө субъект болдог, нэг талаар маш хүчтэй, нөгөө талаар хариуцлагатай субьект юм.

 Журам, стандартуудыг сайтар тогтоосноор нийгэмд хууль мөрдөх соёл бий болж, улмаар rule of law буюу хуулийн засаг жинхэнэ утгаараа тогтоно.

Хуулийн зөвлөгөөнд ач холбогдол өгөөгүйгээс үүдэх хохирол их. Гэрээ байгуулаагүй, эсвэл алдаатай гэрээ байгуулснаас, компанийн засаглал, бизнес ёс зүй, комплайнсын зөрчил гаргаснаас үүдэж, эдийн засгийн хохирол амсаад зогсохгүй, захиргааны торгууль шийтгэл хүлээх, шүүхийн маргаан үүсэх, цаашлаад ирээдүйн хөрөнгө оруулалт, бизнесээ тэлэх  боломжийг алдах зэрэг олон үр дагавартай. Гэтэл эдгээр үзүүлэлт бол хөрөнгө оруулагчийн итгэл, бизнесийн үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйлс юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ, дэмжихгүй гэж талцсан байр суурь нийгэмд зонхилж байна. Хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч зэрэг томоохон дүнтэй хөрөнгө эргэлддэг салбарт зөвлөгөө өгч ажиллаж байсны хувьд та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ. MCS, “Ньюком”, “Оюутолгой” зэрэг компанийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн Монголын нийгэм, эдийн засагт оруулж буй үр өгөөжийг та хэрхэн хардаг вэ? 

Миний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Гэхдээ мэдээж стратегийн салбарууд, түүнчлэн дотоодын бизнесийг дэмжих чиглэлээр зохицуулалтууд давхар явах ёстой. Америкт сурч байхдаа гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйгээр судалгаа хийж үзэхэд улс орны хөгжилд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь гадаадын хөрөнгө оруулалт болох нь харагдсан. Тухайн үед Америк дэлхийн №1 гадаадын хөрөнгө оруулагч, мөн №1 гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татагч улс байсан. Харин Америкийн араас Хятад улс орж байсан, одоо ч иймэрхүү байгаа байх. Монгол ч ялгаагүй 2011-2012 оны үед гадаадын хөрөнгө оруулт хамгийн өндөр байхад эдийн засгийн өсөлт ч дагаад өндөр байсан. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг сайн татаж чадсан улс хурдтай хөгждөг. 

Мөн гадаадын хөрөнгө оруулалт гэхээр ихэвчлэн эдийн засгийн үр өгөөж талаас нь авч үзэж болох ч, үүнээс гадна мөнгөн бус үр өгөөж маш их бий. Тухайлбал, олон төрлийн нөү-хау шинээр нэвтрэх, дотоодын боловсон хүчний мэдлэг, ур чадвар тэлэх, хувийн хэвшилд өрсөлдөөн нэмэгдэж, бүхэлдээ хөгжих , олон улсын худалдааны интеграцад оролцох, ойртох, нийгмийн соёл, сэтгэлгээнд ч өөрчлөлт бий болно. Энэ бол тусдаа том сэдэв.

 Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд юунд нэн түрүүнд анхаарах шаардлагатай вэ?

 Миний харж буйгаар манай улс юун түрүүнд хөрөнгө оруулалтын чиглэлээр нэгдэн орсон олон талт гэрээ конвенц, гадаадын Засгийн газруудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талт гэрээ, түүгээр ч зогсохгүй Монголын Засгийн газар гадаадын хуулийн этгээдтэй байгуулсан хувийн буюу арилжааны төрлийн гэрээгээ ч тэр ягштал биелүүлж хэвших нь хөрөнгө оруулалт татах гол суурь гэж боддог. Тухайн улсын “сontract performance” буюу гэрээний хэрэгжилтийн үзүүлэлт бол хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулахаасаа өмнө хардаг чухал хүчин зүйл.

Монгол Улс 45 орчим улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талт гэрээ, 20 гаруй хөрөнгө оруулалтын чиглэлийн олон талт гэрээ конвенцид нэгдсэн. Эдгээр баримт бичгээр хөрөнгө оруулалтыг хүлээн авч буй улсын Засгийн газар, тухайлбал, Монгол Улсын болоод бусад улсын засгийн газар, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тухайн улсуудаас ирж буй хөрөнгө оруулалтад хэрхэн хандах талаар тодорхой үүрэг хүлээж, энэ үүргээ өөрийн дотоодын хууль тогтоомж, бодлого, үйлдэл бүртээ тусгаж бодитоор хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл манай улс хөрөнгө оруулалтын олон талт болон хоёр талт гэрээгээ зөрчих тохиолдол багагүй байна. Засгийн газар гэрээн дэх үүргээ зөрчсөн үйлдэл, шийдвэрүүд гаргаж, УИХ ч ялгаагүй эдгээр олон улсын гэрээтэйгээ зөрчилдсөн хууль батлах тохиолдол байна. Жишээлбэл, одоогийн Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж буй 100 мянган ам.долларын босго бол манай улсын нэгдэн орсон ба байгуулсан олон талт, хоёр талт гэрээ, конвенцуудыг зөрчсөн зохицуулалт.

Аливаа гэрээ, конвенцууд нь зүгээр нэгдэж ороод орхидог зүйл биш. Хэрэв эдгээр гэрээ, конвенцыг зөрчих, цаашлаад Монголын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчтай шууд байгуулсан арилжааны шинжтэй гэрээг зөрчих нь ч ирээдүйн хөрөнгө оруулагчдад ихээхэн сөрөг мессэж өгдөг. Нөгөө талаар, Монголын нэгдэн орсон олон улсын гэрээ нь манай хуулиар бол Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгддэг эрх зүйн өндөр статустай баримт бичиг байдаг.

Ямар ч муу хүн сайн систем дотор хуулиа мөрддөг, харин ямар ч сайн хүн муу системд хууль зөрчинө. 

Хамгийн сүүлд манайх Япон, Канад улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээ, АНУ-тай Ил тод байдлын гэрээ байгуулсан боловч эдгээрийн хэрэгжилт манай талаас хангалтгүй байна. Үүнээс үүдээд эдгээр улсаас ирэх хөрөнгө оруулалтын боломжийг алдаж байна. Хоёрт, бид гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Гуравт, бизнес хийх ерөнхий экосистем, орчноо цогцоор нь сайжруулах хэрэгтэй. Дэлхийн банкнаас гаргасан “ease of doing business” буюу “бизнес хийх таатай орчин”-ы 2020 оны үнэлгээгээр Монгол Улс 190 улсаас 81-т жагссан. Тиймээс “red tape” буюу төрийн байгууллагатай харилцахад тулгардаг хүнд суртал, шаардлагагүй олон зөвшөөрлийг арилгах, өндөр түвшний, ил тод бүртгэлийн нэгдсэн систем бий болгох, эрүүл өрсөлдөөний орчин бий болгох, ялангуяа төрийн өмчит компанийн зохицуулалтыг шинэчлэх, ойлгомжтой таатай татварын орчинтой байх, дэд бүтцээ сайжруулах зэрэгт анхаарах нь чухал.   

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхээр сүүлийн үед яригдаж байгаа. Ингэхдээ ямар гол зүйлүүдэд анхаарах шаардлагатай гэж таны хувьд үзэж байгаа вэ. Мөн уг хуулиар дамжуулж хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт авчрах хэрэгтэй вэ?

 Олон улсын практикаар гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны чанарыг тодорхойлох хэд хэдэн зарчим байдгийг бид хуулиараа баталгаажуулах хэрэгтэй. Тухайлбал, хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчийг дотоодын хөрөнгө оруулагчаас, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг өөр хооронд нь ялгаварлахгүй байх ёстой. Гэтэл манай одоогийн хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын босго тавьсан нь дотоодын хөрөнгө оруулагчаас ялгаварлаж байгаа хэрэг. Түүнээс гадна манай хуулиар үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой эрх гадаадын хөрөнгө оруулагч ба дотоодын хөрөнгө оруулагчийн хувьд ялгаатай байдаг. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд нэлээд хязгаарлагдмал. Энэ нь урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн хувьд эрсдэл. Тиймээс уг зохицуулалтыг боловсронгуй болгох.

Хоёрт, хөрөнгө оруулагчийн өмчийн эрхэнд дураар халдахгүй байх, түүний өмч хөрөнгийг нийтийн эрх ашгаас бусад зорилгоор, нөхөх олговоргүйгээр хураан авахгүй, дайчлахгүй байх зарчим. Энэ хамгаалалт манай дотоодын хуулинд ч, нэгдэн орсон олон улсын гэрээнд ч тэр аль хэдийнэ туссан байдаг боловч, бодит амьдрал дээр зөрчигддөг. Хуулийн аргаар, үндэслэлгүйгээр эсвэл бүр шүүхээр дамжуулж тусгай зөвшөөрөл цуцлах, бизнесийг зогсоох, саатуулах зэргээр энэ эрхийг зөрчдөг. Энэ ч утгаараа хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт, түүний хамгийн нандин эрх болох өмчийн эрхийг хамгаалах механизмыг хуулинд нарийн тусгах хэрэгтэй. Хамгийн наад зах нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.4-т байгаа “нөхөн төлөх нөхцөлөөр” гэдгийг “нөхөх олговор олгосны үндсэн дээр” гэж өөрчлөх шаардлагатай.

Гуравдугаарт, ил тод байх зарчим. Манай хууль тогтоомж, бодлого хөрөнгө оруулагчдад ил тод, нээлттэй байх (үүнд, хууль тогтоомж англиар биш юм гэхэд нарийвчилсан журам, стандартуудыг бүрэн, олдоцтойгоор нэгдсэн цахим системд онлайн нийтлэх), хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөндсөн хууль тогтоомж шинээр батлахын өмнө тэдгээрийг урьдчилан мэдээлэх, тэднээс санал авах ёстой. Энэ зохицуулалтыг хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа тусгайлан оруулах нь хөрөнгө оруулагчийн итгэлийг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болно.

Монголд хуульчид хандах соёл хараахан бүрдээгүй байх шиг санагддаг.  

Дөрөвт, хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөө буцаан татах боломжийг нээлттэй, хялбар байлгах зарчим гэж бий. Гэтэл манай одоогийн хуулиар компани татан буулгах, дампуурлын ажиллагаа явуулахад захиргаа ба шүүхийн маш урт, хүнд сурталтай шат дамжлагаар явах хэрэг гардаг. Хэрэв хөрөнгө оруулагч тодорхой шалтгаанаар Монгол Улсаас гарах шаардлага тулгарвал оруулсан хөрөнгөө буцаан татах механизм нь хялбар, ойлгомжтой байвал хөрөнгө оруулагч дуртайяа хөрөнгө оруулна.

Тавдугаарт, хөрөнгө оруулалттай холбоотой маргаан гарвал түүнийг шийдвэрлэх “найдвартай” маргаан шийдэх механизм буюу хараат бус шүүх байх ёстой. Саяхан шүүхийн тухай хууль шинэчлэгдсэн ч, энд шүүхээс гадна дотоодын арбитрыг ашиглах механизмыг боловсронгуй болгоосой гэж боддог.

Тэгвэл арбитрын талаар тогтож ярилцъя. Та Аnderson&Anderson LLP-ээс гадна МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрт арбитрчаар ажилладаг. Монголчууд арбитрын ач холбогдлыг хангалттай сайн мэддэггүйгээс ямар нэг маргаан шийдвэрлүүлэхээр болбол ихэвчлэн Иргэний шүүхэд ханддаг. Харин арбитрт хандахын ач холбогдлыг та хэрхэн тайлбарлах вэ? 

Арбитр чухал ач холбогдолтой. Арбитрын онцлогийг ярихаас өмнө эхлээд арбитраар маргаан шийдвэрлүүлэх практикийг Монголд илүү дэлгэрүүлэх нь ямар ач холбогдолтой талаар дурьдсан нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахдаа хардаг чухал хүчин зүйл бол тухайн улс найдвартай маргаан шийдэх механизмтэй байгаа эсэх. Уламжлалт ойлголтоор бол хараат бус шүүх байна уу гэдгийг хардаг. Тэгвэл уламжлалт шүүхээс гадна, маргаан шийдвэрлэх өөр нэг алтернатив сонголт нь арбитр байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид маргаанаа дотоодын шүүхээр шийдвэрлүүлэхгүй гэвэл, дотоодын арбитраар шийдвэрлүүлэх сонголт бий. Монгол Улс  “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх” тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцын гишүүн учир Монголын арбитрын шийдвэр манайхаас гадна бусад гадаад гишүүн улсуудад биелэгдэх боломжтой. Мөн Монгол Улсын Арбитрын тухай шинэчилсэн хууль НҮБ-ын Арбитрын загвар хуульд суурилсан учир олон улсын жишигт нийцсэн. Дэлхийд ихэнх хөрөнгө оруулалтын болон арилжааны маргаан арбитраар шийдэгддэг.

Хоёрт, Монгол Улсын Үндсэн хуулинд, мөн манай улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ конвенцуудад “Хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэж тунхагласан байдаг. Шударгаар буюу шударга шүүхээр шүүлгэх эрх гэдэгт нэг талаас шүүхийн хараат бус байдал, чанарын асуудал орно. Нөгөө талаас шүүхийн хүртээмжийг ойлгоно гэж би хардаг. Гэтэл өнөөдөр Монголд шүүхийн ачаалал өндөр учир шүүх хангалттай хүртээмжтэй, шуурхай байж чадахгүй байна. Энэ нөхцөлд маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх боломжтой.

Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр хүмүүс ихэвчлэн эдийн засгийн үр өгөөж талаас нь хардаг, гэтэл түүнийг дагасан эдийн бус өгөөж маш их бий. 

Арбитрт шүүхээс ялгагдах хэд хэдэн онцлог бий. Нэгт, талууд маргаан шийдүүлэх арбитрчаа өөрөө сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, тодорхой асуудлаар нарийн мэргэшсэн арбитрчаар маргаанаа шийдүүлэхээр сонгож болно гэсэн үг. Харин шүүхийн хувьд шүүгчийг сонгох боломжгүй байдаг. Хоёрт, маргаан шийдэх процессын хувьд шүүхтэй харьцуулбал уян хатан байдаг буюу талууд процессын журмаа өөрсдөө тодорхойлох боломжтой. Гуравт, маргааныг цогцоор нэг удаа шийддэг учир тус шийдвэр нь эцсийнх байдаг. Товчхондоо, шүүх шиг гурван шат явж цаг хугацаа алдахгүй, харьцангуй шуурхай байдаг. Үүнийгээ дагаад зардлын хувьд мөн хямд тусна, эцэст нь арбитрын процесс нь талууд ба маргааны нууцлалыг өндөр түвшинд авч үздэг. Шүүхийн шийдвэрийн хувьд тодорхой үндэслэлүүдээс бусад тохиолдолд тухайн маргааны шийдвэр олон нийтэд нээлттэй байдаг. Арбитраар маргаан шийдвэрлүүлэхийн тулд талууд үүнийг гэрээндээ тохирсон байх ёстой.  

Монголчуудыг мега төслүүдээ хөдөлгөх, хэрэгжүүлэх талаар ярьж байх зуур гига төсөл хэмээх ойлголт олон улсад бий болсон. Ийм томоохон хэмжээний төслүүдийн гэрээний зохицуулалтдаа манайхан ямар алдаа гаргаад байна вэ. Цаашид үүнээс сэргийлэхийн тулд ямар алхам авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? 

Юун түрүүнд ямар ч хэлэлцээр “гэрээний эрх чөлөөний зарчим”-ын дагуу “талуудын тохиролцоо” байдаг. Ялангуяа мега төслийн хувьд эцсийн үр дүн нь “win-win-win” буюу хөрөнгө оруулагч, Засгийн газар, орон нутаг/ард түмэн гэсэн гурван талд тэнцвэртэй, ашигтай байх ёстой. Урт хугацаатай мега төслийн хувьд аль аль талдаа харилцан ашигтай байсны үндсэн дээр тус төсөл тогтвортой, амжилттай хэрэгжинэ шүү дээ. Түүнээс биш, би 100 хувь хожих ёстой, эсвэл нөгөө тал давуу эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Нөгөө талаар, мега төсөл маш олон салбар, сонирхлын бүлгийг хамардаг. Тухайлбал, уул уурхайн мега төсөл гэхэд, уул уурхай, хууль эрх зүй, санхүү, орон нутаг, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх зэрэг олон салбарыг, мөн хөрөнгө оруулагч, Засгийн газар, орон нутгийн иргэд, зээлдүүлэгч, санхүүжүүлэгч гэх зэрэг олон сонирхлын  бүлгийг хамардаг. Эдгээрийг тэнцвэржүүлэх чухал. Энэ дундаас хөгжиж байгаа орны хувьд хамгийн том сорилт гэвэл тухайн мега төслийг орон нутаг, олон нийтэд зөв таниулж тэднээс “social license” буюу “нийгмийн зөвшөөрөл”-ийг авах,  ард түмэнд төслийг үр өгөөжийг хүртээх, улс төрийн эрсдлийг удирдах байдаг. Хэлэлцээрт салбар бүрийн эксперт, мэргэжилтнүүд оролцох чухал бөгөөд улстөрчдийн хувьд холыг харсан улс төрийн манлайлал, үлгэрлэл маш чухал.   

Мега төсөл болох “Оюутолгой”-н талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. Удахгүй энэ төслийн асуудлаар Монголын Засгийн газар Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард дахин суух гэж байна. Энэ талаар таны бодол?

Хэлэлцээртэй холбоотой нарийн мэдээлэлгүй байгаа учир дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ ерөнхий том зургаар товчхон байр сууриа илэрхийлье. Хэрэв санаснаар болдог бол 34 хувийн хувьцаа эзэмшил, татвар, төслийн нийгэм-эдийн засагт үзүүлэх үүрэг гэх мэт чиглэлээр одоогийн нөхцөлөөс сайжруулах орон зай бий гэж хардаг. Гэвч энэ бүхэн амаргүй процесс, учир нь эдгээрийг хөндөх, өөрчлөхөд хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ хөндөгдөж таарна. Энэ тохиолдолд далд уурхайн төслийн санхүүжилтын хүрээнд 15 арилжааны банк, таван олон улсын санхүүгийн корпорацтай байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлдүүлэгчидтэй яриа хэлэлцээр хийх хэрэг гарна. Зээлийн гэрээний дефолт ч болох нөхцөл үүсэж магадгүй.  

Хэрэв бүгд манай Засгийн газрын талын санаснаар болно гэж бодвол юуг өөрчлөх боломжтой вэ. Ялангуяа 34 хувийн хувьцаа эзэмшлийн хувьд?

Засгийн газар ашигт малтмалын лиценз хөрөнгө оруулагчид олгосны хариуд 34 хувийг биш юм гэхэд түүний тодорхой хувийг хувьцааны төлбөр төлөхгүйгээр, түүнд зориулж хөрөнгө оруулагчаас зээл авахгүйгээр эзэмших боломжтой. Үүнийг олон улсад “Free carry share/Free carried interest” гэж нэрлэдэг бөгөөд уул уурхай хөгжсөн манайхтай төстэй хөгжиж буй улс орнуудад хэрэглэдэг практик. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч уул уурхайн лиценз олгосны хариуд тухайн host улсынхаа Засгийн газарт буюу тухайн улсын ард түмэнд дунджаар 5-15 хувийн хувьцааг хувьцааны төлбөр шаардахгүйгээр эзэмшүүлдэг. Энэ нь баялгийн үр өгөөжийг тухайн ард түмэн, коммунитид Засгийн газраар дамжуулан хүртээж буй хэлбэр. Нөгөө талаар Засгийн газрын тухайд хувьцаа эзэмшигчийн хувиар тухайн компани, хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд тодорхой мэдээлэл, хяналт, оролцоотой байх боломж олгодог. Харин “Оюутолгой”-н хувьд 34 хувийг төлбөртэйгээр эзэмшиж, тэрхүү төлбөрөө хөрөнгө оруулагчаас зээлж байгаа.

Өөр нэг асуудал бий нь татвар. Энэ бол том асуудал тул тусад нь ярих хэрэгтэй байх. Миний харж буйгаар энэ удаагийн хэлэлцээр нэгэнт алтан боломж учраас “Оюутолгой”-н асуудлыг зөвхөн зардал, менежментийн төлбөрөөр зогсохгүй илүү цогцоор харж шийдэх хэрэгтэй байх. Ялангуяа тус төслийн нийгэм, эдийн засаг дахь үүргийг илүү тодорхой болгох. Мэдээж энэ нь орон нутгийн засаг захиргаа, Засгийн газар, төрийн хийх ёстой ажлыг хөрөнгө оруулагч хийнэ гэсэн үг биш. Гэхдээ Монгол Улсад байгаа хамгийн том барууны хөрөнгө оруулагчийн хувиар цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүний эрх, ядуурлыг бууруулах чиглэлээр манлайлж хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог.  

Хэдийгээр нэг талаас Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчийг хүлээн авч host/эзэн улсын Засгийн газар, баялгийн эзэн боловч  нөгөө талаас “Оюутолгой” бол олон нийтийн компани биш хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Засгийн газрын хувьд энэ компанид дөнгөж 34 хувийг эзэмшиж буй цөөнх хувьцаа эзэмшигч юм. Энэ утгаараа Засгийн газрын зүгээс “Оюутолгой” компанийн шийдвэр гаргах процесс, дотоод асуудалд оролцох боломж эрх зүйн хувьд туйлын хязгаарлагдмал. Тиймээс Засгийн газар үүнд ч бас хүндэтгэлтэй, бизнесийн зарчмаар хандах хэрэгтэй. Засгийн газар эдгээрийн тэнцвэрийг  маш мэдрэмжтэй, зөв харж ажиллах хэрэгтэй. Хэлэлцээр амаргүй байх болов уу.

Хуулиа дээдэлж, холбогдох бүхий л асуудлыг хуулийн дагуу шийддэг байх нь тухайн улсын хөгжилтэй нягт уялддаг гэдэгтэй та хэр зэрэг санал нийлэх вэ. Ийм уялдаа холбоог та сурч, амьдарч байсан улс орнуудаасаа хэрхэн анзаарч байв? 

Санал нийлнэ. “Rule of law” буюу хуулийн засаг бол ардчиллын суурь, цаашлаад хөгжлийн суурь юм. Би Америкт сурч байхдаа Үндсэн хуулийн хуульч Линда Мок гэж эмэгтэйтэй уулзах завшаан тохиож, түүнээс хуулийн засаг гэж яг юу гэсэн үг болохыг асуухад тэрбээр “Хуулийн засаг гэдэг бол тухайн хууль чамд таалагдахгүй байсан ч, түүнийг дагаж мөрдөхийг хэлнэ” хэмээн хариулж билээ.

Миний анзаарснаар хууль хэрэгжүүлэхэд хоёр зүйл чухал юм шиг санагддаг. Нэгдүгээрт, өндөр хөгжилтэй улс орнуудад шинэ хууль батлагдахад, дагаад тухайн хуулийг хэрэгжүүлэх асар олон нарийвчилсан журам, стандартыг боловсруулж баталдаг. Өөрөөр хэлбэл, хууль батлаад зогсохгүй түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам, стандартуудыг нэг бүрчлэн баталж, алхам бүрийг маш ойлгомжтой болгож байж нийгэмд хууль мөрдөх соёл, хууль мөрдөх нийгмийн менталити бий болж, улмаар “rule of law” буюу хуулийн засаг жинхэнэ утгаараа тогтоно. Харин манайд тийм биш байна. Эдгээр нарийвчилсан журам, стандартыг хангалттай батлахгүй байх нь зөвхөн хууль хэрэгжихгүй байгаад зогсохгүй төрд хүнд суртал, хүний эрхийн зөрчил, авилгал бий болох нөхцөл, харин нийгэмд дур зоргоор авирлах нөхцөл үүсэх хөрсийг бүрдүүлдэг.

Журам, стандарт ерөнхий байвал хүн бүр өөрийнхөөрөө ойлгоно. Харин алхам бүрийг нь ойлгомжтой байдлаар зааж өгвөл түүнийг хүмүүс мөрддөг. Ямар ч муу хүн сайн систем дотор хуулиа мөрддөг, харин ямар ч сайн хүн муу системд хууль зөрчинө.  Монголд хууль хэрэгжихгүй байгаа институтийн шинжтэй өөр нэг асуудал бол энэ.

Хоёрт, бид өөрсдөө, тэр дундаа зарим төрийн албан хаагч, хууль хэрэгжүүлэгчид нь хуулиа сайн ойлгож, зөв тайлбарлаж, хэрэглэж мэддэггүй гэж хардаг. Манай зарим хууль маш сайн гардаг, гадаад, дотоодын эксперт, эрдэмтдийн тусламжтай боловсруулагдаад батлагддаг. Харамсалтай нь түүнийг сайн ойлгож зөв хэрэглэхгүй, магадгүй заримдаа уншдаг ч үгүй практик байна. Монголчууд цөөхөн болоод ч тэр үү, мэдээллийг голдуу ам дамжиж, яриагаар авдаг, дүрэм журам тэр бүр нарийн уншаад байдаггүй соёлтой шиг байгаа юм. Тийм ч учраас нийтийн албан хаагчид, хууль хэрэгжүүлэгчдэд зориулан хууль, журмуудын талаар сургалт, тогтмол явуулах хэрэгтэй санагддаг. Түүний дараагаар тэднээр дамжаад иргэдийн эрх зүйн боловсрол нэмэгдэнэ.   

Та ихэнхдээ маш завгүй байдаг болов уу. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн хувийн зорилтоосоо хуваалцахгүй юу?  

Карьерын хувьд хуулийн салбартаа илүү мэргэшиж, өөрийн чадах хэмжээнд хувь нэмэр оруулахыг хүсдэг. Мөн саяхнаас Монголын хуульчдын холбоо ба Азийн сангийн хамтарсан менторшип хөтөлбөрт ментороор ажиллаж, шинээр лицензээ авсан хуульчдадаа багахан туршлагаа хуваалцаж байна. Үүнээс гадна хуульчийн хувиар хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Зөрлөг” нэртэй про бона буюу нийгмийн төсөл дээр ажиллаж байна. Энэ төслийг АНУ-ын Төрийн департментын санхүүжилт, АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Б.Гантуяа, Б.Отгонтуяа, Н.Халиунаа, Б.Болорсайхан гээд бусад Фүлбрайт төгсөгчдийн хамт хэрэгжүүлж байгаа.

Нийгмийн эмзэг бүлгүүд дундаас хамгийн эмзэг, хамгийн орхигдсон хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд байдаг. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 50 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй гэдэг статистик хараад цочирдсон. Эдгээр иргэд сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйлчилгээ авах, дэд бүтцийн хүртээмж гээд ер нь хүн бие даан амьдрах бүх нөхцөлийн хувьд Монголд орхигдсон юм шиг санагддаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн хувьд хөгжлийн бэрхшээлээс гадна, эмэгтэй хүн гэдэг утгаараа давхар ялгаварлалд өртөж байдаг. Тиймээс бид олон нийтийг энэ талын ойлголттой болгохыг зорьж байна.

Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм. Х.Наранбулаг “Хуульч хүн бол эмч л гэсэн үг. Алдаа гаргах эрхгүй, өндөр хариуцлагатай мэргэжил. Гэрээ, эсвэл нэхэмжлэл дээрх нэг үг, цэг, таслал буруу бичихэд л түүнээс үүдэн гарах үр дагавар нь асар их. Энэ ч утгаараа сайн хуульч болохын тулд маш их хөдөлмөр, энерги, цаг хугацаа зарцуулахаас гадна, магадгүй сайн онолын мэдлэг, боловсрол олж авахын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх ч шаардлагатай болдог. Миний хувьд цааш суралцах зүйл олон байна” хэмээн тэмдэглэж байв. 

Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2021 оны 03 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Ломбардыг яах вэ?

Previous article

Компаниуд нийгмийн даатгалын тайлан өгөхдөө гаргадаг түгээмэл алдаанууд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like