Ковид-19 цар тахлаас үүдэн хөл хорио тогтоож, бизнесүүдийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотой эдийн засгийн эргэлт саарч, хасах үзүүлэлтүүд рүү орсон. Гэтэл Засгийн газар болон Сангийн яамнаас танилцуулсан тайлан, мэдэгдэл дэх тоонуудыг бодит нөхцөл байдалтай харьцуулахад маш өөдрөг байна (Нийтлэлийн төгсгөлд оруулсан холбоосоор орж танилцана уу). Өнгөрсөн онд эдийн засаг 5.3 хувиар агшсан бол, энэ жилийн хувьд он гараад хагас жил өнгөрөхөд хөл хорио тогтоосон хэвээр байгаа зэргээс харахад эдийн засаг төдий л сэргэхгүй байх дүр зураг ажиглагдаж буй. Өнгөрсөн онд Засгийн газраас төсөв батлахдаа Ковид-19-ийн эрсдэл буурна хэмээн тооцоолж, эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүрнэ гэж өөдрөгөөр таамагласан ч, бодит байдлаас эрс зөрөв. 2021 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдийн ажилласан өдрийн тоо маш цөөн байгаа нь ч энэ бүхнийг харуулна.    

Харин эдийн засагч Н.Энхбаяраас тодруулахад “Эхний улиралд гадаад худалдаа боломжийн түвшинд байсан ч дөрөвдүгээр сард буюу бүтэн нэг сар бүрэн зогслоо. Тэгэхээр оны эцэст Ковид-19-ийн халдварын тархалтыг хязгаарлалаа ч эдийн засгийн өсөлт 4.5 хувиас хэтрэхгүй болов уу” гэсэн таамаг дэвшүүлж байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч буй ч, асуудлыг цогцоор нь харахгүй байгаа учраас үр дүнд хүрэхгүй байх магадлалтайг онцлов. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогод, тэр дундаа төсөв боловсруулахад дараах гурван төрлийн алдаа байна гэж үзсэн юм. 

Нэг. Ковид-19-ийн эрсдэлийг огт тооцоогүй

Вакцинжуулалт маш удаашралтай байна. Одоогоор хүн амын 60 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан гэсэн тоо байна. Энэ тоо долдугаар сар гэхэд 70 хувьд хүрлээ ч хүн амын 40 хувийг эзэлж буй 1.3 сая хүүхдийн асуудал цаана нь яригдана. Эдгээр хүүхдийн 1 сая нь сургуулийн насных. Тэгэхээр хүүхдүүдийг вакцинжуулсны дараа л халдварын эрсдэл буурлаа гэж тооцож болно. Хүүхдийн вакцины бүртгэгдэх хугацааг харахад бид маш хурдан захиаллаа гэхэд хамгийн эхний вакциныг 7, 8 дугаар сарын сүүлчээр хүлээн авах боломжтой.

Он дуустал вакцинжуулалт ярьсаар таарах нь…

Сургуулийн насны буюу 12-17 насны хүүхдүүдийг хурдан вакцинжууллаа гэхэд нэг сар, хөдөө орон нутагт хүргэх гэсээр наанадаж хоёр сарын хугацааг зарцуулна. Залгуулаад 12-оос доош насны хүүхдийг вакцинжуулахад  10, 11 дүгээр сарыг бүтэн хамарна. Тэгэхээр он дуустал бид вакцинжуулалтын талаар ярьсаар таарах нь. Хэрэв энэ жишгээр үлдсэн саруудын вакцинжуулалтын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, бүх төлбөр тооцоог цаг тухайд нь хийж, тасалдуулахгүй үргэлжлүүлж чадвал, их өөдрөгөөр харахад 11 дүгээр сард өдөр тутмын хэвийн амьдралдаа шилжинэ. Нэг үгээр, он дуусах хүртэлх хагас жилийн хугацаа бас л доголдолтой өнгөрөх нь.  

Нийслэлд бизнесийн үйл ажиллагаа жигдрэх яагаа ч үгүй байна.

Ирэх долоо хоногоос бид хөл хориог сулруулж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээлээ ч халдварын тархалт өндөр байгаа үед, ялангуяа нийслэлд бизнесийн үйл ажиллагаа жигдрэх яагаа ч үгүй байна. Дор хаяж 7 дугаар сараас жигдэрч эхэлнэ. Түүнээс хойш хүүхдийн вакцинжуулалтаас хамаарч, халдварын тархалт өсөх үү, буурах уу гэдэг асуудал яригдана. Үүнд, манай улсын онцлог нөлөөлнө. Бусад улсад насанд хүрэгчдийг бүрэн вакцинжуулсан тохиолдолд халдварын тархалт буурлаа гэж их тайлбарлаж байна. Гэтэл халдварын тархалт буурч буй тэдгээр улс ихэвчлэн хүүхэд цөөтэй буюу 1-2 хүүхэдтэй гэр бүлүүд зонхилдог Америк, Израйль болон Европын орнууд байгаа юм. Дээр нь тэд манайхан шиг хөдөө гадаа гарч давхихгүй, хүүхдээ зөвхөн тоглоомын талбайд л тоглуулдаг. Гэтэл манайд хүүхдүүд байрныхаа гадаа нийлээд л тоглоод байж байна. Өөрөөр хэлбэл, тэс өөр соёл иргэншилтэй улсуудтай харьцуулах нь тохиромжгүй. 

Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг бизнест жинхэнэ утгаараа дэмжлэг болж чадахгүй байна. 

Мөн Сангийн яам, Монголбанкны хийж буй тооцооллуудаас харахад эрүүл мэндийн асуудлаа ор тас орхигдуулж, энэ бүхэн огт хамааралгүй мэт хандлага гаргаж байна. Ер нь вирус гэж юу болох талаар сайн ойлгохгүй байх шиг. Энэ бол бодитой тохиож буй хүчин зүйл.

Хоёр. Гадаад зах зээлээ зөв үнэлээгүй

Засгийн газраас танилцуулсан Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийг өсгөх гол хүчин зүйл бол нүүрсний экспорт гэж үзээд ирэх жилүүдийн экспортын хэмжээг дагнан өсөлттэй байхаар тооцоолсон байна. Гэтэл нүүрсний экспорт ингэж өсөх эсэх нь зөвхөн биднээс хамаарахгүй. Олон улсын түвшинд ирэх жилүүдэд Австрали, Хятадын асуудал яригдана. Тэгэхээр манай улсын нүүрсний экспортын түвшин Австрали Хятад, Австрали ОХУ-ын харилцаанаас хамаарна. Нэгт, Австрали, Хятадын харилцаа таагүй хэвээр үргэлжлэх эсэх нь зургадугаар сард зохион байгуулагдах “Их долоо” (G7) -гийн уулзалтаас хамаарна. Уулзалтад Америк Хятадын эсрэг хатуу бодлого баримтална гэвэл Австрали улс дагаж таарна. Хэрэв үнэхээр ингэвэл худалдааны харилцаа сэргэхгүй. Гэтэл өнөөдөр Австрали гаднын халдлагаас эмээхгүй, бүс нутгийнхаа аюулгүй байдлын төлөө батлан хамгаалах салбараа бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ. 

Хүүхдүүдийг вакцинжуулсны дараа л халдварын эрсдэл буурлаа гэж тооцож болно.

Хоёрт, өмнөд хөршид нүүрсний эрэлт үүслээ гэхэд манайхаас гадна ОХУ, Индонез улс нүүрс, тэр дундаа коксжих нүүрс нийлүүлэх боломжтой. Энэ тохиолдолд Ковид-19-ийн халдварын тархалт өндөр байгаа ч ОХУ тээвэр, ложистикийн хувьд хавьгүй давуу талтай. Тиймээс халдварын тоо өссөн ч далайн тээвэрлэлтэд ямар нэг хязгаарлалт байхгүй. Хятад улс ч далайн боомтоо хаагаагүй бөгөөд тэнд хүний оролцоо бага. Тэгэхээр бүх зүйл хэвийн үргэлжилнэ гэсэн үг. Нэг үгээр, Хятадын компаниуд нүүрсний эрэлттэй байлаа ч, Оросын компаниуд түрүүлж зах зээлийг эзлэх магадлал маш өндөр. Гэтэл манай улс гаалийн шинэчлэл хийнэ гэсэн ч хойшилсоор энэ онд мөн л боломжгүй боллоо. Энэ бүхнээс үзэхэд нүүрсний экспорт өнгөрсөн оныхоо түвшинд буюу 37 сая тоннд хүрэхтэй үгүйтэй л байна.   

Гурав. Бизнесийн орчны өөдрөг төсөөлөл

2022 оны төсвийн хүрээний мэдэгдлээс харахад ирэх оныг Ковид-19-ийн халдваргүй, хэвийн эдийн засаг гэж тооцож байна. Гэтэл бизнесийн орчноо үнэлж үзвэл компаниудын 70-80 хувь нь хүндрэлтэй нөхцөлд байна. Цахилгаан эрчим хүч, гадаад худалдаа, мэдээлэл, харилцаа холбоо, банкны салбарын компаниуд харьцангуй боломжийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгааг эс тооцвол бусад салбарын бизнесийн орлого тасалдаж, хүндрэл учирч байна. Харин Төсвийн хүрээний мэдэгдэлд 2022 төсвийн орлого, зарлагыг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 14.8 их наяд болгосон байгаа нь огт боломжгүй. Энэ их хэмжээний өсөлт бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн компаниудад, цаашлаад эдийн засагт бүр л дарамт учруулна. Тэгэхээр эрх баригчид бизнесийн орчин нөхцөлөө зөв үнэлэхгүй байна гэсэн үг. Энэ мэт бүтэлгүй бодлогоос шалтгаалж, гадаад өрийн хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байна. Товчхондоо, эдийн засаг бүхэлдээ буруу циклээр эргэлдэж байна гэсэн үг.  

2021 оны түвшинд зарлагаа барьж, төсвийн ачааллаа бууруулах ёстой. Ийм бодлого үгүйлэгдэж байна. 

Бусад улс орон төсвөө боловсруулахдаа Засгийн газрынхаа түвшинд шинээр хэлэлцдэг. Харин манайд зөвхөн Сангийн яамны мэргэжилтнүүд л боловсруулж буй нь амьгүй тоо болоход нөлөөлж байна. Төсвийн зарлага дээр эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэх нь тодорхой байна. Мөн вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэм баримтлах асуудлууд дахин яригдана. Дээр нь сургуульд орох хүүхдүүд, хичээлийн хоцрогдол нөхөх, дутуу барилгуудаа гүйцээх зэргээр боловсролын салбар дахь ачаалал эрс нэмэгдэнэ.

Төсвийн зардлаа тасралтгүй өсгөж ирсэн нь бодлогын маш том алдаа. 

Тэгэхээр ирэх жил төсвийн зарлагаа эрүүл мэнд, боловсролын салбарт л нэмэх ёстой. Гэтэл бид танах ёстой зардлаа таналгүй, 2016 оноос хойш зардлаа тасралтгүй өсгөж ирсэн нь төсвийн бодлогын маш том алдаа. Ийм нөхцөлд Засгийн газраас одоо үзүүлж буй дэмжлэг бизнест жинхэнэ утгаараа дэмжлэг болж чадахгүй. Зөвхөн олгосон зээлийн хэмжээ, мөнгөн дүн л ярьж буйгаас биш, цааш эдийн засгийн эргэлтэд орж байна уу гэдэгт огт хариулахгүй байна. Хэрэв мөнгө эргэлтэд орсон бол наад зах нь татвар төлөлт нэмэгдэх ёстой ч эдгээрийг тайлбарлах сонирхолгүй байх шиг. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 8-аас халдварын тархалт эрс буурч, бизнесийн үйл ажиллагаа жигдэрнэ гэдэггүй л юм бол одоо олгож буй их хэмжээний зээл эрсдэлтэй, хугацаа хэтэрсэн зээлийн ангилал руу л орно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг энд дарж үзнэ үү.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгатай эндээс танилцана уу.                                                                                           
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Ази-Номхон далайн хэлэлцээрээр тарифын хөнгөлөлт эдлэх бүтээгдэхүүнүүд

Өмнөх нийтлэл

Ө.Гантөр: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like