Өнөөдөр компани болгон “Цар тахал дуусахаар яах бол?” гэсэн ижил асуулттай нүүр тулж байна. Хүнсний дэлгүүрүүд, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдийн борлуулалт гэнэт өссөн. Энэ өсөлт цааш үргэлжлэх үү? Зочид буудал, агаарын тээврийн компаниудын эрэлт навс унасан. Тэдний бизнес сэргэх үү? Кино студи, видео тоглоом бүтээгчид, театрынхан хүмүүсийн зугаа цэнгээний дадал зуршилд цар тахал яаж нөлөөлөхийг ойлгох шаардлагатай болов. Цар тахал дуусахад маш олон компани бизнес загвар нь үндсээрээ өөрчлөгдсөнийг ойлгох болно. 

Цар тахлын дараах бизнесийг төлөвлөхийн тулд гурван асуултад хариулах шаардлагатай. Нэгд, танай бизнес яг яаж мөнгө хийдэг вэ? Өөрийн стратеги ялгаа эсвэл нийлүүлэгчээс хэрэглэгчийн хооронд мөнгө, бараа, мэдээлэл нь хэрхэн урсдагийг томъёолж амжаагүй компани маш олон. Хоёр дахь асуулт нь таны бизнес хэнээс хамааралтай вэ? Хамгийн чухал оролцогчид болон таны бизнес модельд нөлөөлөх тэдний зан төлөвийг тодорхойл. 

Итгэлгүй байдал газар авбал тархинд манан бүрхдэг. Ирээдүйг таамаглах боломжгүй мэт санагдаж юмс хурдан өөрчлөгдөж буйг мартдаг. Ийм үед суралцах, эрэл хайгуул хийх сэтгэлгээг төлөвшүүлэх нь маш чухал.

Гурав дахь асуулт хамгийн ээдрээтэй. Цар тахлын дараа хүмүүсийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэгт хариу олоход магадгүй хамгийн хэцүү. Цар тахал түр зуурынх ч түр зуурын зан төлөвийг бүтцийн өөрчлөлт болгож чадна. Хямрал намжихад зарим зүйл байрандаа буцан ирж, зарим нь тэс өөр болж, зарим нь бүр эргэж төрөхгүй. Хамгийн ярвигтай нь эндээс аль нь аль вэ гэдгийг ойлгох. 

Гурав дахь асуултын хариултыг илүү тодруулах үүднээс бизнесийн оролцогч талуудын зан төлөвийг гурван янзаар үнэлэхийг санал болгоё. Үүнд: 

  • Тогтвортой зан төлөв ямар нэгэн өөрчлөлт оролгүй хямралын өмнөх байдалдаа эргэн ирнэ. Жишээ нь, есдүгээр сарын 11-ний эмгэнэлийн дараа хүмүүс хэдэн сарын турш зочид буудалд буухаа больсон ч эцэстээ өмнөх түвшиндээ буцаж ирсэн. Зочид буудлын эзэд зөвхөн хүлээж, тэр хооронд тэсэх л шаардлагатай байсан. 
  • Өөрчлөлттэй зан төлөв гэдэг нь тухайн үйл хөдлөл хямралын дараа эргэж ирэх ч зарим нэг суурь өөрчлөлттэй болсон байхыг хэлнэ. Есдүгээр сарын 11-нээс хойш хүмүүс онгоцонд суухаа больсон. Тэд дахин нисдэг болсон ч онгоцны буудлууд аюулгүй байдлын чанга хатуу шаардлага тавьдаг болсон байв. Тэд өмнө нь тээршаадаг байсан аюулгүй байдлын технологид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэ нь аюулгүйн систем бүтээдэг бизнест эерэгээр нөлөөлсөн.
  • Сүйтгэгдсэн зан төлөв нэг бол бүр алга болж эсвэл өөр зүйлээр солигддог. Есдүгээр сарын 11-нээс хойш аялагчид шалган нэвтрүүлэхээр ундааны зүйл авч орох боломжгүй болсон. Шалган нэвтрүүлэхийн ойролцоо кофе шоптой байсан бизнесийн хувьд хэрэглэгчид нь кофе эсвэл ус худалдаж авахаа гэнэт больсон. Өнөөдөр та энэ цэгийн ойролцоо ундааны зүйл зардаг дэлгүүрийг олж харахгүй л болов уу. 

Зан төлөвийн өөрчлөлтийг хэрхэн таах вэ?

Эхэндээ зан төлөв хэрхэн өөрчлөгдөхийг таах боломжгүй мэт санагдана. Гэхдээ бид дадал зуршил хэрхэн тогтдог, технологи яаж нэвтэрдэг тухай олон арван жилийн судалгаа, мөн зан төлөвийн эдийн засгийн ололтод тулгуурлан цаашид юу болох талаар ухаалаг прогноз хийх боломжтой. Танай бизнесийн оролцогчдын зан төлөвийн өөрчлөлтийг үнэлэхэд хэрэгтэй дөрвөн хүчин зүйлийг тодорхойлов. Үүнд:

Механизм. Тухайн зан төлөв дадал зуршил болсон уу эсвэл ямар нэг байдлаар эвдэгдсэн үү? Тогтсон зүйлийн нэг хэсэг байх нь тухайн зан төлөв үргэлжлэх магадлалыг ихэсгэнэ. Дадал зуршил хэрхэн бүрэлддэг талаар судалгаанаас харахад зан төлөв бий болоход орсон цаг хугацаа бол тэр нь нэгэнт тогтож бэхжсэнийг тодорхойлох хүчин зүйл болж чаддаггүй. Жишээ нь, гэрээр хүргэдэг компанийн захиалгын мэдээлэлд анализ хийхэд дөрвөн хүргэлт хийж байж тухайн хүнийг байнгын хэрэглэгч болгожээ. Гурван хүргэлт хангалтгүй байв. Харин тавь дахь захиалга нэмэлт үр дүн авчраагүй. 

Өөрөөсөө ингэж асуу:

  • Тогтвортой зан төлөв: Зан төлөвийн механизм өдөр тутмын дадал зуршил эсвэл зан үйлд гүн суусан уу? 
  • Өөрчлөлттэй зан төлөв: Хүмүүс зан төлөвийн механизмаа өөрчлөхөөс аргагүй болсон уу эсвэл тийм зан төлөвтэй байхаа бүр больсон уу?
  • Сүйтгэгдсэн зан төлөв: Зан төлөвийн механизм танил бус, ээдрээтэй, хэцүү байна уу?

Сэдэлжүүлэгчид. Тухайн зан төлөв үргэлжлэх нь сэтгэл зүйн эсвэл санхүүгийн том давуу талтай юу? Жишээ нь, цар тахлын нөхцөлд гэртээ суух нь бид бусдыг хичнээн их санагалздагийг ойлгуулсан. Одоохондоо ресторанд хооллохоос татгалзаж байгаа ч найзуудтайгаа гадуур хооллохын сэтгэл зүйн эерэг нөлөө тэдэнтэйгээ уулзах хүслийг улам өдөөнө. Тиймээс сэтгэл зүйн судалгаануудад харуулсанчлан дотоод урамшуулал нь мөнгөнөөс илүү үр дүнтэй байгааг таахад төвөггүй юм.

Өөрөөсөө ингэж асуу:

  • Тогтвортой зан төлөв: Тухайн зан төлөв сэтгэл зүйн эсвэл санхүүгийн давуу байдлаар өдөөгдсөн үү?
  • Өөрчлөлттэй зан төлөв: Тэдгээр давуу байдал өөрчлөгдсөн үү?
  • Сүйтгэгдсэн зан төлөв: Өмнөх зан төлөвийн давуу байдал нь таагүй эсвэл аюултай болсон уу? Үнэ цэнийн хувьд өөрлөгчдсөн үү?

Сүргийн шахалт. Хүн гэдэг сүргийн амьтан учраас бусад юу хийж буйг дуурайх хандлагатай. Жишээ нь, хэн нэгэн хурдны зам дээр хурдалж байвал бид ч бас хурдалдаг. Мэдээж арын толиндоо цагдаагийн машины анивчсан гэрэл харвал хурдаа хасна. Өөрөөр хэлбэл, сүргийн шахалт эрх мэдэлд зай тавина. Зан төлөвийг үнэлэхдээ түүнийг үргэлжлүүлэхэд хэн нөлөөлөөд байгааг тогтоогоорой.

Өөрөөсөө ингэж асуу:

  • Тогтвортой зан төлөв: Эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс эсвэл нийгмийн шахалт тухайн зан төлөвийг үргэлжлүүлж байна уу?
  • Өөрчлөлттэй зан төлөв: Хүмүүс тухайн зан төлөвийг үргэлжлүүлэх талаар холимог ойлголт авч байна уу?
  • Сүйтгэгдсэн зан төлөв: Тухайн зан төлөвт эрх мэдэл эсвэл нийгмийн хүчин зүйлсийн нөлөө байна уу?

Шинэ зан төлөв. Хэрэв үр дүнтэй гэж үзвэл хүмүүс уламжлалт зан төлөвөө орхино. Гэхдээ ийм шилжилт зовиургүй байх ёстой. Технологийн нэвтрэлтийн онол ёсоор шинэ зан төлөв амжилттай нутагшихын тулд өмнө нь хэрэглээнд нэвтэрчихсэн байх ёстой. Жишээ нь, Zoom-ийг цар тахлын үед бүтээгээгүй. Цар тахал эхлэхээс бүр өмнө хэсэг бүлэг хүмүүс хэрэглэдэг байсан.

Өөрөөсөө ингэж асуу:

  • Тогтвортой зан төлөв: Шинэ зан төлөв байна уу? Хуучныг орлох зүйл алга уу?
  • Өөрчлөлттэй зан төлөв: Тухайн зан төлөвт шаардлагатай шинэ шийдэл алга уу?
  • Сүйтгэгдсэн зан төлөв: Тухайн зан төлөвт шаардлагатай идэвхжил бий болсон уу?

Иймэрхүү байдлаар бизнесийн оролцогч болгоныг, таны бизнест нөлөөлөх чухал зан төлөвүүдийг шинжлээрэй. Тухайн зан төлөв үргэлжилнэ гэдэгт итгэх шалтгаан байна уу? Эсвэл таны анализаар тэр зан төлөв зүгээр л алга болохоор байна уу? Энэ тохиолдолд шинэ төлөвлөгөө гаргах цаг болж.

Таамаглахад бэрхшээлтэй зан төлөвийн хэд хэдэн хувилбар байгааг та олж харна. Жишээ нь, танай хэрэглэгчид хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийн тулд таны дэлгүүрээс худалдан авалт хийх үү? Дотоодын аялал олон улсынхаасаа илүү эрэлттэй байх уу? Энэ тохиолдолд зан төлөв хэвээр үлдэх, өөрчлөгдөх эсвэл алга болохоос үл хамаарч, амжилтанд хүрэхийн тулд компани юу хийж чадахыг төсөөлөөрэй. Төрөл бүрийн сценари хөгжүүлж, танил моделиудаар баяжуулснаар та юу болохоос үл шалтгаалж нутагшиж чадах тэр л хувилбарыг боловсруулж  чадна. 

Оршихуйн том асуудлуудыг орхиж, бизнес дээрээ төвлөр

Итгэлгүй байдал газар авбал тархинд манан бүрхдэг. Ирээдүйг таамаглах боломжгүй мэт санагдаж юмс хурдан өөрчлөгдөж буйг мартдаг. Ийм үед суралцах, эрэл хайгуул хийх сэтгэлгээг төлөвшүүлэх нь маш чухал. Ач холбогдолгүй асуултад хариулах гэж зовохын оронд урт хугацааны туршид зан төлөвийн салбарт шалгарсан, сайн судлагдсан онолд түшиглэх хэрэгтэй. Үр дүн ямар байхаас үл хамаарч бэлэн байх хувилбарыг гаргана. Ийм байдлаар цар тахлын дараах ертөнцөд өсөлтийн шинэ эринийг ч эхлүүлж болох цоо шинэ төлөвлөгөө гаргах боломжтой. 

Эх сурвалж: hbr.com

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Төрийн банк: Харилцагчдын анхааралд

Өмнөх нийтлэл

Петр Дракер: Хэрхэн “зөв” зүйлийг хийх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.