Хэрэв та хайлтын системээс багаар хэрхэн ажиллах талаар хайж үзвэл төрөл бүрийн зөвлөгөө, нийтлэл, видео контент бүхий сая сая илэрц гарч ирэхийг олж үзнэ. Яагаад гэдэг нь тун ч тодорхой. Менежмент, бүтээмж, өсөлт, үр дүнгийн талаар ярих бүрт хэрхэн багаар ажиллах, багийн ажиллагааг яаж үр бүтээлтэй байлгах тухай ёс юм шиг л авч үзэх шаардлагатай болдог билээ. Нөгөө талаар, ямар ч салбарын байгууллагууд баг, хамт олноос л бүрддэг. Тэгэхээр идэвхтэй, үр дүнтэй, амжилттай байхын тулд багаар ажиллах чадвараа сайжруулах хэрэгтэй гэсэн үг.  

“Төр, хувийн салбар, тэр байтугай гэр бүлд ч хүн хоорондын харилцаа л зонхилдог. Үүнийг арай өөрөөр багаар ажиллах гэж ярьдаг шүү дээ” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлж байна. Түүнийг Харвардын бизнесийн сургуульд суралцаж байх хугацаанд багаар ажиллах гэдэг хамгийн их яригддаг, маргаантай сэдвүүдийн нэг байжээ. Тэрбээр багаар ажиллах тухайд Харвардын их сургуулийн профессор Ж. Ричард Хакманы боловсруулсан “60-30-10”-ын дүрмийг баримтлахыг хичээдэг бөгөөд Bank of America Merrill Lynch-д нэгэн зэрэг хэд хэдэн төслийн багт орж  ажилладаг байхдаа бараг л энэ жишгээр явж ирснээ сүүлд анзаарсан аж. 

Өөрөөр хэлбэл, О.Батнайрамдал Wall Street-ийн асар завгүй, ажил хэрэгч банкируудтай зэрэгцэн олон улсын түвшинд, олон янзын хүнтэй хамтран өндөр ачаалалтай ажиллах хугацаандаа одоо танилцуулах дүрмийг өөрөө ч мэдэлгүй баримталж иржээ.    

Багаар ажиллах “60-30-10”-ын дүрэм гэж юу вэ?    

Харвардын их сургуулийн профессор, судлаач Ж. Ричард Хакман АНУ-ын томоохон байгууллагуудад хийсэн олон жилийн судалгааныхаа үр дүнд дээрх дүрмийг боловсруулсан бөгөөд багийн ажлын нийт үр дүнгийн 60 хувь нь managing team design буюу багаа хэрхэн загварчилж, зохион байгуулснаас хамаардаг гэдгийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, багийн дүрмээ тохирч, хэн юу хийх, ямар төлөвлөгөөний дагуу хэрхэн ажиллах зэргээ эхлээд тодорхойлно гэсэн үг. Гэтэл тухайн баг амжилттай ажиллах эсэх нь шийдэгдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг энэ хэсгийг бид ихэнхдээ орхигдуулж, зөвхөн хийх ёстой ажилдаа хамаг анхаарлаа хандуулахыг хичээж, тал талаас чармайдаг ч энэ бүхэн үр дүнгүй багийн ажиллагаа болон өндөрлөх магадлал ихтэй.  

Харин Хакманы тодорхойлсноор багийн амжилтын 30 хувь нь managing team launch буюу багийн анхны уулзалт, уур амьсгал, хүмүүсийн анхны сэтгэгдэл зэргээс хоорондоо хэрхэн ойлголцож, амжилттай хамтран ажиллах вэ гэдэг нь шалтгаалдаг. Үлдсэн 10 хувь нь managing team process буюу багаараа хамтран ажлаа хийж гүйцэтгэх тэрхүү үйл явцаас хамаардаг. Нэг ёсондоо, бидний хамгийн их ач холбогдол өгдөг хэсэг тухайн баг амжилттай ажиллахад хамгийн бага нөлөөлдөг. Тэгэхээр энэ бүхэн бидний бодсоноос хавьгүй өөр бас энгийн байгааг та анзаарсан биз ээ. 

О.Батнайрамдалын “Номын тухай” буланд оролцсон ярилцлагыг энд дарж уншина уу. Мөн түүнтэй өрнүүлсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та тун удахгүй Business.MN сэтгүүлээс хүлээн авч уншаарай. 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Гар нийлсэн багийн 5 шинж

Previous article

Дижитал шилжилт хийхдээ хэрэглэгчээ бүү мартаарай

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like