Өнөөгийн дэлхийг “хөдөлгөж” буй нээлттэй программ хангамжийг бичдэг дэлхий даяар тархан байрласан программистууд нэг их наяд гаруй ам.долларын үнэ цэн бий болгожээ. Тэдний бичсэн код интернэтийн эх үндэс бөгөөд ухаалаг гар утаснаас эхлээд эрүүл мэндийн төхөөрөмжийг ажиллуулж буй. Хоорондоо холбогдож, хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулж буй тархмал багууд нь дэлхийн хаана ч асар үнэ цэнтэй бүтээгдэхүүн бүтээж болохыг нотлон харуулсаар байна. GitHub нь нээлттэй программ хангамжид зориулсан онлайн агуулахтай бөгөөд манай платформыг ашигладаг 50 сая гаруй хөгжүүлэгчдийн нэгэн адилаар бид тархмал, синхрон бус, онлайн горимоор ажилладаг. Манай 2000 гаруй ажилтны 70 хувь зайнаас ажиллаж байна. Ийн ажиллах нь сүүлийн 10 гаруй жилийн турш бидний хувьд “хэвийн зүйл” байсан.

Зайнаас ажиллахыг Ковид-19 энгийн зүйл болгож хувиргав. Ингэх нь хэцүү боловч ихэнх компани эл концепцын урт хугацааны үнэ цэнийг таатайгаар хүлээж авч эхэллээ. Ажлын уян хатан хуваарь, ажилдаа ирж очих зардалгүй, ганцаараа элдэв сатааралгүй ажиллах нь зарим ажилтныг гэрээсээ илүү үр бүтээлтэй ажиллахад хүргэв. Тархмал багуудтай компани дэлхийн хаанаас ч шилдэг авьяастныг авч ажиллуулж болно. 2021 онд бүхий л салбарт тархмал багаар ажиллах хэв маяг нэмэгдсэнээр Индонез, Нигери, Пакистан зэрэг хөгжиж буй орны авьяастнууд дэлхийн бүх улсын компаниудын санал болгож буй ажлын байр, эдийн засгийн өсөлттэй холбогдоно.

Гэвч тархмал байдлаар ажиллах нь ажлын байранд ямар өөрчлөлт авчрах вэ? Сүүлийн арваад жил тархмал багаар ажилласан бидний туршлагаас үзэхэд оффисууд алга болохгүй, харин ашиглах арга зам нь өөрчлөгдөнө. Цагийн уян хатан байдлаас шалтгаалж ажилтнууд цөөхөн өдөр оффистоо ирнэ. Өөрийн ширээгүй болж, оффистоо ирэх нь багасах тул компаниудад түрээсийн оффис төдий л шаардагдахгүй. Багаараа уулзах, харилцагч болон олон нийтэд зориулсан арга хэмжээ, баярын үйл ажиллагаа зохиох, төлөвлөх болон дизайны ажилд зориулагдсан байдлаар оффисууд өөрчлөгдөнө. Компани шаардсанаас бус бусадтай харилцах үүднээс хүмүүс оффистоо очдог болно.

Тархмал багуудтай компаниуд дэлхийн хаанаас ч шилдэг авъяастныг авч ажиллуулж болно

Энэ нь ажиллах болон компанийн соёлыг хөгжүүлэх арга барилыг өөрчилнө. Ажилтнууд тархмал ажилладаг бол ажлыг нь ч мөн тарааж хуваарилах бөгөөд гүйцэтгэлийг нь баримтжуулж, ялгаатай цагийн бүс, ажлын орчинд бие даан ажиллаж буй хүмүүст синхрон бус байдлаар гүйцэтгэл нь харагддаг, хийж болдог байхаар зохицуулах ёстой. Хамтын ажиллагаа, нөхөрлөлийг видео хурал, виртуал уулзалт, онлайн мессеж зэрэг технологийг ашиглан виртуал байдлаар бий болгоно. Виртуал буу халалт, хурлын үеэр “камераа заавал асаах” зэрэг нь сэтгэл зүй болон оролцоог дэмжих үүрэгтэй арга мэт боловч тэдгээр нь ковидын дараах компанийн соёлын үндсэн элемент болно. Алсын зайнаас ажиллахад туслах арга хэрэгсэл үй олон бий ч амжилттай тархмал багийг бүрдүүлэхийн тулд хүмүүсийн ажиллах арга барилд зориудын өөрчлөлт хийх ёстой. Үүний тулд компаниуд хүмүүсээ сургах, хөгжүүлэх, дэмжих аргаа шинэчлэх шаардлагатай.

Тархмал багуудад зориулж хамтын ажиллагааны соёл бий болгох үүрэгтэй менежерүүд нь удирдагчийн үүрэг роль өөрчлөгдсөнийг ойлгоно. Оффист төвтэй, цугтаа ажилладаг орчинд амжилт гаргасан удирдагчдын ур чадвар, шинж чанар нь тархмал, алсын зайны багийг удирдахаас эрс ялгаатай. Өөртөө итгэлтэй, бусдыг татах чадварын оронд зохион байгуулах авьяастай, бүтээлч, ажилтнууд хоорондын харилцааг хөнгөвчилдөг удирдагчийг илүү үнэлнэ. Ковидын дараах ертөнцөд ийм ур чадвартай удирдагчдыг авч үлдэх, дэвшүүлэхэд компаниуд анхаарна.

Тархмал ажлын байранд шилжих үйл явцыг Ковид-19 ердөө хэдхэн долоо хоногт багтаасан нь олонхын бодсоноос хурдан байв. Гэвч нээлттэй программ хангамжийн ертөнц ингэж ажилласаар 20 гаруй жил болжээ. 2021 онд компаниуд алсын зайнаас ажиллахыг таагүй гэж үзэхээ зогсоож, үүнийг илүү уян хатан, динамик, хоорондоо холбоотой, синхрон бус, дэлхийн хэмжээний ажиллах боловсон хүчинтэй болох боломж гэж хүлээн авна. Хямрал бүр боломжийг дагуулдаг. Энэ удаагийнх бол ажиллах илүү сайн арга замыг нэвтрүүлэх том боломж юм.

“Дэлхий 2021” сэтгүүлээс

Автор: Эрика Брешиа, GitHub-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Ажил хэрэгч тойм: E-Mongolia төв, “Их Сэргэлт” санаачилга, зээлийн явц

Өмнөх нийтлэл

Хэрэглэгчдийн сонирхлыг татах замаар борлуулалтаа өсгөх аргууд (№98)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.