Амжилттай хүн гэж хэн бэ? Түүнийг ямар дадал зуршил нь бусдаас онцгойруулдаг вэ? Эдгээр асуултад хариулахын тулд амжилт гэж юу болохыг эхлээд тодорхойлох хэрэгтэй болно. Энэ тухайд Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат:

“Амжилттай ажиллах, амжилттай амьдрах гэдэг хоорондоо ялгаатай ойлголтууд. Амжилттай амьдарна гэдэг жаргалтай байхын нэр. Харин ажлын амжилт бол түүний зөвхөн нэг хэсэг. Тиймээс ямарваа нэг үр дүнг л амжилттай байдал гэж ойлгож болохгүй. Амжилттай байна гэдэг өөрийн хүссэн замаар, мөрөөдлөөрөө явж чадахыг хэлнэ. Тэр замд алдаа оноо, асуудал бэрхшээл цөөнгүй тулгарч мэднэ. Гэхдээ л тэр хүн амжилттай яваа. Гэтэл олон хүн амжилтыг алдаа, эсвэл зовлонгоос сөргүүлж тавьдаг. Магадгүй, алдаа, зовлон гэдэг амжилттай хүний замд байх л ёстой зүйл” хэмээн хэлж байна. 

Дадал зуршил ба амжилт

Амжилт гэдэг өөрийгөө, дадал зуршлуудаа ухамсартайгаар бүтээхийн нэр. Нэг үгээр, амжилт бол амьдралын хэв загвар. Амжилттай яваа хүн өөрийнхөө бодол, хүсэл, дадал зуршил, амьдралыг анхнаасаа зөв зохион байгуулж чадсан байдаг. Түүнээс шүдээ зууж, хоногт 18 цаг ажиллах нь гол биш. 

Амжилт гэдэг өөрийгөө, дадал зуршлуудаа ухамсартайгаар бүтээхийн нэр.

Дадал зуршлын нэг нууц бол хэдий сайн хэвшил болох тусам хүнд төдийлэн мэдэгдэхээ больдог. Тиймээс шинэ дадал зуршлыг өөртөө ухамсартайгаар нэмээд явах хэрэгтэй. Миний өөртөө хэвшүүлсэн хамгийн чухал дадал бол тасралтгүй суралцах. Энэ дадал зуршил бол та үргэлж урагшаа явахын баталгаа. Үргэлж шилдэг байх хэцүү. Гэхдээ үргэлж суралцаж байх хэрэгтэй. 

Мөрөөдлөөр жигүүрлэ

Ямар ч хүн мөрөөдөлтэй байх ёстой. Олон янзын зүйлд татагдахгүй, эргэхгүй явахын тулд мөрөөдлөө сайтар харж, үргэлж мэдэрч байх нь маш чухал. Товчхондоо, хүсэл мөрөөдөлтэйгөө ажиллах хамгийн гол алхам бол тэр бүхнээ бодитоор харах. Хэрэв та өөр замаар явбал өөрийн хүсэл мөрөөдлөөсөө татгалзаж байна гэдгээ маш сайн мэдэрч, үнэ цэнээ мэддэг байх тухай л яриад байгаа юм. Энэ тохиолдолд хүн татгалзах магадлал маш бага. Гол нь үүнд, дасгал сургуулилалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөрөөдөлдөө багтаагүй зүйлсээс татгалзаж чаддаг байх ёстой. 

Бид – Алдааны цуглуулга

Хүн бүр амьдралдаа маш олон удаа алддаг. Тэгэхээр бид тэр бүх алдааныхаа цуглуулга гэж өөрсдийгөө нэрлэхэд төдийлэн буруудахгүй. Бурхан амжилтыг хүнд дангаар нь өгдөггүй, харин үргэлж алдаануудтай нь хамт багцалж өгдөг. Гэтэл олон хүн алдахгүй гэсэндээ амжилтаас татгалздаг. Нэг ёсондоо, та шинэ зүйлд тэмүүлж байгаа бол заавал алдаа гаргана. Гэхдээ түүнийг алдаа биш, “Ингэж хийж болохгүй юм байна” гэсэн сургалт гэж ойлгох хэрэгтэй.  

Өөртөө суулгах хамгийн чухал дадал бол тасралтгүй суралцах.

Амжилттай явна гэдэг алдаа гаргахгүй гэсэн үг биш, харин алдчихаад буцаж босож чаддаг байх тухай юм. Мэдээж хэрэг, амжилтад хүрэхэд аз хэрэгтэй. Хэчнээн зоригтой явсан ч эргэлт буцалтгүйгээр нүхэнд унах тохиолдол гаралгүй яахав. Гэлээ ч төдий хэмжээний эрсдэл байгаа учраас л хүн бүр амжилттай байж чаддаггүй. 

Байлдааны төлөвлөгөөтэй бол

Бизнес эрхлэхдээ цэргийнхнээр бол байлдааны төлөвлөгөөгүй орвол ялагдах магадлал маш өндөр. Ялагддаггүй юм аа гэхэд амжилттай явах боломжийг тань бууруулдаг. Жижиг компанийг захирал нь, дундаж компанийг менежмент нь, харин томоохон компанийг соёл нь авч явдаг гэх үг үүнтэй л холбоотой. 

Бидэнд тулгарах аливаа эрсдэлийг бууруулахад технологи, арга барил, ном унших дадал чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, та газрын зурагтай байвал тулгарах эрсдэл багасна. Газрын зураг гэдэг бол биднээс өмнөх үеийнхний бичсэн номууд, үлдээсэн арга барил, технологиуд. Энгийнээр, амжилтад хүрэхийн тулд маш их дасгал сургуулилалт хийсэн байх ёстой. Төлөвлөгөө таныг үргэлж бэлтгэлтэй байх, хурдан шийдвэр гаргахад тусалдаг. Бурхан хүн бүрт аз илгээдэг ч гэрийн даалгавраа сайн хийж чадсан нь л түүнийг хүртдэг гэдгийг бүү мартаарай. 

Гол зүйлдээ төвлөр

Амжилттай явах хамгийн гол шинж тэмдэг бол түүнийгээ эхлээд ухамсарлах. Нэг үгээр, урсгалаараа явж болохгүй. Юу хүсэж байгаагаа мэдэж байгаа хүнд боломж харагддаг. Гэтэл ихэнх хүн юу хайж байгаагаа мэдэхгүй явсаар дуусдаг. Нөгөө талаас манлайлагч хүний хамгийн том ажил бол бодох байдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд зорилгоо тод харж, түүнийхээ төлөө зүтгэж, бүхнийг зохицуулж чаддаг байх ёстой. Мөнгө болон цагтай харьцах аргаа ухамсарлаж, ялгааг нь ухаарч чадвал та эдгээрийг маш ухаалгаар зарцуулна. Нэмээд хамгийн чухал зүйлдээ өөрт буй хамгийн үнэ цэнтэй зүйл болох цагаа зарцуулж чадна. Товчхондоо, тодорхой цагийг гол ажилдаа зориулж сурах хэрэгтэй. 

Амжилттай яваа олон хүнийг харахад тэд чөлөөт цагтай байхыг л зорьдог. Өөрөөр хэлбэл, амрах цагтаа амарч, ажиллах цагтаа ажиллаж сурах тухай л яриа юм. Ухамсартайгаар ажиллаж, ухамсартайгаар амар. Ихэнх хүн үүнийгээ ухамсарладаггүй. Тиймээс ч ажил, амралтынх нь учир замбараа алдагдсан байдаг. Энэ бүхнийг нэгтгэвэл, танд өөрийн гэсэн ямар нэг схем, төлөвлөгөө хэрэгтэй. Тэр дундаа бизнес эрхлэгч хүн тамирчинтай адил үргэлж оюун санааны бэлтгэлтэй байх ёстой.

“Смарт амьдрал буюу өөрийгөө бүтээх зам” подкастыг бүрэн эхээр нь энд дарж сонсоорой. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Хүний нөөцийн салбарын сүүлийн үеийн трэндүүд

Previous article

Дэлхийн шилдэг франчайзуудаас авах PR-н 5 сургамж

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like