Хөдөлмөрийн тухай хууль бол аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хамгийн чухал нөлөөтэй хуулиудын нэг. Энэ ч утгаараа уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон талын байр суурийг тусгаж, харилцан зөвшилцөлд хүрэх шаардлагатай болж буй. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар энэхүү хуулийн төслийг дахин хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр “Улаанбаатар хотын худалдааны танхим”-аас ажил олгогчдын саналыг нэгтгэн УИХ-ын гишүүдэд хүргүүлэв. Хуулийн төсөлд тэдний саналыг  бага тусгасан төдийгүй төрийн зүгээс учрах хүнд суртал, дарамтыг нэмэгдүүлсэн гэж татвар төлөгч топ аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн ажил олгогчид үзэж буй. 

Мөн ажилтны эрхийг хамгаалах чиглэлээр заалтууд түлхүү тусгасан боловч ажил олгогчид ээл багатай хэвээр байгааг онцолж, хуулиар дамжуулан аж ахуйн нэгжүүдийн дотоод үйл ажиллагаан дахь төрийн оролцоог нэмэгдүүлж буй зэрэг асуудлыг дуу нэгтэй эсэргүүцэж байгаа юм. Хэдий хөдөлмөрийн зах зээлд үүссэн хөдөлмөрийн харилцааны шинэ төрлүүдийг хэрхэн зохицуулах, ямар зарчмуудыг баримтлан ажиллах тухайд шинэ, дэвшилтэт заалтууд орсон ч шинэчилсэн найруулгыг төслийг ерөнхийд нь авч үзвэл ажил олгогчдод дарамт учруулахуйц байгааг тэд тодотгож байна. 

Аж ахуйн нэгжүүдийн дотоод үйл ажиллагаан дахь төрийн оролцоог нэмэгдүүлж буйг ажил олгогчид эсэргүүцэж байна.

Түүнчлэн хуулийн төсөлд ихээхэн маргаан дагуулсан 75 дугаар зүйлд заасан уртын ээлжээр ажиллах тухай зохицуулалтад ч шүүмжлэлтэй хандаж буй. Тухайлбал, уртын ээлжээр ажиллах хугацааг 14:14 хоног болгож багасгавал ажил олгогчдын зардал өсөхөөс гадна ажилтнуудад ч алдагдалтай. Хэрэв ийм хугацаагаар ажиллаж эхэлбэл уул уурхайн компаниуд дахин нэг ээлж үүсгэх буюу ажилтан шинээр ажилд авах зэргээр цалин, нийгмийн даатгалын зардал өснө. Дээр нь ажилтнуудыг сургах, дадлагажуулах чиглэлээр хүний нөөцийн зардлууд ч нэмэгдэнэ. Харин ажилтны тухайд ажиллах цаг багасах тул цалин орлого нь ч дагаад буурна гэдгийг тайлбарлаж байв. Энэ мэт олон шалтгаанаас үүдэн ажил олгогчид энэ зохицуулалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. 

Зах зээлийн тэнцвэрийг бий болгодог хамгийн чухал зүйл бол хөдөлмөрийн бүтээмж.

Эрэлт, нийлүүлэлт буюу нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан хоорондын харилцааг зохицуулдаг гол хууль бол Хөдөлмөрийн тухай хууль. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр  ажилд горилогчийн боломжит хөдөлмөрийн бүтээмж болон түүнийг ажил олгогч хэрхэн үнэлж буй харилцан хамаарлаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийг зах зээлийн тэнцвэрийг бий болгодог хамгийн чухал зүйл бол хөдөлмөрийн бүтээмж. Гэтэл манай улсын хөдөлмөрийн бүтээмж тун хангалтгүй түвшинд байдаг. 

“Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ:  

“Монгол Улсын Засгийн газар иргэдийн цалин хангамжийг нэмэгдүүлье гэвэл ажил эрхлэгчдийн бүтээмжийг сайжруулж, дэмжих ажлуудыг түлхүү хэрэгжүүлэх ёстой. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сэдлийг  ур чадвартай боловсон хүчнийг татахын тулд ажил олгогч компаниудын дунд үүсэж буй өндөр цалин хөлс, нэмэгдэл, урамшууллын өрсөлдөөн бий болгож байдаг. Ажилтны бүтээмж сайжирч байж л дагаад тухайн ажилтанд олгох цалин хөлс нэмэгдэнэ. Учир нь хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчид өндөр бүтээмжтэй хүнийг авахын тулд хоорондоо өрсөлддөг. Гэтэл хүмүүст олгох нэмэгдэл, урамшуулал зэргийг тухайн компанийн бүх шатны хамтын хэлэлцээрт тусгаж өгнө гэж хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Ингэж албан журмаар заавал нэмэгдэл олгоно гэж тусгаж өгснөөр ажилтан ямар ч бүтээмжтэй ажилласан нэмэгдэл, урамшуулал авах учраас бүтээмжээ сайжруулах сэдэл үүсэхгүй. Нөгөө талаар хөдөлмөрийн зардал өсөх учраас компаниуд боломжит зардлаа бууруулна. Нэг үгээр, хуульд тусгасан уг заалт иргэдийн цалин хангамж буурахад нөлөөлнө. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт татахад ч сөрөг нөлөөтэй. Манай Засгийн газраас баримталж буй гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын эсрэг арга хэмжээ ч гэж ойлгож болно. 

Ажил олгогчдоос УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй найман санал:

 

  1. Хуулийн үйлчилж эхлэх хугацааг 2023 оны 1-р сарын 01-ний өдөр болгон сунгах.
  2. Хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг дахин харж, тодорхой болгох, “уртын ээлж”, “ээлж” гэсэн нэр томьёог шинээр тодорхой томьёолж, нэмж тусгах.
  3. Үүнтэй холбоотойгоор уртын ээлжээр ажилласан ажилтны ажлын цагийг нэгтгэн бодох замаар илүү цагийг тооцох, эсвэл ердийн ажлын цагаас илүү ажилласан цагийг илүү тооцох эсэхийг тодорхой заалт болгон хуульд тусгах.
  4. Ажилтанд олгодог бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг дундаж цалингаас бус үндсэн цалингаас тооцдог болгож өөрчлөх.
  5. Хуулийн төслийн “25.1.1. Ажил олгогч хуульд заасан хугацаанд хамтын хэлэлцээг эхлүүлээгүй тохиолдолд Үйлдвэрчний эвлэл ажил хаялтыг зохион байгуулах эрхтэй” гэсэн заалт нь тус хуульд тусгагдсан “тохиролцох бүхий л боломжоо ашигласны дараа эцсийн арга хэмжээ болгож ажил хаялтыг сонгох, санаачлах” гэх зарчимтай нийцэхгүй байгаа тул 25.1.1 дүгээр заалтыг хасах.
  6. Ажил олгогч дотоод журмаа хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн батлуулах гэсэн шаардлагыг хасах.
  7. Ажилтанд олгодог нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр зэрэгт бүгдэд нь нийцүүлэн тогтоохоор заасныг хасаж, үүнийг зөвхөн хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар зохицуулдаг болгох.
  8. Зөвхөн салбарын хүрээнд хамтын хэлэлцээр л хийдэг болгон үлдээж, аймаг, сум, дүүргийн түвшинд хамтын хэлэлцээр хийнэ гэх заалтыг хасах.
Өмнөх нийтлэл: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл дэвшил авчрах уу?
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Харилцагчийн үйлчилгээг хэрхэн өрсөлдөөний гол зэвсэг болгох вэ? 

Өмнөх нийтлэл

Б.Тэмүүлэн: Simple апп технологид суурилсан бизнесийн зээлийг санал болгоно

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like