ААН-үүдийн тэвчээр тасарч, флашмоб зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд хүн хоорондын зай барин зогссон бизнес эрхлэгчид цаасан дээр эсэргүүцлээ бичин барьж, гурван минут дороо гацан флашмоб хийж, эсэргүүцлийн дуу хоолойгоо нэгтгэлээ. Аж ахуйн нэгжүүд Засгийн газар болон бусад холбогдох газраас гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас хойш буюу хоёр жил орчмын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүйгээс ашиг орлогоо алдаж, түрээсийн зардал, зээлийн эргэн төлөлт, ажлын байраа хадгалж үлдэх зэргээр дор бүртээ бэрхшээлийг сөрж, тэмцэж байсан ч тэсвэр алдарч, “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнд нэгдээд байгаа юм. 

“Манайх шиг ийм удаан хугацаанд хөл хорьж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж боогдуулсан тохиолдол дэлхийд алга” хэмээн дуу нэгдэж, дараах дөрвөн шаардлагыг тэд Засгийн газарт хүргүүлж буй. Хэрэв шаардлагыг хүлээж авахаас татгалзвал дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ бизнес эрхлэгчид илэрхийлж байв. 

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Булгантамир:

Өнөөдөр аж ахуйн нэгжүүд энд цуглаж “Бидний ажил, амьдрал, бүх зүйл гацлаа” гэдгээ илэрхийлэн флашмоб зохион байгуулж байна. Би өөрөө лаунж, барны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч. 2020 оны нэгдүгээр сарын 27-оос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Хаагдсанаас хойш банкнаас зээл, төлбөр нэхэгдсээр “хар жагсаалт”-д орсон. Гэтэл долдугаар сарын 1-ээс өмнө зээлээ барагдуулбал “хар жагсаалт”-аас гаргана гэсэн шийдвэр Монголбанкнаас гаргасан. Гэтэл аж ахуйн нэгжүүд нээгдэхгүйгээр өр төлбөрөө барагдуулах боломжгүй. Энэ мэт утгагүй шийдвэрүүдээ зогсоож, бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого, шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

Комедиан Д.Амартүвшин:

Төр засгаас сонгууль, наадам, парад зохион байгуулдаг. Гэтэл бид хоёр тун вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд үйлчилж, амьдралаа залгуулмаар байгаа ч өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасангүй. Бид орлогогүй болж, хүүхдүүд маань өлсөж байна. Өнөөдөр зочид буудал ажиллуулж, хувцас зардагаас эхлээд түмэн зүйлийн аж ахуйн нэгж, эмч нараас өгсүүлээд төмөр замын депод ажилладаг гэх мэт тэвчээр тасарсан олон хүн энд ирсэн байна. Үйлчилгээний салбарынхан хөдөлгөөнд анх нэгдсэн бол одоо цар тахлаас шалтгаалан хохирч буй хүн бүр хөдөлгөөнд нэгдэж эхэллээ. Бид ажилламаар байна. 

Үйлчилгээний салбарт 20 жил бизнес эрхэлж буй П.Алтанхуяг: 

Би караоке ажиллуулдаг боловч сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулсангүй. Эхэндээ төр засгийн шийдвэрийг дагаж мөрдөн “Нээх болов уу” гэсэн найдлага тавьж, хүлээж байлаа. Энэ хугацаанд хураасан хэдээ гаргаж, сүүлдээ машин тэргээ ч зарсан. Байж болох бүхий л зүйлээ зарж борлуулсаар одоо юу зарахаа ч мэдэхгүй байна. Сар бүр түрээсийн зардал төлдөг ч эздүүдтэйгээ боломжийн ярьж тохирсон тулдаа л өдий хүрлээ. Ажлын байраа л хадгалж үлдмээр байна. 

Гэтэл түрээсээ төлөхийн зэрэгцээ ажлын байраа хадгалан үлдэж байгаа газрууд ч байна. Хэрэв түрээсээ төлж чадахгүй гэвэл “Эд юмсаа аваад гар” гэх түрээслэгч эзэн ч байна. Төр засгаас гаргасан шийдвэр ямар ч үндэслэлгүй байна. Одоо аж ахуйн нэгж, иргэн бүр өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг төр засгаас шийднэ гэхээр л худлаа болж байгаа юм. Төр засаг Ковид-19-ийн халдварыг тогтоон барьж, иргэдээ хамгаалж чадахгүй гэдгээ хангалттай харууллаа. Одоо аж ахуйн нэгжүүдийг зөнд нь орхи. “Ингэж болохгүй”, “Тэгж болохгүй” гэж бусдын амьдралд үргэлж оролцдогоо зогсоох хэрэгтэй. 

ААН-үүдээс хүргүүлж буй дөрвөн шаардлага:
  1. “…үйл ажиллагаа нээхдээ зохих дүрэм журмыг барьж ажиллана гэх атлаа нийтийн тээврийн үйлчилгээнээс эхлээд зах худалдааны төв, зарим ресторан, хоолны газрыг нээсэн нь өөрөө төвлөрөл, хүн хоорондын зайг зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна. Хэрэв энэ хэвээр үйл ажиллагаа явуулахаар байгаа бол бид ч мөн төвлөрлийг саармагжуулах үүднээс зөвхөн 1, 2 дугаар тун вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх эрхийг ялгаваргүй олгохыг шаардаж байна.
  2. Бүтэн хоёр жилийн хугацаанд ажлын байраа хадгалах, хамгаалахад анхаарч ирлээ. Тодруулбал, хөл хорионы үед ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах, түрээсийн талбайн төлбөрийг хувь тооцон төлөх, эд материалын хохирол амсах зэрэг олон асуудал тулгарч байна. Цаашид бидэнд худалдах эд хөрөнгө гэх зүйл үлдээгүй тул эдийн засгийн дарамт үүссээр даруй олон сарын хугацаа өнгөрлөө. Энэ хэвээр үргэлжлэн хаасаар байвал бид төрөөс нөхөн олговор олгохыг шаардаж байна. 
  3. Үйл ажиллагаа явуулахын тулд ААН, хувь хүн тусгай зөвшөөрөл авдаг. Дээрх зөвшөөрлийг авахад хоёр сая төгрөг, сунгалт 950 мянган төгрөгийн татвар хураамжийг нийслэлийн төсөвт төлснөөр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ цаанаас өгсөн зөвлөмж, заавар, стандартын дагуу үйл ажиллагаа явуулах гэрээг уг зөвшөөрөлтэй хамтатган хийдэг гэж хэлж болно. Уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хоёр жил байдаг бөгөөд хаалттай байсан хугацааг үнэ төлбөргүй, ямар нэг дарамт шахалтгүйгээр сунгах өгөх шаардлагыг бид тавьж байна. 
  4. Бид зөвхөн шаардлага тавиад зогсохгүй Улс, нийслэлийн онцгой комисстой хамтран ажиллахыг хүсч байна. Энд мэргэжлийн байгууллагуудаас ирэх дарамт шахалтыг багасгаж, ахуйн архидалт, түүнээс шалтгаалан үүсэх гэмт хэргийг таслан зогсоох, согтууруулах ундааны хууль бус худалдаа, шагийн наймаа зэрэгтэй тэмцэхийг хүсч байна. Бид Монгол Улсын иргэн, тэр дундаа орчин цагийн монгол иргэн гэдэг үүднээс хандаж, хотын соёл, дотоодын эдийн засгийн эргэлт зэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хүсч байгаагаа үүгээр илэрхийлж байна. 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулав

Өмнөх нийтлэл

Цар тахал ба ТОП-100: Анхаарах таван чиг хандлага

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.