Ажлаас гарахдаа хүмүүс “Би энэ байгууллагад ажиллахдаа юу ч сураагүй” гэж хэлдэг ч эргээд бодоход ажлаа төлөвлөх, хүнд нөхцөлөөс гарах, эгзэгтэй асуудлыг шийдэх гээд ямар нэгэн зүйлд суралцсан л байдаг. Байгууллага бүр ажилтнуудаа ямар нэг хэмжээнд сургаж хөгжүүлж байдаг бөгөөд гагцхүү үүнийг зорилго, системтэйгээр хийж байгаа эсэхэд л асуудал оршдог. Тэгвэл байгууллагын сургалт хөгжлийн тогтолцоог бага зардлаар, үр дүнтэй удирдах ямар боломжууд байдаг вэ?

Юун түрүүнд сургалт ба хөжглийн ялгаа, ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Сургалт бол тодорхой ажлын ур чадварыг сайжруулах, шинэ мэдлэг олгож, аргачлалд сургах тодорхой бүлэгт зориулсан үйл ажиллагаа бол хөгжил нь байгууллагын ерөнхий чадамжийг сайжруулахын тулд ажилтнуудыг төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх үйл ажиллагааг юм. Сургалт ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг бол хөгжлөөр харилцаа, сэтгэл хөдлөлөө удирдах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг ерөнхий ур чадварыг хөгжүүлдэг. 

Зөв зохион байгуулвал сургалт хөгжлийн тогтолцоо зардал бус өндөр үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болдог.

Сайн сургалтын үр дүнд ажилтны тодорхой ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл сайжирдаг бол хөгжлийн үйл ажиллагааны үр дүнд ажилтан ажилдаа сэтгэлээсээ хандаж эхлэх буюу идэвх оролцоо, манлайлал нэмэгддэг аж. Хувь хүн болоод байгууллагын хөгжилд мэргэжлийн ур чадвар ач холбогодлоороо 25 хувь, ерөнхий нь 75 хувийг эзэлдэг байна. Иймд байгууллагын сургалт хөгжлийн тогтолцооны 30 хувь мэргэжлийн ур чадвар, 70 хувь ерөнхий ур чадварт чиглэсэн байхад анхаарах хэрэгтэй. Энэ харьцаа 40/60 ч байх боломжтой. 

Сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулахад сургалтын хэрэгцээг сайтар судлах нь үр дүнд хүрэхэд чухал үүрэгтэй. Тухайлбал, энэ онд танай байгууллагын тавьсан зорилгод хүрэхийн тулд аль алба, ажилтнууд ямар шинэ ур чадварт суралцах, бүтээмжээ хэр хэмжээнд нэмэгдүүлэх шаардлагатай зэрэгтэй уялдуулан төлөвлөнө. Хэрэгцээг тодорхойлоход ур чадварын матриц ихээхэн тус болдог. Тухайн ажилтанд ямар ур чадвар дутагдаж байгааг тодорхойлж, суралцаж хөгжих хэрэгцээ байгааг нь ойлгуулж, үүнд ухамсартайгаар хандахад нь тусалснаар сургалт хөгжлийн хөтөлбөр үр дүнгээ өгдөг. 

Хувь хүний хөгжлөөс байгууллагын хөгжил шалтгаална. Тэгвэл байгууллагын хөгжилд ажилтнуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ? 

Сургах 

Ажилтныг тасралтгүй сургах нь чухал бөгөөд дээр дурдсан мэргэжлийн ур чадвараас гадна байгууллагуудын орхигдуулдаг нэг зүйл бол компанийн тухай ерөнхий мэдлэг. Танай компанийн ажилтан бүр эрхэм зорилго, үнэт зүйл, алсын хараа, үүсгэн байгуулагчдын түүх зэрэг мэдээллийг мэддэг байх ёстой. Гэхдээ зүгээр нэг цээжлэх бус үнэхээр ойлгож, ухамсарласан байх, хэн ч асуусан тайлбарлах чаддаг байх нь чухал. Ажилтны өөрийн үнэт зүйлстэй нь компанийнх нь үнэт зүйлстэй давхцдаг бол ажилдаа сэтгэлээсээ хандаж, илүү хичээж ажилладаг нь “хууль” юм. 

Хөгжүүлэх 

Дотоод нөөц бололцоогоо ашиглан, тасралтгүй үйл ажиллагаа явуулах замаар ажилтнуудаа өндөр зардал, их цаг хугацаа зарцуулалгүйгээр хөгжүүлэх бүрэн боломжтой. Тухайлбал, ерөнхий ур чадварын сургалт, лекц, уулзалтуудыг тогтмолжуулж гаднаас лектор урихаас гадна дунд болон дээд түвшний удирдлагуудаа оролцуулах. Ажилтнуудын дунд мэдлэг хуваалцах уулзалтыг сар бүр аль нэг алба, нэгж хариуцан зохион байгуулах. Номын хэлэлцүүлэг өрнүүлэх, сонирхлын клубууд байгуулах зэрэг маш олон арга бий.

Чадавхжуулах 

Байгууллагынхаа түлхүүр ажилтнуудыг тодорхой чиглэлд чадавхжуулж байх нь чухал. Үүнийг карьер хөгжлийн, менторшип хөтөлбөрийн тусламжтай хийх боломжтой. Менежер болон захирлуудаа сургагч багш болгож бэлдсэнээр дотоод нөөцөө ашиглан  зардал чирэгдэл багатайгаар ажилтнуудаа чадавхжуулах бүрэн боломжтой. 

Сургалт хөгжлийн хөтөлбөрийг зардал бус хөрөнгө оруулалт гэж харах нь чухал болохыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр  Менежментийн зөвлөх Г.Батханд онцолж, өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцллаа.  “Байгууллагын сургалт хөгжлийн тогтолцоог үр дүнтэй удирдахуй” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

“Бизнес цэнэг” вэбинарын бичлэгүүдийг үзэх холбоос: https://academy.karakorum.digital/collections 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхийн давуу тал (№106)

Өмнөх нийтлэл

“Urban jeans”-ийн Ерөнхий сайдад бичсэн захидлаас дэлгэрүүлэх зарим санаа

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.