Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн батлаад хэдхэн хонож байна. Уг хуульд хөдөлмөрийн харилцаанд бий болсон олон шинэ зүйлийг зохицуулсны нэг нь хөдөлмөрийн гэрээ. Хуучин хуульд байнгын болон түр гэрээ гэж байсан бол энэ удаа хөдөлмөрийн гэрээний төрөл ес болж нэмэгджээ. Ажил олгогч, ажилтан хоёр өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эдгээр есөн төрлөөс сонгон гэрээ байгуулна.

Хуулийн гурав, дөрөв, тавдугаар бүлэгт хөдөлмөрийн гэрээний төрлүүд, тэдгээрийн нөхцлийг тусгасан. Шинэчилсэн хууль 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

  1. Дагалдангаар ажиллах хөдөлмөрийн гэрээ

Ердийн дагалдангаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сар хүртэл байна. Талууд тохиролцсоноор гэрээг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Харин нарийн мэргэжлээр дагалдах бол гэрээг хоёр жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

Дагалдан ажилтны цалин нь ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.

  1. Дагалдангаар суралцах хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч, дагалдан суралцах ажилтан, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд хоёр талаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлнө. Гэрээг байгуулах хугацаа гурав хүртэл жил байна. Цалинг ХХДХ-нээс доошгүй байхаар тохиролцоно.

  1. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ

Гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд нэг удаа мөн гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Туршилтын ажилтны цалин нь тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байх бөгөөд нэмэгдэл, шагнал урамшуулал зэргийг хуульд заасны дагуу олгоно.

  1. Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ

Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

  1. Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ

Ажлын бүтэн цагийн ажилтны ажлын цагийг хууль тогтоомжид заасны дагуу богиносгосныг бүтэн бус цагаар ажилласанд тооцохгүй.

Ажил олгогч нь түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгож болно.

  1. Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Гэрээг байгуулахдаа үндсэн нөхцлүүдээс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэх ажил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, цалин хөлс, үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүн, үзүүлсэн нэгж үйлчилгээний төлбөр /тариф/, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана.

Гэрээсээ ажиллах ажилтан энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн ажлын байран дээр ажиллаж байгаа үндсэн ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ түүнд нэгэн адил үйлчилнэ.

  1. Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Гэрээг байгуулахдаа үндсэн нөхцлүүдээс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана.

  1. Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ

Гэрээг байгуулахдаа хуульд заасан үндсэн нөхцлүүдээс гадна ажил, амралт, цалин хөлс олгох хугацаа, ажил гүйцэтгэх байршил зэргийг тусгана.

Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд ажил, амралтын цагийн горим тогтоохдоо туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах гэрээнээс бусад тохиолдолд энэ хуульд заасан ажлын цагийн хязгаарыг баримтална.

  1. Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

“Туслах малчин” гэж үндсэн малчны дэргэд амьдарч, түүний удирдлага, хяналтын доор мал маллах, мал аж ахуйтай холбоотой бусад ажил эрхэлж цалин хөлс авахаар харилцан тохиролцон ажиллаж байгаа хүнийг ойлгоно. Бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтан нь ажил олгогчийн гэрт, эсхүл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд нь амьдарч, ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ.

Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтны амралтын цагийг хуульд зааснаас өөрөөр тохирч болно. Гэхдээ ажил олгогч долоо хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй.

Хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэг хүлээхгүй.

Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан нь нийгмийн даатгалыг сайн дураараа төлнө.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Амазоны сэлгээ: Жефф Безосын сүүлчийн өдрүүд

Previous article

#ЗүсэлтээрХаръя: Нийслэл хотын эдийн засаг, засаглалын чөдрийг тайлах нь

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like